Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто”-гийн захирал Себастьяны “гэрийн даалгавар”


 “Рио Тинто”-гийн шинэ салбар Монголд нээгдлээ

Б.Төгсбилэгт

Нэгдүгээр сарын 22-ны билэгт сайн өдөр дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” Монгол улсад шинэ салбараа байгуулав. Энэ үйл явдал “Рио Тинто” компани “Оюутолгой” төсөлдөө ихээхэн найдвар тавьж байгаагийн илрэл болсон юм. Өөрөөр хэлбэл Монгол улстай цаашид тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллахыг хүсч байгаагаа тус компани үүгээр нотоллоо.

Нээлтийн ажиллагаан дээр компанийн Гүйцэтгэл захирал Жан Себастьян Жак хүрэлцэн ирж “Оюутолгой” уурхай аюулгүй ажиллагаагаараа группийн хэмжээнд тэргүүлж буйг онцлов. “Рио Тинто” компанийн шинэ салбарын нээлт аль хэдийнэ товлогдсон байсан ч уг үйл явдлын дөнгөж өмнөхөн   Монгол улс Оюутолгойд шинэ “бэлэг” барьсан нь 155 сая ам.долларын татварын торгуулийн мэдэгдэл байлаа.

Энэ тухай Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани оны нэгдүгээр сарын 15-нд албан ёсоор мэдээлсэн билээ. Татварын ерөнхий газраас тавьсан энэхүү торгуулийг “Оюутолгой” компанийн 2013-2015 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын хяналтад үндэслэж тогтоожээ. Компанийн хувьд хуулийн хугацаанд судлан хариу өгөхөөр болоод байгаа. Угтаа энэ нь шинэ зүйл биш юм. Үүнээс өмнө 2014 оны зургадугаар сард тус компанид Татварын ерөнхий газар 130 сая ам.долларын татварын акт тавьж байсан. Энэхүү татварын хэмжээг ТЕГ-аас 30 сая доллар болгож бууруулсан ч төлбөр хийгдэлгүй он дамжсан. Ингээд 2015 оны тавдугаар сард удтал гацаанд ороод байсан 5.3 тэрбум ам.долларын далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу алдарт Дубайн гэрээнд гарын үсэг зурах далимаар уг татварын торгуулийн төлбөр шийдэгдэж байв. Одоо харин далд уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж эхэлсэн   үед шинээр тавьсан татварын торгуулийн асуудал хэрхэн шийдэгдэх нь ихээхэн сонирхол татаж байгаа юм.

Энэ талаар Себастьян захирал   айлчлалынхаа үеэр “Манай группийн үйл ажиллагаа эрхэлдэг АНУ, Австрали зэрэг улсад татварын асуудлууд үүсч хэлэлцэж шийдвэрлээд явдаг. Тэгэхээр энэ бол бизнесийн орчинд гардаг л зүйл” гэж эерүүлжээ.

Ганцхан татварын асуудал төдийгүй Оюутолгой төсөлтэй холбоотойгоор Монголын улс төрийн нөлөө бүхий эрхмүүд, тэр ч байтугай салбарын дэд сайд хүртэл төслийг улсад ашиг өгөөжөө хүртээж чадахгүй байгааг хатуу шүүмжилж байгаа билээ.

Энэ бүгдээс үзэхэд Себастьян захирлын Монголд хүрэлцэн ирсэн нь үнэхээр цагаа олсон үр дүнтэй ажил байлаа.  Түүнийг угтан авсан Монголын улс төрийн уур амьсгал тийм ч дулаахан байгаагүй учир дэлхийн уул уурхайн гигантын захирал инээмсэглэх стратеги баримталсан гэж хэлж болно.

Тэрбээр компанийн шинэ салбараа нээчихээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нэгдүгээр сарын 23-нд бараалхаж хэд хэдэн чухал асуудлын талаар ярилцжээ. Талууд Оюутолгой төслийн санхүүжилтийг бууруулах тухайд аль аль талдаа харилцан ашигтай санал боловсруулахаар хамтарсан ажлыг хэсэг байгуулах тухайд уулзалтын үеэр тохиролцсон юм.

Монголын талын эзэмшлийн 34%-д ногдох санхүүжилтийг Монголын талд оногдох ногдол ашгаас суутгах байдлаар төлөхөөр Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан. Энэхүү зээлийн /Монголын талд оногдох/ санхүүжилтийн зардал нь 6.5% + LIBOR билээ. Сүүлийн үед АНУ-ын Холбооны нөөц бодлогын хүүгээ нэмэгдүүлж буйтай холбоотойгоор LIBOR-ийн хэмжээ сүүлийн арван жилд байгаагүйгээр  өсчихөөд байгаа билээ. Оюутолгой төслийн далд уурхайн нийт хөрөнгө оруулалтын зардал 5.3 тэрбум доллар, ил уурхайнхтай нийлээд 11 тэрбум ам.доллар гээд бодохоор манай улсын 34%-ийн эзэмшилд оногдох зээлийн санхүүжилтийн зардлыг Засгийн газар бууруулахыг чармайх нь лавтай юм.

Нөгөөтэйгүүр “Рио Тинто”-гийн далд уурхайд зориулж томоохон банк санхүүгийн байгууллагуудаас босгосон зээлийн багц нь 4.4 тэрбум ам.доллар бөгөөд үе шаттайгаар олгогдох зээлийн хүү нь 2.65%+LIBOR-4.4%+LIBOR хэмжээтэй байсныг энд бас тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн сайд “Тавантолгойн ордод түшиглэн станц байгуулж, говийн бүсийн эрчим хүчний  хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлтийг эрчимжүүлэх төмөр зам барих ажлыг эхлүүлэх цаг нь болсон” тухай саналаа уламжилсан.

