Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой”-д 1100 гаруй компани ханган нийлүүлж байна

Монголын уул уурхайн хамгийн том төслийг хэрэгжүүлэгч Оюутолгой компаниас шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулах “Эрдэнийн говь 2017” ёслолын ажиллагаа УДБЭТ-т зохион байгуулагдлаа. Долоо дахь удаагийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг нээн Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон Уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Тим Экэрсли нар үг хэлсэн юм.

2017 онд “Оюутолгой” компани нь өдөр тутам 2.7 сая ам.доллар зарцуулжээ. Аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр 200 мянган цагт 0.27%-ийн дундаж аюул осолгүй дүнтэй ажилласнаар “Рио Тинто” группын дэлхий даяарх бусад ижил төстэй уурхайнуудаас тэргүүн зэргийн дээд амжилтыг үзүүлсэн байна. 2016-2017 онд Оюутолгойн гүний уурхайд нийт 8 км тэнцэхүйц нэвтрэлт, хөндлөн малталт хийгдсэн аж. Өнгөрсөн онд II босоо амны малталтыг хийж дуусчээ. Үүний зэрэгцээ газрын гүнд олборлолт, уурхайн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардагдах Гүний усны зайлуулах систем, Техникийн засварын төв, Тэсрэх бодисын агуулах, Түлш түгээх систем зэрэг байгууламжуудыг байгуулсан байна. Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “2010-2013 онд төслийн барилга бүтээн байгуулалтад гадаадын компаниудаар гүйцэтгүүлж байсан бол гүний уурхайн бүтээн байгуулалтын эдгээр бүх ажлуудыг Монголын үндэсний компаниуд, мэргэжилтнүүд гүйцэтгэж буйг онцолъё. Ингэснээр Монголдоо дэлхийн жишигт хүрэхүйц чадавхтай, тэр дундаа уул уурхай, далд уурхайг барьж байгуулах чадвартай үндэсний компаниуд бий болгоход Оюутолгой компани анхааран ажиллаж байгаан илрэл” хэмээн онцолж байлаа.

Худалдан авалтын тухайд 2015 он хүртэл Оюутолгойн үйлдвэрлэлийн материал, түүхий эдийг хилийн чанадаас бараг 100% худалдан авдаг байсан. Тэгвэл өнөөдөр тээрмийн ган бөмбөлгийн 50%-ийг Монгол улсаасаа худалдан авч, үүнд жилд тутам 18 сая ам.долларыг үндэсний компаниудад зарцуулж байна. Мөн шохойн чулууг 70%-ийг дотоодоос хангаж жилд 4-5 сая ам.долларын худалдан авалт хийж байгаа юм. Цемент 100% Монголоосоо авдаг болж зөвхөн 2017 онд 51 мянган тонн цемент үндэсний компаниудаас гүний уурхайн бүтээн байгуулалтад нийлүүлжээ. Цаашид ч барилга үйлдвэрлэлийн бараа материал, түүхий эдийг дотоодын үйлдвэрлэлээр хангахдаа Оюутолгой компани “Made in Mongolia” бодлогыг барьж ажиллах зорьж байна. Уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Тим Экэрсли “Оюутолгойн компани Монгол улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж буй гэж харж байна. Өнөөгийн байдлаар нийт 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа нь үүний нэг илрэл болов уу. Компанийн худалдан авалтын дүн түүхэн дээд үзүүлэлтэд хүрч дотоодын компаниудаас 335 сая ам.доллар, зөвхөн Өмнөговь аймгийн аж ахуйн нэгжүүдээс 91 сая ам. долларын худалдан авалт хийлээ. Өдгөө Оюутолгой компанитай хамтран ажиллаж буй ханган нийлүүлэлтийн 1100 гаруй компаниас 700 нь үндэсний үйлдвэрлэгч, 150 орон нутгийн аж ажуйн нэгж юм. Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих 6 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгө оруулалтын төслүүд 2017 онд Өмнөговь аймагт хэрэгжлээ” гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Энэ удаагийн “Эрдэнийн говь” ёслолын арга хэмжээгээр “Оюутолгой” компанийн 2017 оны ханган нийлүүлэгч компаниудыг 6 төрөлд шилдгүүдийг тодрууллаа.

•         Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч -“Ханбогд тээвэр ложистик” компани
•         Шилдэг Үндэсний ханган нийлүүлэгч-“Мехлопат” компани      Шилдэг хүргэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч-“Галба өртөө” компани
•         Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгч-“Энержи интернэшнл” компани
•         Гүний уурхайн төслийн шилдэг ханган нийлүүлэгч-“Даян контракт майнинг” компани
•         Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч буюу Гран при-“Ора метал” компани

Э.Од