Ертөнц
Хятадад өвлийн улирлын хязгаарлалтаар гангийн үйлдвэрлэл 33 сая тонноор буурна
2018-01-05
Э.Од
БНХАУ-ын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд тодорхой хязгаар тавих болсон билээ. Өвлийн улиралд агаарын бохирдолд голлох нөлөө үзүүлж буй хүнд үйлдвэрүүдийг хязгаарлах журам арваннэгдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлээд байна. Энэхүү журам нь юуны түрүүнд Хятадын зүүн, зүүн хойд бүс нутгийн томоохон хотуудын түүхий эд, тэр дундаа ган, хөнгөн цагаан боловсруулах төмөрлөгийн үйлдвэрүүдэд хамаарч буй. Гуравдугаар сарын 15-ныг хүртэл таван сарын турш хэрэгжих тус журам Хятадын аж үйлдвэрлэлийн гол бүс болох 28 хотод мөрдөгдөхийг тодорхой заажээ. Энэ нь Бээжин, Тяньжин хот, Хэбэй, Шаньдун, Гуандун, Хэнань, Шаньси мужид хамааралтай хотууд юм.
Эдгээр бүс нутаг нь Монголын нүүрс очдог гол зах зээл болохыг уншигч Та анзаарсан байх. Манай улсын боомтоор гарч буй нүүрс Хятадын зүүн хойд хэсэг Өвөр Монгол, Шаньси, Хэбэй, Нинша, Гансү мужийн бүс нутагт хүрдэг. “Coal Mongolia 2017” чуулган дээр “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Монголын нүүрс өрсөлдөх боломж бүхий Хятадын зах зээлийг бүсчлэн тодорхойлсон зургийг Та харж байна.
Өвлийн улирлын хязгаарлалтын журам мөрдөгдөх 28 хотын төмөрлөгийн 167 үйлдвэрийн 4 нь Хятадын нийт ган, төмөрлөгийн үйлдвэрлэлийн тэн хагасыг бүрдүүлдэг байна. БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах хорооны мэдээллээр, Бээжин, Тяньжин хот, Хэбэй мужийн бүс нутагт 130 мянган компанийн үйлдвэрийг түр хугацаанд хаажээ. Үүнээс Хэбэй мужид 108500, Тяньжинд 19 мянга, Бээжинд 6000 компанийн үйлдвэрүүд таван сарын турш үүдээ барихаар болж байна.
Хэбэй муж нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн хамгийн том бүс нутаг бөгөөд коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ өндөр. Улсынхаа нийт гангийн үйлдвэрлэлийн ¼-ийг дангаар хангадаг. “13 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хүрээнд 2020 он гэхэд Хэбэй муж гангийн үйлдвэрлэлээ жилд 200 сая тоннд барьж, нүүрсний олборлолтоо 70 сая тонн хүргэж бууруулах зорилт тавьсан. Зөвхөн энэ онд гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 22.55 сая тонноор бууруулаад буй.
Эхний гурван улирлын байдлаар Хэбэй мужийн гангийн үйлдвэрлэл 149.75 сая тонн байна. Өвлийн улирлын журам мөрдөгдөх хугацаанд Хэбэй мужийн гангийн үйлдвэрлэл 50%-иар буурч эдийн засгийн алдагдал 11 тэрбум юань буюу 1.7 тэрбум ам.доллар болно гэсэн тооцоог гаргажээ. Тус муж дахь жилд 100 сая тонн гангийн үйлдвэрлэлтэй Таншань хотын захиргаанаас нүүрсээр ажилладаг бүх үйлдвэрүүдээ аравдугаар сарын 12-ноос бүрэн зогсоосон юм. Ингэснээр тус хотын гангийн үйлдвэрлэл 50%-иар буурчээ.
Эх сурвалж: platss.com
Бээжингийн баруун өмнөд хэсэгт орших, Хэбэй мужтай хиллэх Шаньси мужийн 4 хот өвлийн хязгаарлалтын журамд багтсан. Тус муж нүүрсний томоохон олборлогч Тайюань нь хамгийн их агаарын бохирдолтой Хятадын хотуудын нэгд тооцогдох учир журамд хамаарч байгаа юм. Тайюань хотын хэмжээнд аравдугаар сарын 1-нээс хувийн компани, иргэдийг нүүрс ил тээвэрлэх, худалдах, шатаахыг хоригложээ. Энэхүү хориг улсын компаниуд болоод цахилгаан станцуудад хамаарахгүй. Хятадын нүүрсний олборлолтын ¼-ийг хангадаг, коксжих нүүрсний 40 гаруй хувийг олборлодог Шаньси муж нь “ногоон” бодлогын зорилтоор энэ онд нүүрсний олборлолтоо 17 сая тонноор танаж, 27 уурхайг хаах төлөвлөгөөтэй. Нүүрс олборлогч гол бүс нутгийн нэг Шаньдун мужийн хувьд эхний арван сард нийт 3.51 сая тонн хүчин чадалтай 5 уурхайгаа хаажээ.
Харин Монголын нүүрс хамгийн түрүүнд хүрч очдог ӨМӨЗО-ны Вухай мужийн гангийн үйлдвэрлэл ирэх таван сарын хугацаанд 30%-иар буурах мэдээлэл бий.
“S&P Global Platts”-ын онцолсноор, гуравдугаар сарын 15-ныг хүртэл Хятадын гангийн үйлдвэрлэл ойролцоогоор 33 сая тонноор буурах ажээ. 33 сая тонн гэдэг тус улсын гангийн нийт үйлдвэрлэлийн 3.9% юм. 2016 онд Хятад нь 808.4 сая тонн ган үйлдвэрлэжээ. Энэ онд 844 сая тонн ган үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Түүнчлэн, “ногоон” бодлогын хүрээнд Хятад 2017 онд нийт гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 50 сая тонноор танах зорилтоо биелүүлэхэд он дуустал 8 сая тонн дутуу байгааг “S&P Global Platts”-ийн мэдээлэлд дурджээ.
Эхний арван сарын дүнгээр Хятад нь 709.5 сая тонн ган үйлдвэрлээд байна. Зөвхөн аравдугаар сард гангийн үйлдвэрлэл 72.36 сая тонн байна. Өвлийн улирлын журамд тодорхой заасан 28 хотоос 23 нь энэ сарын 3-наас үйлдвэрүүдээ хаасан байгаа юм. Үүний нөлөөллөөр арваннэгдүгээр сард гангийн үйлдвэрлэлийн хэмжээ дунджаар 2.3 сая тонноор буурна гэсэн таамаглалыг “Xiben New Line E-Commerce”-ийн шинжээч Цю Юэчэн дэвшүүлжээ.
Төмөрлөгийн үйлдвэрүүдийн гол түүхий эд коксжих нүүрсний хамгийн том импортлогч орон Хятад нь 2016 онд 59 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 53.2 сая тонн импортолсны 6.03 сая тонн нь зөвхөн есдүгээр сард ногдож байгаа юм.
Төмөрлөгийн үйлдвэрүүдийн өвлийн улирлын хязгаарлалттай холбоотойгоор коксжих нүүрс, төмрийн хүдрийн импортын эрэлт буурна гэж тус улсын шинжээчид үзэж байна. Энэ сарын 10-ны байдлаар далайн боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц 137.87 сая тонн байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, есдүгээр сард 102.8 сая тонн төмрийн хүдэр импортолсон бол аравдугаар сард 79.49 сая тоннд хүрч 22.7%-иар огцом буурчээ.