Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

УУХҮЯ-ны сайд салбарын мэргэжлийн холбоодын төлөөллүүдтэй уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазар салбарын мэргэжлийн холбоодын удирдах ажилтнуудтай өнөөдөр уулзаж, салбарын түвшинд шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар санал солилцлоо. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын орон тооны бус зөвлөх Д.Дагва, Т.Цогтбаяр, Ашигт  малтмал, газрын тосны газрын орлогч дарга М.Энхжаргал болон салбарын 40 гаруй мэргэжлийн холбоодын удирдах ажилтнууд оролцов.

УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт, геологи, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын зах зээл дэх Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг тусгасан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх бүрэн боломж бидэнд бий. Юуны өмнө хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.

Тэрээр мөн салбарын хөгжлийг зөв зохистой, хариуцлагатай байлгахын тулд юуны өмнө үйлдвэр, техник технологийн тогтолцоог бий болгох, даатгалын тогтолцоог хөгжүүлэх, сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн зөв, идэвхтэй үйл ажиллагааг нь дэмжсэн урамшууллын тогтолцоог цаашид хөгжүүлэх нь зүйтэй гэдгээ илэрхийлж байлаа.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох үйл явцад олон алдаа дутагдал гарсан учраас түр хойшлуулах шийдвэрийг УУХҮЯ-ны сайдын хувиар гаргасан, түүнээс биш хориглосон цуцалсан зүйл байхгүй. Хориглох, цуцлах бүрэн эрх зөвхөн УИХ-д бий. Мэдээллийн технологид гаршсан хүмүүс хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар олгох үйл явцад түлхүү оролцож авсан нь тогтоогдсон.  Иймд Төсвийн тухай  хуулийг дагаж  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах замаар тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор болсон. Сонгон шалгаруулалтаар явуулах журмын төслийг боловсруулж, батлуулах Ажлын хэсэг  УУХҮЯ-н дээр  ажиллаж байна хэмээн Д.Сумъяабазар сайд онцолсон юм.

Монгол улсын Засгийн газрын Оюутолгой компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, шинэчлэх талаар сүүлийн үед нэлээд яригдах болсон. Энэ асуултад салбарын сайд гэрээг өөрчлөх гэхээсээ илүүтэй Монгол улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа дуулгав.     

Ашигт малтмал, газрын тосны газрыг өмнөхтэй адил тус тусад нь буюу Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэсэн статустайгаар үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх зорилгоор  бүтцийн өөрчлөлт хийх саналаа салбарын сайд  Ерөнхий сайдад танилцуулжээ. Удахгүй энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэх юм байна.

Уул уурхайн салбарын 24 холбоог эгнээндээ нэгтгэсэн Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн зүгээс УУХҮЯ-тай санамж бичиг байгуулан хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн уул уурхайн цогц ерөнхий төлөвлөлтийг хийж, салбарын түвшинд үүссэн олон асуудлыг зөв зүйтэй шийдэхийг ч бусад мэргэжлийн холбоодоос дэвшүүлж байсан юм.   

Салбарын яамны зүгээс Уул уурхайн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаагаа дуулгалаа. Гэхдээ уулзалтын үеэр зарим мэргэжлийн холбоодын төлөөллүүд Уул уурхайн тухай хуулийн төсөлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, одоогийн Ашигт малтмалын тухай хуулиа сайжруулах замаар мөрдөхийг санал болгов. 

Уг хуулийн төслийг боловсруулсан Ажлын хэсгийг шинэчилж, дахин олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн тэд хэлж байсан юм.  Мөн Газрын тосны  салбарт баримтлах бодлогын баримт бичиг болон Газрын тосны тухай бүтээгдэхүүний тухай хуулиа яаралтай батлахгүй бол салбарт олон ойлгомжгүй зүйл үүсээд буйг хуралд оролцогчид онцоллоо.


Г.Идэр