2017 оны дүнгээр олон улсын хэмжээнд өнгөт металын геологи хайгуулд нийт 8.4 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Өмнөх оны хайгуулын 7.3 тэрбум ам.долларын зардалтай харьцуулахад энэ нь 15%-иар өссөн дүн юм. Энэ тухай “S&P Global market intelligence”-ийн тайланд дурджээ. Уг тайлангаар, 2018 онд геологи хайгуулын зардал 20%-иар өсөх төлөвтэй байна.
Өнгөт болоод ховор металын геологи хайгуул дахь хөрөнгө оруулалтын сүүлийн дөрвөн жилийн бууралттай үзүүлэлт 2017 оны хоёрдугаар хагасаас өсч, тогтвортой үргэлжилж буйг “S&P Global market intelligence”-ийн орлогч захирал Марк Фергюссон онцолжээ. Геологи хайгуулд зарцуулах хөрөнгө нэмэгдэж байгааг дэлхийн зах зээл дэх эрдсийн үнэ ханш өссөнтэй холбон тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн онд хайгуулын компаниудын тоо 2016 оныхоос 3%-иар буурч, 1535 хүрчээ.
Марк Фергюссоны тэмдэглэснээр, жилийн 1 тэрбум ам.доллараас дээш орлоготой томоохон компаниудын хувьд геологи хайгуулын зардлаа бууруулжээ. Энэ нь эрсдэл өндөртэй төслүүдээс болгоомжилсон хэвээр байгааг харуулж байна гэв. Өнгөрсөн оны хайгуулын ихэнх хөрөнгө алтны шинэ ордуудын хайгуулд зарцуулагдсан байна. Оны хоёрдугаар хагасаас өнгөт металын хайгуулын хөрөнгө оруулалт өсчээ. Тэр дундаа лити, кобальтын хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгдсэн аж.
Э.Од