Ярилцлага
“Транспэрэнси Интернэшнл” тусгай зөвшөөрөл олголтын явцад авлигын 14 эрсдэлийг тогтоожээ
2017-11-30
Ярилцсан Б.Төгсбилэгт
“Транспэрэнси Интернэшнл Монгол ” (ТИМ) байгууллага Монголын уул уурхайн салбар дахь тусгай зөвшөөрөл олгох үйл явц дахь авлигын эрсдэлийн талаар тайлан бэлтгэн гаргасан байна. Энэхүү тайланд өгүүлснээр үндсэндээ дөрвөн хэсэгт нийт 14 авлигын эрсдэл байгааг тогтоожээ. Дээрх дөрвөн хэсэгт тусгай зөвшөөрөл олгох механизм, тусгай зөвшөөрөл хүсч буй аж ахуйн нэгж буюу өргөдөл гаргагчийн хүлээх үүрэг, засаглалын нөхцөл/тогтолцоо, тусгай зөвшөөрлийг дамлан худалдахаас сэргийлэх зэрэг багтана. Энэхүү тайлангийн төслийн Ахлах судлаач Ричард Биастохтой тайлангийн ерөнхий агуулга болон үр дүнд нь цаашид ямар ажлууд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Та “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын авлигын эрсдэлийн үнэлгээ” тайлангийн талаараа товч танилцуулахгүй юу?
Энэхүү тайланг хоёр үе шаттайгаар хэрэгжих “Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай” хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан юм. “Транспэрэнси Интернэшнл Австрали” (ТИА) байгууллагаас явуулж буй уг хөтөлбөрт нийтдээ 20 улс орон хамрагдсан. Бид уг судалгааны тайланг боловсруулах ажлыг өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд юун түрүүнд одоо байгаа хуулиар тусгай зөвшөөрөл олгох тогтолцоо хэрхэн ажиллах ёстой тухайд судалсан. Дараа нь хууль, бодит амьдрал хоёрын хооронд хэр их зөрүү байгаа болон тухайн тогтолцооны авлигад өртөж болзошгүй эмзэг сул талуудыг авч үзэхэд төвлөрсөн. Бид ийнхүү судлахдаа тусгай зөвшөөрөл олгох механизм, тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргаж буй аж ахуйн нэгжид тавих үндсэн шаардлага, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой засаглалын ерөнхий бүтэц, дамлан худалдахаас сэргийлэх гэсэн сэдэвт гол анхаарлаа хандуулсан. Тэгээд энэ бүх үйл явцад нийт 14 авлигын эрсдэл байна гэж тогтоосон.
Бусад улс оронд хийгдсэн энэ төрлийн судалгаагаар магадгүй огт өөр төрлийн эрсдэлүүд тогтоогдсон байж мэдэх юм. Харин ТИА байгууллагын тухайд тэдгээр улс орны тайланд үндэслэн дэлхийн улс орнуудын нэгдсэн нэг тайланг эмхтгэн гаргахаар зорьж байгаа юм. “Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай” хөтөлбөрийн эхний үе шатанд авлигын эрсдэлийг тогтооно. Хоёрдугаар үе шат нь энэ салбар дахь оролцогч талуудыг хамтатгах явдал гэж хэлж болно. Бид оролцооны хүрээгээ оролцогч талуудад үндэслэсэн байхаар төлөвлөсөн бөгөөд одоогийн хэрэгжиж буй хөтөлбөрүүдээр илүү их нөлөөлөл үзүүлэх боломжийг олж тогтоох, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нээхэд чиглэнэ.
Энэ бүгд нь мэдээж яам, салбарын холбоодтой байнгын нягт уялдаа холбоотойгоор хамтран ажиллаж байж хийгдэнэ.
Хөтөлбөрийн хоёр дахь үе шат энэ оны сүүлээр эхлээд 2020 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа. ТИМ байгууллага өргөн хүрээнд хэрэгжиж буй тогтолцооны үр ашигтай ажиллагааг сайжруулахад үнэлэхүйц хувь нэмэр оруулж чадна гэдэгт бид итгэдэг.
Та Монгол дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох механизмын тухайд ямар бодолтой байна вэ?
