Ертөнц
Тусгай зөвшөөрөл олгож буй олон улсын нийтлэг туршлага
2018-01-15
Бэлтгэсэн Э.Оджаргал
Эрчим хүчний түүхий эд, өнгөт, ховор болон үнэт метал зэрэг ашигт малтмалын гол төрлүүдийг дэлхийн 154 оронд олборлож байна. Гэхдээ ашигт малтмалын энэ бүх төрлийг бүгдийг олборлодог улс гэж үгүй. Ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнууд нь Хятад, Орос, Канад, Австрали бөгөөд эдгээр улсад ашигт малтмалын 25-26 төрөл зүйлийг олборлодог. Дээрх улс орнуудын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох зарчим, зохицуулалтын туршлагаас танилцуулж байна.
Канад
Канад улсын уул уурхайн салбарын үйл ажиллагааг Эрчим хүч, уурхай, байгалийн нөөцийн яамны удирдлага дор Эрчим хүчний Үндэсний зөвлөлийн шууд хяналтаар удирддаг байна. Газрын хэвлийн баялгаа Газрын тосны нөөцийн тухай хууль, Газрын тос, байгалийн хийн олборлолтын тухай хуулиар зохицуулдаг. Ашигт малтмалын ихээхэн нөөцтэй Алберта, Бритиш Колумб, Саскачеван мужууд өөрсдийн уул уурхайн үйл ажиллагааг зохицуулах хуулиудтай. Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл нь геологи хайгуул, олборлолт ашиглалт, орд нээх гэсэн 3 төрөлтэй. Канад улсын нийт нутаг дэвсгэрийн 20%-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогджээ.
1. Хайгуулын тусгай зөвшөөрлийг /exploration license/ өргөдлөөр 9 жилийн хугацаатай олгоно. Энэхүү тусгай зөвшөөрлийн хугацаа 2 үе шаттай. Эхний үе шатанд заавал цооног өрөмдсөн байх үүрэгтэй. Энэ төрлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгадаггүй. Есөн жилийн хугацаа дууссан өдрөөс олборлолтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Канадын Үндэсний эрчим хүчний зөвлөлөөр батлагдсан ашигт малтмалын орд илрүүлсэн баримтад тулгуурлана.
2. Олборлолт ашиглалтын тусгай зөвшөөрлийг /production license/ 9 жилийн хугацаатай тус улсын Эрчим хүч, уурхай, байгалийн нөөцийн яамнаас олгоно. Уг төрлийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад тухайн ордын ашигт малтмалын нөөц Канад улсын буюу төрийн өмч болж шилждэг.
3. Орд нээх тусгай зөвшөөрөл /significant discovery license/ нь хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон бүх эрхээ хадгалж үлддэг. Мөн ашигт малтмалын олборлолт хийх тусгай зөвшөөрөл авах онцгой эрхтэй бөгөөд хөнгөлөлт үзүүлж, урт хугацааны баталгаа өгдөг. Энэ төрлийн тусгай зөвшөөрлийн хувьд өргөдлийн дагуу томоохон орд илрүүлэх боломжтой тухай мэдээллийг Канадын Эрчим хүч, уул уурхайн сайд олон нийтэд албан ёсоор мэдэгдсэний дараагаар тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хянадаг. Орд нээх тусгай зөвшөөрөл нь тодорхой хугацаагаар хязгаарлагдахгүй бөгөөд Канадын Эрчим хүч, уурхай, байгалийн нөөцийн сайдын мэдэгдэлд тодорхой хугацаа заасан бол тэр хугацаанд л хүчинтэй. Аль эсвэл олборлолт, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх хүртэлх хугацаанд эрхтэй. Гэхдээ 10 жилийн хугацаанд орд газарт үйл ажиллагаа явагдаагүй тохиолдолд тухайн орд улсын мэдэлд шууд шилждэг байна.
Канадын хуулиар геологи хайгуул, орд нээх тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо гадаадын иргэдэд хязгаар, хориг тавьдаггүй. Харин олборлолт ашиглалтын тусгай зөвшөөрлийг Канадын харьяалалтай, байнгын оршин суудаг болоод тус улсын 50%-ийн оролцоотой компанийн эзэмшлийн бүртгэлтэй иргэдэд олгодог байна. Эрчим хүч, уурхай, байгалийн нөөцийн сайд нь 50%-иас дээш гадны хувь эзэмшилтэй аж ахуйн нэгжид хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, бас хязгаарлах бүрэн эрхтэй.
