Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Грасберг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар сунгажээ

Эх сурвалж: mining.com

Зэс, алтны үлэмж нөөцтэй Грасберг ордыг ашиглах “Freeport McMoRan” компанийн тусгай зөвшөөрлийг зургаадугаар сарын 30-ыг хүртэл сунгахаар Индонезийн Засгийн газраас шийдвэрлэжээ. Тусгай зөвшөөрлийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 10-нд дуусч байгаа юм.

Зэсийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх эл ордод гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмших хувь хэмжээ хэт өндөр байна гэж Индонезийн ард иргэд хүчтэй эсэргүүцэж байгаа. Тиймээс Грасберг ордын 90.64%-ийн эзэмшилтэй “Freeport McMoRan” компанийг 51%-иа Индонезийн Засгийн газарт худалдах асуудлыг тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо тавьсан юм.

Компанийн зүгээс 49%-ийг 12-13 тэрбум ам.доллараар худалдах тухайгаа өнгөрсөн оны наймдугаар сард мэдэгдсэн билээ. Харин Индонезийн Засгийн газраас 4 тэрбум ам.доллараар худалдан авна гэснээр талууд санал зөрөлдөөд хэлэлцээр үргэлжилсээр байна. Хэлэлцээр тохиролцоонд хүрсэн тохиолдолд Индонезийн Засгийн газраас Грасберг орд дахь “Freeport McMoRan” компанийн олборлолтын тусгай зөвшөөрлийг 2041 он хүртэл сунгах бол харин компанийн зүгээс уурхайн үйл ажиллагаанд ойролцоогоор 20 тэрбум ам. долларын хөрөнгө оруулах, зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудлыг тавьжээ.
Хэлэлцээр эцэслэгдэх хүртэл Индонезийн Засгийн газраас орд ашиглах “Freeport McMoRan” компанийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар сунгаад байгаа нь энэ.

Өнөөдрийн байдлаар Грасберг ордын 9.36% Индонезийн Засгийн газрын мэдэлд байгаа юм. Ордын 49%-ийг худалдан авснаар төрийн өмчит “Inalum” корпорацийнхаа эзэмшилд шилжүүлэхээр төлөвлөжээ. “Inalum” корпораци нь Грасберг ордын 49%-ийг эзэмшсэнээр ирэх гуравдугаар сарын сүүлч гэхэд орд дахь “Freeport McMoRan” компанитай хамтардаг “Рио Тинто” группын хувь оролцоог худалдан авч, үндсэн хувьцаа руу шилжүүлэх зорилт тавьж байна.

Э.Од