Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Д.Ренчинханд: Эрдэнэт үйлдвэрийн захирлыг яам бодлогоор бэлтгэж ирсэн



Уул уурхайн инженерээс ажлын гараагаа эхлээд, салбарынхаа бодлого тодорхойлох түвшинд мэдлэг оюунаа зориулан, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн уурхайг байгуулах ажлыг удирдан явуулж байсан ахмад уурхайчин, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Орлогч сайд асан Д.Ренчинхандтай MMJ-ийн Г.Идэрхангай ярилцлаа.




Далд уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжлээр хуучин ЗХУ-д суралцсан цөөхөн боловсон хүчний нэг нь Та. Энэ мэргэжлийг сонгосны учир юу вэ?

Би Дорнод аймгийн Баян-Уул сумын арван жилийн сургуулийг 1961 онд төгссөн юм. Тэр үед уул уурхайн мэргэжлийн талаар ямар ч ойлголтгүй байлаа. Геологийн ажил гэж энд тэнд юм судалдаг, сонирхолтой мэргэжил байдаг байх гэсэн ерөнхий ойлголттой, геологич болох хүсэлтэй байсан. Гэвч тэр жил манай сургуульд геологийн хуваарь ирсэнгүй. Ингээд Аж үйлдвэрийн яам  дээр очтол “Эрхүүд очиж сур” гэлээ. Далд уурхайн технологийн ашиглалтын инженер мэргэжлийн талаар ярьсан зүйлийг нь би тийм ч сайн ойлгосонгүй.

1961 оны есдүгээр сард Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд орж суралцлаа. Политехникийн дээд сургуульд тэр жил Монголоос анхны 50 оюутан очсны 4 нь далд уурхайн чиглэлээр суралцсан юм. Орос оюутнууд биднээс арай ахмад, голдуу цэргийн алба хаачихаад ирдэг байсан.

1966 онд сургуулиа төгсөөд ирэхэд Аж үйлдвэрийн яам намайг Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын гянтболдын уурхайд хуваарилсан. Тухайн үед Монгол улсад ажиллаж байсан далд уурхайнуудын хамгийн гүн нь Бүрэнцогтын уурхай байсан. Үндсэндээ 260-аад метрийн гүнд үйлдвэрлэл явуулдаг байлаа. Газар дор малталт явуулж, өрөмдөж тэслэн хүдрээ нурааж гаргадаг байсан. Гаргасан хүдэр нь голдуу кварцын судалтай, судал дотор нь гянтболд агуулагддаг байв.
Уурхайгаас гарсан хүдрийг хоёр километрийн зайтай баяжуулах фабрикт хүргэж баяжуулна. Баяжуулсан хүдрийн доторх нэг орчим хувийн агуулгатай гянтболдын чанарыг 60% хүртэл дээшлүүлээд цэвэр баяжмал хэлбэрээр экспортод гаргана.  

Бүрэнцогтын уурхай бүтээгдэхүүнээ зөвхөн ЗХУ руу экспортолдог байсан уу?
Би энэ уурхайд таван жил ажилласан. 1960-аад оны эхэн үед Бүрэнцогтын уурхай 260 орчим метрийн гүнд хүдрээ олборлож, уулын ажил явуулдаг байсан бол намайг ажиллах хугацаанд 50-иад метрийн гүнзгийрэлтийн ажил хийгдэж, дараагийн шатанд ашиглах нөөцийг үндсэндээ бэлтгэсэн юм. Үндсэн бүтээгдэхүүн болох гянтболдын баяжмалаа зөвхөн ЗХУ-д нийлүүлдэг байлаа. Тэнд ажиллаж байсан уурхайчид голдуу Чоно голын уурхайгаас ирсэн хүмүүс. Эх орны дайны дунд үе буюу 1942 онд Чоно голын уурхайг нээж, гянтболд олборлож эхэлсэн. Учир нь, байлдааны техникүүд, тэр дундаа танкны хуяг хийхэд гангийн сайн чанарын хольц нь гянтболд болдог.  
 
