Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

“Mongolia Mining 2018” үзэсгэлэнд Канадын компаниуд өргөнөөр оролцоно

Дэлхийн уул уурхайн шинэ цагийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг монголчууддаа ойртуулан, эх орноосоо худалдан авах нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон арга хэмжээ бол “Mongolia Mining” үзэсгэлэн билээ. “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриан дор зохион байгуулагддаг ханган нийлүүлэгчдийн хамгийн том цугларалт болсон тус үзэсгэлэн тус үзэсгэлэн энэ жил уламжлал ёсоор дөрөвдүгээр сард 04-06-ны өдрүүдэд Буянт-Ухаа цогцолборт зохиогдох гэж байна.

Эх орны уул уурхайн салбарт дэлхийн хэмжээний Оюутолгой төсөл хөдөлж, түүнийг даган ханган нийлүүлэлтийн компаниуд олноор мэндэлж, гадны компаниуд ч Монгол хэмээх шинэ зах зээл рүү хошуурч эхэлсэн 2011 онд “Mongolia Mining” үзэсгэлэн анх нээгдсэн юм. Монголын уул уурхайн өсөлт, бууралтын мөчлөгийн аль алийг нь туулсан өнгөрсөн найман жилийн хугацаанд тасралтгүй зохиогдохдоо оролцогч орнууд, компаниудын тоо жилээс жилд өсч ирсэн нь “Mongolia Mining” үзэсгэлэнгийн чансаа, цар хүрээг илтгэнэ.

Олон улсын хэмжээний “Mongolia Mining 2018” үзэсгэлэнг угтуулан Ерөнхий зохион байгуулагч “Майнекс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцсан юм.

2018 оны дэлхийн уул уурхайн хуанли дээр Монгол дахь арга хэмжээнээс “Mongolia Mining” үзэсгэлэнгийн тов мэдээлэгдсэн байсан?

Олон улсын чанартай арга хэмжээний товыг дор хаяж жилийн өмнө нийтэд мэдээлдэг нь нийтлэг жишиг юм. Зохион байгуулагчдын хувьд уул уурхайн салбарт чухал арга хэмжээ зохион байгуулдгийн хувьд гадаад дотоодын үзэсгэлэн гаргагчдыг жилийн маркетингийн төлөвлөгөөндөө оруулж, ажлаа эртнээс зохион байгуулах боломж олгох ёстой. Нөгөө талаас үзэсгэлэн маань сүүлийн найман жилийн турш тасралтгүй тогтсон хугацаанд зохион байгуулагдаж ирсэн тул оролцогч компаниуд ч дараа жилийн үзэсгэлэнд эртнээс төлөвлөж бэлтгэн оролцож сурсан.

Үзэсгэлэнгийн арга хэмжээний энэ жилийн онцлох сэдэв юу байх бол? Уул уурхайн ямар компаниуд илтгэл тавих нь сонирхол татаж байна?

Сүүлийн жилүүдэд зохион байгуулагчдын зүгээс техникийн үзэсгэлэнгээс гадна уул уурхайн салбарын тодорхой сэдвүүдээр бодлогын хэлэлцүүлэг семинарууд явуулж ирлээ. 2017 онд эрдэс баялгийн үнийн өсөлтийг дагаад уул уурхайн салбар дэлхий дахинд өсөлттэй жил байлаа. Монгол улсын олборлон гаргадаг эрдэс баялгууд түүний дотор зэс, цайр зэрэг өнгөт металын үнэ өссөнийг дагаад экспортын орлого ч нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж эхэллээ. Цаашид ч өсөх хандлагатай байна.

“Mongolia Mining 2018” үзэсгэлэнгийн үеэр хийгдэх бодлогын хэлэлцүүлэг энэ жил өнгөт металыг онцолно. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зориулан өнгөт металын чиглэлээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, УУХҮЯ болон АМГТГ-аас өнгөт металын орд газар, нөөцийн мэдээллийг танилцуулахаар төлөвлөж байна. Мөн сэдвийн хүрээнд “Оюутолгой”, “Эрдэнэт” компаниуд илтгэл тавина.   

Үзэсгэлэнд оролцох компаниудын тоо нэмэгдсэн үү? Шинээр ямар орнуудаас оролцох вэ?

Өнөө жил гадаадын компаниудын тоо нэлээд нэмэгдэж байгаа. Үзэсгэлэнд тогтмол оролцож ирсэн хуучин түнш орнууд БНХАУ, ОХУ, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Өмнөд Солонгос, Францын компаниуд идэвхтэй оролцоно. Мөн Канад улсаас өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцох гэж байна. Монгол улсад суугаа Канадын Элчин сайдын яамны оролцоо дэмжлэгийн үр дүнд тус улсаас 10 орчим аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцоно. Мөн шинээр Финланд, Англи, Итали, Украйн улсаас ханган нийлүүлэлтийн компаниуд сүүлийн үеийн техник технологийг танилцуулна. Үзэсгэлэнд 18 орны 130 орчим компани оролцох нь тодорхой болоод байна. Үзэсгэлэнгийн байр талбайн багтаамжаас шалтгаалан оролцох компанийн тоог үүнээс илүү нэмэх боломжгүй байгаа. Гурван сарын өмнөөс үзэсгэлэнгийн талбай зарагдаж дууссан. Энэ нь манай уул уурхайн салбар идэвхжиж, сэргэж байгаагийн нэг илэрхийлэл юм.

“Mongolia Mining 2018” арга хэмжээний ивээн тэтгэгч компаниудыг танилцуулахгүй юу?

Энэ жил хуучин түншүүд маань ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Ерөнхий ивээн тэтгэгч маань “Комацу” брэндийн монгол дахь төлөөлөгч “Трансвест Монголиа” компани. Түүнчлэн Алтан ивээн тэтгэгчдээр “Хера Экуйпмент” ХХК болон Их Британийн Олон Улсын Худалдааны яам, Хүлээн авалтын ивээн тэтгэгчээр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” мөн “Хайторк Монгол” компаниуд ажиллаж байна  

Өнгөрсөн оноос үзэсгэлэн, хэлэлцүүлэг семинарын зэрэгцээ хөрөнгө оруулагчид, харилцагчдын хооронд амьд харилцаа холбоо тогтоох зорилго бүхий арга хэмжээг шинээр зохион байгуулсан шүү дээ. Энэ жил үргэлжлэх үү?

“Mongolia Mining” үзэсгэлэн нь уул уурхайн бас ханган нийлүүлэгч, Монголын уул уурхайн салбар ба олон улсын бизнес эрхлэгч, төр ба хувшлийг хооронд нь холбох гүүр ямагт байсаар ирсэн. Үзэсгэлэнд оролцогч талуудыг хооронд нь холбох, сүлжээ үүсгэх төрөл бүрийн арга хэмжээ явуулж байна. Бид харилцагч, оролцогчдоо хөрөнгө оруулагчид, салбарын бодлого тодорхойлогчидтой танилцуулах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. “Mongolia Mining 2018” арга хэмжээндээ салбарын бодлого тодорхойлогч, төрийн байгууллагын удирдлагуудыг салбарынхантайгаа мэдээлэл солилцож, нээлттэй хамтран ажиллах боломж үүсгэхийн тулд аль болох идэвхтэй оролцохыг урьж байна.

Цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа.

Э.Жаргал