Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-10

The Mongolian Mining Journal 10 нас хүрлээ




Н.Ариунтуяа

MMJ сэтгүүл арав дахь жилдээ хэвлэгдэн гарч байгааг дуулгахдаа таатай байна. Монгол орны хөгжлийн нэн сонирхолтой үе, хамгийн их өөрчлөлт хувирлын 10 жил юм. “Хэн нэгнээс хараат бус, эзэн санхүүжүүлэгчгүй, гагцхүү мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажиллана” гэж тэртээх арван жилийн өмнө танилцуулж байсан чиг шугамаа өдгөө ч алдахгүйг сэтгүүлийн хамт олон эрмэлзэж явна. Тэр тэмүүллээр эх орны эрдэс баялгийн салбар түүхээ зузаалсан 10 жилийг уншигчидтайгаа хамт туулжээ. Дуулиан шуугианы ард хоцордог ажил хэрэгч мэдээллүүд ч сэтгүүлийн хуудсанд өнгө будаггүй яг л байснаараа үлдсэн байна.

2008 он MMJ-ийн хуудаснаа

УИХ-ын сонгууль болж, түүний дараа шинэ Засгийн газар эмхлэгдэн, Намрын чуулган нээгдэж, залгуулаад шинэ оны төсөв хэлэлцсэн, нэгдсэн төсөв зэсийн үнээс болоод хэдэнтээ задарсан арваннэгдүгээр сарын ажил хэрэгч өдрүүдэд MMJ анхны дугаараа уншигчдынхаа алган дээр тавьжээ. Сэтгүүлийн хуудаснаа 2008 он хэрхэн бичигдэж үлдэж вэ? Арван жилийн өмнөх хуудсыг сөхье. Тэртээх өдрүүдэд эргэн зочилно уу.   

2008 оны топ сэдэв уул уурхай байжээ. Тэр дундаа Оюутолгой, Тавантолгой, уран, төмөр зам гэсэн сэдвүүд хамгийн олон удаа давтан хөндөгджээ.

Оюутолгой ба Тавантолгой

Дэлхийн тэргүүлэх эдийн засгууд хямарч, эрдэс түүхий эдийн үнэ ханш огцом унасан 2008 оны санхүүгийн хямрал Монголыг тойроогүй. Манайх зэсээс хамаарсан эдийн засагтай байсан үе. Эрдсийн экспортод нүүрс, төмрийн хүдэр сураггүй байлаа. 2008 оны долдугаар сард тонн нь 9000 ам.долларт дөхсөн зэсийн үнэ тасралтгүй уруудсаар оны эцэст 2820 ам.доллар болж шалдаа буув.

Хямралын өмнө сандарсан монголчууд орд газруудаа хөрөнгө оруулагчдад даруй эзэмшүүлье гэж адган, дагаад Монголын талын хувь эзэмшил 51 байх уу, эсвэл 34 үү гэсэн алдарт маргаанаа эхлүүлжээ. Өдгөө ч маргаж дуусаагүй сэдэв хэвээр. Хямрал гүнзгийрч эхлэх үед хөрөнгө оруулагчдыг хардах бус ойлгох хандлага цухалзаж эхэллээ гэж MMJ бичжээ. Гадны улс орнууд ч Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах ажил хэргийн саналыг тавьж эхэлж байж.
 
Орд газруудаа хөрөнгө оруулагчдад санал болгохын тулд жилийн өмнө баталсан Ашигт малтмалын хуульдаа өөрчлөлт оруулан, өөрчлөлтийн ерөнхий зохицуулалт дор Оюутолгой, Тавантолгой орд дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээрийн ширээний ард сууна гэж байсан үе тул төслүүдийг улс даяараа анхаарсан үе юм.

Энэ бүх үйл явцыг харуулсан “PPP” нийтлэлийг “MMJ-ийн архиваас” буланд эргэн толилуулж байна. Арван жилийн дараа юу өөрчлөгдсөнийг, өнөө л ярьдаг асуудлаа давтан ярьсаар байгааг, бодлогын ямар ч шийдэлд хүрээгүйг, зөрүүтэй байр суурь улам гүнзгийрснийг, хий цэцэрхсээр бүтээж босгосон нь ямар багыг, хоосон маргааны үр дүнд өдгөө Оюутолгойгоос өөр хөдөлсөн төсөлгүй шахам ярьсаар, маргасаар суугааг энэ нийтлэл эргэн сануулах биз ээ.  

Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ямар хувилбар баримтлах вэ? Монголын талын эзэмшлийн 34 ба 51 хувьд төр давамгайлсан байдлаар оролцох нөхцөлд төслүүдийг санхүүжүүлэх газар олдох уу? Монголын тал эзэмших хувиа хэрхэн санхүүжүүлэх вэ? Хувь эзэмших нь ямар эрсдэл авчрах вэ? Хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөр 300 сая ам.долларыг дэлхийн эдийн засаг хямарсан үед урьдчилж өгөх хөрөнгө оруулагч гарах уу? Ирээдүйгээсээ зээлж авах энэ мөнгөөрөө эх орны хишиг тараах нь зөв үү?

MMJ-ийн асуултууд. Асуулт болгоны эргэн тойронд төрөл бүрийн байр сууриуд нийтлэгджээ. Тэр дундаа төр хувь эзэмшиж, бизнесийн эрсдэлийг өөртөө үүрэх хэрэггүйг дийлэнх нь сануулж байж. Бас гурав дахь хөршийн асуудалд онцгой анхаарал хандуулан, дэлхийн хүчирхэг гүрнүүдийн бодит ашиг сонирхлыг Монголд бий болгох үүднээс хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй татах санааг олонтаа цухуйлгасан байлаа...

Дипломатч Ц.Гомбосүрэн, нийтлэлч Баабар, Ерөнхий сайд асан Д.Содном, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, “Монгол нүүрс” ассоциацийн захирал Т.Наран, эдийн засагч Ч.Хашчулуун, Ж.Үнэнбат, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, сайд асан Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүх, Х.Баттулга, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, С.Оюун нарын улстөрчдийн хэлж байсан байр суурь цагаан дээр хараар тодоос тод дурайн байна. Түүн дотор өнөө ч үнэ цэнтэй ишлэлүүд цөөнгүй. Тэдгээрээс онцолж заримыг харуулъя.




Тавантолгой ба төмөр зам

С.Баярын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан амлалтуудын бараг 1/3 нь уул уурхайн салбарт хэрэгжүүлэх ажлууд байв. Түүн дунд “Тавантолгой, Оюутолгой, Төмөртэй болон бусад стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглаж эхэлнэ” гэсэн нь сүүлийн 10 жилд зургаан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “улиран сууж”, өнөөг хүртэл гүйцэд ажил хэрэг болж чадаагүй алдарт заалт юм.   
 
С.Баярын Засгийн газар 2008 онд Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авч, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Тэр мөчөөс эхлэн улс орнууд Тавантолгойн ашиглалтад оролцох хүсэлтэй том компаниудынхаа ашиг сонирхлыг Монголын төр, засагт уламжилж эхлэв. Нүүрс олборлолтоор дэлхийд тэргүүлж асан “Пибоди энержи” компани Тавантолгойн тендерт оролцох хүсэлтээ хамгийн  анх нээлттэй илэрхийлээд зог­соо- гүй дэд бүтцийн ажлууддаа Америкийн нэр хүндтэй компаниудыг татан оролцуулаарай гэж манай талаас хүсчээ. Араас нь хоёр хөрш Орос, Хятадын компаниуд өрсөлдөх нь тодорхой болсны сацуу солонгосчууд Тавантолгойн төсөлд оролцох хүсэлтээ тавьж, консорциумынхаа бүтцийг бэлтгэсэн байна. “Тэр бүү хэл Тавантолгойн нүүрсийг зөөвөрлөх шинэ маршрут санал болгосон нь Тавантолгойгоос Чойбалсан хүртэл төмөр замаар тээвэрлэх өртөг зардал хамгийн ихтэй хувилбарыг БНСУ-ын тал оросуудтай хамтран хэрэгжүүлэх тохироо хийсэн. Улмаар Чойбалсангаас ОХУ-ын Соловьевск өртөөг дамжуулан Сибирийн төмөр замаар зөөх агаад Ванино боомтоос цааш солонгосчууд үнэт баялгийг тосон авах гэнэ. Оросууд Тавантолгойг Транс Монголын төмөр замтай яаж ийгээд холбочих санаатай байдаг бол хятадууд Тавантолгой төдийгүй Оюутолгойг хамтад нь шугамдаад, Гашуунсухайтаар дайруулан, улмаар Бугат хүртэл төмөр замын шинэ шугам тавихаар бэлтгэж байгаа” гэж MMJ өгүүлжээ.