Таныг Бүрэнцогтын уурхайгаас яаманд дуудаж, төрийн албанд ажиллуулсан гэж сонссон?
Миний хувьд уурхайн уулын цехэд инженерээс ажлын гараагаа эхэлж, 1968 оноос цехийн дарга, мөн оны сүүлээр үйлдвэрийн ерөнхий инженерээр ажиллаж байлаа.
1972 оны дунд үед   яамнаас дуудсан юм. Салбарын хэтийн төлөвийн чиглэлээр санал боловсруулах ажилд оролц гэсэн. Далд уурхайд ажиллаж байсан инженер гэдгээр нь татсан байх л даа.

1973 оны нэгдүгээр сард Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны сайд М.Пэлжээ гуай намайг яамны Уул уурхайн хэлтсийн даргаар томилсноор төрийн албаны хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. Тэгж байтал 1976 оны зургаадугаар сард манай яам хоёр хуваагдан, хожим Монгол улсын анхны Ерөнхийлөгч болсон П.Очирбат гуай Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны сайдаар томилогдов. Харин Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамыг М.Пэлжээ гуай удирдсан. М.Пэлжээ гуай 1977 оны сүүл хүртэл сайдаар ажиллаж байгаад тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга болж, Ч.Хурц гуайг яамны сайдаар томилсон түүхтэй.

Миний хувьд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны газрын дарга,  Орлогч сайд гээд нийтдээ бараг хорь шахам жил салбарын яамандаа ажиллажээ.

Таныг Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд ажилласан он жилүүдэд гол төлөв өнгөт металын салбарт томоохон үйлдвэрүүд ашиглалтад орж, ажиллаж эхэлжээ. Яамны бодлого энэ чиглэлд илүү төвлөрч байсан хэрэг үү?
Тухайн үед манай улсад Налайх, Адуунчулууны нүүрсний уурхайгаас гадна өнгөт металын салбарт Бэрхийн хайлуур жонш, Бүрэнцогт, Их хайрханы гянтболдын уурхай ажиллаж байсан юм. Үүн дээр Хажуу-Улааны жоншны үйлдвэрийг хүлээж авсан. Мөн 1974 оны дөрөвдүгээр сард Хар-Айрагийн жоншны уурхайг байгуулж байлаа. 

Монголын хайлуур жоншны хамгийн том уурхай Бэрхийг 1954 онд ашиглалтад оруулсан байдаг. Хайлуур жоншны хүдэр олборлоод, Дорнодоор ЗХУ руу экспортолдог байсан. Хайлуур жонш нь ган хайлуулах процессыг хурдасгахад гол хольц болдог эд. Асар нарийн технологитой, ховор үйлдвэр байж билээ. Хайлуур жоншны тухайд бусад төрлийн хэрэглээ бий. Тухайлбал хайлуур жоншоос гаргаж авсан хүчлийг пуужингийн түлш хийхэд ашигладаг.

Их хайрхан, Хар-Айрагийн жоншны уурхайнууд хэдийд ашиглалтад орсон юм бэ?
Их хайрханы уурхайн хувьд 1960-аад оны эхээр ашиглалтад орж, гянтболдын баяжмал гарган авдаг байлаа. Хар-Айрагийн жоншны уурхайн захиргаа Айраг сумын төв дээр байгуулагдсан. 1973 оны дөрөвдүгээр сард үйлдвэрийн эхний ээлжийг 20 МАЗ, самосвалтай, 20 гэртэйгээр сумын төвийн хажууханд буулгаж, үйл ажиллагааг нь  эхлүүлж байлаа. Уурхай байгуулах чиглэл гаргаад, 1972 онд Орос руу захьсан тоног төхөөрөмжүүд тэр үед ирсэн юм.  
Хар-Айрагийн жоншны уурхайг эхлүүлэхэд  жаахан бүдүүн  тоймдуухан зураг төсөл хийсэн байсны дагуу уурхайн эхний үйл ажиллагааг эхлүүлж билээ. Тэр жилдээ төлөвлөсөн ёсоороо 50 мянган тонн хайлуур жоншны хүдэр экспортолж байлаа. 

