Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Компанийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнийг бэлтгэх нь бидний зорилго



Монголын уул уурхайн салбарын шилдэг  залуу боловсон хүчний нэг  доктор (Ph.D), дэд профессор Б.Чинзоригтой  MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.   


Таны үндсэн мэргэжил баяжуулагч инженер. Энэ мэргэжлийг яагаад сонгох болов?
Би 1995 онд Эрдэнэт хотод ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Элсэлтийн шалгалтаа өгөхөд багш нар маань МУИС-ийн математикийн ангид элсэх санал тавьж байсан юм. Эрдэнэт хотод өссөн учраас Баяжуулах үйлдвэрийн талаар тодорхой ойлголттой, Монгол улсад төдийгүй олон улсын зах зээлд асар их баялаг бүтээдэг үйлдвэр ажиллаж байгааг сайн  мэддэг байлаа.

Тэгээд ч “Уулын баяжуулалт” гэдэг их гоё нэр, сонирхолтой мэргэжил санагдаад сонгочихсон. ШУТИС-ийн Уул уурхайн сургууль (хуучин нэрээр)-ийн Ашигт малтмалын баяжуулалтын технологийн ангид 1995-2000 онд суралцсан.
Сайхан хамт олны дунд суралцаж, сайн багш нараар хичээл заалгаж, эрдмийн зам мөр хөөсөндөө сэтгэл өндөр байдаг. Уул уурхайн салбартай 23 дахь жилдээ хувь заяагаа холбож байна. Анх оюутан болоход Л.Норовсүрэн багш маань анги даасан багшаар ажиллаж, баяжуулалтын цагаан толгой “Баяжуулалтын үндэс” хичээлийг зааж, энэ сайхан мэргэжлийг эзэмшүүлэх эхлэлийг тавьж билээ.

Улмаар доктор С.Гэрэлтуяа, М.Дамдинсүрэн, Ц.Оюун­цэцэг, Г.Бадамхатан, М.Пүрэв-Очир нарын олон сайхан багш нарынхаа ачаар энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ бахархдаг. Доктор С.Гэрэлтуяа багшийнхаа удирдлагад анхны эрдэм шинжилгээний илтгэлээ бичсэн, Монгол улсын зөвлөх инженер М.Пүрэв-Очир багшаараа удирдуулж бакалавр, магистр зэрэг хамгаалсан гээд сайхан дурсамжууд бий.

Эрдэнэтийн унаган хүүхэд үү?
1976 онд Булган аймгийн Эрдэнэт тосгонд илгээлтийн эзэд улс орны өнцөг булан бүрээс ирж байлаа. Тухайн үед аав, ээж минь Булганаас Эрдэнэт тосгоны хүн эмнэлэгт томилогдон ажиллах болсноор энэ том хотын бүтээн байгуулалтын анхдагчид болсон. Миний хувьд яг л Эрдэнэтийн унаган иргэн гэж хэлж болно. Энэ хотдоо цэцэрлэг, сургуульд сурч хүмүүжсэн. Тэр үед багш нар маань Эрдэнэт үйлдвэрийг дэлхийн арван том үйлдвэрийн нэг гэж ой тойнд минь үлдтэл ярьж сургадаг байлаа.

Сургуулиа төгсөөд Баяжуулалтын тэнхимдээ ажилласан гэж сонссон?
Аливаа мэргэжлийг төгс төгөлдөр эзэмшинэ гэж байхгүй. Сургуулиа төгсөхөд манай ангийн 3 оюутан магистрт дэвшин суралцах урилга хүлээн авсан. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрт инженерээр ажиллах гэж байтал боловсон хүчний хэлтэс “Чи магистрын түвшинд сурах хэрэгтэй, эрдмийн ажилд тань Эрдэнэт үйлдвэрээс дэмжлэг үзүүлнэ” гэсэн нь маш их урам, итгэл өгч билээ.


