Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

2017 он уул уурхайн салбарт



Н.Ариунтуяа

Арвандолоон оны хуанлийн хуудсууд эх орны хөгжилд сайн муу үр дагавартай нэгэн мөчлөгийг үлдээгээд улиран одож байна. Монголын уул уурхай арвандолоон онд амсхийх завгүй байлаа. Монгол улсын экспортын гол нэрийн түүхий эдийн зах зээлүүд бүгд сэргэлттэй байж, ашиг өгөөжөө өгчээ. Эрдсийн салбар элдэв бэрхшээл дунд алгуурхан боловч урагшилсаар, эх орны эдийн засгийн гол ачааг үүрдэг хэвээрээ. Түүний хэрээр элдэв довтолгоон хийрхлийн бай, хоосон маргаан, хий цэцэрхлийн сэдэв болсоор ирэв. Төр, засгийн зүгээс уул уурхайн салбарын нэр хүндийг сэргээх, эдийн засгаа аврах хөшүүрэг болгоё гэхээсээ хумих, хязгаарлах бодлогууд цухалзаж эхэллээ. Асуудал байвал шийдвэрлэе гэх ажил хэрэгч ухаалаг бодлого бус, хориглоё, хаая, зогсооё гэх хандлага давамгайлах шинжтэй.     

Нүүрснээс авсан сургамж  

Арвандолоон он Монголын нүүрсний экспортод таамаглаагүй өрнөл дагуулав. Оны эхээр хамгийн тааруу үзүүлэлттэй түүхий эдийн жагсаалтыг коксжих нүүрс тэргүүлж байлаа. Гэвч урьдчилан таах аргагүй үнийн өсөлт тохиосон нь Монголын коксжих нүүрс экспортлогчдод түрийвчээ зузаатгах дохио өгсөн юм.  

Гуравдугаар сарын сүүлээр Австралийн нүүрсний гол муж Квийнслэндийг дайрсан хар салхи нүүрс тээвэрлэлтийн сүлжээг нь эвдэлж орхисон. Үр дагаварт нь коксжих нүүрсний үнэ түүхэн рекорд цэгтээ хүрэв. Сүүлийн 15 жилд 300 ам.доллар давж үнэ хадсан дөрөв дэх тохиолдол юм. Квийнслэндэд асуудал гарч, Хятадад эрэлт өссөнөөс бүгд улбаатай. Энэ нь Монголын коксжих нүүрс экспортлогчдын хувьд аз, од гийсэн хэрэг болдог. Австралийн нийлүүлэлт багасах бүрт орон зайд нь Монголын нүүрсний бизнесийнхэн нөхөн орж ирдгийг 2011, 2015, 2016, 2017 оны манай улсын нүүрсний экспортын өсөлтөөс харж болно.

Хэдий 300 ам.долларын үнэ сар хүрэхгүй хугацаанд тогтсон ч Хятадын гангийн зах зээл, дотоодын бодлого зохицуулалттай холбоотойгоор үнийн хувьд харьцангуй өсөлттэй тунчиг аятайхан жил үргэлжлээд өндөрлөж байна. Зах зээлийн алтан боломж тохионгуут Монголын нүүрсний бизнесийнхэн экспортоо тултал хийж эхэлсэн. Үр дүнд нь төсөөлж таамаглаагүй өсөлт гарч, хямарсан эдийн засагт гэрэл тусав.

Нүүрсний салбар гайхалтай сайхан ирээдүй төсөөлж байлаа. “Байлаа” гэсэн нь гайхамшиг ганц л улирал үргэлжилсэнд байгаа юм. Нүүрсний экспортын гялалзсан үзүүлэлт долдугаар сард навсайтал унаж, өмнөх сарынхаа экспортын 50%-ийг ч хийж чадаагүй. Бидний тооцоолоогүй бэрхшээл гарч ирсэн юм. Энэ бол өмнөд хөршөөс шууд хамааралтай эдийн засгийн нөхцөл. Монгол орны хувьд улс төрийн бэрхшээл ч гэж харж болно.