Хайлуур жоншны үйлдвэрүүд дундаа “Монгол­росцветмет” нэгдлийн Бор-Өндөрийн үйлдвэрлэл нэлээд том байр суурь эзэлдэг. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад Таны хувь нэмэр их байсан гэдэг юм билээ?
Намайг яаманд ажиллаж байхад Бор-Өндөрийн уурхайн хайгуул хийгдэж байсан юм. 1982 онд эхний хэсгийг хайгуул ашиглалтын үйлдвэр нэртэйгээр, 100 мянган тоннын хүчин чадалтайгаар ашиглалтад оруулсан юм. Тэр үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирж, Бор-Өндөрийн үйлдвэрийн уулын ажлыг эхэндээ гүйцэтгэж байлаа.

Бор-Өндөрийн уурхай хайгуулын шатанд нөөц нь тогтоогдсон, босоо шахуу судлуудтай орд байсан. Ингээд 100 мянган тонн хүдэр олборлох, 100 гаруй метрийн гүнтэй уурхайг ашиглалтад оруулаад, цаашид уул уурхайн баяжуулах комбинат болгох асуудал шийдэгдэн, зураг төсөл, барилга угсралтын ажлууд хийгдсэн юм.

Тухайн үед Зөвлөлтийн барилгын байгууллага СОТ-3 Бор-Өндөрийн уурхайн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэн, Союзцветмет-Шахтстрой байгууллага уурхайн үйл ажиллагааг хариуцаж байлаа. Уурхайн амыг 400 метр гүн нэвтэрсний эцэст 1986 онд ашиглалтад оруулсан. Ингэж Бор-Өндөрийн үйлдвэрлэл жигдэрсэн гэхэд болно.
Уурхайн ажилчдыг үндсэндээ Бүрэнцогтын уурхайд ажиллаж байсан хүмүүс бүрдүүлж байв. Бүрэнцогтын уурхайн нөөц шавхагдаж байсан үе. Ингэж л наяад оны сүүлээс хот маягийн Бор-Өндөр тосгон байгуулагдан, говь нутагт гэрэл гэгээ цацарч эхэлсэн дээ.

Социалист нийгмийн үед уул уурхайн салбар манай улсын эдийн засагт ямар байр суурь эзэлж байв?
Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хэмжээ бага байсан тул экспортын эх үүсвэрээ нэмэгдүүлэх бодлогыг манай улс баримталж байлаа.

Мэдээж зах зээл нь ЗХУ. Хойд хөршийн хувьд манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг ямар л бол ямар хэмжээгээр хүлээж авах боломжтой байсан. Гэхдээ манай үйлдвэр уурхайн хүчин чадал тэр хэмжээнд хүрч чадахгүй байсан нь ойлгомжтой.
1972 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 2 орчим хувь, экспортын бүтээгдэхүүний 1 орчим хувь нь уул уурхайн салбарт ногдож байсан. 1977-1978 онд Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсноор манай улсын экспортын бүтээгдэхүүн эрс нэмэгдсэн юм. 1990 онд Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн тэргүүний ажлаа өгөхөд экспортын бүтээгдэхүүний 40 орчим хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн салбар үйлдвэрлэдэг болоод байсан.
Тэгвэл өнөөдөр уул уурхайн салбар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 орчим хувь, экспортын 80 орчим хувийг гаргаж байна.

