Зах зээл
Эрдсийн захад ямар бэлэгтэй айлчлах вэ?
2018-01-22
The Mongolian Mining Journal /12.2017/ 109
Б.Төгсбилэгт
Уул уурхайн салбарт ашиг авчирсан 2017 он өнгөрч, айсуй 2018 он хаалга тогшин байна. 2018 он эрдсийн зах зээлд ямархуу хандах тухай авч үзэхээс өмнө 2017 он ямар байсныг товчхон тоймлоё.
Үнэндээ 2017 оныг хэн ч ийм их өгөөжтэй байна гэж таамаглаагүй билээ. Зах зээлийн өсөлтөөр нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж болдгийг энэ онд нүүрсний үр дүнгээс тодорхой харж болохоор байлаа. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко”-д төлөх ёстой их өрийг зээл авснаас хойш зургаа дахь жил дээрээ төлж дуусгав. Ашиг өгөөж гагцхүү үүгээр хэмжигдсэнгүй. Энэ онд Монгол улсын нүүрсний экспорт биет хэмжээ, орлогын дүнгийн аль алиных нь хувьд урьд хожид байгаагүй өндөр үр дүнг үзүүллээ. Энэ бүхний суурийг гагцхүү зах зээлийн таатай орчин бүрдүүлсэн.
Нүүрсний салбарт энэ онд зах зээл ерөнхийдөө таамаглаагүй том бэлэг барьсан бол зэсийн зах зээлд ч багагүй ээлтэй жил байлаа. Оны сүүлээр зэсийн үнэ металын биржүүд дээр долоон мянган ам.доллараас дээш давсан нь сүүлийн гурван жилийн дээд үзүүлэлтийг харуулав. Тэгэхээр нүүрс, зэсийн салбарынханд энэ жил ашиг далласан жил тохиолоо гэж дүгнэж болно. Түүгээр ч зогсохгүй энэ он төмрийн хүдэр, алт, газрын тосны зах зээлд бууралтаасаа өсөлт нь давамгайлсан бөгөөд ялангуяа сүүл хагастаа өсөлтийг дагуулсан. Монголын экспортын гол түүхий эдийн нэг цайрын хувьд ч мөн адил энэ онд гайхалтай өсөлтийг дагуулж, сүүлийн олон жилд байгаагүй өндөр хэмжээнд үнэ нь дэвшсэн.
Энэ бүгдээс харахад 2017 он эрдсийн зах зээлд маш найртай сайхан уур амьсгал авчирсан нь илэрхий байна. Зах зээлийн өсөлт мэдээж өөрөө зүгээр л ийн өрчихөөгүй. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсний дотор Австралид тохиосон их үер, Хятадын шийдвэрүүд, улс орнуудын хоорондын хурцадмал байдал зэрэг нь голлох үүрэгтэй байсныг дурдах нь зүйтэй. Харин ирэх онд эрдсийн зах зээлд юу тохиох нь одоо хамгийн ихээр сонирхол татна.
Зэсийн зах зээл: Бууралтын эсрэг ӨСӨЛТ
Зэсийн үнэ энэ оны байдлаар үндсэндээ 22%-иар өсөөд байна. Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд (2016 оны арваннэгдүгээр сарын 8) ялалт байгуулахаас өмнөхтэй харьцуулахад даруй 50%-иар өсчихөөд байгаа нь зах зээл ямар өгөөжтэй байгааг илтгэнэ. Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн аравдугаар сард 7000 ам.доллар давсан нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Хэдийгээр одоогоор бага зэрэг буураад байгаа ч цаашид зэсийн үнэ өсөх магадлал өндөр байна. Энэ сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар Лондоны металын бирж дээр хүрэн металын ханш дунджаар 6662 ам.доллар/тонн-оор хэмжигдэв.