Боомтын нэвтрэлт “шалтгаангүй” удааширсантай холбоотойгоор өсөлтийн мөчлөгийг ашиглах гэсэн нүүрсний компаниудын шаргуу хөдөлмөр хилийн боомт чиглэсэн зам дээр уртаас урт сунжирсан дараалал болон хувирав. Нүүрс тээврийн машины жолооч нар зам дээр олон хоногийг төөрүүлдэг болж, дагаад том жижиг асуудлууд ундарсан. Өдгөө ч тэнд байдал сайжирсангүй. Гаалиар нэвтрэх үйл явц удааширсан нь зөвхөн Гашуунсухайтад хамаатай байгаагүй. Шивээхүрэн зэрэг бусад боомтод ч нэвтрэлт удааширсан ба нүүрсний экспортын 60 гаруй хувийг дангаар хангадаг Гашуунсухайт дээр байдал илүү хүндэрсэн юм. Монголын нүүрснийхэн ашиг олсон гурван сарын дараах үлдсэн бүх хугацаанд алдагдсан боломжийн араас харамсал тээсэн билээ.

Долдугаар сараас хойш л манай дарга нар (яамны сайд, дэд сайд гээд үргэлжилнэ) Хятадын Элчин сайдтай уулзаж, боомтын нэвтрэлтийг сайжруулж өгөөч гэж гуйсан юм. Гадаад харилцааны яамаар дамжуулан зөндөө их бичиг цаас явуулсан гэсэн. Асуудлыг судлаад, нааштай шийднэ гэсэн “гоё хариулт”-аар бүтэн зургаан сар сонорыг нь мялаасан билээ. Хамгийн сүүлд Хятадад айлчилсан Д.Цогтбаатар сайд бас л тийм хариу аваад ирлээ. Монголын дарга нар байдгаараа л хичээж байна. Байсхийгээд л хуралдан, компаниудад квот тогтоох, тээвэрлэлтийг түр зогсоох, бүр шороон замаар ч тээвэрлэнэ гэх шиг “ухаантай” шийдвэрүүд гаргаад үр дүн, ахиц гараагүйг та бид бүгдээрээ мэднэ.    
      
Тохиолдлоор уу, санамсаргүй юу, нүүрсний экспорт болон үнийн өсөлттэй давхцан цор ганц зах зээлээс маань “гэнэтийн бэлэг” ирдэг болоод байх шиг. Сүүлийн хоёр жилд зах зээл сэргэхтэй зэрэгцэн Монголын коксжих нүүрсний салбарынхан овоо өндийх нь үү гэх үед ямар нэг байдлаар экспортын зохиомол бэрхшээл үүсч иржээ.
2016 оны арваннэгдүгээр сард Хятад улс Монголтой холбогддог бүх боомтоороо орж ирсэн бараанд хураамж ногдуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж тэвдүүлснийг санаж байгаа бизээ. Хилээр нэвтэрч буй нүүрсний тонн тутамд дунджаар 3 юанийн нэмэлт ачаалал, зэсийн баяжмалаас үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэх төлбөр хураамж авахаас гадна цайр, төмрийн хүдэр, жонш зэрэг түүхий эд, бусад бүх бараанд тодорхой хэмжээний төлбөр төлөхөөр байв. Экспорт өсөхийн хэрээр нэмэлт ачаалал үүснэ гэсэн үг. 
 
2016 оны сүүлийн хагаст Монголын нүүрс экспортлогчид тун ч азтай байсан юм. Нүүрсний үнийн өсөлтийн оргил мөчлөгтэй давхцан дээрх шийдвэр гарсан байдаг. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний худалдааны үнээ 50 ам.долларт хүргэхээр болсноо мэдээлсэн өдөр Ганцмодны боомтоор нэвтрэх бараанд хураамж ногдуулах мэдэгдэл гарч байв. Тохиолдол гэхэд хэцүү. Урд хөршийн холбогдох албаныхан боомтын шинэчлэлтэй холбон тайлбарласан ч Далай ламын айлчлалтай холбоотойгоор хятадууд ийм шийдвэр гаргалаа гэх хардлагыг хэвлэлүүд, зарим судлаачид дэвшүүлж байлаа. Хүчээр холбох гээгүй ч цаг хугацааны дарааллын хувьд үйл явдал ингэж өрнөсөн. Гэнэтийн зарим зохицуулалтууд цаашид ч давтагдахгүй гэх газаргүй юм.

