Гэрэл зургийг: Х.Ганбаатар Монгол улсын нүүрсний экспортын бараг 60 орчим хувийг хангадаг Гашуунсухайт боомттой хиллэх Хятадын талын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн машинууд буцаад орж ирж чадахгүй байна. Энэ байдал мягмар гаригийн 14.00 цагаас хойш үргэлжилж байгаа юм. Нөхцөл байдлын талаар Гашуунсухайт боомтын захиргаанаас тодруулахад, Монголын талаас хамаарсан асуудал байхгүй, Ганцмод боомт орчим авто замын хөдөлгөөн хаагдсантай холбоотой гэсэн мэдээлэл өгч байна.
“Гашуунсухайт авто зам” компанийн мэдээллээр, нэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 348 тээврийн хэрэгсэл нэвтэрч, 480 тээврийн хэрэгсэл буцаж орж иржээ. Тухайн өдөр Гашуунсухайт авто зам дээр нүүрс тээвэрлэсэн машины цуваа 7 км байсан байна. Нэгдүгээр сарын 9-ний мягмар гаригт тус боомтоор 646 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн ч 3 тээврийн хэрэгсэл л буцаж оржээ. Энэ үед авто зам дээрх нүүрс тээврийн машины цуваа 9 км байжээ.
Хятадын талд зам хаагдсан шалтгааныг тус улсын тээврийн компаниуд дотооддоо эсэргүүцэл илэрхийлж байгаатай холбоотой гэсэн албан бус мэдээлэл байна. Тодруулбал, тус улсын нүүрс тээвэрлэдэг компаниуд эсэргүүцэл илэрхийлж боомтын авто замын хөдөлгөөнийг хаасан байна. Монгол улсын Автотээврийн үндэсний төвөөс нүүрсний тээвэр хийх машинуудад С ангиллын зөвшөөрөл олгож буй явц болон нүүрсний уурхайгаас шууд хилийн боомт руу хийдэг тээвэрлэлтийг зогсоосон шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж.
Хятадын талын Ганцмод боомтын нэвтрэлт тодорхойгүй шалтгаанаар буурсантай холбоотойгоор өнгөрсөн оны долдугаар сарын дунд үеэс Гашуунсухайт боомтыг чиглэсэн авто зам дээр нүүрс тээврийн машины түгжирсэн урт цуваа үүссэн билээ. Замын ачааллыг бууруулж, машинуудын дарааллыг зохицуулах үүднээс нүүрсний тээвэр хийж буй машинуудад хилээр нэвтрэх тодорхой квотыг “Эрдэнэс Тавантолгой” 45%, “Энержи Ресурс” 40% болон “Тавантолгой” 15%-ийг тараахаар шийдвэрлэсэн. Гэвч авто зам дээрх машинуудын цуваа буурсан ч тэр хэмжээгээр уурхай дээр, компаниудын хашаанд нүүрс ачсан болоод ачилтаа хүлээсэн машинуудын ачаалал эрс нэмэгдсэнээр шийдвэр үр дүнгээ өгч чадаагүй. Тиймээс Монгол улсын Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан юм. Тогтоолын дагуу нүүрсний уурхайгаас Цагаанхадны гаалийн хяналтын бүсээр дамжин Гашуунсухайт боомт хүртэлх чиглэлээр “урт, богино” эргэлтээр тээвэр хийж, “уртын урт” буюу уурхайгаас шууд Гашуунсухайт боомт чиглэлд тээвэр хийхийг зогсоосон юм.
2017 оны байдлаар Автотээврийн үндэсний төвтэй гэрээтэй 6200 машин нүүрсний тээвэр хийснээс 2000 гаруй нь Монголын аж ахуйн нэгж, 4000 нь гадаадын 100%-ийн хөрөнгө хөрөнгө оруулалттай болон оролцоотой аж ахуйн нэгжийн машинууд гэсэн тоо баримт бий. Гашуунсухайт авто замаар нүүрсний тээвэрлэлтийн явцад гарч байгаа аваар осол, хулгайн замаар тээвэр хийх зэрэг зөрчлүүдийн дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэлд хамаарч байсныг “Монгол тээвэр нэгдэл” компанийн ТУЗ-ийн дарга С.Ганболд “Coal Mongolia 2017” чуулганы үеэр онцолж байсан юм.
Өнгөрсөн онд нүүрс экспорт өссөнтэй холбоотойгоор тээврийн машины тоо 7800 болж өсчээ. Үүнээс 3600 нь Автотээврийн үндэсний төвтэй хийсэн гэрээний үүргээ биелүүлэн ажилладаг. Автотээврийн үндэсний төв гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээ цуцалж, тээврийн хэрэгслийг нь хасах арга хэмжээ авч эхэлжээ. Эсэргүүцэл үзүүлж буй Хятадын тээврийн компаниудын хувьд шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр С зөвшөөрлөө авч чадахгүй байгаас ийн эсэргүүцэл үзүүлжээ.
2017 онд Гашунсухайт боомтоор нийт 17.16 сая тонн нүүрс экспортолсон байдаг.
Э.Од