Хамгийн гол нь тус бирж дэх зэсийн агуулах дахь нөөц арванхоёрдугаар сарын дунд үеийн байдлаар 183 - 190 мянган тонн байгаа нь 2016 оны дунд үеэс хойшхи хамгийн бага дүн юм. Зэсийн хувьд өнгөрсөн долдугаар сараас хойш тонн нь 6000 ам.доллараас дээш түвшинд худалдаалагдаж буй нь уг металын зах зээл сэргэснийг баттайгаар зарлалаа.
Ирэх онд зах зээлийн эрэлт нийлүүлэлт харьцангуй тэнцвэртэй байх төлөв харагдаж байна. Томоохон банкуудын төлөөлөл болох Голдман Сакс банкны тухайд ирэх онд хүрэн металын үнэ ханшийг 7050 ам.доллар/тонн байна гэж төсөөлсөн нь нэлээд өөдрөг төлөвт тооцогдов. Харин Австралийн банк NAB ирэх онд зэсийн үнийг 6600-6730 ам.доллар байна гэж танилцуулжээ. NAB ийнхүү зэсийн үнийн төлөвт тийм ч өндөр дүн тавиагүй нь ирэх онд америк долларын ханш чангарч, Хятадын аж үйлдвэрийн эрэлт өсөлтгүй байх зэрэг нь зэсийн үнийн өсөлтийг эрчимжүүлж чадахгүй гэж үзсэнтэй нь холбоотой юм. Гэхдээ нөгөө талд зэсийн үнийг өсгөх эерэг үзүүлэлтүүд улам хүчээ авч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Харин Монгол улсын хувьд ирэх оны төсөвт тусгаснаар зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 6430 ам.доллар, тэнцвэржүүлсэн үнийг 5106.9 ам.доллар байна гэж тооцсон билээ.
2018 онд зэсийн үнийн таамаглал
Голдман Сакс 7050 ам.доллар/тонн
Barclays 6175 ам.доллар/ тонн
National Australia Bank (NAB) 6730 ам.доллар/тонн
Дэлхийн банк 6118 ам.доллар/тонн
Чилийн төв банк 2.95 ам.доллар/фунт
(~6608 ам.доллар/тонн)
Нийлүүлэлтийн тухайд авч үзвэл ирэх онд зэсийн нийлүүлэлт тогтвортой байх магадлал өндөр. Олон улсын зэсийн судалгааны группын тооцоолж байгаагаар энэ онд зах зээлд цэвэр зэсийн нийлүүлэлтийн хомсдол 150 мянган тонноор хэмжигдэхээр байна. Энэ нь оны эхний улиралд Чили, Перу, Индонезийн нийлүүлэлт саатсантай холбоотой. Харин ирэх онд нийлүүлэлтийн хомсдол 104 мянган тонн болж буурна гэж тооцоолоод байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зэсийн томоохон уурхайнуудын ажиллагаа хэвийн түвшинд очихын зэрэгцээ Замби, Конго дахь уурхайнуудаас нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр ирэх онд нийлүүлэлтийн хомсдол харьцангуй буурах төлөв тодорч байна.
Гэхдээ нийлүүлэлт сайн байна гэдэг нь үнэ доош буурахын дохио биш ээ. Зэсийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг Antofagasta компанийн Иван Арриагада энэ онд цэвэр зэсийн хэрэглээ дөрвөн хувиар өсч байгаа бөгөөд шинэ нийлүүлэлт зах зээлд ихэнх нь шууд шингэж байна гэж саяхан болсон Азийн зэсийн хурал дээр мэдэгджээ. Хятад улсын хувьд шинжээчид ирэх онд эрэлт нь буурна, үгүй дээ гэхэд өсөлтгүй байна гэж харж байгаа ч тус улс хаягдал зэсийн импортыг хориглох тухайгаа зарлаад байгаа юм. Ирэх оны сүүлээр хэрэгжихээр хүлээгдэж байгаа уг шийдвэр нь Хятадын зэсийн баяжмал болон цэвэр зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх нь дамжиггүй. Гэхдээ зэсийн хувьд зөвхөн Хятадын нөлөөгөөр бус Энэтхэг, АНУ зэрэг улс дахь дэд бүтцийн төслүүд нь хүрэн металын эрэлтийг нэмэгдүүлэхийг шинжээчид бас цохон тэмдэглэж байгаа юм.
