Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр тус яамны хурлын танхимд боллоо. Уг хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон яамны удирдлагууд, Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
“Оюутолгой компанийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн Ажлын хэсгийн ажлын тайлан, мэдээллийг бид хүлээж авсан. Нэгд, хүүгийн зардлыг бууруулах, хоёрт Монголын талд ногдох өгөөжийн асуудалд Засгийн газар анхаарал хандуулж ажиллана. Түүнчлэн Оюутолгой компанийн ТУЗ-ийг зүй горимоор нь ажиллуулахаас гадна үйл ажиллагаа нь жигд ойлгомжтой, хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын Засгийн газрыг мэдээ, мэдээллээр хангадаг байх тал руу түлхүү анхаарах болн” хэмээн Д.Сумъяабазар сайд тодотгосон.
Тэрээр мөн тус яамны дэд сайд Д.Загджавын Оюутолгойтой холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг цэвэр хувийн байр суурь гээд, энэ нь Засгийн газар, салбарын яамтай холбоогүй. Дэд сайдын хариуцлагагүй үйлдлийг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.
БНХАУ-ын хилийн Ганцмодны боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээвэрлэгч машинуудын буцаад орж ирж чадахгүй байгаа асуудлыг салбарын яам Гадаад хэргийн яамаар дамжуулан шийдвэрлэх хүсэлтэй байгаа аж. Засгийн газрын зүгээс нүүрс тээвэрлэлтийн цувааг зохицуулах чиглэлээр тогтоол гарган, холбогдох арга хэмжээнүүдийг авсан ч нөгөө талд эсэргүүцэл гарч байгаа нь бидний хувьд мөн л ойрын хугацаанд шийдвэрлэх асуудал болж байна хэмээн Д.Сумъяабазар сайд онцолсон.
Тэрээр, бид хоёр улсын хил гааль, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж байж гэмээнэ хүндрэлээс гарна. Ингэхийн тулд бид Гадаад хэргийн яамаар дамжуулж нэг цонхны бодлогоор асуудалд хандах болно гэлээ.
“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр холбогдох албаны хүмүүс уул уурхайн салбарын өнгөрсөн оны статистик мэдээллийг урьдчилсан дүнгээр танилцуулсан юм. 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг шинээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 аж ахуйн нэгжтэй байгуулжээ. Улсын төсөвт мөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 4.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна.
Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгааг салбарын сайд дуулгалаа.
Монгол улсын хэмжээнд 2017 онд 8.1 сая баррель газрын тос олборлож экспортлох төлөвлөгөөтэй ажилласан бөгөөд мөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 7.62 сая баррель /1.03 сая тонн/ газрын тос олборлосоноос 7.50 сая баррелийг /1.02 сая тонн/ экспортлож, улсын төсөвт 198 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ.
2018 онд 8.1 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлож, 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж байгааг холбогдох албаны хүмүүс тодотголоо.
“Шатахууны хангамж хэвийн түвшинд байгаа. Улсын хэмжээнд 115 мянган тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшиндээ байгаа. Шатахууны хангамж, нийлүүлэлттэй холбоотой хязгаарлалт, үнийн өсөлт байхгүй. Сүүлийн гурав дөрвөн сарын хугацаанд аж ахуйн нэгжүүд тодорхой үнийн алдагдалтай явж ирсэн. Яг ямар хэмжээний алдагдалтайг бид судалж байна” хэмээн Ашигт малтмал, газрын тосны газрынхан ярилаа.
Газрын тосын салбарт бодлогын шинэчлэл, хууль эрх зүйн орчныг сайжруулах үүднээс “Төрөөс газрын тосны салбарт 2027 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг боловсруулах Ажлын хэсэг УУХҮЯ-н дээр ажиллаж байгаа аж.
Уг төслийн зорилго нь стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх замаар газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгоход чиглэж буй юм.
2017 оны 12 дугаар сарын байдлаар Кадастрын бүртгэлийн системд ашигт малтмалын 3162, түгээмэл тархацтай ашигт малтмалын 526 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрээс хайгуулын тусгай зөвшөөрөл 1759 байгаа нь нийт газар нутгийн 6 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрөл 1403 буюу нийт газар нутгийн 1 хувийг эзлэж байна. 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газраас 136 тусгай зөвшөөрөл олгосны 64 нь ашиглалтын, 72 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа аж.
Г.Идэр