Э.Од
ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын Тэргүүн ноён Йонас Моберг хоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажилласан юм. Тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгч А.Баттулгад бараалхсан бөгөөд оффшортой холбоотой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Ноён Йонас Мобергээс ОҮИТБС-ын Монгол дахь хэрэгжилтийн талаар MMJ тодрууллаа.
ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын ажлын зорилт чиглэлийг танилцуулна уу?
Олон улсын нарийн бичгийн дарга нарын газар нь ОҮИТБС-ын стандартыг баримтлан 51 оронд хүрч ажиллах үндсэн үүрэгтэй. Санаачилгын гол бүтээгдэхүүн бол тайлан байдаг. Энэхүү тайланг гаргахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч 51 оронд зөвлөмж өгдөг.
Санаачилгын зорилтыг Та хэрхэн тодорхойлох вэ?
ОҮИТБС-ын үндсэн зорилго нь хамгийн түрүүнд авлигыг бууруулах, дараа нь хариуцлагыг нэмэгдүүлэх, гуравт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах юм. Үүний тулд олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад нийгмийн “тусгай зөвшөөрөл” олж авахад шаардлагатай орчин бүрдүүлэх замаар энэ гурван зорилт хангагдана гэж үздэг. Тиймээс энэ чиглэлд мэдээллийг ил тод болгодог. Олборлох үйлдвэрлэлийн салбарыг хэрхэн засаглах тухай мэдээллийг ил тод болгож байгаа юм. Ингэснээр талуудын итгэлцлийг бий болгож, сайжруулдаг. Иргэдийн зүгээс илүү их мэдээллийг хүсч шаарддаг. Энэ нь хариулт олдоогүй олон асуулт байна гэсэн үг. Тиймээс хамгийн бодит мэдээллээр хангахын тулд тайлангийн хэрэгжилтийг сайжруулдаг.
Монгол улс 2006 оноос ОҮИТБС-д нэгдэн хэрэгжүүлж байна. Монгол улс дахь санаачилгын хэрэгжилтийг Та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
Маш сайн ахиц дэвшил гарсан гэж үзэж байна. Хэрэгцээ муутай, “үхмэл” тайлан гаргаж байсан нь улам багасч байна. Гэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг ил тод болгох зэрэг асуудлууд байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Сүүлийн 2016 оны тайланд 40 гаруй компанийн жинхэнэ ашиг хүртэгч эздийг нэрлэж гаргаж ирсэн. Компаниудын цаана байгаа ашиг хүртэгч жинхэнэ эздийг мэдэж авна гэдэг нь чухал дэвшил юм.
Та айлчлалын хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчид бараалхсан. Уулзалтаар ямар асуудлыг хөндсөн бэ?
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, офшшор данстай холбоотой асуудлаар санал солилцлоо. Энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бидний ажил, хичээл зүтгэлийг үнэлж байгаагаа дурдсан. Монгол улс оффшортой холбоотой асуудлыг ил болгож, тэнд байгаа хөрөнгийг оруулж ирэхийн тулд олборлох үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ашиг хүртэгч эздийг ил тод болгох хэрэгтэй гэсэн байр сууриа би илэрхийлсэн.
The Mongolian Mining Journal сэтгүүлийн 2018.002 /111/ дугаарт уул уурхайн 47 компанийн ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээлэл нийтлэгдлээ.