Ирэх онд дэлхийн зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чили улсын уурхайнуудын захиргаа уурхайчдын үйлдвэрчний эвлэлтэй цалингийн тухайд тохиролцох ажил хүлээгдэж байна. Чилийн Хөдөлмөрийн тухай шинэ хуулиар уурхайчдын цалин нэмэгдэх төлөвтэй байгаа ч талуудын тохиролцоо удааширч эсвэл талууд харилцан үл тохиролцсоноос үүдэн уурхайнууд зогсох аваас зах зээлд үнэ хялбархан өсөх боломжтой гэж үзсэнээ Barclays хэвлэлд саяхан хуваалцжээ.
Үүний зэрэгцээ зэс нь заавал АНУ, Хятадын шийдвэрээс хамааран өсөх буурах нь шийдэгддэг байх цаг үе улирах гэж буйг энэ он илүү тодорхой санууллаа. Учир нь цахилгаан машины хувьсгал нэгэнт өрнөх болсон нь зэсийн эрэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх тухай олон янзын таамаглалыг судлаачид дэвшүүлж эхлэв. Зарим шинжээчийн тооцоолж байгаагаар 2025 он гэхэд цахилгаан машины үйлдвэрлэлийн нөлөөгөөр зэсийн хэрэглээ 850 мянган тонноор нэмэгдэх төлөвтэй байна. Энэ тооцоолол нь дэлхий дээр худалдаалагдаж буй машины 8% нь цахилгаан мотортой болох таамагт үндэслэжээ. Дэлхийн уул уурхайн магнат Гленкор цахилгаан машины борлуулалт өсөхийн хэрээр 2030 он гэхэд зэсийн хэрэглээ 4.1 сая тонноор нэмэгдэнэ гэж үзжээ.
Коксжих нүүрсний үнэ буурч болзошгүй
Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрс өнгөрч буй 2017 онд ханшийн хувьд ихээхэн хэлбэлзэлтэй байлаа. Гэхдээ яах аргагүй хамгийн аз хийморьтой түүхий эд байсан гэж хэлж болно.
Учир нь Хятадын дотоодын нүүрсний уурхайн ажиллах хоногийг цөөлөх шийдвэрийн улмаас өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сард коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 300 ам.доллар/тонн давсан бол энэ оны эхний улиралд ханш нь огцом буурч 150 ам.доллар/тонн руу уруудсан. Яг энэ мөчид буюу гуравдугаар сарын сүүлээр Дэбби хэмээх хар салхи Австралийн нүүрсний гол бүс нутаг болох Квийнслэндийн зүүн хойд эргийг дайрсан нь үнэндээ уурхайчдыг багагүй сандаргаад авсан. Энэ удаад Австралийн нүүрсний компаниуд өмнөх онуудын үерийн гамшгаас сургамж авч, уурхайн хамгаалалтыг сайн хийсэн тул төд удалгүй үйл ажиллагаагаа сэргээж чадсан билээ. Гэвч Goonyella төмөр зам буюу Квийнслэнд мужийн нүүрсний уурхайнуудын гол тээвэрлэлтийг хийдэг шугам үерт автаж багагүй эвдэрсэн нь бүтэн сар шахам тээвэрлэлт зогсоход хүрсэн юм.
