"Оюутолгой" компанийн 66%-ийг эзэмшдэг "Туркойз Хилл Ресурс" компани өмнийн говийн зэс, алтны үлэмж уурхайн баяжмалын экспортод хүндрэл гарсан тухай мэдээллээ. Тодруулбал уурхайгаас баяжмал ачсан тээврийн хэрэгслүүд боомтоор нэвтэрч чадахгүй байгаагаас "Оюутолгой" компани худалдан авагчидтайгаа байгуулсан баяжмал нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсныг Туркойз Хилл-ийн албан мэдээнд өгүүлжээ.
Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Монгол-Хятадын хилийн боомт Ганцмод боомтын бүс орчимд боомт руу нэвтрэх (Хятадын нутаг дэвсгэр дэх) гол замын урсгалыг олон тооны тээврийн хэрэгслээр хаасан Хятадын тээвэрчдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Тиймээс тус боомтоор бүтээгдэхүүн гаргах, буцаад боомтоор орж ирэх боломжгүй болсон байна. Одоогоор нөхцөл байдал энэ хэвээр байгаа ажээ.
Компанийн зүгээс үүссэн нөхцөл байдлыг идэвхтэй хянаж байгаа бөгөөд холбогдох төрийн байгууллагууд уг асуудлыг хэрхэн нааштайгаар шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж байгааг мөн тэмдэглэжээ.
Гэхдээ "Оюутолгой" компанийн уурхайн үйл ажиллагаа болон далд уурхайн бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байгаагийн сацуу уурхайн баяжмал үйлдвэрлэлд өөрчлөлт орохгүй гэдгийг онцолжээ.