Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) ээлжит уулзалт өнөөдөр Монгол улсын Татварын хуулийн өөрчлөлтийн асуудалд төвлөрлөө. Уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож, татвартай холбоотой хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Хайгуулын болон олборлолтын компаниуд газрын эрх болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг борлуулах тохиолдолд борлуулалтын орлогоос 30%-ийн татвар төлөх хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн арваннэгдүгээр сард 2018 оны Төсвийн тухай хуулийн хамтаар баталсан билээ.
Одоо хэлцэгдэж буй Татварын тухай хуулийн өөрчлөлтөөр уг татварын хувь хэмжээг борлуулалтын орлогын 30% байгааг ашгийн 10% болгон багасгахаар төлөвлөж байгаа юм. Хайгуулын компаниуд болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд дээрх хуулийн өөрчлөлт хөрөнгө босгоход ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар зарим төлөөлөл санал бодлоо илэрхийлж байлаа. Тухайлбал “Занаду Майнз” компанийн төлөөлөл хөрөнгийн биржүүд дээр Монголд үйл ажиллагаа явуулдаг хайгуулын компаниудын хувьцаа сүүлийн 52 долоо хоногт хамгийн доод түвшиндээ арилжаалагдаж буйг мэдэгдлээ.
Сангийн сайд, энэхүү заалт нь Монгол улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөөтэй гэж тайлбарлалаа. Учир нь Европын холбооноос татваргүй эсвэл татварын хэт хөнгөлөлттэй байх явдлыг арилгахыг зөвлөмж болгож байгаа ажээ. Нөгөөтэйгүүр, эрдэс баялгийн эзэн улсын хувьд эрх борлуулалтаас 10%-ийн татвар авах нь байж болох явдал гэж тайлбарласан юм. Тухайлбал, Перу улсад үйл ажиллагаа явуулдаг Petrotech компанийн эцсийн эзэмшигч өөрчлөгдөхөд уг худалдаанаас АНУ-ын Засгийн газар татвар авсан ч баялгийн эзэн улс болох Перу татвар авч чадалгүй өнгөрч байжээ. Энэ явдлаас сургамж авч Перу улс хууль эрх зүйн өөрчлөлт хийсэн байдаг аж. Түүнчлэн Ч.Хүрэлбаатар сайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл борлуулахад 30%-ийн татвар авдаг хуулийн заалт 2006 онд батлагдсан хэдий ч хуулийн цоорхойгоор уг заалт огт хэрэгжилгүй явж ирснийг тэмдэглэв. Татварын хуулийн шинэчлэлт уг хуулийн цоорхойг арилгаж буй нь компаниудын хувьд ихээхэн цочроо өгч байгаа юм.
Гэхдээ Сангийн сайд, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн борлуулалтаас манай улс тодорхой татварыг шударгаар авдаг байх учиртай. Перу улсын алдааг давтаад байж болохгүйг санууллаа.
Он гарсаар нийт 28 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжүүлгээс манай улс нийтдээ 997 сая төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Үүний долоогийнх нь хувьд шууд бусаар буюу эцсийн эзэмшигч нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 43.9 сая төгрөгийн татвар ногдуулсан бол үлдсэн нь тусгай зөвшөөрлийг нь бүрэн шилжүүлсэн хэлцлүүд юм.
Татварын хуулийн өөрчлөлт ирэх долдугаар сарын 1-нээс өмнө батлагдах төлөвтэй байна. Хуулийн төсөл УИХ-аар хэлэлцүүлэгдэж батлагдсаны дараа хуулийн дагалдах 40 журам гарна. Эдгээрт мөн олон нийтийн хэлэлцүүлэг хийх юм байна.
Татварын тухай хууль нь эдийн засгийг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд эерэг үр нөлөөтэй байх тухай Сангийн сайд онцоллоо. Хууль шинэчлэгдсэнээр татвараа хууль ёсоор төлдөг байгууллагуудад илүү амар хялбар болж, харин татвараас бултдаг аж ахуйн нэгжүүдэд хуучин арга барилаараа ажиллах нөхцөл хаагдах юм байна.
Дашрамд дурдахад Татварын хуулийн өөрчлөлтөөр уул уурхайн компаниудын хувьд хэд хэдэн ашигтай заалтуудыг оруулаад байгаа юм. Тухайлбал суутган татварын хувь хэмжээ 20% байгааг 15%, ногдол ашгийн татварыг 20% байгааг 5%, газар, лиценз болон бусад эрх борлуулсны татварыг 30% байгааг 10% болгох гэх мэт олон заалт хуулийн өөрчлөлт дээр тусгалаа олоод байгаа юм.
Сангийн сайд уулзалтын үеэр улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулав. Тухайлбал улсын төсөв эхний хоёр сар дараалан ашигтай гарсны зэрэгцээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ болон өрийн харьцааны хэмжээ буурч эхлээд байгаа нь сайн үзүүлэлт болохыг тэмдэглэсэн юм. Хувийн банкуудын чанаргүй зээлийн хэмжээ буурч, татварын бааз суурь нэмэгдэж байгааг онцоллоо. Мөн гуравдугаар сарын 28-нд ОУВС-ийн төлөөлөлтэй хамтран хөтөлбөрийн гурав дахь үнэлгээнд орно.
Засгийн газарт дотоодоосоо зээлээр хөрөнгө босгох, гадаад зах зээлээс бонд гаргах сонирхол одоохондоо байхгүйг Сангийн сайд тэмдэглэсэн. Гэхдээ дотоодынхоо хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаас гаргах төлөвлөгөө бийг мэдэгдлээ. Олон нийт, аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын бондыг санал болгох ажиллагааг ирэх тав юмуу зургадугаар сараас хийж эхлэх төлөвлөгөө байгаа ажээ.
Сангийн сайд мөн “Эрдэнэс
Тавантолгой” компанийн хувьцааг бирж дээр гаргах асуудалд эцсийн шийдвэр
хараахан гараагүй байгааг онцолсон юм.
Б.Төгс