Үүний үр дүнд үер болсноос хойш ердөө гуравхан долоо хоногийн дотор коксжих нүүрсний үнэ хоёр дахин нэмэгдэж, 314 ам.доллар/тонн-д хүрч, сүүлийн зургаан жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрсэн билээ. Ер нь 2008, 2011 онд Австралид болсон үерийн улмаас коксжих нүүрс 300 ам.доллар давж байв. Энэ онд тийнхүү коксжих нүүрсний зах зээл сайн байгаатай холбогдуулан коксжих нүүрс олборлогчид илүү эрчтэйгээр үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ханцуй шамлан орсон юм. АНУ, Канад зэрэг улс орны үйлдвэрлэгчид төдийгүй манай хойд хөршийн коксжих нүүрсний экспорт ч мөн нэмэгдэх тал руугаа хандаад байгаа билээ. Учир нь тэд зах зээлийн суурь нөхцөл байдал сайн төлөвтэй байгааг харсан хэрэг.
Түүнчлэн манай улсын Тавантолгой коксжих нүүрсний уурхайтай өрсөлдөхүйц гэгддэг Мозамбикийн Моатиз уурхайн дэд бүтцийн 2.7 тэрбум ам.долларын төсөлд (Nacala Logistics Corridor) хөрөнгө оруулахаар Вале, Японы Мицүй зэрэг компаниуд гэрээ үзэглээд байна. Мөн үүний зэрэгцээгээр ОХУ Элегестийн коксжих нүүрсний уурхайн төмөр замыг байгуулахаар төлөвлөөд байгаа нь коксжих нүүрсний ирээдүйг тодотгож өгч байна.
Коксжих нүүрс нь эрчим хүчний нүүрстэй харьцуулшгүй үнэ цэнтэй, ирээдүйтэй чухал басхүү ховор түүхий эд болох учраас энэ чиглэлийн төсөлд хөрөнгө оруулсан хүн хоосон хоцрохгүйг хөрөнгө оруулагчид одоо илүү ойлгож буй нь лавтай. Европын холбоо ч коксжих нүүрсийг стратегийн түүхий эдэд хамруулдаг бөгөөд саяхан шинэчилсэн хувилбартаа дахин оруулсан.
Хэдийгээр энэ онд коксжих нүүрсний зах зээл багагүй өссөн боловч Хятад улсын хувьд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хатуухан арга хэмжээ авах болсон нь тус улсыг нүүрс импортлох хэмжээгээ аажмаар бууруулах нөхцөлийг тулгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл тус улс эрчим хүчний нүүрсний импортыг бууруулах алхам хийж байгаа ч энэ дунд коксжих нүүрс зэрэг түүхий эд хомрогонд өртөж буй нь одоо илэрхий болсон. Үүний дүнд тус улс руу нүүрс экспортолдог улс гүрнүүдийн тус улстай хийдэг нүүрсний борлуулалт буурах болсон билээ. Тухайлбал тус улс руу эрчим хүчний нүүрс нийлүүлдэг гол улс болох Индонезийн Хятад руу хийх нүүрсний экспорт өнгөрсөн арваннэгдүгээр сард ес, аравдугаар сарын дүнтэй нь харьцуулахад буурсан бол Австрали улсын хувьд ч мөн адил нүүрсний экспорт нь бууралттай гарсныг Ройтерс агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын далайн эргийн боомтоор дамжуулан импортолсон нүүрсний хэмжээ 18.26 сая тоннд хүрсэн нь өмнөх аравдугаар сарынхаас 1.7 сая тонноор бага дүн бөгөөд сүүлийн дөрвөн сар дараалан Хятадын (зөвхөн далайн тээврээр дамжсан) нүүрсний импорт буураад байгааг тус агентлаг онцолжээ. Энэ бүхэн нь агаарын бохирдлыг бууруулж, байгаль орчныг хамгаалах бодлоготой холбоотой хэмээн тайлбарлажээ. Монгол улсын хувьд өнгөрсөн долдугаар сарын дунд үеэс эхлэн нүүрсний экспортын хэмжээ нь буурах болсон. Харин энэ зуур Хятадын дотоодын зах зээлд коксжих нүүрсний үнэ өсч эхлээд байгаа юм. Хятадын хувьд үсрэнгүй өсөлттэй эдийн засгийн эзэн болоод байгаа ч үүний үр дүнд байгаль орчны доройтол, агаарын бохирдол хэрээс хэтэрч байгаа бөгөөд үүний эсрэг үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах, уурхайнуудыг зогсоох, тээвэрлэлтийг хумих зэргээр эрчимтэй арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд өнгөрсөн гуравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд хийсэн шинжилгээгээр агаар дахь PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ Бээжин орчимд 27%-иар буурсныг тус улсын Засгийн газар мэдээллээ. Бусад хэд хэдэн томоохон хотод агаарын чанар багагүй сайжраад байгаа ажээ.