Тусгай зөвшөөрлийн нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хугацаанаас нь өмнө цуцлах боломжтой. Нийгмийн болон эдийн засгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед Канадын Засгийн газраас ашигт малтмалын ашиглалтыг хязгаарлах эрх бий. Энэ тохиолдолд нөхөн олговор олгодог. Гэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч зөрчлөө арилгахад 90 хоногийн хугацаа өгдөг.
Зөвхөн тендер буюу сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох зарчимтай. Канадын хуулиар жилд 25-аас илүүгүй тендер зарлах хязгаартай. Тендерт ялагчийг тодруулахдаа тусгай комисс нь дан ганц төлбөрийн хэмжээг авч үздэг. Хэрэв сонгон шалгаруулалтын явцад төлбөрийн хэмжээ адил саналууд хэд хэд гарч ирвэл тухайн орд газрыг санал тавьсан талуудад нэгэн зэрэг олгох боломжтой, аль эсвэл дахин дуудлага худалдааны тов зарладаг. Алберта мужийн уул уурхайн хуулиар тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргагч нь тус бүр 256 га хэмжээтэй талбай авах тодорхой тоог заадаг байна. Тооны хувьд тэгш талбайн бүсэд 29, хойд бүсэд 32, уулархаг бүсэд 36 талбайгаас хэтрэх ёсгүй. Ашигт малтмалын нөөцтэй орд газрыг ашиглах эрх тусгай зөвшөөрөл болон түрээсийн гэрээ хэлбэрээр зохицуулагдана. Тусгай зөвшөөрөл нь 2-9 жил, түрээсийн гэрээ 5 жилийн хугацаа болоод тендерийн шалгаруулалтын үе дэх даатгалын төлбөрийн хэмжээгээр ялгаатай. Аль алины хугацааг сунгах боломжтой. Тухайн орд газрыг идэвхтэй ашиглаагүй, ашигт малтмалын олборлолт бага үзүүлэлттэй тохиолдолд Эрчим хүч, уурхай, байгалийн нөөцийн сайд тусгай зөвшөөрлийг эргүүлэн татах, цуцлах эрхтэй. Цуцлахаас өмнө олборлолтоо нэмэгдүүлэхэд нэг жилийн хугацаа өгдөг байна. Нэмэгдүүлж чадахгүй бол орд газрын тусгай зөвшөөрөл, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцална. Алберта мужийн Эрчим хүч, эрчим хүчний хэрэглээний зөвлөлийн зөвшөөрлөөр хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжтой.
Австрали
Газрын хэвлийн баялгийг ашиглах эрхийг Австрали улсын муж бүр өөр өөрийн хуулиар зохицуулдаг. Тус улсын ашигт малтмалын нөөцөөр баялаг уул уурхайн үйлдвэрлэлийн төв нь Баруун Австрали юм. Уул уурхайн үйл ажиллагааны гол зохицуулалт нь 1978 онд батлагдсан “Mining act” аж. Газрын хэвлийн баялгийг ашиглах эрх болох тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгодог байна. Тендер буюу сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгодог туршлага байдаггүй. Тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэх, худалдах, барьцаалах нь нээлттэй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л мэдээллийг интернетээр нээлттэй авах боломжтой. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг эхлээд Австрали улсын албан ёсны олон нийтийн мэдээллийн хэрэгслээр /сонинд/ нийтэлж, олон нийтийн зүгээс эсэргүүцэл гараагүй тохиолдолд 21 хоногт багтаан олгодог.
1. Эрлийн тусгай зөвшөөрлийг /prospecting licence/ 4 жилийн хугацаатай олгох бөгөөд дахин 4 жилээр сунгах боломжтой. Талбайн хязгаар 200 га газар юм. Энэ төрлийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл 298.15 австрали долларын хураамжтай. Хуулийн этгээдийн эзэмших тусгай зөвшөөрлийн тоог хязгаарладаггүй. Эрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн газартаа хамгийн түрүүнд хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй. Австралийн 5 мужид эрлийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд олон нийтийн санал асуулга авдаг бол Квийнслэнд, Шинэ Өмнөд Уэльс мужийн хуулиар олон нийтийн санал шаардлагагүй.
