Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уул уурхайн салбарынхан ойгоо тэмдэглэж, шилдгүүдээ тодрууллаа

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж

Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Налайхын уурхайг 1922 оны 12 дугаар сарын 25-нд улсын мэдэлд авснаар Монгол улсад уул уурхайн салбарын түүхийн  шинэ хуудас эхэлсэн юм. Салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн алдартнууд, уурхайчид, аж ахуйн нэгжийн төлөөллүүд өчигдөр “Корпорейт” цогцолборын Хурлын танхимд хуран цуглав. Энгэртээ одон медалиа зүүсэн ахмад уурхайчид бие биетэйгээ халуун дотноор мэндчилж, хуучин цагийн дурсамжаа сөхсөн шиг гэгээн сайхан уур амьсгалд баярын хурал эхэлсэн юм.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Д.Сумьяабазар, Дэд сайд Д.Загджав, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүсээс гадна Монгол улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн яамны сайд асан П.Дамдин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын эрхэм хүндтэй хүмүүс баярын хурлын индэрт уригдан мэндчилгээ дэвшүүлсэн. 

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж

Баярын хурлын “салхийг хагалж”, УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар уул уурхайн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ зориулж ирсэн үе үеийн уурхайчид, салбарын нийт хамт олонд хандан мэндчиллээ. Тэрээр “Манай улсын уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг бүрдүүлж байна. Уул уурхай бол нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар. Тиймээс салбарын бодлого чиглэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой байлгах,  мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд зөв ойлголт өгөх, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал” хэмээн тодотгосон.
Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар Монгол улсын хөгжлийн тулгуур багана болж, эдийн засагт гүйцэтгэх үүрэгнь асар их өргөжин тэлснийг цөөн тоо баримтаас харж болно хэмээн тэрээр онцолсон.

2017 оны эхний 11 сард 43.5 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 5.2 мянган тонн молибдений баяжмал, 19 тонн алт, 7 сая баррель газрын тос, 7.3 сая тонн төмрийн хүдэр, 3.4 сая тонн төмрийн баяжмал, 129 мянган тонн хайлуур жонш, 77 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт 7%, молибдений баяжмал 14%, төмрийн хүдрийн баяжмал 64%, нүүрс 44%-иар өссөн дүн юм. Мөн улсын төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлээд байгаа  нь 2016 оны дүнгээс 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн шаталсан судалгаа, эрэл, хайгуулын ажлын үр дүнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1100 гаруй орд, 10.000 орчим илрэл, олон мянган эрдэсжсэн цэгийг тогтоож, 2017 оны байдлаар 57 сая тонн зэс, 37.2 тэрбум тонн нүүрс, 1.2 тэрбум тонн төмрийн хүдэр, 2500 тонн алт, 1.7 сая тонн цайр, 48.3 сая тонн хайлуур жонш, 197 мянган тонн уран, 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг бүртгээд буй.

Уул уурхайн салбарынханд хандан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Монгол улсын “саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэр  2017 онд, уурхайчдын баяраа техник, технологи, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт нь 100-гаас дээш хувийн амжилттайгаар угтжээ. Тус үйлдвэр улсын төсөвт 600 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой болсон бөгөөд энэ нь үйлдвэрийн 1 ажилтан 100 сая орчим төгрөгийн баялаг бүтээж байгаа хэрэг гэдгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэндчилгээндээ онцолсон юм. 2017 оныг ийм амжилттай үдэж буй учраас үйлдвэрийн удирдлагын зүгээс Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүрийг 500 мянга, ахмадуудыг 300 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.

“Монгол улсын уул уурхайн салбарыг дэлхийн жишгээр хөгжүүлэхээр хичээж зүтгэсэн он жилүүд байлаа. Салбараа ийм түвшинд хүргэж хөгжүүлсэн ахмад уурхайчдадаа халуун талархал дэвшүүлье. Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан хамт олон бол Эрдэнэт үйлдвэр. Бид салбарын ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна” хэмээн тэрээр мэндчилгээндээ дурдсан юм.

Баярын хурал салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдэд шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн.

2017 оны Шилдэг аж ахуйн нэгжүүд:

Тэргүүний хөрөнгө оруулагч-Эм Эл Цахиурт Овоо ХХК

Шилдэг технологи нэвтрүүлэгч-Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч-Монполимет ХХК

Уул уурхайн тэргүүний нөхөн сэргээгч-Монголын Уул уурхайн Үндэсний олборлогч

Шилдэг төсөл боловсруулагч-Ляписслазурь Эрдэнэ ХХК

Шилдэг туслан гүйцэтгэгч-Мера ХХК

Шилдэг ханган нийлүүлэгч-Ораметалл ХХК

Геологийн  судалгааны шилдэг байгууллага-Геологийн судалгааны төв ТӨҮГ

Геологи, хайгуулын шилдэг компани-Монголын Алт ХХК

Г.Идэр