Тусгай зөвшөөрөл олголтын үндсэн гурван хэлбэр байна. Эхнийх нь түрүүлж бүртгүүлсэнд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох. Энэ тогтолцоо нь 2010 онд цуцлагдаад 2015 онд дахин хэрэгжиж эхэлсэн ч ердөө нэг жил хэрэгжээд зогссон.
Тухайн хэрэгжих нэг жилийн хугацаанд ойролцоогоор 1300 тусгай зөвшөөрөл олгосон байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь тухайн лицензээ ашиглалтынх болгох давуу эрхтэй байдаг. Энэхүү хоёр дахь арга нь маш энгийн механизм бөгөөд бид үүнд авлигын ямар нэг эрсдэл байна гэж харахгүй байгаа.
Гурав дахь арга нь сонгон шалгаруулалтын хэлбэр.
Онолоор бол сонгон шалгаруулалт нь түрүүлж бүртгүүлсэнд нь олгох зарчмыг бодвол Засгийн газарт илүү их мөнгөн орлого төвлөрүүлэх учиртай. Ялангуяа тухайн газрын геологийн мэдээлэлд нөөц баялаг илрэх магадлал өндөр байх нөхцөлд хэрэгжих боломжтой бөгөөд компаниуд хүчтэй өрсөлдөнө. Эхний болон хоёр дахь механизмын хувьд авлигыг өөгшүүлж болзошгүй хэд хэдэн асуудал байгаа юм. Зарим зөрчил нь байнга давтагдаж байсан. Чухам яагаад түрүүлж бүртгүүлсэнд нь олгох аргад хориг тавьсны гол шалтгаан ч үүнд оршиж байна. Гэхдээ би ийм зөрчил дутагдлууд нь тусгай зөвшөөрөл олголтоос илүү өргөн хүрээнд асуудлыг харах учиртайг сануулсан гэж боддог.
Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын аюулгүй байдалд тун их анхаардаг. Иймд аливаа тодорхойгүй, авлига руу түлхэж болзошгүй байдал нь чанартай хөрөнгө оруулалтыг үргээж мэдэх юм. Энэ нь 2015 онд болсон үйл явцаас бидний ажигласан зүйл дээр тодорхой хэмжээнд харагдаж байна. Монголын Ашигт малтмал, газрын тосны газар түрүүлж бүртгүүлсэнд нь олгох зарчимд үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим системийг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Гэхдээ үүний эхлэл нь ялимгүй хойшилж байх шиг байна.
Цахимаар өргөдлийн дугаар олгох шинэчилсэн тогтолцоонд ямар нэг авлигын эрсдэл байна гэж харсан уу?
Тогтолцоо чухам хэрхэн ажилладгийг мэдэхгүйгээр энэ асуултад хариулахад бэрх шүү дээ. Энэхүү тогтолцоо нь найдвартай итгэж болохуйц гэдгийг үнэлж дүгнэх техникийн мэдлэг надад байхгүй. Гэхдээ миний хэлж чадах зүйл гэвэл хуучин тогтолцоонд байсан учир дутагдалтай талуудыг сайтар засч чадсан гэдгийг хэлж чадна. Би хувьдаа шинэчилсэн тогтолцоонд ихээхэн найдвар тавьж байна. Тогтолцоог одоо бүхэлд нь Ашигт малтмал, газрын тосны газрын бүрэн хяналтдаа авсан. Тиймээс өргөдлийн мэдээллийг гадагш алдах, өргөдлийн дараалалд нөлөөлөх зэрэг асуудал гарахгүй гэж бодож байна. Робот скриптийн (хүний оролцоогүй автомат хандалт) түгээмэл хэрэглээ болон өвөрмөц Виртуал хувийн сүлжээ-ний түлхүүрийг хувилах аргаар өргөдлийг хэт хурднаар дамжуулах зэрэг нь одоо бол огтхон ч боломжгүй болсон байх учиртай. Ерөнхийдөө би энэхүү систем одоо илүү хурдан, илүү хариуцлагатай, ялгаваргүй болгох зэргээр системийн амжилттай ажиллагаанд шаардагдах бүх зүйлийг хийсэн гэж найдаж байна.
Гэхдээ зарим нэг асуудал энэхүү системээр хараахан шийдэгдээгүй байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал орон нутгийн тусгай хамгаалалттай газар өргөдлийн талбайтай давхцах болон аймгийн Засаг даргын зөвшөөрөлтэй зөрчилдөх зэрэг асуудал бий. Тиймээс шинэчилсэн систем амьдралд хэрхэн үр ашгаа өгөхийг харах л үлдэж байна.
