Монголын эрдсийн голлох түүхий эд болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. The Steel Index-ийн мэдээгээр Хятадын Тянжины боомт дээрх 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 74.4 ам.доллар болоод байгаа нь өнгөрсөн есдүгээр сараас хойшхи хамгийн өндөр ханш боллоо. Ийнхүү үнэ өсч буй гол шалтгаан нь Хятадын Засгийн газар өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг 50 хүртэлх хувиар бууруулахаар болсон. Үүний улмаас сул зогсолттой байгаа үйлдвэрүүд өвлийн улирал дуусмагц үйлдвэрлэлээ явуулахад шаардлагатай түүхий эдийн татан авалтаа хийж байна. Түүнчлэн энэ зуур тус улсад арматур төмрийн үнэ өсч, улмаар коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ өсч буй ажээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын төмрийн хүдрийн импорт 94.45 сая тоннд хүрсэн нь өмнөх аравдугаар сарынхаас 19%-иар өссөн дүн боллоо. Харин тус улсын төмрийн хүдрийн импорт оны эхний арваннэгэн сарын нийт дүнгээр 990 сая тоннд хүрсэн. Ингэснээр 2016 оны төмрийн хүдрийн импортын дээд амжилтыг (1.024 тэрбум тонн) энэ онд эвдэхээр болоод байна. Энэ сарын 15-ны байдлаар тус улсын голлох 42 боомтын агуулах дахь төмрийн хүдрийн нөөц 142 сая тоннд ойртож очсон байгаа нь оны эхэн үеийн оргил түвшинтэй харьцуулахад тийм ч хол зөрүүтэй дүн биш болохыг Umetal онцолжээ.
Харин Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ одоогийн байдлаар 243.9 ам.доллар/тоннд хүрээд байгаа нь өнгөрсөн баасан гаригийн ханштай харьцуулахад 1.4%-иар өссөн дүн болохыг mining.com мэдээлжээ. Коксжих нүүрсний ханш энэ онд нэлээд боломжийн өсөлттэй байгаа гэж хэлж болно. Энэ оны коксжих нүүрсний үнэ дундаж дүнгээр 186 ам.доллар/тонн-той гарч байгаа нь өмнөх 2016 оны дунджаас даруй 40 ам.доллараар өндөр дүн юм.
Гэхдээ олонх судалгаа шинжилгээний
байгууллага коксжих нүүрсний үнэ урт хугацаандаа бууна гэсэн төлөвийг
дэвшүүлээд байгааг энд бас дурдах нь зүйтэй. Хэдийгээр төмрийн хүдэр, коксжих
нүүрсний үнийн төлөвийн хувьд хоёул урт хугацаандаа буурах таамаглал давамгайлж
байгаа ч бодит байдал дээр бууралт бус өсөлт илүү их байгаа нь Хятадын
шийдвэрээс ихээхэн хамаарч байна.
Б.Төгс