Гэхдээ Хятадын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийж буй алхам нь үнэндээ сайн чанарын түүхий эдийн эрэлтийг улам нэмэгдүүлнэ гэж шинжээчид харж байна. Хятадын дотоодын коксжих нүүрс, төмрийн хүдрийн нөөцийн дийлэнх нь чанаргүй, хаягдал ихтэй учир үйлдвэрлэгчдийн хувьд сайн чанарын түүхий эдийг илүүтэй эрэлхийлж, улмаар түүхий эдийн үнэ өснө гэсэн таамаг шинжээчдийн дунд давамгайлж байна. Харин Монгол улсын хувьд тус улсын хойд хилээр нүүрсээ нийлүүлдэг нь экспортоо эрчимтэй нэмэгдүүлэхэд дөнгө болж байна гэж хэлж болно.
Учир нь тус улс агаарын бохирдлын эсрэг арга хэмжээг хойд бүс нутагтаа илүү эрчимтэй хэрэгжүүлж байгаа юм.
Энэ онд Хятад улсын коксжих нүүрсний эрэлт 541 сая тоннд хүрэхээр байгаагийн сацуу 66 сая тонн коксжих нүүрс импортлохоор хүлээгдэж байгаа нь өмнөх оныхоосоо даруй 10%-иар өндөр дүн ч оны импортын үр дүн хүлээлтээс давах төлөвтэй. Хятад улс өнгөрсөн аравдугаар сард 5.27 сая тонн коксжих нүүрс импортолсон бөгөөд оны эхний есөн сарын байдлаар 53 сая тонн коксжих нүүрс импортлоод байжээ.
Хэбэй мужийн гангийн үйлдвэрлэл аравдугаар сард өмнөх сарынхаас 4.6%-иар, Тянжинийх 19.1%-иар тус тус буурчээ. Гэхдээ арваннэгдүгээр сард Хятад улсын нүүрсний нийт импорт 22.05 сая тоннд хүрсэн нь /далайн тээвэр + газрын тээврээр импортлогдсон эрчим хүчний нүүрс болон бусад төрөл багтсан дүн/ нь аравдугаар сарынхаас 3.6%-иар өсөлттэй гарлаа. Ийнхүү импорт өсч эхэлсэн нь дотоодын нүүрсний олон уурхайг өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор зогсоох болсонтой холбоотой гэж Ройтерс мэдээлжээ. Төмрийн хүдрийн тухайд ч арваннэгдүгээр сард импорт нэмэгдсэн билээ.
Энэ оны арванхоёрдугаар сарын эхээр коксжих нүүрсний үнэ 200-220 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол 13-ны байдлаар 250 ам.доллар/тонн руу дөхсөн тухай (CFR нөхцөлтэй) Metalbulletin мэдээлжээ.
Гэсэн ч зах зээл судалгааны байгууллагууд коксжих нүүрсний ирэх оны үнийн таамгийн тухайд тийм ч өөдрөг байр суурьтай биш байна. Ирэх онд үнэ буурч 140 ам.доллар, 100 ам.долларт хүрч магадгүйг судалгааны байгууллагууд дэвшүүлжээ. Учир нь Хятадын импортын эрэлт яваандаа буурна гэсэн тооцоолол байна. Барилгын салбарт удаашрал үүсч энэ нь гангийн эрэлтэд сөргөөр нөлөөлж, төмрийн хүдэр, коксжих нүүрсний худалдан авалтад муугаар нөлөөлж болзошгүй байгаа тухай NAB тайлбарлажээ. Гэхдээ нөгөөтэйгүүр гуравдугаар сард өвлийн улиралд хумих арга хэмжээ дуусмагц эрэлт өсөх хүлээлт байгаа юм.