Тиймээс Уул уурхайн сургуульдаа буцаж ирээд магистраар сурсан. М.Пүрэв-Очир багшийн удирдлага дор судалгааны ажлаа хийгээд 2001 онд магистрын зэргээ хамгаалсан. Магистрт суралцаж байхад багш нар маань итгэл хүлээлгэн сургалтын мастераар ажиллуулах болсон.

2001 онд Ашигт малтмалын баяжуулалтын тэнхим байгуулагдахад доктор, профессор Я.Гомбосүрэн багш анхны эрхлэгчээр томилогдож, би сургалтын мастераар ажиллаж байлаа. Багш нартайгаа мөр зэрэгцэн тэнхимээ байгуулж, удирдлага дор нь зааж зөвлөсөн ажлуудыг нь хийж гүйцэтгэх завшаан тохиолдсоноор олон  зүйлийг сурч мэдсэн дээ.
2001 онд Уул уурхайн сургуулийн сургалтын полигон Бугант тосгонд байгуулагдахад сургуулиас намайг баяжуулагч инженерээр томилон ажиллууллаа. Тэнд алтны шороон ордыг баяжуулах тоног төхөөрөмжийг бие даан угсрах боломж олдсон. Өмнө нь М.Пүрэв-Очир багшийгаа дагаж олон уурхайд сорьцлолт, хяналтын ажлуудаар явж байсан нь энэ ажлыг гардаж хийхэд ихээхэн тус дөхөм болсон гэж боддог.

“Эрдэс холдинг” компанид баяжуулагч инженер, Эрдэнэт үйлдвэрт тээрмийн машинистаар ажиллан уул уурхайн үйлдвэрлэлийн туршлага хуримтлуулсан үе Танд бий. Мэдээж хэрэг эрдмийн ажлаа практик дээр турших, хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байх?
2002 онд “Эрдэс холдинг” компанид баяжуулагч инженерээр ажилласан. Энэ хугацаанд баяжуулалтын дөрвөн шугамыг ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэн, эрдэс боловсруулалтын сан хөмрөгт багагүй хэмжээний ашигт эрдэс тушаахад гар бие оролцсон. Уул уурхайн салбарт анх ажиллаж байгаа хүн тухайн үйлдвэрлэлийн орчин нөхцөлд дасан зохицох үүднээс бүх зүйлийг анхан шатнаас нь эхэлж хийдэг. Энэ утгаараа би 2003 онд Эрдэнэт үйлдвэрийн шинжилгээний төв лабораторид тээрмийн машинистаар ажиллаж байлаа.

Оюутан байхдаа Эрдэнэт үйлдвэрт хийсэн дадлага дараагийн ажлуудад ямар том туршлага болж үлдсэнийг эндээс харсан. 2004 оноос Уул уурхайн инженерийн сургуульдаа багшлах боломж бүрдэн, Монгол улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат багшийнхаа гар дээр ирсэн. Багшийнхаа удирдлагаар 2004 оноос тогтвортой хөгжлийн чиглэлийн судалгаануудаа идэвхтэй явуулж, энэ завсар Шинжлэх ухаан, технологийн сургуулийн докторантурт суралцаж, докторын зэргээ амжилттай хамгаалсан.

Мөн Ашигт малтмалын баяжуулалтын технологийн профессор, төрийн шагналт доктор (Sc.D) Б.Лайхансүрэн багштайгаа хамтран ажиллаж, уул уурхайн салбарт шинээр гарч ирсэн бүтээл туурвилуудыг эмхэтгэх, бичиг баримт боловсруулах гээд олон ажилд суралцсан даа.

Тогтвортой хөгжлийн чиглэлээрх судалгаанууд тань эрдэс баялгийн салбартай холбогдсон судалгаа юу?
Тийм ээ, академич П.Очирбат багшийнхаа зөвлөснөөр судалгааны ажлаа эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийн чиглэл рүү хандуулж “Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа” гэсэн сэдвээр судалгаа хийсэн.
1992 онд Рио де Жанейро хотноо болсон  хурал дээр дэлхий нийтээрээ  XXI зууны хөгжил нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуур баганатай байна гэж тунхаглаад үүнийгээ тогтвортой хөгжил гэж нэрлэсэн юм. Миний хувьд энэ судалгааг  Монголын нөхцөлд, тэр дундаа эрдэс баялгийн салбарын хүрээнд нарийвчилж судлах зорилго тавьж, тогтвортой хөгжлийн тулгуур гурван баганын гол хүчин зүйл нь менежмент буюу засаглал байх юм байна гэж үзсэн. Ингээд Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхай, “Эрдэс холдинг” компани, Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрийн жишээн дээр судалгаа явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлох алхмуудыг хийсэн.