2017 оны сургамж нь нүүрсний салбараа, экспортоо шинээр харах дохиог бидэнд өгч байна. Ялангуяа гаргасан хэмжээгээр маань худалдан аваад байхгүй юм байна гэдгийг сая л яс махаараа мэдэрч байгаа тохиолдолд.   
“Фэнвэй энержи”-гийн дэд ерөнхийлөгч The Mongolian Mining Journal-д есдүгээр сард өгсөн ярилцлагадаа “Хятадын Засгийн газраас нүүрсний дотоодын нийлүүлэлтийг шинэчлэхтэй холбоотойгоор нүүрсний импортыг хэт ихээр нэмэгдүүлэхгүй байх бодлогын хүрээнд хойд боомтууд дээрээ (Хойд хилийн боомт гэдэгт Монголын өмнөд боомтууд бүхэлдээ хамаарч байгаа) нүүрсний импортын хязгаарлалт, хориг тавьж байгаа”-г танилцуулсан.
Өмнөд хөршийн хэрэглээндээ шүтсэн бодлого, дотоодын олборлогчдодоо дэмжлэг болох зорилтууд Хятадын Монголын талаас авах нүүрсний импортыг бууруулах нь гарцаагүй. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахтай уялдсан шийдвэрүүд дамаа Монголын нүүрсний экспорттой уялдаж таарна. 

Ийм нөхцөлд гол зах зээлдээ байр сууриа хадгалж үлдэх нь монголчуудын хувьд тулгараад байгаа хамгийн том бэрхшээл юм. Тодруулж хэлбэл, Хятадын зах зээлд нийлүүлэлтийн найдвартай сүлжээ бий болгох, экспортын орон зай, тогтвортой байдлаа хангах нь ухаалаг бодлого шаардаж эхлэв. Түүхий эдийн экспортоос хэт хамааралтай эдийн засагт асуудлаа эрэмбэлвэл энэ нь нэг номерт тавигдана. Санаачилгыг Төр, Засгийн тэргүүнүүд гартаа авах цаг юм.   

Эрдсийн хайгуул хумигдана

Монголын эрдсийн хайгуулын цаашдын хувь заяанд шинэ үр дагавар авчрах нөхцөл байдал арвандолоон онд үүслээ. Монгол улс хайгуулын тусгай зөвшөөрлийг  өргөдлийн журмаар олгож ирсэн хуулийн зохицуулалтаа хүчингүй болгов. Зөвхөн дуудлага худалдааны буюу сонгон шалгаруулалтын ганц механизмыг үлдээлээ. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд хайгуулын эрхтэй компани ашиглалтын хүсэлт гаргахаас бусад тохиолдолд сонгон шалгаруулалтаар олгоно. Яах аргагүй 2017 оны шинэ бодлого мөн. Амьдрах хугацаа, алсын нөлөө нь харин ямар байхыг ирэх өдрүүд харуулах биз.
Үнэндээ бол бодлогын том өөрчлөлтийг салбарын ямар ч хэлэлцүүлэггүйгээр Төсвийн тухай хуулиар Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах байдлаар шийдчихсэн юм.

Өргөдлийн механизмыг халсан үндэслэл маш сайхан, гэгээлэг. Тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг цэгцэлж, лиценз наймаалдаг бизнесийг хаана. Үүний тулд лицензээ зарсан тохиолдолд татвар авахаар хуульчилсан. Мэдээллээ нуусан, эсхүл татвараа төлөөгүй бол лицензийг цуцална.
Зөвхөн сонгон шалгаруулалтыг гэсэн зорилго ч бас сайхан. Хайгуулыг мэргэжлийн талбар болгоно. Дуудлага худалдааны зарчмаар их мөнгө төвлөрүүлнэ.   