2. Хайгуулын тусгай зөвшөөрөл /exploration licence/ хүссэн өргөдөл 1257.55 долларын хураамжтай. Талбайн хязгаар 70 блок бөгөөд 1 блок нь ойролцоогоор 302 га юм. Газрын түрээсийн төлбөр 1-3 жил нь 1 блок тутамд 119 доллар, 4-5 жил 185.1 доллар, 6-7 жил 251.1 доллар, 8 ба түүнээс дээш жилд 475 доллар аж. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгодог бөгөөд 5 жил, дахиад 2 жилээр сунгах боломжтой. Эхний таван жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно. Тусгай зөвшөөрөл эзэмшигч төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд эрхийг шилжүүлэхийг зөвшөөрдөг. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн газартаа хамгийн түрүүнд олборлолтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй. Зургаан жилийн хугацаа дуусахад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийт талбайн /блок/ 40%-ийг төрд эргүүлэн өгөх үүрэгтэй.
3. Олборлолтын тусгай зөвшөөрлийн олголт хамгийн нарийн шалгууртай. Энэ төрлийн тусгай зөвшөөрлийг авахад нөлөөлөх гол баримт бичиг “Mining Proposal” буюу орд ашиглах төлөвлөгөө байдаг. Уг төлөвлөгөөнд олборлолт эхлэх хугацаа, баяжуулах боловсруулах технологи, ашигт малтмалын нөөцийн тайлан, байгаль орчинд нөлөөлөх байдлын тайлан, нийгмийн хүчин зүйл, ордын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө зэрэг нь багтана. Энэхүү баримт бичиг нь Баруун Австралийн хувьд Уул уурхай, газрын тосны газраар зөвшөөрөгдөх шаардлагатай. Уг зөвшөөрлийг авахад 8-12 сарын хугацаа зарцуулна. Олборлолтын тусгай зөвшөөрлийг 21 жилийн хугацаатай, цаашид сунгах боломжтойгоор олгодог. Газрын хэмжээг энэ төрлийн тусгай зөвшөөрөлд тодорхой зааж хязгаарладаггүй. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хураамж 439.65 доллар бөгөөд 1 га тутамд жилд 15.7 долларын түрээсийн төлбөртэй.
4. Тусгай хайгуулын зөвшөөрлийг 10 га хүртэлх талбайд хувь иргэнд зөвхөн алтны хайгуул явуулахад олгоно. Энэ төрлийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатай олгох бөгөөд 4 хүртэлх жилээр сунгах боломжтой. Зөвшөөрөл хүссэн өргөдөл 300 долларын хураамжтай. Газрын түрээсийн төлбөрт жилд 23 доллар төлнө. Тухайн газарт 2000 доллараас багагүй хөрөнгө зарцуулах үүрэгтэй.
5. Ерөнхий зөвшөөрөл нь тухайн газарт нэмэлт барилга, агуулах барих, тоног төхөөрөмж суурилуулах эрхтэй. Энэ төрлийн тусгай зөвшөөрөл нь 21 жилийн хугацаатай, ихэнх тохиолдолд олборлолтын тусгай зөвшөөрөлтэй хамт олгогддог байна.
6. Нөөцийн тусгай зөвшөөрөл нь ажил явуулахад тохиромжгүй нөхцөлд тухайн газрын тусгай зөвшөөрлийг эзэмшигч хадгалахад зориулагджээ. Жишээлбэл, зах зээл дээр түүхий эдийн ханш унасан үед ашигт малтмалын нөөц илрүүлсэн ч эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэн олборлолт явуулж чадахгүй тул ашигтай газраа авч үлдэх тохиолдолд энэ төрлийн тусгай зөвшөөрөл олгогддог. Нөөцийн тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгох бөгөөд дахиад 5 жилээр сунгах боломжтой.
Австрали улсын хувьд нэг талбайд тусгай зөвшөөрөл авах олон хүсэлт ирсэн тохиолдолд тухайн талбайд хамгийн түрүүнд шон зоосон, тэмдэглэгээ тавьсан этгээдэд тусгай зөвшөөрлийг олгодог зохицуулалт бий. Тусгай зөвшөөрлийн эрхээ цуцлуулсан бол гурван сарын хугацаанд тэрхүү газартаа тусгай зөвшөөрөл хүсэх эрхгүй.
