Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани нь 2018 оны нэгдүгээр сараас хувьцаат нийгэмлэг болж өөрчлөгдөж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь тус компани олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бэлтгэж байгаатай холбоотой. Компанийн ТУЗ 11 гишүүнтэй бөгөөд ТУЗ-ийн түр даргаар Саудын Арабын Газрын тосны сайдыг томилоод байна.
Өдөрт 10.5 тэрбум баррель газрын тосны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “Saudi Aramco” компани олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төлөвлөж байгааг 2016 оны нэгдүгээр сард анх “Ройтерс” мэдээлсэн юм. Компани нийт хувьцааныхаа 5%-ийг хөрөнгийн бирж дээр худалдах талаар тухайн үед “Ройтерс” агентлаг мэдээлсэн ч компанийн зүгээс мэдээллийг батлаагүй юм.
Саудын Арабын залгамжлагч хунтайж Мохаммед бин Салман “Saudi Aramco” компанийг 2 их наяд ам.доллараар үнэлж байгаагаа мэдэгдсэн ч олон улсын шинжээчид хэт өндрөөр үнэлсэн гэж үзсэн. “Financial Times” сонин 880 тэрбум, Bloomberg агентлаг 1 их наяд, “Wall Street journal” 1.3-1.5 их наяд ам.долларын үнэлгээний таамаглалыг дэвшүүлж байв.
Юутай ч тус компанийн Ерөнхий захирал Амин Насерийн мэдэгдсэнээр, энэ оны хоёрдугаар хагаст дэлхийн хамгийн өндөр дүнтэй IPO-г “Saudi Aramco” гаргахаар төлөвлөж байна. “Saudi Aramco” компани IPO хийснээр Саудын Арабын улсын төсөвт ойролцоогоор 100 тэрбум ам.долларын орлого орно гэж France presse агентлаг тооцоолжээ.
Өнөөгийн байдлаар олон улсын хөрөнгийн бирж дээрх хамгийн өндөр дүнтэй IPO гаргалтаар Alibaba групп тэргүүлж байгаа бөгөөд 2014 онд 25 тэрбум ам.долларын хөрөнгө босгож байсан юм.
2017 оны аравдугаар сард Retuers агентлагийн мэдээлснээр, дэлхийн газрын тосны хамгийн том компанийн хувьцааг Хятадын “Petro Сhina” болон Sinopec компаниуд эзэмшихээр сонирхож байгаа аж.
Э.Од