Эхэлж өргөдлөө өгсөн бол хэн хүссэн нь лиценз авах зохицуулалт Монголын хөрсөн дээр 20 жил үйлчилж туршигдсан юм. Нээгдээгүй, судлагдаагүй газар оронд хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмждэг энэ механизм босго намхан, саад тотгор бага, үйл явц түвэгтэй биш, цаг хугацаа их шаардахгүй. Түүний хэрээр сайн, муу асар их үр нөлөө дагуулжээ. Гэхдээ хувь заяа нь арван оноос л ээдэрсээр энэ жил төгсгөл боллоо. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2010 онд хориг тавьж, залгуулаад хайгуулын лиценз олгохыг хориглосон хууль гарч, 2014 он дуустал үйлчилсэн.
Энэ таван жилийг “хайгуулын салбарын зогсонги үе” гэж нэрлэсэн юм. Угтаа хайгуулыг хорьсны үр дүнд лицензийн наймаа жинхэнэ гаарсан гэж уул уурхайнхан дотроо шивнэлддэг. Хайгуул идэвхжсэн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт энэ салбарт цутган орж, хориглож, цуцалж, эргэж буцан будилсан сүүлийн 7 жилд урсгал нь татарч, үр дүнд нь хөрөнгө оруулалтын дийлэнхийг дотоодын компаниуд нуруун дээрээ тээж үлдсэнийг MMJ бичиж байв. Өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацаа 2018 он гэхэд дуусч, улсын хэмжээнд нэг ч хайгуулын тусгай зөвшөөрөлгүй үлдэх нөхцөл бодитоор үүссэн тул Салбарын яам Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр гарц хайж, 2015 онд хайгуулын зөвшөөрлийг жилийн хугацаанд олгосон юм. 

Тас хорьж, хаах нь асуудлын шийдэл биш байсныг өмнөх туршлага харуулдаг. Өргөдлийн механизмаа сайжруулах гарц хайлгүйгээр, зөвхөн мэргэжлийнхэн орж ирэх нөхцөл тавилгүйгээр бүрмөсөн татгалзахыг урьтал болгосон нь “цонхтой” 5 жилийн түүхийг давтах вий гэж болгоомжлох үндэс байна.
Монгол улсад одоохондоо сонгон шалгаруулалтаар сонирхол татчих чанартай нөөц илрэх магадлал сайтай талбай хомс гэдэг. Үүнийг 2017 оны хавар 41.4 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгэсний 10.2 сая гектарыг сонгон шалгаруулалтынх гэж ялгаснаас харж болно.

Хайгуулын зардал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүйгээр сонгон шалгаруулалт үр нөлөөтэй хэрэгжихэд хэцүү. Геологи хайгуулын салбараа идэвхжүүлэхийн тулд Монголын төр өөрөө мөнгө зарах ёстой болж байна. Монгол улс геологийн судалгааны ажилд зориулахаар жил бүр жижигхэн зардал төсөвтөө суулгадаг юм. Уул уурхайд түшиглэн хөгжиж буй 10 улсыг хамруулсан судалгаанаас үзэхэд Монгол улсын хайгуулын ажилд зарцуулдаг төсвийн хэмжээ асар бага гарчээ. Уг төсөв 2004 онд 1.6 тэрбум байсан бол 2017, 2018 оны төсөвт 13.3 тэрбум төгрөг болж уг нь ахьсан юм. Улс орнуудын дундаж байдалд хүрэхийн тулд Монгол улс жилд 16 сая ам.доллар зарцуулах ёстой аж. Ийм судалгааг Австрали Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс (AMEP) 2016 онд хийжээ.
Уул уурхайн тогтвортой хөгжлийн суурь нь олборлолтын нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэх билээ. Хайгуулыг идэвхжүүлэх нь стратегийн хувьд эхний зорилго юм. Харамсалтай нь цэгцлэх зорилтын ард ашигт малтмалын нөөц илрүүлэх, хайх том бодлогыг эрсдэлд учруулж болзошгүй. Тусгай зөвшөөрөл дагасан сөрөг үр дагаврыг эмхэлж цэгцлэх сайжруулах шаардлага байгаа бол тэр нь геологи хайгуулын салбарын хөгжлийг уях, саад хийх шалтаг болох ёсгүй юм.  