Монголчууд Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээрээ тохиролцож чадаагүй, Хөрөнгө оруулалтын гэрээ тойрон маргаж байх үед өмнийн говьд өрнөх дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй гадаадын компаниуд бэлтгэл ажлаа ийн эхлээд байж.   

2008 оны арваннэгдүгээр сард нээгдсэн “Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга дээр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын уул уурхайн мэргэжилтэн Грэм Хэнкок дэд бүтцээ оновчтой бүрдүүлэх ямар боломж монголчуудад байгааг танилцуулав.

Монгол улсын Засгийн газраас Дэлхийн банкинд хандан уул уурхайн салбарын дэд бүтцийн асуудлаар зөвлөмж гаргах санал тавьсан ба ноён Г.Хэнкок дэд бүтцийн асуудлаар монголчууд хоорондоо санал нэлээд зөрүүтэй байгааг онцлоод, аль болох ойлголцох зөв шийдлийг олохыг зөвлөж байж. Усыг оруулахгүйгээр зөвхөн төмөр болон авто зам, эрчим хүчний бүтээн байгуулалтад нийтдээ 4 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгцээтэй гэсэн тооцоог Г.Хэнкок “Дисковер Монголиа”-ын индрээс танилцуулсныг MMJ арванхоёрдугаар сарын дугаартаа эшилжээ. 

Тэдгээрээс уул уурхайн төмөр зам буюу Тавантолгойгоос төмөр зам татах маршрутын урьдчилсан судалгааг Дэлхийн банкны зөвлөх Ричард Баллок хийв. Судлаач Баллок, Тавантолгой төдийгүй Оюутолгойн ордыг дайрсан төмөр замын шугамын дөрвөн хувилбарыг санал болгосон байна. Тавантолгой-Оюутолгой-Гашуунсухайтын төмөр замын маршрут харьцангуй хямд төсөр төдийгүй бодит боломжтой гэсэн бол  Тавантолгойгоос хойд чиглэлд Мандалговь хүртэл төмөр зам татах маршрут хамгийн өртөг зардал ихтэй нь гэж тэмдэглэжээ. “Аль ч маршрутыг сонгосон Монголын Засгийн газар төмөр зам байгуулах санхүүжилтийг дангаар хариуцаж чадахгүй. Хувийн хэвшилтэйгээ хамтрах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хоршихоос аргагүй. Ухаахудагаас Гашуунсухайтын чиглэлд “Энержи ресурс” компани өөрийн хөрөнгөөр төмөр зам тавихаар болж байгаа нь ийм хамтын ажиллагааны эхлэл болох юм.”

Монголын коксжих нүүрсний хамгийн том орд Тавантолгойгоос Гашуусухайт маршрутаар өмнөд хөршийг чиглэн экспортын төмөр зам тавих шийдвэр 2008 онд гарсныг анхны дугаарт ингэж тэмдэглэжээ. Гэвч төмөр замын ач холбогдол улс төрийн маргаанд нам цохигдсон тул Тавантолгойгоос авто замаар 9 дэх жилдээ нүүрсээ гэлдрүүлэн байгаа билээ. Энэ завсар төмөр зам барихаар эхлүүлээд орхисон далан, суурь бүтцийн ажил ямар ч арчилгаа хамгаалалтгүйгээр говийн хатуу ширүүн цаг агаар, салхи шуурганд элэгдэж эмтэрсээр дуусч байх шиг байна.

