• “Рио Тинто” татвараас бултахдаа татваргүй бүсэд бүртгэлтэй компаниудыг ашигладаг
• Татвараас бултах механизмын улмаас Канад, Монголын Засгийн газар 2011-2016 онд
700 сая ам.долларын татварын алдагдал хүлээжээ
• “Рио Тинто”-гийн Оюутолгойн санхүүжилтийн бүтцийг Канадын Засгийн газрын нэгж болох
Канадын Орлогын агентлаг хянан баталсан байдаг
Г.Төгсбилэгт
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох “Рио Тинто”-гийн Оюутолгой зэс, алтны төсөлтэй холбоотой санхүүжилтийн тогтолцоонд татвараас бултах зорилго нэвт шингэсэн байгааг SOMO мэдэгдлээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр дэлгэсэн “Уул уурхайн татвар: Оюутолгойн жишээ ба “Рио Тинто”-гийн татвараас бултах механизм” нэртэй тайланг SOMO танилцуулсан юм.
“Туркойз Хилл Ресурс”-ийн охин компаниудын Оюутолгойг санхүүжүүлэхэд ашигладаг татвараас бултах механизмын схем (2011-2015)
Тайлбар: Голланд дахь OyuTolgoi NetherlandsBV компани нь “Оюутолгой” ХХК-иас авсан зээлийн хүүнээс илүү их төлбөрийг Movele руу шилжүүлдэг нь харагдана. Иймд Голланд дахь компани нь ямар ч ашиггүй ажилладаг бөгөөд зөвхөн дамжин өнгөрөх сувгийн үүрэг гүйцэтгэдэг болохыг SOMO тайлбарлажээ.
Уг тайланд “Туркойз Хилл Ресурс” компанийн татварын тогтолцоо нь Канад, Монголын Засгийн газарт даруй 700 сая ам.долларын татварын алдагдал авчирсан тухай дэлгэрэнгүй тайлбарласан байна. Тодруулбал SOMO (The Centre for Research on Multinational Corporations) буюу Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төвийн Голланд дахь салбар нь “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгчийн толгой компани болох “Туркойз Хилл Ресурс” нь Канадын Засгийн газарт ойролцоогоор 470 сая ам.доллар, Монголын талд 230 сая ам.долларын татварын алдагдал үүсгэсэн гэж тэмдэглэжээ.
Уг тайланд дурдсан тооцоо судалгаа нь “Туркойз Хилл”-ийн татваргүй бүсэд байгуулсан Movele (Люксембург дэх) болон Oyu Tolgoi Netherlands BV (Голланд дахь) зэрэг компанийн 2011-2016 оны санхүүгийн дүнд үндэслэн боловсруулагджээ. Эдгээр компаниар дамжин төслийн бүх санхүүжилт, зээл олгогдож байгаа ч тус хоёр компани зөвхөн цаасан дээр байдаг, ямар ч ажилтангүй нэгж болохыг SOMO анхааруулжээ.
“Туркойз Хилл”-ийн хяналтын багцыг эзэмшигч “Рио Тинто” компанийн татварын хөнгөлөлттэй бүсэд байгуулсан Movele болон Oyu Tolgoi Netherlands BV компаниар дамжуулан “Оюутолгой” төслийг санхүүжүүлдэг энэхүү шат дамжлага нь татвараас бултах механизмынх нь суурь болдог ажээ.
Охин компани (Movele)-ийн татвар төлөлт өнгөрсөн хугацаанд маш бага хэмжээтэй буюу 4.19%-ийн татвар төлсөн байна. Үүнд Люксембургийн татварын таатай нөхцөл гол нөлөө үзүүлсэн гэж тус байгууллага үзэж байгаа юм. Энэхүү татварын тогтолцооны үр дүнд “Рио Тинто”-гийн охин компани Movele Люксембургт 89 сая ам.долларын татвар төлжээ. Хэрэв татвараас ийм байдлаар бултсан тогтолцоог авч хэрэгжүүлээгүйсэн бол Канадад “Туркойз Хилл” даруй 470 сая ам.доллар нэмж татварт төлөх байжээ. Өөрөөр хэлбэл Канадад татвараа төлөөд ажилласан бол 559 сая ам.долларыг компанийн орлогын татварт төлөх байсан байна. “Рио Тинто”-гийн зүгээс энэхүү санхүүжүүлэлтийн зохицуулалтыг Канадын төрийн байгууллага (Canadian Revenue Agency) хянан баталсан гэж мэдэгддэг.
Монголын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Рио Тинто” компани болон “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч нар томоохон хөнгөлөлтүүд авсан нь тус улсын Засгийн газраас ногдуулах татварыг ихээхэн бууруулж байгааг SOMO онцолжээ. Монголын Засгийн газар өөрсдийн хүлээж буй алдагдлыг зогсоохын тулд 2013 онд Давхар татварын гэрээг цуцалсан ч Хөрөнгө оруулалтын гэрээнд татварыг тогтворжуулах заалт аль хэдийнэ орсон байсан тул урьдын адил бага татвар төлөх нөхцөл хэвээр үйлчилж байгааг тэмдэглэсэн байна. Татварын ийм тогтолцооны улмаас Монгол улсад 232 сая ам.доллараар бага татвар төлөгдсөнийг тус байгууллага тооцож гаргажээ.
