Энэтхэгийн эрчим хүчний Tata Power холдингийн охин компани ФИНР ОХУ-ын Камчаткийн хязгаар дахь антрацит нүүрсний Крутогоровскийн орд газрыг 25 жил ашиглах эрх авчээ. Төслийг хэрэгжүүлэхэд 560-600 сая ам.долларын хөрөнгө оруулах аж. Энэ нь Орос-Энэтхэгийн харилцааны түүхэнд хамгийн том төсөлд тооцогдож байгаа юм.
ОХУ-ын Газрын хэвлийн тухай хуулиар ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох журмын дагуу Крутогоровскийн ордыг ашиглах эрхийн төлөө Якутын “Колмар” компанитай өрсөлдөн, Tata Power корпораци 4.7 сая ам.доллараар тэргүүлсэн байна.
Крутогоровскийн орд нь 380 сая тонн өндөр чанарын антрацит нүүрсний таамаг нөөцтэй. Эл орд газарт Энэтхэгийн компанийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд жилд 8-10 сая тонн нүүрс олборлон, Азийн зах зээлд нийлүүлэхээс гадна 75 км төмөр зам барьж, далайн боомт дээр нүүрсээ ачиж буулгах терминал байгуулахаар төлөвлөжээ.
Энэтхэгийн эрчим хүчний тэргүүлэх Tata Power холдинг компани дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг 114 охин компанитай. Жилийн эргэлтийн хөрөнгө нь 108.78 тэрбум ам.доллар бөгөөд ашиг орлогын 68%-ийг хилийн чанад дахь үйл ажиллагаанаас бүрдүүлдэг байна.
Э.Од