“Эрдэнэс Тавантолгой” өрийн дарамтаас ангижрав  

Үнийн өсөлттэй үед экспортоо ахиулсны ачаар энэ онд “Эрдэнэс Тавантолгой” компани гадаад, дотоод гурван ч том өрийн дөнгөнөөс мултраад зовхи нь өөдөө байна. Эхнийх нь “Чалко”-гийн алдарт өрийн үлдэгдэл. Энэ тухайгаа гуравдугаар сарын 30-нд зарласан. 2011 оны долдугаар сард Сү.Батболдын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” нь “Чалко” компанид Зүүн Цанхийн нүүрсээр дэнчин тавин, 350 сая ам.долларын урьдчилгаа авсан юм. Энэ мөнгө иргэн бүрт 21 мянган төгрөг болж тарсан билээ. Залгуулаад 2012 онд Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны евро бондоос 200 сая ам.доллар зээлсний дийлэнхийг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан халамжийн мөнгөнд тарааж, үлдсэнээр компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлж байв.
Зургаан жил сунжирсан өрийн үлдэгдлийг төлөвлөснөөс богино хугацаанд дарсан нь үнэ өсөлттэй үед     нүүрсээ зах зээлийн үнээр борлуулах боломжтой болж, Цанхийн баруун уурхайгаа ажиллуулсантай холбоотой. Үнийн нээлттэй сонгон шалгаруулалт явуулж эхэлснээр нүүрсний үнэ 27 ам.доллараас эхлэн 33, 50, 59.3, хамгийн дээд талдаа 73.1 ам.доллар хүрч нэмэгджээ.

“Чалко”-гийн өрийн араас залгуулаад Зүүн Цанхийн уурхайн гэрээт олборлогч TTJVСо компанийн 64 сая ам.долларын өрийг барагдуулсан. Буухиаг үргэлжлүүлэн арваннэгдүгээр сарын эхээр Хөгжлийн банкны өрөөс 100 сая ам.долларыг мөн хугацаанаас өмнө гэх тодотголтойгоор төлжээ. Ирэх жилийн эхний улиралд багтан үлдсэн 100 сая ам.долларыг дарах төсөөлөл бий.
Арваннэгэн оноос хойш тус компанийн үйл ажиллагаа өрөө дарахад чиглэж, олборлосон бүхий л нүүрс нь өр, түүний хүүгийн төлбөрт явдаг байсан юм. Бүр үйл ажиллагаа нь зогсох хүртлээ байдал муугаар эргэж байсан удаатай. Сүүлийн дөрвөн жил алдагдалтай гэж цоллуулж ирсэн тус компани энэ оны гуравдугаар улирлын байдлаар 340 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь компанийн түүхэнд байгаагүй тоо. Боомт дээр саатал үүсээгүй, экспортоо төлөвлөснөөр хийж чадсан бол бүр ч өндөр үзүүлэлт гарч ирэхээр байлаа.       

Хэдий “Чалко”-гийн өр төлбөрийг барагдуулсан ч өнөө айхтар гэрээ дуусгавар болоогүй. Ахиад таван жил Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 80%-ийг индексжүүлсэн үнээр нийлүүлэх үүрэг үлдсэн. Гэрээний нөхцөлийг сайжруулахаар өнгөрсөн бүх хугацаанд Монголын тал ашиг сонирхлоо давтан илэрхийлсээр ирсэн ч нааштай үр дүнд хүрэхгүй л байна. Гэхдээ өрөө төлснөөр одоохондоо индексжүүлсэн үнэ биш Монголын талын хүсэлтээр түр үнэ буюу 59 ам.доллараар нүүрсээ борлуулж байгаа нь муугүй дүн.     

Өрнөөс мултрангуут өөр нэг асуудал хоолой дээр тулаад ирсэн нь он гараад “Эрдэнэс Тавантолгой”-н олборлолт 0 давхаргадаа хүрч байгаа явдал. ТЭЗҮ-гээрээ бол 0 давхаргын нүүрсээ олборлох үед угаагаад эхэлчихсэн байх ёстой. Ердөө дэргэд нь том чадлын угаах үйлдвэр байсаар байтал нүүрсээ угааж чадахгүй явсаар 0 давхаргадаа хүрнэ гэдэг Тавантолгойн олборлолт ямар аргацаасан байдлаар явж ирсний илрэл юм. Өмнөх Засаг нэг том дуугарч аваад таг болсон, элдэв үр дүн гаргаагүй Тавантолгойн ордын ашиглалтыг цогцоор хэрэгжүүлэх асуудалд энэ Засгийн газрын шийдэл ямар байх нь асуултын тэмдэг хэвээрээ. “Шенхуа-Сумитомо-Энержи Ресурс” гэсэн консорциумтай хийж байсан хэлэлцээр үргэлжлэх эсэх, эсвэл шинэ замаар явах эсэх бүрхэг, ойлгомжгүй янзаараа. Дагаад төмөр зам, өмнийн говийн эрчим хүчний нийлүүлэлтэд том эргэлт гаргах учиртай цахилгаан станцын асуудал таг гацаастай хэвээр нэгэн жил өнгөрлөө.  