БНХАУ
Хятад улсын уул уурхайн салбарын үйл ажиллагааг Газар болон байгалийн нөөцийн яам удирдаж, 1986 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна. Геологи хайгуул, олборлолт гэсэн 2 төрөлд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгодог. Тусгай зөвшөөрлийг өргөдлөөр Геологи, эрдэс баялгийн газраас олгох ажээ. Онцгой тохиолдолд тендер зарладаг.
1. Геологи хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох газрын хэмжээ ашигт малтмалын төрлөөс хамааран өөр өөр байдаг бөгөөд металд 10 блок, цацраг идэвхт болон нүүрсэнд 40 блок талбайд олгоно. Газрын тос, байгалийн хийн хувьд 2500 блок талбайн хязгаартай. 1 блок нь 302 га талбайтай тэнцэнэ. Энэ төрлийн тусгай зөвшөөрлийг 3 жил, газрын тос, байгалийн хийн салбарт бол 7 жилийн хугацаатай олгодог. Өргөдөл гаргах хуулийн этгээд байгууллагын чадавх, төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг баталсан баримт бичиг, геологи хайгуулын ажлын төлөвлөгөө бүрдүүлсэн байх ёстой. Тусгай зөвшөөрлийн өргөдлийг 40 хоногийн дотор хянадаг. Зөвшөөрөгдсөн тохиолдолд өргөдөл гаргагч 30 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийн хураамжийг төлөх үүрэгтэй. Хэрэв хайгуулын ажлын тодорхой хувийг улсын хөрөнгөөр хийсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмж нөхөн олговор төлнө. Заасан хугацаанд төлбөрийн хураамжийг төлөөгүй бол хүүгийн төлбөр ногдуулдаг бөгөөд хугацаа хэтэрвэл тусгай зөвшөөрлийг эргүүлэн татаж, цуцалдаг. Энэ тохиолдолд 6 сарын хугацаанд дахин аль ч төрлийн тусгай зөвшөөрөл хүсэх эрхгүй. Хайгуулын ажлын зардлаа бууруулах, байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад шилжүүлэх боломжтой. Дуудлага худалдаагаар геологи хайгуулын тусгай зөвшөөрлийг олгодог маш цөөхөн тохиолдол бий. Тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн 60 хоногийн дотор геологи хайгуулын ажлыг эхлүүлэх үүрэгтэй. Хайгуулын эхний жил 1 хавтгай дөрвөлжин км талбайд 250 ам.доллар, хоёр дахь жилд мөн хэмжээний талбайд 625 ам.доллар, 3 дахь жилээс 1250 ам.долларын хөрөнгө жилд зарцуулсан байх ёстой.
2. Олборлолтын тусгай зөвшөөрлийг нүүрс, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмалын жижиг ордод бол 10 жил, том орд газарт 30 жилийн хугацаатай олгоно. Тухайн ордын хэмжээ, төслийн хэрэгжилтийн хүнд нөхцөл байдлаас хамаарч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжтой. Улсын хөрөнгөөр тухайн ордыг нээсэн тохиолдолд олборлолтын тусгай зөвшөөрлийн хураамжаас гадна нэмж нөхөн олговор төлнө. Энэ төрлийн тусгай зөвшөөрлийн төлбөрийн хураамжийг цаг тухайд нь төлөөгүй бол цуцлах бөгөөд 2 жилийн хугацаанд ямар ч төрлийн тусгай зөвшөөрөл хүсэх эрхгүй.
Орос
ОХУ-ын нутаг дэвсгэр дэх уул уурхайн үйл ажиллагаа 1992 онд баталсан Газрын хэвлийн тухай хууль /2017 онд шинэчилсэн/, 2012 оны Байгалийн нөөцийн хил хязгаарыг тогтоох болон өөрчлөх, ашиглах тухай журам, Газрын хэвлийн баялгийг ашиглах тусгай зөвшөөрлийг зохицуулах журмаар тус тус зохицуулагдана. Тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны зарчмаар олгодог бөгөөд эрхийг шилжүүлэх нь нээлттэй.
