Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Өрмийн ахмадууд, алдартнууд-2018” уулзалт боллоо



Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” уулзалт өнөөдөр “Эрдэнэ Дриллинг” компанийн байранд боллоо. Уулзалт хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологи, уул уурхайн яамны сайд асан Ч.Хурц, Гавъяат уурхайчин М.Баян, Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Л.Лхагвасүрэн нарын ахмадууд болон дунд, залуу үеийн төлөөллүүд хүрэлцэн иржээ.

Монголын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал, доктор, профессор, өрмийн зөвлөх инженер Ж.Цэвээнжав 2017 онд холбооны зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулсан юм. Тэрээр, өнгөрсөн онд Монгол улсын уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож, энэ хүрээндээ өрмийнхөн маань төв, баруун, зүүн, өмнөд бүсийн уул уурхайн хурал зөвлөгөөн, арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож ирлээ. Бидний хамгийн том баяр бол манай салбарын сайд байсан, өрөмдөгчдийн хамгийн дотны хүн, төр нийгмийн томоохон зүтгэлтэн, эрдэмтэн  Ч.Хурц гуай Хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм хүндтэй цол хүртлээ. Мөн манай эгэл жирийн өрөмдөгч, өрмийн ахлах мастер М.Баян маань гавъяат уурхайн болж, алдартнуудын тоог нэмлээ” гэсэн юм.

Монгол улсын аж үйлдвэрийн гавъяатуудын нэг Д.Цэвлээ гуай, Налайхын ТМС-ийн өрмийн багш байсан С.Өвөө нар  бурханы орныг зорьж, манай салбарт хүнд гарз тохиолоо хэмээн  ахмадууд уулзалтынхаа үеэр дурсан ярьж, гавъяа зүтгэлийг нь үнэлж байлаа.

Монгол улсад өрөмдлөгийн олон улсын технологийг нэвтрүүлсэн “Мэйжор Дриллинг” компани энэ удаагийн уулзалтыг ивээн тэтгэж, компанийн зүгээс ахмадуудад сар шинийн бэлгээ гардуулжээ. “Өрмийн ахмадууд, алдартнууд” уулзалтад жил бүр 50 гаруй ахмад буурал оролцдог бөгөөд өнгөрсөн үеэ болон ирээдүйд хийж бүтээх ажлуудынхаа талаар ярилцдаг байна.


Түүнээс гадна өрмийн салбарын ахмадуудын туршлага мэдлэгийг залуу үеийнхэнд дамжуулах тал дээр Монголын Өрөмдлөгийн Холбооноос ихээхэн анхаарч ажиллаж байгаагаа Ж.Цэвээнжав гуай ярьсан юм. Уулзалтын үеэр  өрмийн ахмад инженер О.Дүгэрээ гуайгаас цөөн асуултад хариулт авлаа.

О.Дүгэрээ: Бидний үед 300 метрээс гүн өрөмдөх технологи байсангүй

 Би геологийн салбарын анхдагчдын нэг. Дорнод аймагт өрмийн инженерээр анх ажиллаж, Чойрт өрмийн багш, Түлш эрчим хүчний яамны мэргэжилтэн гээд олон ажил хийж байгаад Тавантолгой ордын  хайгуулын ажилд оролцож байлаа. Энэ ордын таван давхарга тус бүрээс технологийн дээж авахад нэлээд хүндрэлтэй, томоохон сорил болж байлаа. Дээжээ ЗХУ-д баяжуулаад, коксжих чанарыг тогтоож байсан. Тэр үеийг бодвол өнөөдөр өрөмдлөгийн салбар маш их хөгжиж байна. Бидний үед 300 метрээс гүн өрөмдөх хүчин чадалтай технологи байсангүй. Бүрэнцогтын уурхайн нөөц хайгуулыг хийхэд 500 метр өрөмдөх шаардлага тулгарахад өрөмдлөгийнхөн маань  оюун ухаан, туршлага мэдлэгээ уралдуулж байлаа. Бид технологийн хүч чадал муутай ч хайгуулаа хийж чадсан юм. Одоо бол дурангийн хагалгаа хийдэг шиг өрмийн хошуугаа компьютерт хараад өрөмддөг болжээ. Өрөмдлөгийн салбарт технологи үнэхээр хөгжиж байна.

Г.Идэр