Коксжих нүүрсний үнэ 2018 онд
WoodMackenzie 145 ам.доллар/тонн
NAB 140$/тонн эхний улиралд
(У1), $120(У2), $105(У3),$100(У4)
Macquarie 185 ам.доллар/тонн (У1), 175 доллар/
тонн (У2), 130 доллар (У3, У4)
KPMG Analysis 140-177.5 ам.доллар/тонн
Эрэлтээс үүдэн төмрийн хүдрийн үнэ бууна
Хятадын Засгийн газар тус улсын хойд бүс нутгийн 28 хотын гангийн үйлдвэрлэлийг бууруулах үүрэг даалгавар өгсөн. Ингэснээр өнгөрсөн арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл нийт үйлдвэрлэл 50 хүртэлх хувиар хумигдах төлөв гарч байгаа юм. Төмрийн хүдрийн хувьд ирэх онд дунджаар 60 ам.доллар/тонн байна гэж дийлэнх судалгаа шинжилгээний байгууллагууд тооцоолжээ.
Хэдий Хятадын үйлдвэрлэл хумигдаж эхлээд байгаа ч төмрийн хүдрийн импорт нь өнгөрсөн арваннэгдүгээр сард 94.45 сая тоннд хүрч өнгөрсөн аравдугаар сарынхаасаа 18.9%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 2.8%-иар өссөн байна. Үүний зэрэгцээ оны эхний арваннэгэн сарын байдлаар төмрийн хүдрийн нийт импорт нь даруй 990 сая тоннд хүрчихсэн явна. Ингэснээр тус улсын энэ оны төмрийн хүдрийн импорт шинэ дээд амжилт тогтоох нь тодорхой болоод байна. Энэ оны байдлаар 62%-ийн агуулгатай төмрийн хүдэр, баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр дунджаар 70.6 ам.доллар байгаа нь өнгөрсөн оны дундаж 59 ам.доллар/тонн байсантай харьцуулахад нэлээд өсөлттэй дүн болж байна. Хятадын удаашрал магадгүй өвлийн улирлаас ч цааш үргэлжилж мэдэх бөгөөд энэ нь төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлтийг өсгөхгүй, нам түвшинд барьж болзошгүйг Австралийн Reserve Bank анхааруулжээ. Гэхдээ Рио Тинто компанийн Төмрийн хүдрийн бизнес хариуцсан захирал Крис Салисбери сайн чанарын бүтээгдэхүүний тухайд эрэлт тогтмол сайн байх төлөв харагдаж байгааг тайлбарлажээ.
Төмрийн хүдрийн тухайд дэлхийн нийт худалдааны дийлэнхийг Рио Тинто, BHP Billiton, Вале, FMG тэргүүтэй хэдхэн тоглогч гартаа атгадаг бөгөөд эдгээр нь олборлолтын зардал багатай учир зах зээлд тэсч үлдэх чадвараар тэргүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ нийлүүлэлтээ ч нэмэгдүүлэх төлөв гарч байна. Тухайлбал Австрали улс гэхэд өнгөрсөн онд 819 сая тонн хүдэр экспортолсон бол ирэх онд 887 сая тонн хүдэр экспортлох төлөвтэй байгаа юм.
Австралийн Засгийн газраас гаргадаг Нөөц баялаг, эрчим хүчний тайлан судалгаанд дурдсанаар төмрийн хүдрийн үнэ ирэх онд дунджаар 49.5 ам.доллар 2019 онд 49 ам.доллар байх төлөв гарчээ. Энэ нь жижиг тоглогчдын хувьд тэсвэрлэхэд хэцүү ханшийн түвшин боловч томоохон тоглогчдын хувьд ашигтай ажиллахуйц орон зай юм.