Уул уурхайн салбарын өнөөдрийн байдлыг өмнөх нийгмийнхтэй харьцуулахад бид юун дээрээ онож, бас юун дээр алдаж байна вэ?
Уул уурхайн экспорт өсч байгааг онож байна гэж хэлж болох байх. Харин алдаж байгааг нь уул уурхайн салбар манайд хэрэгтэй юу, үгүй юу гэж эргэлзэж байгаа ард иргэдийн сөрөг хандлага тодорхойлох биз. Энэ бүхэн уул уурхайн үйлдвэрлэлийг буруу явуулж байгаатай холбоотой гэж би боддог. Өөрөөр хэлбэл, ард түмэнд, тэр тусмаа орон нутгийн иргэдэд уул уурхайн ач тусыг үйлдвэрлэл эрхлэгчид нь өөрсдөө сайн ойлгуулдаггүйд асуудал их байна.

Нөгөө талаас, төр засгийн зүгээс ч энэ тал дээр ойлгомжгүй, тодорхойгүй зүйлүүд хийдэг  нь нөлөөлж байгаа. Уурхайн үйл ажиллагааны үед хүдрийн хаягдал, овоолгыг ном  дүрмийн дагуу хийж чадахгүй байгаа нь санхүүжилттэй холбоотой. Үүнээс болж байгаль орчин бохирдлоо, нутаг орон сүйдлээ гэсэн яриа хөөрөө, янз бүрийн эсэргүүцэл хөдөлгөөн их гарч байна. Хаягдал, овоолгоо шийдэх хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг нь улс хураагаад авчихдаг гэдэг оргүй ч зүйл биш.  

“Саалийн үнээ” гэж нэрлэгдэж ирсэн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтыг удирдаж, Монгол-Оросын хамтарсан Зөвлөлийн тэргүүнээр Та олон жил ажиллажээ?
1973 оны эхээр Монгол-Зөвлөлтийн Зас­гийн газрын хооронд энэ салбарт хамтын ажил­лагааг өргөжүүлэх хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан юм. Тэр жилийн арван­нэгдүгээр сард Эрдэнэтийн-Овоог ашиглах, уул уурхайн баяжуулах үйлдвэр байгуулах хэлэлцээр хийгдсэн. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажил дээр миний бие ажиллаж байлаа. 1976-1990 он хүртэл би Эрдэнэтийн уулын баяжуулах ком­би­натын Зөвлөлийн Монголын хэсгийг тэргүүлсэн.

Үйлдвэр байгуулах бэлтгэл ажил 1976-1977 онд ид өрнөж, тэр жилдээ хамтарсан уурхай байгуулах Зөвлөлийн хурлууд хэд хэд болсон юм. Мөн Үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх алба яамны дэргэд байгуулагдсан.
Зөвлөлтийн “Медь Молибденстройтрест” нь үйлдвэрийн барилга байгууламжийг барьж, Оросоос ирэх эрчим хүчний өндөр хүчдлийн шугам, Дархан, Эрдэнэтийг холбосон автозам, төмөр зам барих бүх ажил 1974 онд эхэлсэн юм. Үндсэндээ 1975-1976 онд уул уурхайн үйлдвэрийг барьж байгуулах, барилга угсралтын ажил оргилдоо хүрч, 1976 онд ил уурхайн хөрс хуулалтын ажил эхэлж байлаа.     
1978 онд Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж 4 сая тонн хүдэр олборлон баяжуулах хүчин чадалтайгаар ашиглалтад орж, 1979,1981 онд хүчин чадал нь нэмэгдсээр 16 сая тонн хүдэр олборлох хэмжээний баяжуулах үйлдвэр болж өргөжиж байлаа.



Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга Д.Ренчинханд хурал  даргалж байгаа нь.  “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий  захирал Р.И. Семигиний үед  (1980-1985 он)

Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирлаар Ш.Отгонбилэг гуай томилогдсон ажилласан. Өөрөөр хэлбэл, Таны халааг авч үйлдвэрийн үйл ажиллагааг илүү өргөжүүлсэн байх, тийм үү?
Манай яам Эрдэнэтийн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд 1973 оноос эхлэн 100 гаруй хүнийг Зөвлөлт рүү явуулсан юм. Эхний ээлжийн мэргэжилтнүүд 1977 онд, дийлэнх нь 1978 онд төгсөж ирсэн л дээ. Тэдний нэг хэсэг нь өнөөдөр ахмад үеийнхэн болоод Эрдэнэт үйлдвэртээ ажилласаар байна.

Ш.Отгонбилэгийг үйлдвэрийн захирлаар яам бодлогоор бэлдсэн юм. ЗХУ-д суралцсан чадварлаг инженерүүдийн нэг нь Ш.Отгонбилэг байсан. Монгол улс өөрийн талын захирлуудыг томилуулж чадахгүй явсаар 1989 он хүргэчихсэн. Энэ хугацаанд 1976-1981 он хүртэл Ш.Отгонбилэгийг яаманд ажиллуулсан. Дараа нь ЗХУ-д аспирантурт сургаж, эрдэмтэн болоод ирэхээр нь “Монголросцветмет” нэгдлийн нэгдүгээр орлогч дарга, Эрдэнэт үйлдвэрт Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор ажиллуулсан.

Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар голдуу ЗХУ-д уул уурхайн томоохон комбинатад ажиллаж байсан туршлага өндөр, эрдмийн зэрэг цолтой хүмүүс ирдэг байсан. Уг нь хамтарсан үйлдвэр байгуулах хэлэлцээрийн дагуу үйлдвэрийн захирлыг хоёр талаасаа дөрөв, дөрвөн жилийн хугацаагаар ээлжилж томилох ёстой. Гэтэл манай талд Оросын захирлуудтай дүйх хэмжээний бэлтгэгдсэн, өндөр чадвартай хүмүүс байгаагүй. Залуу инженерүүд байсан ч тийм том комбинатыг авч явах туршлагагүй байлаа.

1989 оны аравдугаар сарын 22-нд Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын анхны захирлаар Ш.Отгонбилэгийг томилуулж, Зөвлөлийнхөө Монголын талын тэргүүний ажлаа  өгсөн.
Ш.Отгонбилэг маань Эрдэнэт үйлдвэрийг арваад жил чадварлаг удирдсан, сайн ч ажилласан. Ингээд 1990-ээд оны сүүл үед өөрөө ажил төрлөө солъё, янз бүрийн яриа хөөрөө ч энд тэндээс их гарах боллоо гэснээр өөр захирал томилогдсон юм.

Энэ хооронд Эрдэнэтийн хүдэр олборлон баяжуулах хүчин чадал  18 сая тонноос 25 сая тонн хүртэл өссөн. Ерөнхийдөө Эрдэнэтийн хүдрийн зэсийн агуулга уурхайн гүн рүүгээ их багассан. Намайг ажиллаж байхад зэсийн агуулга 1%  орчим байсан бол 1980-аад оны сүүлээр 0.7,-0.8% хүртэл буугаад байсан бол өнөөдөр 0.5% орчим зэсийн агуулгатай хүдрийг олборлон баяжуулж байна. Хүдрийн доторх зэсийн агуулга багасвал олборлон баяжуулж байгаа баяжмалын зэс ч буурна. Нэгэнт хүрсэн түвшингээ хадгалахын тулд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад ороход  40 хүрэхгүй жилийн нөөцтэй гэж ярьдаг байлаа. Тэгвэл өнөөдөр дахиад 40 жил ашиглах асуудал хөндөгдөж байна. Ашиглалтын үедээ гүн рүүгээ хайгуул хийж, нөөцөө нэмэгдүүлж байна. Цаашид ч бүс нутагт нь зэсийн хүдрийн тодорхой илрэлүүд бий. Тиймээс геологи, хайгуулын судалгааны дүнд нөөц улам нэмэгдэнэ гэсэн ойлголттойгоор Эрдэнэтийг дахин 40 жил ашиглана гэж ярьж байгаа байх. 