Тайланг бодит жишээн дээр үндэслэж хийсэн үү?
Бид эхлээд тусгай зөвшөөрөл олгох механизмын хуулийн хамрах хүрээг нарийвчлан судалсан. Дараа нь анхдагч болон хоёрдогч судалгаа хийснээр хууль, бодит хэрэгжилтийн зөрүүг таньж тогтоосон юм. Би хоёр хуульч, судлаачтай хамтран ажилласан. Бидний уулзаж ярилцсан эх сурвалжууд гэвэл голцуу Засгийн газрын болон хуучин Засгийн газарт ажиллаж байсан ажилтнууд байсан л даа. Мөн холбоодын төлөөлөл, иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзалт хийсэн. Яг бидний судалсан сэдвийн талаар тийм ч их баримт материал байгаагүй. Гэхдээ бид боломжтой бүх өгөгдөл, мэдээллүүдийг ашигласны дийлэнх нь Ашигт малтмал, газрын тосны газар болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын мэдээллүүд байсан. Тайланд тодорхой жишээ баримт дурдахаасаа илүүтэй тогтолцоог задлан шинжлэхэд төвлөрсөн.
Хөтөлбөрийн хоёр дахь үе шатад шаардлагатай хуулийн өөрчлөлт юмуу шинэ журам боловсруулах санал байгаа юу?
Оролцогчдыг өргөн хүрээтэй байх талаар авч үзнэ. Гэхдээ хамтрагч нартайгаа хэрхэн хамтран ажиллах тухайд бүх анхаарлаа төвлөрүүлнэ. ТИМ энд ажиллаад гурван жилийн нүүрийг үзэж байна. Бидний өмнөх болон одоо байгаа төслүүдийнхээ хүрээнд бий болгосон найдвартай сүлжээ зэргийг бодолцсон ч манай байгууллагын уул уурхайн салбар дахь туршлага хязгаарлагдмал. Би хувьдаа манай нэн тэргүүний хийх ажил бол төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ашиг тус авчрах чадамжтайгаа нотлох явдал гэж бодож байна. Эхний чухалчлах зорилтууд нь магадгүй уул уурхайн салбарт орж ирэхийг зорьж буй хөрөнгө оруулагчдад өргөдлийн дугаар олгох үйл явцыг илүү хялбар болгон таниулах удирдамжийг сайжруулах байж болно. Эсвэл одоо хэрэгжиж буй журмуудад жижиг атлаа тун чухал өөрчлөлт оруулахыг санал болгох, тухайлбал тусгай зөвшөөрлийг дамлан худалдахаас сэргийлэх зэрэг байж болно. ТИМ түншүүдтэйгээ хийх хамтын ажиллагаанд ийм төлөвлөгөөнүүд багтах юм.
Энэхүү тайлангийн гол дүгнэлт нь юу гэж гарсан бэ?
Тайланг нэг дүгнэлтэд багтаан хэлнэ гэдэг хэцүү. Монгол улс хэд хэдэн сорилттой тулгарч байна. Би тэдгээрийн дийлэнхийг тайланд оруулж чадсан гэж найдаж байгаа. Хамгийн гол илэрхийлж буй санаа нь өмнөх алдаануудаа давтахгүй байх асуудал юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийг асар олноор олгох нь Монгол улсад илүү том ашиг тус авчрах магадлалыг бууруулж байна. Бид нийгмийн болон байгаль орчны тааламжгүй нөлөөллийг бууруулж, байгаа хайгуулын тусгай зөвшөөрлүүдээсээ илүү их ашиг тус хүртэх боломжуудыг бүрдүүлэх, жишээ нь геологийн дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах зэрэг ажилд төвлөрөх хэрэгтэй юм. Үүнд хөрөнгө оруулалтын итгэлцлийг алдагдуулахгүйгээр нөлөөлөлд өртөж буй орон нутгийн хүртэх ашиг тусыг хангах зэрэг нь ч багтана.
Өнгөрсөн онд IRIM судалгааны байгууллагын гаргасан уул уурхайн авлигын эрсдэлийн үнэлгээний тайлан болон танай байгууллагын гаргаж буй тайлангийн хооронд ямар ялгаатай вэ?