Дэлхийн уул уурхайн томоохон компани Рио Тинтогийн үзэж байгаагаар ирэх зургаан сарын хугацаанд Хятадын түүхий эдийн хэрэглээ удааширч магадгүй байна. Учир нь өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор тус улсын барилга, дэд бүтэц, автомашин үйлдвэрлэлийн салбарын өсөлт сулрах магадлал өндөр. Гэхдээ тус компани Хятадын дунд болон урт хугацааны өсөлт тогтвортой хадгалагдана гэдэгт итгэлтэй байна. Олон улсын валютын сангийн тооцоолж буйгаар энэ онд Хятадын эдийн засаг 6.8%-иар, ирэх онд өсөлт 6.5%-иар тус тус өсөх төлөвтэй байна.
Цайр өсөлтөө, алт үнэ цэнээ хадгална
Аж үйлдвэрийн бас нэгэн голлох метал - цайрын үнэ энэ оны арав, арваннэгдүгээр сард сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэд хүрч, 3300 ам.доллар/тонн-ы ханшийг давсан билээ. Энэхүү үйл явдал нь цайрын баяжмал экспортолдог Монгол улсын хувьд сайн мэдээ байлаа. Дэлхийн цайрын нийт хэрэглээ энэ онд 14.4 сая тонноор хэмжигдэхээр байгаа бөгөөд ирэх хоёр жилд Хятад, Энэтхэг болон АНУ-ын автомашин үйлдвэрлэл, дэд бүтцийн өргөжилтийн нөлөөгөөр уг үзүүлэлт 3.4%-3.6%-иар өсөхөөр байгаа тухай Австралийн Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны газар мэдээлжээ.
Эх сурвалж: Лондоны металын бирж (шууд худалдааны үнэ)
Зах зээл судлаачид цаашид ч цайрын үнэ өндөр хэмжээнд хадгалагдана гэж үзэж байна. Энэ оны эхний хагасын байдлаар метал цайрын зах зээлд 203 мянган тоннын хомсдол байсан байна. Гэхдээ мөн хугацаанд цайрын олборлолт өмнөх оныхоос 5.4%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Энэхүү нэмэлт нийлүүлэлтийг Перу, Энэтхэгээс хийсэн тухай ILZSG судалгааны байгууллага мэдээлжээ. Дийлэнх судалгааны байгууллагуудын тооцоолж буйгаар ирэх онд цайрын үнэ Лондоны металын бирж дээр 3300 ам.доллар/тонн-д хадгалагдаж магадгүй байна. Энэ онд цайрын үнэ үндсэндээ 27%-иар өссөн бөгөөд уг металын үнэ өнгөрсөн 2016 оны эхнээс авахуулаад өсөх явцтай болж ирсэн. Ийнхүү үнэ нь өсөхөд дэлхийн уурхайн олборлолт буурсан, мөн (дэлхийн цайрын хэрэглээний тал хувийг бүрдүүлдэг) Хятадын дотоодын олборлолт буурсантай холбоотойгоор импортын эрэлт өссөн зэрэг нь голлон нөлөөлжээ. Цайрын томоохон үйлдвэрлэгч компани Гленкор зах зээлд үнэ буурсантай холбоотойгоор 2016 оноос эхлэн цайр үйлдвэрлэлээ 500 мянган тонноор бууруулах тухайгаа 2015 оны аравдугаар сард зарлаж байсан юм. Тус компани зах зээл сайжирч байгаа энэ үед ч ирэх 2018 оны гарцаа нэмэгдүүлэхгүй энэ оныхтой ижил түвшинд буюу 1.09 сая тоннд барихаар шийдсэн тухайгаа саяхан зарлалаа. Цайрын хувьд энэ оны хамгийн сайн үзүүлэлттэй металын нэг байсан бөгөөд цаашид ч үнэ цэнээ хадгалахаар байгаа юм.
