Гэрэл зургийг Б.Рэнцэндорж
Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол улсад хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төслөөс Мэдлэгийн төвийн цахим платформ нээж байна. Энэхүү цахим хуудсыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Арга хэмжээг нээж Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал хатагтай Илариа Дали хэлсэн үгэндээ “Бичил уурхайн Мэдлэгийн төвийн цахим платформтой болсноор Монгол улс дахь бичил уурхайчдад холбогдох зөв зохистой мэдээлэл, мэдлэгийг хүртээмжтэй түгээж, шилдэг арга туршлагуудаа харилцан солилцож, хуваалцах зорилготой. Эргээд бичил уурхайчид хэрэгцээтэй хариу мэдээллийг УУХҮЯ болон Улаанбаатар хот дахь бусад агентлагуудад илгээж байх боломжтой. Мэдээж, энэхүү цахим платформ нь Монгол улсын бичил уурхайн үйл ажиллагаанд хуримтлуулсан шилдэг туршлагыг олон улсад таниулж, гадаад орнуудын олж авсан сургамжтай мэдлэгийг түгээх учиртай”-г онцолсон юм.
Монгол улсад 13 дахь жилдээ
хэрэгжиж байгаа Тогтвортой бичил уурхай төсөл нь 2019 онд дуусгавар болж буй
билээ. Төслийн 2015 онд эхэлсэн 4 дэх үе шатны ажлын нэг болох Мэдлэгийн төвийн
цахим платформыг хөгжүүлэх үүргийг цаашид УУХҮЯ хүлээн авч байна. Энэ дагуу
Мэдлэгийн төвийн цахим платформыг хүлээн авч, хөгжүүлэх хамтын ажиллагааны
баримт бичигт Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Илариа Дали, Уул
уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нар
гарын үсэг зурлаа.
Мэдлэгийн төвийн www.asmhub.mn цахим хуудаст Монгол улсын бичил уурхайн хөгжлийн бүхий л шатны мэдээллийг багтаахыг зорьжээ. Тус цахим хуудсанд 21 аймгийн бичил уурхайчдын статистик үзүүлэлтийг интерактив хэлбэрээр хөгжүүлсэн байна. Мөн усан жингийн аргачлалаар алтны сорьцыг тогтоон тухайн өдрийн валютын ханшаар Монголбанкинд худалдах үнийг тооцох тооцоолуур суурилуулжээ. Энэхүү вэб сайтыг гар утасны апликейшнаар дамжуулан ашиглах боломжтой юм.
Тогтвортой бичил уурхай төслийн Мэдлэгийн төвийн цахим платформыг “Датаком” компани хөгжүүлсэн байна.
Э.Од