Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Засгийн газар ”Эрдэнэт”-ийг 100% төрд авах шийдвэр гаргав

Засгийн газар өнөөдөр хуралдаж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49%-ийг төрийн мэдэлд авах тухай шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  “Өнөөдрийн гарч байгаа шийдвэрийн ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд тэр төлсөн мөнгө, улсаас авсан мөнгө шууд болон тойруугаар тэнцэж байгаа учраас харилцан суутгал хийгээд Эрдэнэтийг 100% улсын өмч гэж бүртгэлд авах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Өмнө нь тийм шийдвэр гараагүй байсан. Одоо Засгийн газар, УИХ-ын шийдвэр хэрэгжинэ. Нөгөө тал Арбитрийн шүүхэд хандах тохиолдолд Засгийн газар өөрийнхөө шийдвэрийг зөв гэсэн нотлох баримтуудыг гаргаж өгнө.

Ер нь бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийн талаар гарсан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол өөрөө хууль бус байсан гэдгийг УИХ-ын Ажлын хэсэг тогтоосон. Бүх баримт, мөнгөний дүнг гаргаад тавьчихсан. 2016 оны 6 дугаар сард Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө 4 дүгээр сарын 21-ний өдөр таван сая долларын төлбөр хойшоогоо хийгдчихсэн байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлэлцээр нь хүчинтэй, Засгийн газрын давуу эрхээ эдлэх заалт нь хүчинтэй байж байхад энэ гэрээний талаар ямар нэгэн өөрчлөлт УИХ дээр танилцуулагдаагүй байхад төлбөр хийгээд эхэлчихсэн байна гэдэг чинь хуйвалдаан аль хэдийнэ эхлээд явчихсан байсан гэсэн үг. Ийм ийм хууль бус юмнууд зөндөө явагдсан.”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр энэ Ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс хойш Mongolian Copper Corporation-тай Ажлын хэсэг дөрвөн удаагийн уулзалт хийсэн. Тэгээд тэр УИХ-ын 23 дугаар тогтоолын гуравдугаар заалтад заасан байгаа тэр заалтын дагуу одоо ийм суутгалуудыг хийх саналтай байгаагаа тэр бүгдэд мэдэгдсэн. Тэдний хувьд бол санал нийлэхгүй зүйлүүд байгаа гэдгийг хэлье. Засгийн газар бол УИХ-ын тогтоолыг биелүүлж байгаа. Түрүүн сая Ц.Нямдорж сайд хэлсэн. УИХ-ын тогтоолын нэгдүгээр заалтад бол 49%-ийг авахдаа Mongolian Copper Corporation бол Монгол улсын холбогдох бүх хуулийг зөрчсөн гэдгийг маш ойлгомжтойгоор шалгаж тогтоогоод шийдвэрээ гаргачихсан байгаа. Өөрөөр хэлбэл 49%-ийг авах энэ шийдвэр бол Монгол улсын хуулиудыг зөрчсөн байгаа юм.

...УИХ-ын 23 дугаар тогтоол буруу гэж өнөөдрийг хүртэл хаа нэгэн газар ямар нэгэн шийдвэр гараагүй. Энэ шийдвэр буруу гэдэгтэй холбогдуулан Mongolian Copper Corporation-ий зүгээс өөрийнхөө нэрээр гомдол гаргачихсан зүйл байхгүй байгаа гэдгийг хэлье.”

“Mongolian Copper Corporation” буюу “Монголын зэс корпораци” “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49%-ийг 400.27 сая доллараар ОХУ-ын талаас худалдан авсан байдаг.

Ийнхүү өнөөдөр Засгийн газар хуралдаж “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49%-ийг улсад авч, ингэхдээ Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа Хөгжлийн Банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел, мөн Сэлэнгэ аймагт орших концессын гэрээ  зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргалаа.

Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх харилцан суутгах шийдвэрийг гаргасан тухай Сангийн сайд онцоллоо.

УИХ-аас өмнөх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг төрийн мэдэлд авах тухай шийдвэрийг хоёрдугаар сарын 10-ны өдөр гаргасан. Энэхүү 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх мөрөөр жилийн дотор цөөнгүй үйл хэрэг өрнөсөн.

Засгийн газар гуравдугаар сарын 29-ний хуралдаанаараа тус компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас УИХ, Засгийн газрын гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэж, “Монголиан коппер корпорейшн”-ийн төлөөллийг ТУЗ-өөс чөлөөлж, төрийн төлөөллийн хүмүүсийг томилов.

Нөгөө талд үүнтэй холбоотойгоор Монголын зэс корпораци уг шийдвэрийг эсэргүүцэж хоёр ч шатны шүүхэд ялсан бөгөөд хамгийн сүүлд Монгол Улсын дээд шүүхэд ялалт байгуулан, хувьцааны эзэмшлийн эрхээ сэргээлгэх шийдвэр гаргуулаад байна. Өнгөрсөн  12 дугаар сарын 7-ны өдөр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэж, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсөн гэж шийдвэрлээд байсан юм.