IRIM-ийн тухайд уул уурхайн салбарынх нь түвшинд авлигын эрсдэлийг тодорхойлох зорилттой байсан. Хууль эрх зүйн орчноос авахуулаад тусгай зөвшөөрөл олголт, үйл ажиллагаа, уурхайн хаалт зэргээр. Харин бидний хувьд зөвхөн тусгай зөвшөөрөл олголтод хараагаа чиглүүлснээр асуудлыг илүү нарийвчилж судлах боломж бүрдсэн.
Байгаль орчны үнэлгээтэй холбоотой эрсдэл нийт эрсдэлийн жагсаалтад багтсан байна. БОНБНҮ-гээ батлуулахын тулд төрийн захиргааны байгууллагын санал болгосон үнэлгээний компаниудад хандах шаардлагатай болдог гэж салбарынхан шүүмжилдэг.
Ерөнхийдөө байгаль орчны хууль тогтоомж нь нэлээд нарийн төвөгтэй байдаг. Зөвхөн Монголд ч биш дэлхийн улс орнуудад ч мөн адил. Энэ бол маш хурдацтай хөгжиж буй салбар л даа. Би Монголын Засгийн газар болон холбогдох яам болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам асуудлыг зөв зүйтэйгээр зохицуулахад бодитой хүчин зүтгэл гаргаж байгаад итгэдэг. Гол асуудал нь муу тогтолцоотой байгаад биш, харин одоо байгаа асар олон зөвшөөрлийг зөв зүйтэйгээр шийдвэрлэх хангалттай нөөц бололцоо байхгүйд оршиж байна.
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бол тухайн төслийн эрсдэл нөлөөллийг тогтоож, тооцох замаар төсөл гүйцэтгэгч компанийн үүргийн гол үндсийг тодорхойлдог зүйл.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн лицензийг олгосон жилдээ багтаж Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ батлуулах ёстой болдог. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд (БОАЖЯ) 1600 орчим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үнэлгээг хянах хүчин чадал байхгүй. Яам байгаль орчны үнэлгээчдийг нарийвчилсан үнэлгээ хийхдээ баримтлах шаардлагатай боломжит хамгийн доод жишгийг хангасан байхыг шаарддаг. Гэхдээ энд ашиг сонирхлын зөрчил гарч ирдэг. Учир нь БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөл буюу Үнэлгээний хороо нь үнэлгээчид болон үнэлгээний баталгааг аль алиныг нь батламжилдаг. Энэ нь чухамдаа үнэлгээний зорилгыг сулруулж болзошгүй авлигын эрсдэл болдог.
Улс төрийн томилгоогоор мэргэжилтнүүдийг томилох, хүчин чадлын хүрэлцээгүй байдал, дотоод болон гадаад хариуцлагагүй байдал нь энэхүү зөвлөлийн ажиллагаанд нөлөөлж байна. Бидний боловсруулсан тайлангийн урьдчилан тодорхойлсон үзүүлэлт нь Монголын байгаль орчны хууль тогтоомжийг бүхэлд нь судлахад чиглээгүй. Гэхдээ үнэлгээг батлах явцад гардаг алдаа дутагдлуудыг судалсан нь байгаль орчны тогтоомжид бүхэлд нь ашиглаж болохуйц чухал сургамж өгсөн гэдэгт итгэлтэй байна.
Хайгуулын үр дүнгийн тайлангийн тухайд ямар асуудал харагдав?
Энэ бол маш урт хугацаанд анхааралгүй орхигдож ирсэн сэдэв юм л даа. Монгол улс бол бусад орнуудын адилаар өндөр эрсдэлтэй хайгуулын ажлыг өөрсдөө гардаж хийхээсээ илүүтэй хувийн хэвшлийнхэнд голцуу даатгадаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын жилийн тайлангаа өгч байхаас гадна ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа хайгуулын эцсийн үр дүнгийн тайлангаа мэдээлэх учиртай. Энэхүү тайлан нь Засгийн газрын хувьд геологийн дэлгэрэнгүй мэдээллийн бааз суурийг бүрдүүлэх үндсэн мэдээлэл болдог.