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хуулийн маргаан

Уул уурхайн салбарын оны супер маргаан Эрдэнэтийн 49%-ийг тойрон өрнөж байна. Эрдэнэтийн 49%-ийг худалдан авсан хэлцлийг шалгасан УИХ-ын Ажлын хэсгээс Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэлгүй шийдсэнээр хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж, 49%-ийг төрд авах ёстой гэсэн саналаа УИХ-д тавьсан юм. Мөн худалдан авсан санхүүжилтийн эх үүсвэр ч зөрчилтэй гэх асуудлыг сөхсөн билээ.
УИХ-аас өмнөх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах тухай шийдвэрийг хоёрдугаар сарын 10-ны өдөр гаргасан. Алдарт 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх мөрөөр жилийн дотор цөөнгүй үйл хэрэг өрнөжээ.

Засгийн газар гуравдугаар сарын 29-ний хуралдаанаараа тус компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас УИХ, Засгийн газрын гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу  Эрдэнэт  үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэж, “Монголиан коппер корпорейшн”-ийн төлөөллийг ТУЗ-өөс чөлөөлж, төрийн төлөөллийн хүмүүсийг томилов. Сонгуулийн өмнө Тавантолгойгоор популизм хийж, иргэн бүхэнд хувьцаа, хишиг өгөхөөр амласан шиг Эрдэнэтийн 49 %-иар мөн л популизм хийсэн. Долдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг Монгол Улсын иргэн бүрт хувьцаа болгож өгөх шийдвэр гаргалаа хэмээн сүртэй нь аргагүй зарласан юм. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд оноо авах гэсэн эрх баригч намын алхам байсан ч сонгуулийн үр дүнд нөлөөлөх үр дүн үзүүлж чадаагүй билээ.  

Харин үйл явдлын нөгөө талд 23 дугаар тогтоол гарсан мөчөөс эхлэн “Ростех”-ээс 49%-ийг худалдан авсан “Монголиан коппер корпорейшн” хуулийн байгууллагаар явж эхэлсэн. Энэ завсар тус компани хоёр ч шатны шүүхэд ялсан бөгөөд хамгийн сүүлд Монгол улсын дээд шүүхэд ялалт байгуулан, хувьцааны эзэмшлийн эрхээ сэргээлгэх шийдвэр гаргуулаад байна. Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” компанийн нэхэмжлэлийг хэлэлцэж, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсөн гэж шийдвэрлэжээ. Тус компанийн төлөөлөл “Дээд шүүхийн мэдэгдлийг бичгээр хүргүүлснээс хоёр долоо хоногийн дараа эзэмшлийн эрхийг албан ёсоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Монголиан коппер корпорейшн”-д шилжүүлэх ёстой” гэж хэвлэлийнхэнд ярьжээ. 

Тус компани Засгийн газартай ямар нэг хэлцэлд хүрэхгүй бол олон улсын арбитрт хандан, нөхөн төлбөр гаргуулахаар ажиллана гэдгээ мэдэгдсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-д асуудлыг танилцуулаагүй, дангаар дур мэдэн шийдсэнээс олон зөрчил дагуулсан  49%-ийн маргаан хэдий хугацаанд сунжирч, ямар үр дүнд хүрэхийг өнөө таахад бэрх юм. Шат шатны шүүх дээр Засгийн газрын ялагдлаар өндөрлөж буй асуудал ужгирвал олон улсын арбитрт очиж, Монголын Засгийн газар төлбөрт унадаг эрсдэлийг давтаж болзошгүй байна.      

