Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс эдийн засгийн чанараа сайжруулах 8 зорилт дэвшүүлжээ

Хятадын эдийн засаг төсөөлж байснаас давсан сайн үзүүлэлттэйгээр 2017 оныг үдэж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг нь өнөөг хүртэл олон улсын санхүүгийн гол хөдөлгүүр хэвээр байгаа бөгөөд ирж буй онд энэхүү үүрэг оролцоогоо хэрхэн нэмэгдүүлж, хүндрэл бэрхшээлүүдээ яаж шийдвэрлэх бол гэдэг дэлхий нийтийн анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон БНХАУ-ын Төв эдийн засгийн хурлаар тус улсын эрх баригчид эдийн засгийн чанарыг дээшлүүлэх үндсэн 8 зорилтыг дэвшүүлжээ.

Хятад нь эдийн засгийн шинэчлэлийн томоохон бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд нэн түрүүнд үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг танах асуудалд анхаарч байна. Өнгөрсөн  онд гангийн үйлдвэрлэлийг 50 сая, нүүрсний олборлолтыг 150 сая тонноор тус тус бууруулж зорилтоо биелүүлсэн. 2016 онд нүүрсний олборлолтыг 290 сая тонн, гангийн үйлдвэрлэлийг 65 сая тонноор танасан байдаг. Ойрын таван жилд гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 100-150 сая, нүүрсний олборлолтыг 500 сая тонноор бууруулах зорилтоо 2018 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.

Хурдацтай өсөн нэмэгдэж буй санхүүгийн зах зээл дэх өргөн хүрээний зөрчлийг арилгахад 2017 онд Хятадын эрх баригчид бодитой алхмуудыг хийсэн гэж дүгнэсэн байна. Санхүүгийн зах зээлийн дүрэм журмыг зөрчсөн банк, даатгалын болоод хөрөнгө оруулалтын компаниудад хатуу хариуцлага тооцож, томоохон торгууль ногдуулсан байна. Цаашид ч санхүүгийн зах зээл дэх хууль бус үйл ажиллагаатай хатуу чанга тэмцэхээ мэдэгдэв.

Агаарын бохирдлыг бууруулах зорилт нь Хятадын эдийн засгийн чанарыг дээшлүүлэх зорилтод багтжээ. Экологийн цэвэр эрчим хүчний хэрэглээ рүү шилжих, агаар бохирдуулагч үйлдвэрүүдэд хатуу хяналт тавих бодлого 2017 онд үр дүнгээ өгч эхэлсэн гэж тус улсын эрх баригчид үзэж байна.

Өнгөрсөн онд Хятадын Засгийн газраас хэрэгжүүлсэн үр дүнтэй ажлын нэг нь худалдан авалтыг хязгаарлаж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг нэмэгдүүлснээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн хөөрөгдлийг бууруулсан явдал гэж онцолжээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах урт хугацааны бодлогын механизмыг бүрдүүлэхээр тус улсын Засгийн газраас эрмэлзэж байна. Энэ зорилтын хүрээнд жижиг, дунд хотуудад орон сууцны урт хугацааны түрээсийн зах зээлийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн жижиг хотуудад борлуулалтгүй орон сууцны барилгуудыг нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа юм.

2018 онд үргэлжлэн хэрэгжих төрийн өмчит компаниудын шинэчлэл Хятадын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Өнгөрөгч онд төрийн өмчит компаниудын 68.9%-ийг холимог бүтэцтэй болгож, аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоо, хувь хэмжээг нэмэгдүүлжээ. БНХАУ-ын Коммунист намын 19 дүгээр их хурлаар төрийн оролцоотой компаниудыг олон улсад өрсөлдөхүйц болгох зорилтыг дэвшүүлсэн билээ.

Хятад улс нь гадаад ертөнц, олон улсад эдийн засгийн нээлттэй бодлого барих болсны 40 жил энэ онд тохиож байна. Ирээдүйд илүү нээлттэй болж, импортыг нэмэгдүүлэх, импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг шат дараалалтайгаар бууруулах, худалдааг тэнцвэржүүлэх бодлогыг барихаа БНХАУ-ын Төв эдийн засгийн хурлаар тунхаглалаа. Эдийн засгийн нээлттэй бодлогын хүрээнд 2018 онд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан салбаруудын ”жагсаалтыг” шинэчлэн, цөөрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн, чөлөөт худалдааны бүс дэх боломжийг нэмэгдүүлэн, чөлөөт боомтуудыг байгуулах асуудалд анхаарах аж.

Бэлтгэсэн Э.Од

Эх сурвалж: russian.people.com