Шаардлагатай мэдээллийн багтаамжийн доод хэмжээг албан журмаар мөрдүүлээгүй цагт, магадгүй хайгуулын компаниудад нэг лицензийг яагаад 12 хүртэлх жилээр олгоод байдаг юм бэ гэдэг асуулт тавигдсаар байж болох юм. Мөн эндээс харахад маш цөөн тооны компани татварын орлого бүрдүүлдэг ашиглалтын шат руу давшиж байна. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг хувийн компаниудад өгөхдөө улсаас чухалчлан анхаарах шаардлагатай нэг гол ашиг сонирхол нь улс орныхоо байгалийн нөөц баялгийн дэлгэрэнгүй судалгаа, мэдээллийг хөгжүүлэх явдал. Энэ нь улмаар салбарын төлөвлөлт, удирдлагыг сайжруулж, бэхжүүлэх юм. Боловсруулж сайжруулсан мэдлэг нь улс орнуудад хувийн хэвшлийнхэнтэйгээ илүү их үр ашиг авчирч чадахуйц харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг олгодог.
Гэхдээ би энэ чиглэлд өөрчлөлт, хөгжлийг харж байна. Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт (МГУУМИ) нь геологийн мэргэшсэн шинжээч болон тайланг CRIRSCO-ийн стандартын дагуу магадлан итгэмжлэхэд оролцож байна. Мөн Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөгжүүлсэн цахим хуудаст суурилсан геологийн мэдээллийн тогтолцоо зэргийг хэлж болно.
Сонирхолтой нь техникийн түвшинд байдал маш өөр байгаа. Хайгуулын үр дүнгийн тайлангийн үнэлгээний тогтолцоо нь байгаль орчны үнэлгээнд тулгарч буй асуудалтай төстэй байдалтай байна. Геологийн шинжээч болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хооронд ашиг сонирхлын зөрчил байгаагаас гадна хариуцлагын асуудал хангалтгүй байгаа нь ийм байдалд хүргэж байна.
Тайланд Орон нутагтай хамтран ажиллах гэрээнд нутгийн иргэдийн оролцоо хангалтгүй байна гэж тэмдэглэжээ. Гэхдээ Оюутолгойн хамтын ажиллагааны гэрээнд гурван талын төлөөлөл оролцсон шүү дээ?
Оюутолгой нь салбарыг бүхэлд нь тодорхойлж чадахгүй л дээ. Салбарын хуулиар 2009 оноос хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөлөөлөлд өртсөн орон нутагтай Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах замаар харилцаа холбоо, биелүүлэх үүргээ зохицуулж байхаар болсон. Энэ нь нэлээд өргөн хүрээг хамарч байгаа. Байгаль орчныг хамгаалах, орон нутгаас худалдан авалт хийх, ажлын байр бий болгох, санхүүжилт, бүр дэд бүтэц гэх мэтчилэн өөр өөр асуудлыг тусгадаг. Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загварыг 2016 онд батлан гаргасан. Маш чухал зааварчилгаа гарч ирнэ гэж харж байсан ч санасан хэмжээнд хүрээгүй санагдсан.
Статистик үзүүлэлтээс харахад үнэхээр тухай бүрт Орон нутгийг хөгжүүлэх гэрээ байгуулагдсан бол одоо 3000 гаруй гэрээтэй сууж байх байсан. Иргэний нийгмийн байгууллагын гаргасан тоон үзүүлэлтээр одоогийн байдлаар хоёр оронтой тоогоор хэмжигдсэн гэрээнүүд байгаа нь харагддаг. Гэрээг албан ёсоор мөрдүүлэх явц сул байгаагаас үүдэн үгсэн хуйвалдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэ байдал нь гэрээ байгуулах энэхүү чухал механизмаас орж ирэх үр ашгийг алдагдуулаад зогсохгүй хэлэлцэж буй шийдвэр гаргагч, компанийн хооронд зохисгүй хэлэлцээр өрнөх нэг нөхцөл болж байна. Бидний тогтоосон бас нэг асуудал бол үүнд мэдээж үүрэг болгон зааж өгсөн тухайн нөлөөлөлд өртсөн орон нутгийн төлөөллийг гэрээний хэлэлцээрт оролцуулахгүй байгаа явдал юм.
Тайланд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн худалдах тохиолдолд худалдан авагч нь ямар нэг шаардлагыг хангасан байх үүрэг хүлээдэггүй нь эрсдэл дагуулж байна гэж дүгнэжээ.
