Рио Тинто компанийн хувьд үүсгэн байгуулагдсанаасаа хойш хамгийн их ногдол ашиг тарааж буй тохиолдол болж байна. Тус компани өнгөрсөн оны үйл ажиллагаанаас ногдол ашигт 5.2 тэрбум ам.доллар буюу нэгж хувьцаа бүрт 2.9 ам.доллар тарааж буйгаа мэдээллээ. Энэ нь 2016 оныхоос даруй 71 орчим хувиар дээшилсэн дүн юм. Түүнчлэн, бондын эргүүлэн худалдан авалтын дүнг оруулан тооцвол хөрөнгө оруулагчдад өгөх ашгийн хэмжээ нийтдээ 9.7 тэрбум ам.долларт хүрчээ.
Компанийн борлуулалтын хувьд 2017 онд 40 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь 2016 оныхоос 18%-иар буюу 6.2 тэрбум ам.доллараар давсан дүн юм. Ийнхүү орлого нэмэгдэхэд эрдсийн түүхий эдийн /төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан, коксжих нүүрсний/ үнэ ханш харьцангуй сайн байсан нь голлон нөлөөлжээ.
Мөн цэвэр ашгийн үзүүлэлт өнгөрсөн онд 8.8 тэрбум ам.доллараар хэмжигдсэн нь 2016 оны 4.6 тэрбум ам.долларын дүнгээс даруй 90%-иар нэмэгдсэн байна.
Рио Тинто компанийн хувьд ийнхүү орлого, ашгийн хэмжээ ихээхэн сайжирсан нь түүхий эдийн ханш өссөнөөс гадна өртөг зардлаа бууруулж үр ашгаа дээшлүүлсэнтэй мөн холбоотой юм. 2018 онд тус компанийн санхүүгийн үзүүлэлт мөн л тун сайн гарах төлөвтэй байгааг компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн компани өрийн хэмжээгээ 60%-иар бууруулж 3.8 тэрбум ам.долларт хүргээд байна.
Компанийн хувьд хөрөнгө оруулалт хийж буй гол төслүүдийн тоонд төмрийн хүдрийн Silvergrass, бокситын Amrun, зэс-алтны Оюутолгой зэрэг төслүүд багтаж байна.
Өнгөрсөн оны хэмжээнд Рио Тинто хайгуул, үнэлгээний ажилд нийтдээ 445 сая ам.долларыг зарцуулжээ.
Б.Төгс