Өөрөөр хэлбэл, аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тооцохдоо менежмент, экологийн асуудлыг ямар байдлаар тусгах боломжтой вэ гэдгийг авч үзсэн юм. Ингэснээр бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хий хөөрөгдөх, хөрөнгө оруулалт ихтэй, хүний нөөц боломжтой байгаа үедээ бүтээгдэхүүнээ хязгааргүй өсгөж болно гэсэн ойлголтыг тодорхой хэмжээгээр хязгаарлах нөхцөл, боломжийг бүрдүүлэх ёстойг судалгаагаараа гаргаж ирсэн.

Тэгэхээр Таны судалгаа Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанч талаасаа, тэр дундаа эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжилд тодорхой нөлөө үзүүлэх боломжтой байх нь ээ?
Манай улс 1998 онд XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрөө баталсан. Энэ бол дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэн хөгжих боломж. Тогтвортой хөгжлийн хамгийн чухал заалт нь аливаа улс үндэстэн хөгжихдөө өөрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хөгжлийн загвараа боловсруулахыг гол утга санаагаа болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ утга санаанд үндэслэн тухайн улс хөгжлийн зарчмуудаа өөрийн нөөц бололцоонд тулгуурлан бий болгох ёстой юм.

Эцэг өвгөдөөсөө уламжилж ирсэн байгалиа шүтэх ухаан, байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах ухаан, түүнийгээ  өнөөгийн зах зээлтэй уялдуулан эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах, төсвөө бүрдүүлэх, дараагийн шинэ салбаруудад хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгохдоо өөрийн нөөц боломжид тулгуурласан хөгжлийн зарчмуудаа баримтлах учиртай. Бид энэ чиглэл рүү анхаарч явна.

Тийм ч учраас 2004 онд академич П.Очирбат, доктор Ш.Баясгалан нартай хамт Монгол улсын тогтвортой хөгжлийн төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн хичээл” нэртэй сургалтын хөтөлбөрийг боловсруулахад гар бие оролцсон. Мөн “Тогтвортой хөгжлийн боловсрол”  сурах бичиг зохиож, оюутан сурагчдын хүртээл болгосон.
“Тогтвортой хөгжил-1” хичээл сургалтыг 2004 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд инженерийн болон уул уурхайн менежментийн ангийн оюутнуудад мэргэжлийн заавал болон сонгон судлах хичээл болгож тасралтгүй явуулж байна.
Үүнийг “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн бас нэгэн үндсэн суурь гэж хэлж болно. Сургалтын гол зорилго нь эдийн засгаа бэхжүүлэхийн тулд эхний ээлжинд байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, гэхдээ аль болох экологийн нөхөн сэргээлтийн нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой гэсэн ойлголтыг уул уурхайн инженерүүддээ олгодог.  

Уурхайчин гэхээр газрын хэвлийг хөнддөг, сүйтгэдэг гэж ойлгох хандлага мэр сэр байна. Гэтэл энэ салбар улс орны төсвийн хөрөнгийг бүрдүүлэхийн зэрэгцээ бусад олон салбараа дэмжиж байгааг бид харж байгаа шүү дээ. Бид баялаг бүтээхдээ байгаль орчны асуудлаа хамтад нь авч үздэг байх тэр боловсрол, мэдлэгийг төгсөгчдөдөө олгодог юм.

ШУТИС-ийн Геологи, уул уур­хайн сургуулийн бэлтгэж байгаа мэргэжилт­нүүд салбартаа ажлын байраар хэр хангагдаж байна вэ?