Монгол дахь олон тооны уул уурхайн төслүүдийг авч үзээд бизнесийн магадлан шалгалтын ач холбогдлыг хэлсэн юм. Илүү өргөн хүрээний засаглалын тогтолцооны чухал хэсэг нь тухайн өргөдөл гаргагч аж ахуйн нэгжийн хувьд тухайн төслийг зөв зохистойгоор явуулах боломжтой гэсэн шаардлагыг хангаж буй эсэхийг баталгаажуулах байдаг. Энэ салбарт орж ирж буй ямар ч компани ийм үнэлгээнд хамрагдах учиртай. Ерөнхийдөө хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар анхлан өргөдөл гаргаж буй тохиолдолд ийм үнэлгээ хийж байгаа нь үр ашигтай гэж үзэж болох юм. Гэхдээ тусгай зөвшөөрлийг солилцох үед худалдан авагч нь тухайн ажлыг гүйцэтгэх чадамжтай гэсэн ямар ч баталгаа гаргадаггүй. Энэ нь дамлан зарах явдлыг нөхцөлдүүлж байна.
Би хөрөнгө оруулагчдыг татахад тусгай зөвшөөрөл солилцох явдлыг зөвшөөрөх учиртайг ойлгож байна л даа. Гэсэн хэдий ч одоо байгаа тодорхой туршлагаар ялангуяа харьцангуй бага үнээр тусгай зөвшөөрлийг худалдахыг зөвшөөрдөг, олгосон өдрөөс нь эхлэн шилжүүлэхийг зөвшөөрдөг, үүнд ямар ч магадлагаа шаарддаггүй зэрэг нь дамлан зарах ажлыг нөхцөлдүүлж, улмаар Засгийн газарт ашиггүй тусч байгаа юм.
Тусгай зөвшөөрөл олголтын эхлэл цэг бол кадастрын систем. Энэ хэсэгт ямар эрсдэл байна вэ?
Бүхлээр нь аваад үзвэл, кадастрын систем нь аль хэсэгт тусгай зөвшөөрөл олгогдсон, аль хэсэг нь тусгай хамгаалалттай газар болох талаар тодорхой мэдээлэл өгдөг баялаг архив болж чадсан. Бүр үүнээс өргөн хүрээгээр авч үзсэн ч энэ систем сайн ажиллаж байгаа гэж боддог. Мөн ашиглахад дөхөм газрын зураг байна. Бидний олж мэдсэн асуудал бол угтаа илүү техникийн шинж чанартай.
Голцуу орон нутгийн тусгай хамгаалалттай газрын бүртгэлтэй холбоотой. Үүнийг оролцогч талын өргөн хүрээний бүрэлдэхүүнтэйгээр хийж болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээр орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг тийм ч нарийн тодорхой бусаар бүртгэгдсэн байдаг бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн газруудтай давхцах, зөрчил үүсэх нөхцөлийг бий болгодог. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын мэдээллийн цахим хуудас нь илүү дэлгэрэнгүй мэдээллийг гаргадаг ч кадастрын бусад асуудлын тухайд ил тод байдал хязгаарлагдмал. Бүрэн хэмжээний нээлттэй ил тод байдлаар мэдээллийг нийтэлж, олон нийтэд цаг алдалгүй мэдээллийг хүргэх нь чухал байдаг. Тухайлбал тусгай зөвшөөрөл олголтын тоо, хүчингүй тусгай зөвшөөрөл, огноо, цуцалсан шалтгаан, өргөдлийн хүсэлтэд татгалзсан байдал, үүний шалтгаан зэрэг мэдлээлэл нь бүрэн төгс байж чаддаггүй.
Эдгээр олж тогтоосон 14 эрсдэлийг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой юу?
Үгүй. ТИМ байгууллага нь эдгээр асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэе гэсэн байр суурь баримтлахгүй байгаа. Гэхдээ би энэхүү тайлан нь оролцогч талуудыг үр дүнтэй хэлэлцүүлэг хийж, үр дүнд хүрэх түншлэл байгуулахад нь урам зориг өгнө гэж найдаж байна. ТИМ байгууллага нь өөрийн олж мэдсэн мэдлэг, туршлагаараа Монголын засаглалын хөгжилд чухал хувь нэмэр оруулж чадна гэж найдаж байна.
Ярилцсанд баярлалаа!