1. Геологи судалгааны тусгай зөвшөөрлийг хайгуулын үйл ажиллагаа явуулах, ордын нөөцийг тогтоох хүрээнд 5 жил, далайн бүс нутагт /далайн гүнд/ 10 жилийн хугацаатай олгох аж. Энэ төрлийн тусгай зөвшөөрөлд зөвхөн тодорхой заасан ашигт малтмалын төрлийг судлах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, судалгаа явуулж буй талбайд тусгай зөвшөөрөлд заагаагүй өөр төрлийн ашигт малтмал илрүүлсэн тохиолдолд тухайн төрлийн ашигт малтмалд шинээр тусгай зөвшөөрөл авах ёстой.
2. Ордын нарийвчилсан хайгуулын тусгай зөвшөөрлийг дангаар нь бус олборлолтын тусгай зөвшөөрлийн хамт олгодог.
3. Олборлолтын тусгай зөвшөөрөл нь хайгуул болоод тухайн ордыг олборлох, түүнчлэн уурхайн хаягдлыг боловсруулах эрхийг давхар олгодог. Энэ төрлийн тусгай зөвшөөрөл 20 жил, аль эсвэл ашигт малтмалын ордын олборлолтын хугацаанд хүчинтэй.
Дуудлага худалдаагаар тусгай зөвшөөрлийг олгохдоо ашигт малтмалын нөөцийн болоод ордын ашиглалтын геологийн судалгааны шинжлэх ухаан, техникийн түвшний хөтөлбөр, ашигт малтмалын нөөцийн бүрэн гүйцэд ашиглалт, тухайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, төслийг хэрэгжүүлэх хугацаа, хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээний үр дүнгийн байдал, улсын аюулгүй байдлыг хангах зэрэг шалгуур үзүүлэлтийг хамгийн түрүүнд авч үздэг. Дараагаар нь мөнгөн дүнг харгалздаг байна. Ганц өргөдөл ирсэн тохиолдолд сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох, эсвэл тухайн өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрөл олгох тохиолдол бий. Сонгон шалгаруулалтын талаар 90 хоногийн өмнө ОХУ-ын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.
1992 онд батлагдсан Газрын хэвлийн тухай хуулиар тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа гэсэн 2 зарчмаар олгодог байсан бол 2013 оноос зөвхөн дуудлага худалдаагаар олгох болсон юм. Анх 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар бус зөвхөн дуудлага худалдаагаар олгох өөрчлөлтийг Газрын хэвлийн тухай хуульд оруулах санал дэвшүүлсэн байдаг. Сонгон шалгаруулалтад гадны нөлөө, авлигын шинж чанар гардаг тул нээлттэй дуудлага худалдаа явуулах нь улсын төсвийн орлого нэмэгдэхэд илүү ач холбогдолтой гэж үзжээ. Тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдааны үйл явцыг боловсронгуй болгох зорилгоор Оросын эрх баригчид энэ онд багтаан Газрын хэвлийн тухай хуульдаа дахин өөрчлөлт оруулах гэж байна.
Дуудлага худалдааны явцад тусгай зөвшөөрлийн эрх авахын тулд хэт өндөр үнэ санал болгосноос төлбөрийн дарамтад орж, улмаар эдийн засгийн өндөр үр ашигтай ашигт малтмалын ордуудын төслийн хэрэгжилт тасалдахад хүрэх нь бий. Үүнээс сэргийлж санал болгосон мөнгөн дүнгээ бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд мөнгөн дүнгээр эрэмбэлж дараагийн ялагчийг тодруулдаг зарчмыг нэмж оруулахаар хуулийн төсөл боловсруулж буй. Дашрамд сонирхуулахад, 2017 оны эхний есөн сарын байдлаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгох дуудлага худалдаанаас 54 тэрбум рубль буюу 913 сая ам.доллар улсынх нь төсөвт төвлөрчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10%-иар өссөн үзүүлэлт аж. Хатуу ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаанаас 14.64 тэрбум рубль буюу 247 сая ам.долларын орлого олсон байна.
Оросын Эрдэс баялаг ашиглах асуудал эрхэлсэн холбооны агентлагийн /Роснедр/ мэдээллээр, улсын санд дунд, жижиг 200 гаруй орд байгаа бөгөөд ирэх онд ашиглах эрхийг нь дуудлага худалдаанд оруулах ордуудын жагсаалтыг арванхоёрдугаар сард олон нийтэд мэдээлэх гэнэ.