Тодруулбал суутган татварын хувь хэмжээ (withholding tax) Монголын хуулиар 20% байдаг ч Хөрөнгө оруулалтын гэрээгээр уг татварын хувь хэмжээг 20%-10% болгон бууруулсан байдаг. Энэ нөхцөл нь Голланд дахь охин компаниар нь дамжин хэрэгждэг байна. Үүний дараа 2015 онд далд уурхайг хэрэгжүүлэх холбоотой гэрээнд гарын үсэг зурах үеэр уг хувь хэмжээг 10%-иас 6.6% болгон нэмж бууруулсныг SOMO онцлон тэмдэглэжээ.
Доорх графикт Монголын суутган татварын алдагдал хэрхэн 232 сая долларт хүрснийг онцлон харуулжээ.
Энэхүү дүгнэлтэд “Рио Тинто” хариу барьсан бөгөөд “Оюутолгой” төсөл нь ажлын байр бүрдүүлэлт, роялти төлбөр, НӨАТ-ын төлбөр зэргээр эдийн засгийн ерөнхий нөлөөлөл нь Монголд ашигтай байсаар ирсэн. Мөн “Рио Тинто”-гийн зүгээс татварын ил тод байдлыг хангаж ажиллаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. “Оюутолгой” төслийн санхүүжилт нь Монголын хууль дүрэм болоод олон улсын стандарт, сайн дураар дагаж мөрдөх хэм хэмжээг бүрэн хангаж буйг онцлон тэмдэглэсэн байна. Төслийн хэрэгжилт Монголын эдийн засагт урт хугацаандаа ихээхэн өгөөжтэй байх болно гэдгийг тайлбарлажээ.
SOMO-ийн зүгээс “Рио Тинто”-гийн охин компани болох Movele нь тайланд хамруулсан хугацаанд нийтдээ 2.1 тэрбум ам.долларын татварын өмнөх ашигтай ажилласан. Энэ нь бараг бүхэлдээ “Оюутолгой” төсөлд шууд болон шууд бусаар олгосон зээлийн хүүгийн орлогоор бүрдүүлсэн ашиг болсон төдийгүй Люксембургт ердөө 89 сая ам.долларын татвар төлжээ. “Рио Тинто”-гийн энэхүү татвараас бултах механизм нь яг үйл ажиллагаа өрнөж буй хэсэгт ашгийн хэмжээг бууруулж, зардлыг өсгөж, харин компанийн өөрийн ашгийг нэмэгдүүлдэг гэж SOMO тайлбарлажээ.
2017 оны дунд үеийн байдлаар буюу Оюутолгойн ил уурхайн олборлолт эхэлснээс хойш дөрвөн жил орчмын дараа гэхэд Монголын Засгийн газар “Туркойз Хилл Ресурс” компанид 1.1 тэрбум ам.долларын өртэй байсан байна. Цаашид далд уурхайн бүтээн байгуулалт дуусах үед буюу 2020 онд Оюутолгойн бүтээн байгуулалтын зардал нийтдээ (ил уурхай+ далд уурхай) 12 тэрбум ам.доллар болсон байх юм.
Монголын тал уг төсөл дэх 34%-д ногдох эзэмшилдээ зээлж авсан өр төлбөрөө барагдуулж дуусах хүртэл Оюутолгойгоос ногдол ашиг хүртэх боломжгүй. Эзэмшлийн хувь хэмжээг санхүүжүүлэхээр авсан Монгол талын зээл нь LIBOR+6.5%-ийн хүүтэй учир зээлийн хүү нь багагүй хэмжээгээр өсөхөөр харагдана. Иймээс Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа нэлээд хол байна.
“Рио Тинто” компанийн хувьд өнгөрсөн онд Австралийн Засгийн газраас 360 сая ам.долларын татварын асуудлаар маргаан өрнүүлсэн. Австралийн Засгийн газар тус компанийг Сингапур дахь охин компани руугаа ашгаа шилжүүлэн татвараас бултсан гэж буруутгасан юм. Үүнээс гадна “Рио Тинто”-гийн зэсийн гол төслийг хэрэгжүүлэгч “Оюутолгой” компанийн хувьд мөн энэ оны нэгдүгээр сарын дундуур Татварын ерөнхий газраас 155 сая ам.долларын татварын акт хүлээж аваад байгаагаа мэдэгдсэн юм. Энэ асуудал мөн хэрхэн шийдэгдэх нь сонирхол татаж байна.
SOMO байгууллага нь 1973 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд томоохон компаниудын үйл ажиллагааны хүрээнд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үүсч буй үр дагаврыг эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг байна. Энэхүү тайланг гаргахдаа тус байгууллага “Оюутолгойн хяналт” ТББ-тай хамтран ажиллажээ.
SOMO уг тайландаа Европын холбоог ч буруутгасан байна. Хэдийгээр саяхан Европын холбоо (ЕХ) Монгол улсыг татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын тоонд буюу “хар жагсаалт”-д оруулсан (гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр ЕХ Монгол улсыг уг жагсаалтаас хасч саарал ангилал руу оруулсан билээ). Харин энэ жагсаалтад тус холбооны гишүүн улсууд болох Люксембург, Голландын аль аль нь багтаагүй. Гэтэл эдгээр хоёр улс нь “Рио Тинто”-гийн татвараас бултах тогтолцоог хэрэгжүүлэх нөхцөлийг дэмждэг. Иймд Европын холбооны шалгуур нь учир дутагдалтай, улс орнуудад адил тэнцүү шалгуур тавигдахгүй байна. Энэ нь эргээд Монгол зэрэг улс орнууд хохирох нөхцөл болж буйг мөн шүүмжилжээ.