Монгол улсад 12 дахь жилдээ “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж буй Швейцарийн хөгжлийн агентлагаас “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулганыг УУХҮЯ, АМГТГ-ын дэмжлэгтэйгээр өнөөдөр “Блю Скай” зочид буудалд зохион байгуулж байна.
Зохион байгуулагч яам, агентлагаас гадна БОАЖЯ, ХНХЯ, ЭМЯ, Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн байгууллагуудын удирдах албаны төлөөлөгчид оролцон илтгэл тавьж байна.
Чуулганаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдолтой хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх талаар орон нутгийн захиргаа болон өөрөө удирдах байгууллагын удирдлагууд, бичил уурхайчдын төлөөлөлд нэгдсэн ойлголт өгөх, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, бичил уурхайчдыг өөр ажлын байраар хангах, шилжүүлэх боломж, алтны худалдааг албажуулах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэх юм.
Хурлыг Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дэд захирал, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Илариа Дали нээж үг хэллээ. Тэрээр “Уул уурхай хөгжиж байгаа цагт бичил уурхай байх л болно. Тиймээс бичил уурхайн асуудлыг анхаарлаас гадна үлдээж болохгүй юм. Бичил уурхайгаас олборлож байгаа ашигт малтмалыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль эрх зүйн орчноор яаж албажуулах, хэрхэн татварын системтэй болгох, бичил уурхайн үйл ажиллагаа орон нутгийн эдийн засагт зөв зохистой нөлөөлөх зэрэг асуудлыг харгалзаж үзэх хэрэгтэй. Швейцарийн Засгийн газраас Монгол улсад бичил уурхайг зохион байгуулалтад оруулж, албажуулах чиглэлээр 2005 оноос дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд бичил уурхайн асуудлыг шийдвэрлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль орчны хариуцлагатай салбар болгохыг гол зорилгоо болгож ирсэн. “Тогтвортой бичил уурхай” төсөл маань цаашид Монгол улсад 2 жил үргэлжлэн хэрэгжинэ. Төсөл дуусах үед 14 жилийн хугацаанд хуримтлуулсан сайн туршлага, мэдлэг чадвар монголчуудад үлдэнэ” гэдгийг онцолж байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран 2016 онд бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сөрөг байдлын талаарх судалгааг хийжээ. Тус судалгааны үзүүлэлтээр 76% нь хамгаалалтын малгай өмсдөг, түгжээтэй бэхэлгээ ашиглалт 85%, агааржуулалт 75%, жилд 1 удаа эрүүл мэндийг үзлэгт хамрагдах байдал 50-аас дээш хувьтай байжээ. Тэгвэл 2017 оны байдлаар бичил уурхайн талбарт 13 хүн үйлдвэрийн ослын улмаас амь насаа алдсан байна.
Бүтэн өдрийн турш үргэлжлэх “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” чуулганд 20 аймгийн 78 сумдын Засаг дарга, 100 гаруй бичил уурхайчид оролцож байна.
Э.Од