Уул уурхайн хуулийн сураг

Уул уурхайн хуультай болох хэлэлцүүлэг эхлэв. Ач холбогдлын хувьд Ашигт малтмалын хуулиас дутахгүй чухал төсөл юм. Ашигт малтмалын хууль салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулаагүйгээс маш их хийдэл гардаг. Уул уурхайн мөчлөгийг алхам бүрээр нь хуульчлаагүйтэй холбоотой ойлгомжгүй байдлууд салбарын хөгжлийг тушиж байгаа нь Уул уурхайн процессийн хуулийг хийх маргахын аргагүй үндэслэл юм. 

Хуулийн төсөл дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсэг гардан суусан. 14 бүлэгтэй, 72 хуудас нүсэр хуулийн төсөлд салбарын өөрийн зохицуулалт, мэргэшсэн тогтолцоо, хаалтын дүрэм зэрэг реформын чанартай өөрчлөлтийг шингээснээрээ ТЭЗҮ, БОНБҮ зэрэг нь хариуцлагатай байхаас аргагүй, тэр бүгдэд мэргэжлийн хүн зайлшгүй ажиллахаас аргагүй байдал руу шахаж байгаа юм. Уурхайн бүхий л үе шатанд мэргэжлийн ажлыг мэргэжлийн хүмүүс хийж, хариуцлагаа ч давхар үүрэх зохицуулалт бий болно гэсэн үг.

Санал авах үйл явц бүтэн жил өрнөж байна. Салбарын зохицуулалтыг ахьсан түвшинд гаргасан, уул уурхайн компаниудын хөгжлийг дэмжсэн, уул уурхайн салбараас Монгол улсад орох үр өгөөжийг дэмжсэн өндөр түвшний зохицуулалт болж чадвал, түүн дээр салбарынхан эвлэж нэгдэж чадвал арваннайман онд Уул уурхайн хуультай болох байх.  

Уул уурхайнхан үнэн чанартаа эрхзүйн орчны тогтвортой байдлыг улиг болтол ярьж, шинэ салхи сэвэлзүүлэхээс ихээхэн болгоомжилж дөлдөг улс. Гэвч болгоомжилж цэнэхийн хэрээр салбарын гол хуульд хуруу дүрэх нь хэмээс хэтэрдэг бололтой.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр цугларсан баримтаар Ашигт малтмалын хуулийг 2006 онд шинэчлэн найруулснаас хойш 30 гаруй удаа гар дүрч, 300 орчим зүйл, заалтад өөрчлөлт оруулжээ. Үүнээс 2010, 2014, 2017 оны 3 удаагийн зарчмын өөрчлөлт салбарын яамд хаяглагдана гэхээр салбарынхаа дүрмийг өөрсдөө тогтоодоггүй, оролцдоггүй гээд хэлчихэд хилсдүүлчихээргүй харагдана.    

“Алт-2” хөтөлбөрийн ирээдүй  

Монгол улсын Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолыг нэгдүгээр сарын 18-нд баталсан юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилготой. Хөтөлбөрийг хоёр үе шатаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Үр дүнд нь жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэж зорьж байгаа. Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн “Алт” хөтөлбөрүүд өөр өөрийн үр дүнг үзүүлсэн билээ. 1991-1996 онд хэрэгжүүлсэн “Алт-1” хөтөлбөр хөрөнгө оруулалт татаж чадсаны үр дүнд алтны жилийн олборлолтыг 700 кг-аас 11 тоннд хүргэж, шороон ордуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан. Гэхдээ нөхөн сэргээлт, байгаль хамгааллыг тэр чигт нь орхигдуулсан нь уул уурхайн салбарын нэр хүнд шалдаа буухад асар том хувь нэмэр оруулсан юм.  

Харин 1997-2000 онд хэрэгжсэн “Алт-2” хөтөлбөрийн үед алтны нийт олборлолт анх удаа 24.1 тонн хүрч, үүний 40 гаруй хувийг алтны үндсэн ордоос олборложээ. Яах аргагүй алтны үйлдвэрлэлийн шинэ хөгжлийн үе юм. Гэхдээ  сайн муугаараа дуудуулсан гэнэтийн ашгийн татвар, “Урт нэртэй” хуулийн үйлчлэл энэ салбарыг доголдуулж, дампуурлын ирмэг рүү түлхсэн. 2014 оноос алтны салбар ерөнхийдөө эерэг дүр зурагтай болсон нь хууль эрх зүйн олон шинэлэг өөрчлөлт, тэр тусмаа алтны далд эдийн засаг ил болж, Монголбанкинд алт тушаалт нэмэгдсэн нь алтны роялтиг 2.5 болгосонтой холбоотой.