Манай сургууль найман багц хөтөлбөрөөр бакалаврын, 17 мэргэжлээр магистр докторын судалгааны ажил, сургалт явуулж байна. Эдгээр сургалтууд үргэлж хөгжиж сайжруулагдаж байгаа.
Ирээдүйд төгсөх мэргэжилтнүүд олон улсын жишиг стандартад нийцсэн хөтөлбөрийн хүрээнд суралцах ёстой гэдэг үүднээс сургалтын хөтөлбөрөө байнга шинэчлэн сайжруулдаг. Мөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын эрэлт хэрэгцээ ямар байна, ямар чиглэлийн мэргэжилтэн шаардлагатайг анхаарч, сургалт судалгаагаа хандуулах ёстой байдаг.

Ер нь аливаа мэргэжлийн эрэлт хэрэгцээ нийгмийн захиалгаар, тодруулж хэлбэл компаниудын захиалгаар л бий болдог. Энэ үүднээс сургалтын чанараа сайжруулахын тулд материаллаг баазыг нэмэгдүүлэх, компаниудтай нягт уялдаатай ажиллах, оюутнуудыг суралцах хугацаандаа дадлагажих нөхцөл боломжоор хангах нь чанартай мэргэжилтэн бэлтгэх үндэс болдог.

Манай сургуулийн зүгээс Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой олон улсын томоохон компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, тэдгээр компанийн шинээр бий болгосон тоног төхөөрөмжүүдийн загвараар сургалтын тоног төхөөрөмжүүд, түүний ажиллах зарчмуудыг судлуулах, судалгааны ажлын үр дүнд тулгуурлан сургалт явуулах зэрэг алхмыг хийж ирсэн.

Технологи инновацийн залуу судлаачдын нийгэмлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэг. Энэ байгууллагын тэргүүний хувьд Та сүүлийн үед хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа товч танилцуулна уу?
Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг үйл ажиллагаа явуулаад 13 жил болж байна. Бид залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд түгээн  дэлгэрүүлэхэд гүүр болж ажиллах  зорилгоор уг байгууллагыг үүсгэн байгуулсан. Манай эрдэмтэн, судлаач залуус “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг.

Залуу судлаачдын бүтээлийг олон улсын түвшинд харьцуулан чанаржуулах үүднээс энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оноос олон улсын түвшинд зохион байгуулснаар Хятад, Солонгос, Япон, Орос, Герман, Америк зэрэг улс оронд суралцаж байгаа олон залуу судлаачид судалгааны ажлаа танилцуулж томоохон үр дүнд хүрч байна. Цаашид  улам өргөжүүлнэ.
Хурлын гол үр дүн гэвэл нэгдүгээрт, судалгааны ажлын боловсруулалт, хоёрдугаарт, хөгжлийн чиг хандлага, гуравдугаарт судалгаан  дээр хамтран ажиллах уялдаа холбоог бий болгох юм.

Хамгийн гол нь залуу судлаачид санаа бодлоо харилцан солилцож, судалгааны ажлын чиглэлүүдээ нягтран ойртуулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэл дээр хийгдэж байгаа судалгааны ажлын үр дүнгээ харьцуулан харах боломжийг бага хурал нээж өгч байна. Мөн энэ ажлыг эхэлсэн цаг мөчөөс нь БСШУЯ дэмжиж ирсэн нь ахиц гарах нэг тулгуур болсон.

Нийгэмлэгийн тэргүүний зэрэгцээгээр Та Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч. Сүүлийн үед баяжуулах үйлдвэрүүдийн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

Уул уурхайн салбарын хөгжлийн нэг томоохон шийдэл гаргах нэг хэсэг нь яалт ч үгүй ашигт малтмалын баяжуулалт болон хувирч байна. Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо 1998 онд үүсэн байгуулагдсан. Ашигт малтмалын баяжуулагчдын холбоог байгуулагдахад тулгын чулууг тавьж, анхны  Ерөнхийлөгчөөр ажилласан, доктор М.Дамдинсүрэн, Техникийн ухааны доктор С.Гэрэлтуяа багш, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Монгол улсын  зөвлөх инженер Г.Шархүү, холбооны Ерөнхийлөгч асан доктор профессор С.Давааням гээд үе үеийн  шилдэг баяжуулагчдаараа бид бахархдаг. Тэд бүгд Монголын ашигт малтмалын баяжуулах салбарын хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлж ирсэн хүмүүс.