Биднийг анх үйлдвэрийн суурийг тавьж байхад Эрдэнэтийн овоог тойрсон дөрвөн хот айл, малчны өвөлжөө байсан бол өнөөдөр 100 гаруй мянган хүн амтай, Монголын томоохон хот болсныг та бүхэн мэдэж байгаа.

Монгол улсад Зэс хайлуулах үйлдвэр байгуулна гэж олон жил яригдаж байгаа ч одоогоор бүтээн босгосон үйлдвэр алга. Үйлдвэрийн байршлыг хэдэнтээ өөрчилсний эцэст Оюутолгойн дэргэд буюу Ханбогд суманд байгуулах шийдлийг  Засгийн газраас гаргасан. Энэ нь хэр зөв шийдэл вэ?
Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтийн уул уурхайн комбинатын дэргэд байгуулахаар сонгож байсан тал бий. Бэлтгэсэн талбай ч байдаг. Зэс хайлуулах асуудал Эрдэнэт үйлдвэрийг байгуулахтай зэрэгцэн яригдаж эхэлсэн. Тухайн үедээ бол эртэдсэн яриа байлаа. Оросууд  “та нар цаг нь болохоор хайлуулах үйлдвэрээ барьж болно” гэж хэлдэг  байсан.

Энэ удаад үйлдвэр байгуулах газраа сонгочихсон, ажил нь ч урагштай байх шиг байна. Зэсийн томоохон ордуудаа түшиглэн зэс хайлуулах үйлдвэрээ барих шийдэл нь зөв. Дэд бүтэц талаасаа ч баяжмалаа хол газар тээвэрлэхгүй. Уул уурхайн үйлдвэрлэл бол эцсийн  бүтээгдэхүүн гаргаж, үр ашгийг нь бүрэн дүүрэн гаргахад ач холбогдол нь оршдог.
Зэс хайлуулах үйлдвэр байгуулахад санхүүгийн эх үүсвэр маш чухал. Нөгөө талдаа байгаль орчинд нөлөөлөх асуудлыг тооцох ёстой. Хайлуулах үйлдвэрээс хүхэрт хий их хэмжээгээр ялгардаг. Хүхэрт хий байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Ногоон ургамлын бүсэд ялангуяа ихээхэн хөнөөлтэй. Сүүлийн үед хүхэрт хийгээ боловсруулаад ашиглахтай холбоотой  янз бүрийн шинэ арга технологиуд гарч байна.

Өмнөх нийгмийн үед уул уурхайн салбарын мэргэ­жилт­нүүдийг бодлогоор бэлтгэдэг байсныг Та ярилаа. Өнөөдөр ийм бодлого, төлөвлөлт дутагдаж байх шиг.

Өнөөдөр уул уурхайн салбарт боловсон хүчний төвлөрсөн бодлого явуулдаг байгууллага алга. Хамгийн гол нь салбарын эрэлт хэрэгцээтэй уялдуулан боловсон хүчнийг бэлтгэдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажлын байрнаас авахуулаад олон хүндрэл, бэрхшээл үүсч байна шүү дээ. ШУТИС-иас гадна уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль олон байгаа ч хэр чанартай боловсон хүчин бэлтгэдгийг хэлж мэдэхгүй юм.  



  • albaker (93.65.89.201)
    Сайхан өдөр Та зээл хайж байгаа хувийн зээл хайж байна уу зээл орон сууцны зээл автобусны зээл оюутны зээл нэгтгэлийн зээл үл баталгаажсан зээл хамтарсан хөрөнгө гэх мэт Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл Би хувийн зээлдүүлэгч би компаниудад зээл олгодог бага хүүтэй бага хүүтэй 2 И-мэйлээр бидэнд хандаарай albakerloanfirmgmailcom
    2018 оны 01 сарын 04 | Хариулах