Алт бол өнгөрч буй 2017 оны өсөлттэй байсан түүхий эдийн нэг яах аргагүй мөн. Алт нь эдийн засгийн хямрал, томоохон улс орнуудын харилцаа хямрах үед үнэ нь өсдөг онцлогтой үнэт метал. АНУ, Хойд Солонгосын хоорондын хурцадмал байдал даамжрахын хэрээр алтны үнэд өөрчлөлт орж буй байдал ажиглагдаж байна. Зах зээл судалгааны байгууллагуудын дунджаар авч үзвэл алтны үнэ ирэх онд 1300 ам.доллар/унц байх төлөвтэй байгаа нь бага зэрэг өсөлт гарах төлөвийг харуулж байна. АНУ-ын Холбооны нөөц бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж, 1.25%-1.5%-д барихаар болсныг арванхоёрдугаар сарын 13-нд тус банкны Тэргүүн Жанет Йеллен мэдэгдлээ. Ингэж бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь шинжээчдийн таамагласнаар болсон бөгөөд энэ онд бодлогын хүүг нэмэгдүүлсэн гурав дахь тохиолдол болж байна. Ирэх онд ч дахиад гурван удаа бодлогын хүүг нэмэгдүүлэх төлөвтэй байгааг тус банк мэдэгдсэн. Тус улсын ажилгүйдлийн үзүүлэлт эерэг байгаагийн сацуу эдийн засгийн өсөлт сайн байгаа нь уг шийдвэрт голлон нөлөөлжээ. Энэ оны хувьд тус улсын Засгийн газрын бондын өгөөж харьцангуй бага байсан нь алтны худалдан авалтыг идэвхжүүлэхэд сайнаар нөлөөллөө. Мөн алтны хөрөнгө оруулалтын сангийн (ETF) эрэлт ч өсөлттэй гарлаа. Гэхдээ цаашид АНУ-ын Төв банк бодлогын хүүг тогтмол нэмэгдүүлэх хандлагатай байгаа нь Засгийн газрын бондын өгөөжийг нэмэгдүүлж, улмаар алтны үнийг бууруулах нөлөө үзүүлж болзошгүй гэж зарим шинжээч тайлбарлажээ.
2017 оны хувьд уул уурхайн салбарын сэргэлт ирснийг батлан харуулсан жил байлаа. Хөрөнгө оруулагчид энэ салбараас дөлж байсан бол одоо харин наашлах өнгө аястай болов. Учир нь зэс, цайр, никель болон бусад аж үйлдвэрийн голлох металын ханш энэ онд багагүй өсөлттэй байгаа төдийгүй нүүрс, төмрийн хүдрийн үнэ ч чамлахааргүй сайн үзүүлэлттэй гарлаа. Зэсийн хувьд цахилгаан машины үйлдвэрлэлийн түрлэг бодсоноос хурдан байх таамгаар нэр хүнд нь улам өсч байгаа бол коксжих нүүрсний хувьд зах зээл шинжээчдийн тооцоолсноос сайн үзүүлэлтийг харуулсаар байгаа билээ. Ерөнхийдөө ирж буй 2018 он Монгол орны экспортын эрдэс түүхий эдэд бүгдэд нь зах зээлийн сайн нөхцөлийг дагуулан ирэх найдвар ихээхэн харагдана. Хэдийгээр зах зээл өсөх тал руугаа хандсан ч уул уурхайн компаниуд тайвшрахыг яарахгүй байна. Компаниудын дийлэнх нь зардлаа илүү танахыг эрмэлзэж байгаа бол зарим нь зах зээл сайжирлаа гээд үйлдвэрлэлээ яаран өсгөхөөс татгалзаж байгаа нь уул уурхайн салбар илүү хэрсүүжснийг илтгэнэ.