Оюу толгой компанийн ажилчин, албан хаагчид төдийгүй Монгол улсын иргэдэд нээлттэй Эрсдэлийг таниулах төвийн нээлт өчигдөр “Моннис” цамхагт боллоо. 2013 онд уурхай дээрээ Монголд анхны Эрсдэлийг үзүүлэх төвийг нээснээс хойш тус компани өөрийн болон гэрээт ажилчдаа аюулгүй ажиллагааны сургалтад тогтмол хамруулж, ажлын байранд тулгардаг болзошгүй эрсдэлүүдийг удирдаж хянах, урьдчилан сэргийлэхэд анхаарч ирсэн юм.
Улаанбаатар хотноо байгуулж буй уг төвийн хувьд олон нийтэд аюулгүй ажиллагааг хэвшүүлэх чиглэлээр Оюу толгой компаниас хэрэгжүүлж буй томоохон ажил гэдгийг нээлтийн ажиллагаанд оролцогчид онцолж байлаа. Нээлтийн үеэр Оюутолгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Манай компани Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит 2017 оны аюулгүй ажиллагааны шагналыг аваад удаагүй энэ цаг үед Эрсдэлийг үзүүлэх төвөө нээж буйдаа баяртай байна. Бид маш завгүй ажилладаг учраас үйл ажиллагаагаа эхлүүлээд дөнгөж таван жил болж байгаагаа мартах тохиолдол гардаг.
Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа компанийн хувьд Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит шагналыг авна гэдэг том амжилт юм” хэмээн ярилаа. Энэхүү төв нь Оюутолгой компанийн нийгэмд оруулж буй томоохон хувь нэмэр гэдгийг Армандо Торрес захирал нээлтийн үгэндээ тодотгож байсан.
Тэрээр мөн “Бид дэд бүтэц сул хөгжсөн газарт ихээхэн хүндрэл сорилттойгоор уурхайн бүтээн байгуулалтын ажлуудыг явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны чиглэлээр стратеги төлөвлөлт гаргаж маш амжилттай хэрэгжүүлж ирсэний дүнд бүх гэмтэл бэртэл, давтамжийн үзүүлэлтүүдийг тогтмол сайжруулж ирсэн. Оюутолгой компани эрдэнэт хүний аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг. Тиймдээ ч аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлж ирсэн энэ амжилтыг бүтээхэд манай компанийн хамт олон, хүн болгоны хүчин зүтгэл, хариуцлагатай үйл ажиллагаа нөлөөлсөн” гэлээ.
Нээлтийн
ёслолын дараа сургалтын хэлтсийн сургагч багш нар цахилгаан гүйдэлд цохиулах,
дээрээс биет унах, энерги хяналтгүй чөлөөлөгдөх, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх,
тээглэх, орооцолдох, хавчуулагдах, тээврийн хэрэгсэл мөргөлдөх, онхолдох зэрэг
эрсдэл болон амь насаа хамгаалах зургаан дүрэм, ухаан үнэлгээг хэрхэн хийх
талаар танилцуулсан юм. Аливаа эрсдэлүүдийг биеэр харж мэдрэх, өөр дээрээ
туршиж үзэх багаж хэрэгсэл, төхөөрөмжүүдийг Эрсдэлийг таниулах төвд
байрлуулжээ.
Тухайлбал, хуримтлагдсан энерги буюу өндөр даралттай сав суулганаас гарч байгаа шингэний даралтыг хэрхэн мэдэх, тухайн иргэн машиндаа суугаад суудлын даруулгаа зүүгээгүй тохиолдолд ноцтой эрсдэлд орж болзошгүйг мэдрүүлэх төхөөрөмжүүдийг суурьлуулжээ. Удахгүй уг төхөөрөмжийг виртуал орчинд мэдэрдэг байдлаар сайжруулах болно гэдгийг сургагч багш нар ярьж байсан юм. Ер нь Оюутолгой компанийн хувьд эрсдэлийг таниулах, үзүүлэх төвийн үйл ажиллагааг сайжруулж, иргэдийг аюултай нөхцөл байдлаас хэрхэн сэргийлэх чиглэлээр тогтмол анхаарч ирдэг аж. Эрсдэлийг таниулах төвийн багаж, төхөөрөмжүүдийг тус компанийн ажилчид өөрсдийн гараар бүтээсэн байна.
Г.Идэр