Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Нүүрсний экспорт анх удаа 30 сая тонныг давав


Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний 11 сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.4%-иар өслөө. Мөн хугацаанд улсын импорт 3.9 тэрбум ам.доллар, экспорт 5.7 тэрбум ам.доллартай тэнцэж, гадаад худалдаа 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарав.

Эрдсийн экспортын тухайд оны эхний 11 сарын байдлаар 4.5 тэрбум ам.доллартай тэнцэж, өмнөх оны мөн үеэс 33%-иар өсч, улсын нийт экспортын 79%-ийг бүрдүүллээ.

Эрдсийн экспортын төрөл дундаа орлогын дүнгээр энэ онд үнэнхүү тэргүүлж буй нүүрсний экспорт мөн хугацаанд биет жингээр 31.3 сая тоннд хүрч, орлого нь 2.12 тэрбум ам.доллартай тэнцээд байна. Энэ нь 2017 оны төсөвт тусгасан нүүрсний борлуулалтын төлөвлөгөөт хэмжээ болох 32 сая тоннд тун дөхсөн үзүүлэлт боллоо. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын нүүрсний экспорт дангаараа 2.9 сая тоннд хүрсэн нь өмнөх (аравдугаар) сарынхаас 9.2%-иар буюу 244 мянган тонноор өссөн дүнтэй гарчээ. Харин нүүрсний экспортын эхний 11 сарын орлогын нийт дүн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7 дахин өссөн бол биет жингээр 41%-иар нэмэгдсэн дүнтэй гарч байна.

Зэсийн баяжмалын экспорт мөн хугацаанд биет жингээр 1.3 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 9.2%-иар буурсан бол орлогын дүн нь 1.44 тэрбум доллартай тэнцэж, 3.8%-ийн бууралттай гарчээ. Цэвэр зэсийн экспортын тухайд оны эхний 11 сарын байдлаар 14.6 мянган тонн бүтээгдэхүүн экспортод гарч, 86 сая долларын орлого олсон нь жингийн хувьд ялимгүй өсөлттэй, үнийн дүнгээр 29.7%-иар тус тус өссөнийг илтгэж байна.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт энэ хугацаанд жингээр 13.2 тоннд хүрч, үнийн дүнгээр 540.8 сая доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6-7%-иар доошилсон үзүүлэлттэй гарлаа.

Харин газрын тосны экспорт оны эхний 11 сарын байдлаар 6.94 сая баррельд хүрлээ. Экспортын үнийн дүн нь 341.4 сая долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12.5%-иар өссөн гэсэн үг юм. Гэхдээ биет жингийн хувьд газрын тосны экспорт 5.6%-ийн бууралттай гарчээ.

Төмрийн хүдрийн экспорт оны эхний 11 сард жингээр 5.6 сая тонн, орлого нь 284 сая доллартай тэнцлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр адил түвшинд, орлогын хувьд 27.3%-иар дээшилсэн байна.

Цайрын баяжмалын экспорт мөн хугацаанд жингийн хувьд 108.5 мянган тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 7.5%-иар буурсан ч орлого нь 164.5 сая доллар буюу 22.7%-ийн өсөлттэй гарчээ.

Жоншны баяжмалын экспорт оны эхний 11 сарын хугацаанд 280.8 мянган тоннд хүрч, 73.1 сая долларын орлого олжээ. Тодруулбал жоншны экспорт өмнөх оны мөн үеийнхээс жингээр 22.8%, орлогын дүнгээр 33.3%-иар өсөөд байна. Молибденийн хувьд ч мөн адил экспорт нь биет жин, орлогын дүнгийн аль аль нь дээшилсэн дүнтэй гарлаа. Оны эхний 11 сард молибденийн экспорт 5.9 мянган тонн, үнийн дүн 33.8 сая доллартай гарсан нь жингийн үзүүлэлт 17.2%, орлого 47.6%-иар өссөнийг илтгэнэ.

Хар тугалганы экспортын тухайд жингээр 15.1 мянган тонн, үнийн дүнгээр 38.5 сая долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет жин 70%, орлогын дүн нь 79%-иар өссөн дүнтэй гарлаа.

Харин гянтболдын экспорт энэ оны эхний 11 сарын байдлаар биет жингээр 30 хувиар буураад байна. Гянтболдын хүдэр, баяжмалын экспорт жингийн хувьд 985 тонн, үнийн дүн нь 7.7 сая доллараар тэмдэглэгдсэн нь орлогын үзүүлэлт 23%-иар буурсан гэсэн үг юм.

Эрдсийн экспорт ийнхүү зарим төрөлд борлуулалтын биет хэмжээ буурч байхад үлдсэн хэсэгт өссөн дүр зурагтай байна. Гэхдээ орлогын хувьд ихэнх төрөлд өсөлттэй гарсан нь зах зээл энэ онд уул уурхайн салбарт өгөөжөө өгч буйг нотолж байна. Зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн саруудад хэдийгээр биет жин, орлогын аль алиных нь хувьд 10 орчим хувийн бууралттай байсан ч өнгөрсөн аравдугаар сараас эхлэн орлогын бууралтын хувь багасч эхэллээ. Өөрөөр хэлбэл зэсийн экспортын биет хэмжээ буурсан ч зах зээлийн эерэг нөхцөл байдлаас үүдэн орлогын биелэлт өмнөх оныхтой ижил түвшинд очих магадлал өндөр байна.

 

Б.Төгс