“Mongolia Mining 2018” үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр оролцож буй үндэсний ханган нийлүүлэгч “Хера Экуйпмент” компанийн Худалдаа маркетингийн газрын захирал Ч.Төгөлдөртэй ярилцлаа.
“Хера Экуйпмент” компани нь “Mongolia Mining” үзэсгэлэнд хэзээнээс хэрхэн оролцож эхэлсэн бэ?
Манай компани салбарын онцлогийг харуулсан, үйл ажиллагааг дэмжсэн үзэсгэлэнгүүдэд идэвхтэй оролцохыг эрмэлздэг. Гэхдээ 2011 оноос Монголын уул уурхайн салбарын үйл ажиллагаа хумигдах, буурах үеэс манай компани ч бас оролцоогоо багасгасан. Одоо эргээд салбарт сэргэлт ажиглагдаж байгаа учир “Mongolia Mining” үзэсгэлэнд хоёр дахь жилдээ оролцох гэж байна. Энэ жилийн үзэсгэлэнд ивээн тэтгэгчийн статустайгаар оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
”Mongolia Mining 2018” үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр ажиллах гэж байна. Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч компаниар оролцохын ач холбогдлыг тодорхойлно уу?
Монголд уул уурхайн салбарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагддаг. “Mongolia Mining” үзэсгэлэнг өргөн цар хүрээг хамарсан, далайцтай арга хэмжээ гэж үнэлдэг. Тэр утгаараа компаниуд өндөр ач холбогдол өгч оролцдог нь харагддаг. “Хера Экуйпмент” компанийн хувьд Монголын уул уурхайд тоног төхөөрөмж нийлүүлдэг зах зээл дээр гадаадын болон гадны хөрөнгө оруулалттай компаниудтай өрсөлддөг. Жишээлбэл, Канадын “Трансвест-Komatsu”, Америкийн “Вагнер Ази-Caterpillar”, Солонгосын “Эвэрдигм-Doosan” нарыг нэрлэж болно. Харин “Хера Экуйпмент” бол 100% үндэсний компани юм. Тэгэхээр бид үндэсний ханган нийлүүлэгч гэсэн статусаа салбарын арга хэмжээнүүдэд харуулах нь зүйтэй гэсэн байр сууринаас “Mongolia Mining 2018”-д оролцож байна.
Үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ танилцуулахаасаа илүүтэй олон улсын компаниудын технологи, техникийн шинэчлэлтэй танилцахыг эрхэмлэж байна. Уул уурхай бол их консерватив салбар. 100 жилийн өмнө ч ухдаг байсан, одоо ч мөн адил ухаж байна. Гол ялгаа нь өмнө хүрзээр ухдаг байсан бол одоо экскаватор болж өөрчлөгдсөн. Тиймээс технологийн шинэчлэлтэй танилцахыг чухалчилж байна.
Нөгөөтэйгүүр, салбарын гол асуудал санхүүжилт байдаг. Уул уурхайн техник, тоног төхөөрөмж, сэлбэг маш өндөр үнэ өртөгтэй. Үнэндээ өнөөдөр манай Монголын уул уурхайн компаниуд хүнээр бол “baby” үедээ байна. Тэгэхээр ийм өндөр үнэтэй техникийг худалдан авахад оновчтой хөрөнгө оруулах зөвлөгөө өгөх, салбарын санхүүжилтийн боломжуудыг таниулах боломжийг үзэсгэлэнгээс олж хардаг.
Цаашид “Mongolia Mining” үзэсгэлэнг илүү хүртээлтэй болгох талаар өөрийн хувийн бодлоо хуваалцахыг хүсч байна. Уул уурхайгаас олсон орлогыг өөр тогтвортой салбарын хөрөнгө оруулалт болгох, уул уурхайн олон жилийн туршлагатай улс орнуудын эдийн засгаа солонгоруулсан жишээ, дэлхийн хэмжээний компаниудын хөрөнгө оруулалтын шинэчлэлийг таниулахад чиглэсэн үйл ажиллагаагаар үзэсгэлэнг өргөжүүлбэл Монголын уул уурхайн салбарынханд хэрэгтэй байх болов уу.
Тухайлбал, Монголд алтны уурхай эрхэлдэг нэг харилцагч маань нөхөн сэргээлт хийхдээ чацаргана тариалдаг. Тэрхүү чацарганаа ирээдүйд Япон руу экспортлохоор одооноос яриа хэлэлцээр хийж байгаа жишээ байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас орж ирэх орлогыг дараагийн тогтвортой бизнесийн салбар руу хэрхэн оруулах, “ногоон“ эдийн засгийг хөгжүүлж буй дэлхийн арга туршлагыг Монгол улсдаа нэвтрүүлэхэд үзэсгэлэн өөрийн хувь нэмрийг оруулж болохоор санагддаг.
Энэ жилийн үзэсгэлэнд ямар нэг шинэлэг бүтээгдэхүүн онцолж танилцуулах уу?
“Mongolia Mining 2018” үзэсгэлэнгээр “Хера Экуйпмент” компани R850 экскаваторыг онцолж танилцуулна. Уг техник нь Hyundai R800 экскаваторын сайжруулан шинэчилсэн загвар юм. Манай компани тоног төхөөрөмж борлуулахаас гадна түрээсийн үйл ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой ажиллаж байгаа. Өнөөдөр Монголын уул уурхайн салбар улс төрөөс маш их хамааралтай байна. Үйл ажиллагаагаа урт хугацаанд төлөвлөх боломжгүй. Дараагийн сонгууль гэсэн 4 жилийн мөчлөгөөр л харж байна. Ийм нөхцөлд 2 сая ам.долларын тоног төхөөрөмжийг шууд худалдаж авахаар зориглодоггүй. Энэ богино циклд түрээсээр техник авч ажиллуулах арга байж болох юм. Тиймээс оператор, сервис, сэлбэгийн нийлүүлэлттэй сайн чанарын тоног төхөөрөмжийг түрээслэх үйлчилгээгээ таниулахаар төлөвлөж байна.
“Хера Экуйпмент” компанийн талаар сүүлийн үеийн мэдээлэл, ялангуяа цаашдын зорилт болоод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудаасаа танилцуулна уу?
Манай компани 2005 оноос Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Солонгос улсын экскаватор, хүнд машин механизмыг дотоодын зах зээлд нийлүүлж бизнесээ эхлүүлсэн. 2012 оноос Герман улсын уул уурхай болон авто замын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэгч Wirtgen брэндийн дилерээр ажиллах болсон. Хоёр жилийн өмнөөс Хятадын уул уурхай, барилга, тээврийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч XCMG-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.
Эхний жилүүдэд бүтээгдэхүүнийхээ брэндийн нэр төрлийг нэмэх, өргөжүүлэх бодлого барьсан. Үүнд цаг хугацаа, хөрөнгө санхүү, хүний нөөц, менежмент зэрэг маш их нөөц шаарддаг. Тиймээс голлох хэдэн сайн брэнд бүтээгдэхүүндээ төвлөрч ажиллахыг гол зорилгоо болгосон.
Ярилцсанд баярлалаа.
Э.Жаргал