Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт оны эхэн сард 24%-иар буурав

-2017: ДНБ-ийн өсөлт 5.1%-д хүрэв-

Үндэсний статистикийн хороо 2018 оны нэгдүгээр сарын статистикийн мэдээллийг гаргалаа. Оны эхний сард манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 785 сая ам.доллартай тэнцлээ. Үүнд экспорт 423.8 сая доллар, импорт 361.1 сая ам.долларыг эзэллээ.

 

2018.01 Үнэлгээ (сая ам.доллар)

2018 I/2017 I өсөлт бууралтын үзүүлэлт мөнгөн дүн/ хувь

Нийт бараа эргэлт

785

+79.3 сая ам.$/(+11.2%)

Экспорт

423.8

-4.7 сая ам.$ /(-1.1%)

Импорт

361.1

+84 сая ам.$ /(+30.3%)

 

Гадаад худалдааны тэнцлийн тухайд энэ оны нэгдүгээр сард 62.7 сая долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 88.6 сая доллараар буурсан дүнтэй гарлаа.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт оны эхний сард 351.7 сая доллартай тэнцэж, нийт экспортын 83%-ийг бүрдүүллээ. Гэхдээ эрдсийн экспортын оны эхэн сарын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.7 сая доллараар буурсан бөгөөд энэ нь нүүрсний экспорт багассантай холбоотойг Үндэсний статистикийн хороо тэмдэглэжээ.

Нүүрсний экспортын дүн оны эхэн сард 1.99 сая тоннд хүрч, мөнгөн дүнгээр 138 сая доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс биет жингээр 24.1%, мөнгөн дүн 19.5%-иар тус тус буурсныг илтгэнэ.

Зэсийн баяжмалын тухайд оны эхэн сард 97.4 мянган тонн баяжмал экспортолж, 126.85 сая доллар олсон үр дүнтэй гарлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бууралттай байна. Тодруулбал биет жингээр 27.1%, орлогын дүнгээр 7.4%-иар доошилжээ. Цэвэр зэсийн экспорт тайланд өгүүлсэн хугацаанд биет жингээр 1161 тоннд хүрч, 7.93 сая долларын орлогын үзүүлэлттэй гарсан нь мөнгөн дүнгээр 6%-иар өссөн бол жингээр 4.7%-иар буурчээ. 

Түүхий газрын тосны экспорт оны эхэн сард 555 мянган баррельд хүрсэн нь 6.3%-иар буурсан ч орлогын дүн нь 12.7%-иар өсч 34.56 сая доллар болж дээшиллээ.

Боловсруулаагүй буюу хагас цэвэршүүлсэн алтны экспорт мөн хугацаанд 0.6 тоннд хүрч, мөнгөн дүнгээр 27.2 сая орчим доллартай тэнцсэн нь чамгүй өсөлттэй гарсан байна. Алтны экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет жингээр 33.3%, мөнгөн дүнгээр 49.3%-иар нэмэгджээ.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт оны эхэн сард 11.2 мянган тонн болж, 19.45 сая доллартай тэнцсэн нь жингээр 28.9%, орлогоор даруй 60.8%-ийн өсөлтийг харууллаа.

Төмрийн хүдрийн экспорт мөн хугацаанд жин, мөнгөн дүнгийн аль алиных нь тухайд өсөлттэй гарлаа. Биет жин 436.7 мянган тоннд хүрч, орлогын дүн 17.6 сая доллартай тэнцсэн нь жингээр 68.1%, мөнгөн дүнгээр 16.1%-иар өссөн дүнг харууллаа.

Жоншны хүдэр, баяжмалын экспорт 29.1 мянган тоннд хүрч, үнийн дүнгээр 9.26 сая орчим ам.доллартай тэнцсэн нь орлогын дүн 2.1 дахин, биет жин 53.1%-иар дээшилсэн байна.

Молибденийн баяжмалын экспорт 0.5 мянган тоннд хүрч 2.85 сая долларын орлого олсон нь жингийн хувьд 16.3%, орлогын хувьд 51.4%-иар өссөн байна.

Хар тугалгын хүдэр, баяжмалын экспорт оны эхэн сард жингээр 619.1 тонн, орлого 1.59 сая доллартай тэнцэж өмнөх оны мөн үеийнхээс 56.5%, орлогоор 51.5%-иар тус тус буурчээ.

Гянтболдын хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 26 тоннд хүрч, орлогын дүн нь 353 мянган доллартай гарсан байна.

Үндэсний статистикийн хорооны тайланд 2017 оны улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг урьдчилсан дүнгээр 5.1%-тай гарсан гэж мэдээлжээ.

 

Б.Төгс