2008 онд Тавантолгойн ашиглалт сөхөгдөх үед нүүрсний тээврийг зөвхөн төмөр замаар л хийх ёстой гэсэн ойлголт, итгэл үнэмшил нийгэм даяар байсныг өнөө эргэн уншихад хоржоонтой. 10 жилийн дараа Тавантолгойн нүүрсийг машинаар зөөж байна гэж хэн нэгэн хэлсэн бол шоолон инээлдэж, ухаангүй тэнэгээр нь дуудахаар тийм өөдрөг төсөөлөлтэй байж, бид. Бас бөмбөрцгийн найман их гүрний 15 том компани хамтарч ашиглая гэж гуйн, элдэв амлалтаар булж байсан Тавантолгойг маань сонирхох улс үгүй болно гэж төсөөлөхөөргүй байлаа. Хөөрхий Ерөнхий сайд маань өмнөд хөршийнд очоод, Тавантолгойгоо эрчимжүүлмээр байна гэж хэлсэнд Хятадын дарга “Би 10 жилийн өмнө БНХАУ-ын дэд дарга байхдаа Монгол улсад айлчлахад Тавантолгойг хөгжүүлье гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр 10 жилийн дараа Монгол улсын Ерөнхий сайд ирээд, дахиад Тавантолгойг ярьж байна. Та бүхэн Тавантолгойн асуудлаар бидэнтэй хамтарч ажиллана, ажиллахгүй гэдгээ шуудхан хэл” гэж зандрах нь холгүй юм болно гэдэг зүүдэнд ч оромгүй явдал байлаа.  

Уран

2008 онд Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа нь худалдаалагдаж байгаа 20 орчим компани Монгол улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байжээ. Тэдний хувьцааны үнэ ханш, өсөлт бууралтын тоймыг MMJ анхны дугаарууддаа нийтэлсэн байна. Areva, Denison Mines, Khan Resources, Western Prospector, Solomon Resources, East Asia Minerals, Polo Resources, Red Hill Energy, Mega Uranium. Дандаа ураны компаниуд байгааг анзаарав уу. Өнөө хорийн бараг тэн хагас нь.

Монголын ураны нөөц бүрэн тогтоогдвол дэлхийд эхний байранд жагсах тухай мэдээлэл уул уурхайн хөрөнгө оруулагчдын чихийг дэлдийлгэсэн үе. 2008 оны есдүгээр сард Улаанбаатарт Гадаад хэргийн сайд (Г.Занданшатар)-ын ивээл дор ураны судалгааны олон улсын хурал зохион байгуулагдсаны дараа уран анхаарлын төвд орж иржээ. Дараахан нь Япон улсаас Эдийн засаг, үйлдвэрийн яамны дэд сайд ирж, манай Ерөнхий сайдтай уулзан, ураны салбарт япончууд хамтран ажиллах хүсэлтэй байгааг түс тас мэдэгдсэн байна.    
  
Монголын өмнөдөд ураны хайгуул, үйлдвэрлэлийн ажил эрчимжиж, Монгол улс дахь ураны хайгуулын хөрөнгө оруулалт эрс нэмэгдээд байлаа. Түрүүч нь уран олборлох үйлдвэрлэлээ барихад бэлэн, 2012 оноос ураны үйлдвэрлэлээ эхэлж, 2013 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж төсөөлж байсан ураны компаниуд Монголын Засгийн газрын зөвшөөрлийг хүлээж байжээ.

Түүнээс хойш үйл явц хэрхэн өрнөснийг Уншигч та мэднэ. “Хан ресорсис” Монголын Засгийн газрын хооронд хэдэн он дамжсан маргаан үүсч, Фүкүшимагийн осол араас нь нэрмэсний дараа ураны компаниудын өөдрөг төсөөлөл хэдийнэ унтарсан. Барууны хөрөнгө оруулагчдын тэвчээр алдран ордуудаа зарж, Монголоос гарсан бол Арева л ганцаар шахам шийр заан тунаж үлджээ. Улстөрчид уран гэдэг үгээс жийрхэн, ураны цөөн хэдэн төслүүд ч чимээ аниргүй байхыг эрхэмлэх болжээ.
 
2008 онд Монголын эдийн засаг ямар нөхцөл байдалтай байсныг, уул уурхайн салбарт үйл явц хэрхэн өрнөснийг, нийгэмд ямархуу байр суурь, уур амьсгал давамгайлж байсныг анхны дугааруудаа эргэн сөхөж эшиллээ. Өнөөдрөөс эргэн харвал алдаанаасаа сургамж авдаггүй, ой санамжгүй мэт ажилладаг, унаж туссан, эргэж буцан будилсан жишээнүүд үй олон байна. Эрдэс баялгийн салбарын хөгжлийн талаарх түмэн янзын асуулт, бодол санаанууд манай хуудсанд үлджээ. Арван жилийн өмнөх асуудал бэрхшээл бүхэнтэйгээ одоо ахиад бид цаашаа алхаж байна.