Себастьян Ерөнхий сайдын тавьсан саналуудыг дэмжин ажиллахаа мэдэгдсэн. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээгээ баримтлахаа  илэрхийлсэн. “Рио Тинто”-гийн захирлын хувьд ийнхүү томоохон “гэрийн даалгавар”-тайгаар нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм.

Тэгэхээр шинээр байгуулагдах ажлын хэсэг  1) хувь нийлүүлэгчдэд Оюутолгой төслийн өгөөжийг дээшлүүлэхийн тулд санхүүжилтийн зардлыг бууруулж болох эсэх 2) эрчим хүчний шийдлийг хөгжүүлэх асуудлыг түргэвчлэх 3) Ханбогд сумын орон нутгийн тогтвортой хөгжилд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бий болгох Оюутолгойн стратегийг хурдасгах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Энэхүү яриа хэлэлцээр  Монголын талд ашигтайгаар эргэсэн. Гэхдээ Себастьян захирал “гэрийн даалгавар”-аа хэрхэн биелүүлэх нь сонирхол татаж байна. “Рио Тинто” дэлхийн хэмжээний том компани хэдий ч Оюутолгой төслийн ирээдүйн ашгийг бодолцон Монголын талд тодорхой хэмжээний ашигтай санал тавих магадлал илүү өндөр юм.

Оюутолгой төслийн хувьд 2020 оноос далд уурхайн туршилтын олборлолтыг эхлүүлэх бөгөөд 2025 онд уурхайн  үйлдвэрлэл оргилдоо хүрнэ.  /Мөн онд баяжмал дахь цэвэр металын дүнгээр 669 мянган унц алт, 622 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвтэй, 2017 онд ил уурхайн үйлдвэрлэл металын дүнгээр 157.4 мян.тн зэс, 114 мян.унц алт 974 мян.унц мөнгө байв/. Энэ үед Оюутолгой зэс үйлдвэрлэлээрээ дэлхийн гурав дахь томоохон уурхай болох юм.

Энэ онд “Рио Тинто” Индонезийн Грасбэрг ордоосоо /дэлхийн зэсийн хоёр дахь том орд/ татгалзах хэлцлийг эцэслэх төлөвтэй байгаа бөгөөд Индонезийн Засгийн газар, уурхайн гол хөрөнгө оруулагч АНУ-ын Freeport McMoran компанитай яриа хэлэлцээрийг эцэслэх шатандаа явж байгаа.

“Рио Тинто”-гийн хувьд дэлхийн хоёр дахь том уурхай  Грасбэргээс татгалзсан шалтгаан нь нэг талаас Индонезийн Засгийн газрын үндсэрхэг үзэл бүхий шийдвэрүүдтэй холбоотой   ч нөгөө талдаа дэлхийд гуравт бичигдэх ирээдүйтэй Оюутолгой зэс, алт, мөнгөний уурхай байсан гэж хэлж болно. Оюутолгой уурхай тун амжилттайгаар бүтээн байгуулалт нь урагшилж байгаа төсөл бөгөөд урт хугацаанд үргэлжлэх арвин нөөцтэй, агуулга өндөртэй, олборлолтын зардал маш бага зэргээрээ давуу талтайг “Рио Тинто” онцолдог. 

“Рио Тинто”-гийн шинэ салбар нь тус компанийн хайгуулын компани болон Монголиа Дэливэри Центр буюу мэдээллийн технологийн хэсгээс бүрдэнэ. Энэ жилдээ шинэ салбарын монгол ажилчдын тоо 80  хүрэх төлөвтэй байгаа юм. Хайгуулын хэсэг нь шинэ нөөц илрүүлэх боломжуудыг эрэлхийлж ажиллах бол мэдээллийн технологийн хэсэг нь “Рио Тинто”-гийн Мэдээллийн систем, технологийн үйл ажиллагааг дэмжин ажиллах юм.


Шинэ салбарыг  Д.Мөнхтүшиг удирдана. Тэрбээр Монголын хөрөнгийн бирж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Noble группийн Монгол дахь салбарт ажилласан туршлагатай. Тэрбээр Армандо Торрес захиралтай “Оюутолгой” компанийн баг хамт олонтой нягт хамтран ажиллах юм.

“Рио Тинто” компанийн хувьд Оюутолгой төслийг ирэх гучин жилд ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа төдийгүй магадгүй  үргэлжлүүлэн дараагийн 100 жилд ордыг ашиглахад хамтрах боломжтой. Ирээдүйд уул уурхайн өнгө төрх мэдээллийн технологи, автоматжуулалтын нөлөөгөөр танигдахын аргагүй хувьсан өөрчлөгдөх хандлагатай байгаа. Энэ бүх үйл явц “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаанд аажмаар нэвтрэх нь гарцаагүй. Нөгөө талд Монголд хайгуулын том боломж байгааг хамгийн сайн мэдэх компанийн нэг нь “Рио Тинто” байж таарна. Компанийн Монгол дахь салбар хэдэн жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн ч ийнхүү албан ёсоор байгуулагдаж буй нь Оюутолгой төсөл дээр “Рио Тинто”-гийн байр суурийг дахин бататгасан явдал боллоо.