Өнгөрсөн хугацаанд холбооны зүгээс баяжуулах үйлдвэрүүдэд хийгдэж байгаа техник, технологийг түгээн дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээ хийх,  дүн шинжилгээ гаргах гээд олон талт үйл ажиллагаа явуулж ирсэн. Эгнээндээ Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр  томоохон бүтээл туурвил, судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтдийг нэгтгэсэн томоохон байгууллага болж өргөжиж байна.

Манай эрдэмтдийн бүтээлүүд олон улсад үнэлэгддэг. Тухайлбал, Төрийн соёрхолт, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор Ж.Баатархүүгийн бүтээлүүдийг дурдаж болно. Энэ хүн Монголдоо төдийгүй олон улсад үнэлэгдсэн эрдэмтдийн маань томоохон төлөөлөл.  
Ер нь бид баяжуулах үйлдвэрлэлийн технологио хэрхэн  сайжруулах вэ, хэрэглэгдэж байгаа технологиуд маань тухайн хүдрийн өөрчлөлттэй нийцэж байна уу, үгүй юу гэдэг чиглэл рүү анхаарсан судалгаа явуулах хэрэгтэй болов уу. Дэвшилтэт, шинэ ямар ч технологи оруулж ирж болно, хамгийн гол нь үүнийг эргэлтэд оруулж удирдах  нь хүний нөөцийн асуудал болж байна.

Дашрамд дуулгахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам боловсруулахаар Ажлын хэсэг ажиллаж байгаа. Баяжуулах үйлдвэрүүдийн эрх зүйн орчныг сайжруулах, хууль эрх зүйн хүрээнд хянагдахгүй байгаа зарим зүйлийг журмаар  зүйчилж, зааж өгөх юм.

Ажлын хэсгийнхэн баяжуулах үйлдвэ­рүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эрх зүйн орчинд үүсч байгаа хүндрэл бэрхшээл, дутагдал доголдлуудтай танилцан, санал дүгнэлттэй уялдуулсан журам боловсруулж байна. Үүнийг мэргэжилтнүүдээр хэлэлцүүлж, дахин нягталсны үндсэн дээр холбогдох байгууллагад өргөн барих байх.
Ярилцлагынхаа төгсгөлд Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн мэндийг үе үеийн уурхайчид, тэдний гэр бүлийнхэнд дэвшүүлж, хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэс баялгийн салбараа хамтран хөгжүүлье гэж уриалъя.

Ярилцсанд баярлалаа.



  • түмэннасан (182.160.36.243)
    монголын уул уурхайн мэргэжлийн боловсролынталаар сэтгэл гарган ажиллажмбайгаа чинзоригтоо ажлын амжилт хүсьеуламжлал шинчлэлийг хослуулах ёстой гэдгийг мөртаж болохгүйөнөөдөр уул уурхай техни кийн хөгжлөөр барууны боловсрол гээд байгаа амери к дэлхийд зуугаас хойгуур явна үйлдьвэр уурхайд аж иллаж үзээгүй багш үйлдвэрт ажиллах инженерт хичээл заау байнаярььж байгаа яриа зааж байаа хичээл нь амььдралаас зөрж байнахэдэн багш нараа цалинжуулаын төлөө сургалтын төлбөрт нол анхаарч байгаа нь сургуулийн буруу биш төр засгаас дээдд мэргэжилтээ боловсон хүчин бэлдэх бодлогогүй болсоны гай хүн бүрт улс орны ждий засгийн хөгжилд гай тарьж ажилгүйчүүдийн армийг өргөжүүлсээр байна
    2018 оны 02 сарын 10 | Хариулах