Харин 2017-2020 онд хэрэгжих “Алт-2” хөтөлбөр зорьсон үр дүндээ хүрэх нь тун ч эргэлзээтэй. Жилийн эхний хагаст тун ч эрчтэй эхэлсэн хөтөлбөр баталсан Засгийн газартайгаа хамт уначихсан аятай үлбийчихээд байна. Алтны шороон ордын нөөц багасч байгаатай уялдуулан үндсэн ордуудын ашиглалтыг “Алт-2” эрчимжүүлнэ гэсэн. Олборлолтыг үндсэн болон алт агуулсан бусад металын ордуудыг ашиглах замаар нэмэгдүүлэх боломж өндөр гэж үзсэн юм. Олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд алт олборлогчдод санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, алтны олборлолтыг дэмжих тусгай зориулалттай талбайн бүсийн судалгаа хийх,  Монгол орны алтны хэтийн төлөвийг үнэлэх, алтны эрэл-үнэлгээний сэдэвчилсэн судалгааны ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэх зэрэг зорилтууд бүгд цаасан дээр.

Хөтөлбөр батлагдлаа гээд алтны салбарт энэ нэгэн жил ямар ч өөрчлөлт, ахиц дэвшлийг авчирсангүй. Монголбанк арваннэгдүгээр сарын байдлаар 19.1 тонн алт худалдан авсан нь жилийн худалдан авалтын түүхэн дээд амжилт боловч “Алт-2” хөтөлбөрт огтхон ч  падлийгүй юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авах болсон нь алт тушаалтад гол идэвхжил үзүүлсэн хэрэг. 

Дээрээс нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож, энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна, монголчууд баялгийнхаа эзэн нь бус хохирогч нь болж үлдсээр л байх болно. Би ийм хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина” гэсэн нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь бүү хэл ирээдүйнх нь зурлагыг зурчих шиг боллоо.

Монголын “Алт” хөтөлбөрүүдийн түүх бол алтны зах зээлийг чөлөөтэй болгосноор олборлолтыг эрс нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн түвшингээ шинэ шатанд гаргасан түүх юм. Геологи хайгуулын ажлаа эрчимжүүлэн, алт олборлолтыг дэмжих хүрээнд хууль дүрэмдээ өөрчлөлт оруулан, гадна дотно гэж ялгаварлалгүйгээр уул уурхайн компаниуд ба хөрөнгө оруулагчдад хаалгаа нээсэн он жилүүд юм. Дурын компани, хувь хүнд хүссэнээ олборлох лицензийг чөлөөтэй олгосон эрх чөлөө юм. Завсар нь дүрмээ өөрчлөн бужигнуулж, араас нь засч залруулахыг хичээсэн алдаа онооны сургамж юм.

Харин “Алт-2” нэртэй гурав дахь хөтөлбөрийн хувьд Ерөнхийлөгчийн санаачлах “эх оронч” хуулиар нас нь дуусах хувь заяа хүлээж байх шиг байна. Түүний хэлсэн “Алтны салбарт Төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох шаардлага” нь гадныхныг, хувийн хэвшлийг үзэн ядсан дотогш чиглэсэн бодлого болон уншигдав. Дагаад алтны салбарт нэн ойлгомжгүй олон асуултын тэмдэг тавив.



  • albaker (93.65.89.201)
    Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан Бидэнтэй адил хүмүүст тусалж моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж бид цалингийн зээлийг зээлийн компаниуд хянадаг Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1000 доллараас 2000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан Гурван гол алхмууд 1 Та электрон мэдүүлгээ ирүүлнэ И-мэйл albakerloanfirmgmailcom 2 Таны иргэний үнэмлэх жолооны үнэмлэх банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах 3 Зээлийг боловсруулж баталж дамжуулсан Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4 -иар зээл авч шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон Б
    2018 оны 01 сарын 04 | Хариулах