Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Нүүрсний зам” цуврал гэрэл зургаар Б.Рэнцэндорж Гран-При шагнал авлаа



Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/-ноос Оны шилдэг гэрэл зураг шалгаруулах "МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГ-2017" уралдааныг албан ёсоор гишүүд болон дэмжигч гэрэл зураг сонирхогч нарын дунд жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгаруулалтад нийслэлээс гадна Ховд, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод аймгаас нийтдээ 80 гаруй гэрэл зурагчин 450 орчим бүтээлээ ирүүлжээ.

Уралдаанд ирсэн шилдэг 100 бүтээлээр үзэсгэлэн дэглэж, олон нийтэд  дэлгэн үзүүлсэн  байна. Ирсэн бүтээлүүдийг мэргэжлийн гэрэл зурагчдаас гадна Соёлын гавьяат зүтгэлтэн, UBS телевизийн  Ерөнхий зураглаач Х.Ихбаяр, УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, сэтгүүлч С.Батбаатар, МЗЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун болон гэрэл зурагчин Д.Октябрь, Л.Элбэгзаяа нар шүүн тунгаав. 



Шүүгчдийн саналаар “Нүүрс тээвэрлэлтийн зам” цуврал бүтээлээрээ ГАММА агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж шалгарч, 2017 оны Гран-При шагналын эзэн боллоо. Б.Рэнцэндорж нь “Ройтерс” агентлагт бүтээлээ нийлүүлдэг бөгөөд гранпри авсан цуврал зургуудыг нь тус агентлаг дэлхий нийтэд цацсан билээ.

Тэрээр The Mongolian Mining Journal сэтгүүлд 2009 оноос гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байна. Түүний хальсанд буулгасан Монголын уул уурхайн салбарын сүүлийн арван жилийн түүх өгүүлсэн гэрэл зургууд тус сэтгүүлийн гэрэл зургийн архивт хадгалагддаг. 2011 онд MMJ-ийн редакцийн томилолтоор Тавантолгой орд дээр ажиллах үедээ авсан “Тавантолгойн түйрэн” гэрэл зургаараа Press Photo-2011 уралдааны Гран-При шагналыг хүртэж байсан юм.

"Монголын гэрэл зураг-2017" уралдааны Оны шилдэг баримтат гэрэл зургаар Ч.Ганбатын "Аваа өгөө" бүтээл шалгарсан байна. Хүрээлэн буй орчин, аяллын гэрэл зураг төрөлд 31  бүтээл ирснээс байгалийн гэрэл зурагчин Л.Жаргалын " Их нартын байгалийн нөөц газар -Үнэг" бүтээл түрүүлсэн бол “Агшин” номинацид хамгийн олон зураг буюу  40 гаруй  зураг ирснээс "Айдасгүй зоог" зургаар “Өдрийн сонин”-ы гэрэл зурагчин Г.Базаррагчаа, Модерн фото арт чиглэлийн номинацид “Агшинг сүүдэрлэхүй" бүтээлээр Өвөрхангай аймгийн гэрэл зурагчин С.Чинбат нар тус тус шалгарчээ.