Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин бол хувь тавилан биш. Гарцаагүй тохиолдох зүйл ч бас биш. Аливаа осол, өвчин бүр тодорхой шалтгаантай. Гэхдээ үр ашигтай урьдчилан сэргийлэх соёлыг бүрдүүлэх замаар учирч болзошгүй эрсдэлүүдийг дагуулсан шалтгаануудыг арилгах боломжтой гэдгийг Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны асуудлаар мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд зарчмаа болгосон байдаг билээ.
Тиймдээ ч гуравдугаар сарын 29-30-нд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болж өнгөрсөн “Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо-2018” долдугаар форум нь “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг уриагаа болгосон юм. Чухамдаа энэхүү зорилгыг эрхэмлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт тулгамддаг бэрхшээл, шинэ боломж, гарц, сайн туршлагаа харилцан солилцож түгээх, Монгол улс олон улсын “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэх гурван багц зорилтыг хэлэлцэхээр уул уурхайн болон бусад томоохон аж үйлдвэрийн 400 гаруй төлөөлөгчид Эрдэнэт хотноо цугласан нь энэ.
Тэр тусмаа энэ удаагийн форум нь Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхт ойн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” компаниудын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн санамж бичгийн дагуу Монголын мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо (MOSHPA)-той хамтран зохион байгуулсанаараа онцлог юм. “Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо 2018” форум нь анх уул уурхайн салбараас эхлэлтэй. Сүүлийн жилүүдэд уг форумд эрчим хүч, барилга, байгаль орчин, зам тээвэр, боловсрол зэрэг салбарын төлөөллүүд идэвхитэй оролцдог болжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн түүхэн бүтээн байгуулалт, өнөөгийн үйл ажиллагааны талаарх видео танилцуулгаар эхэлсэн тус чуулганыг нээж Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар үг хэллээ. Тэрээр, хөдөлмөрийн аюулгүй байдлын сайн менежмент, оновчтой тогтолцоо, шилдэг туршлага, соёлыг бий болгохыг манай хамт олон эрмэлздэг. Үйлдвэрийн хамгийн үнэт баялаг болсон ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллах нөхцөл, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах нь бидний хамгийн том, нэн түрүүний зорилт байх болно хэмээн мэндчилгээндээ онцлон тэмдэглэж байв.
Мөн чуулганы үйл ажиллагааг дэмжин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, MOSHPA-ийн холбооны Ерөнхийлөгч Ц.Нацагдорж нар мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
“Бид хэрхэн яаж аюулгүй ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч болсон бэ. Хэрвээ үүнийг нэг үгэнд багтаан хэлэх ёстой бол би “Хамтдаа” гэж томъёолно. Бид нэгдмэл зорилгын төлөө хамтдаа явах аваас аюулгүй ажиллагааны бат бэх соёлыг бий болгож чадна гэдгийг Оюутолгой үлгэрлэн харуулсан. Аюулгүй ажиллагаа үйлдвэрлэл, төлөвлөгөө болон санхүүгийн гүйцэтгэлээс ч чухал. Энгийнээр хэлбэл, бидний бизнесийн аливаа зорилт гэр бүлийн аль нэгэн гишүүн ноцтой аюулд орохоос илүү үнэ цэнтэй байж болохгүй” хэмээн ноён Армандо Торрес “Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо 2018” чуулганд оролцогчдод хандан хэлсэн юм.
Монголын мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын эрчим хүчний зөвлөх инженер Ц.Нацагдорж мэндчилгээ дэвшүүлэхдээ тус холбооны чиг зорилго, гүйцэтгэж буй үүргийн талаар товчхон дурдсан юм. Монголын мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо (MOSHPA) нь аюулгүй байдлыг эрхэмлэх, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх зан үйл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх, цаашид Монголын хөрсөн дээр ХАБЭА-н асуудлыг олон улсын жишигт хүргэхэд нийгэмд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой ажиллаж байгаа аж.
Энэ удаагийн чуулганд гадаадын хэд хэдэн хүндтэй зочид ирсэний дотор Олон улсын Нийгмийн хамгааллын ассоциацийн Уул уурхайн салбар (ISSA Mining)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гельмут Энэс байв. Тэрээр, энэ удаагийн форумд миний бие оролцох болсон шалтгаан бол форум Монгол улс “Vision Zero” хөдөлгөөнд нэгдэх уриан дор зохион байгуулагдаж байгаа явдал. Монгол улс дэлхийн олон улс оронд дэлгэрч буй “Ослыг тэглэх” хөтөлбөрт нэгдэж, олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг өнгөрсөн онд батлагдсан Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний тав дахь хөтөлбөртөө тусгаж, тунхагласан нь ХАБЭА-н салбарт томоохон үйл явдал болж байна” хэмээн тодотгож байлаа.
“Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” гэдэг нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах шинэ хандлага, арга зам бөгөөд хөдөлмөрийн бүх үе шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал (Safety), Хөдөлмөрийн эрүүл мэнд (Health), Хөдөлмөрийн таатай байдал (Wellbeing) гэсэн гурван чиглэлийг нэгтгэж багтаасан ойлголт юм. Олон Улсын Нийгмийн хамгааллын ассоциацийн боловсруулсан “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хэмээх энэхүү үзэл баримтлал, стратеги нь уян хатан бөгөөд түүнийг аливаа салбарын онцлог, ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, таатай байдлыг хангахад чиглэсэн урьдчилан сэргийлэх асуудлыг шийдвэрлэхэд тохируулан хэрэглэж болдог онцлогтой аж.
“Vision Zero” хөдөлгөөн анх Шведед үүсчээ. Тус хөдөлгөөний суурь зарчмууд болох “7 алтан дүрэм”-ийг санаачлан хэрэгжүүлсэн ба Герман улс уг хөдөлгөөнийг уул уурхайн салбартаа нэвтрүүлж хэрэгжүүлсэн байна. Улмаар 2014 онд Германы Франкфурт хотноо ХАБЭА-н асуудлаар зохион байгуулагдсан Олон улсын их хуралд оролцогчид “Vision Zero” хөдөлгөөнд нэгдэх, бүх салбарт нэвтрүүлэх нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах үндсэн эрмэлзэл мөн гэдэгт санал нэгджээ.
2017 оны мэдээллээс үзэхэд 640 орчим компани, 90 гаруй улс орон уг хөдөлгөөнд нэгджээ. Энэ удаад MOSHPA болон дотор Олон улсын Нийгмийн хамгааллын ассоциацийн Уул уурхайн салбар хариуцсан удирдлагууд хамтын ажиллагааны гэрээнд харилцан гарын үсэг зурсан юм.
“VISION ZERO” буюу “Ослыг тэглэх” хөдөлгөөнд Монгол Улс нэгдэх асуудлыг дэмжиж холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх талаар зөвлөгөөний эхэнд онцолж үүний хүрээнд олон асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, үйлдвэрийн ослыг тэглэж, мэргэжлээс шалтгаалах өвчнийг бууруулахад хувь хүний хандлага маш чухал гэдгийг хуралд оролцогчид тодотгож байсан. Хэдийгээр хөдөлмөр хамгааллын чиглэлээр олон дүрэм, журам, стандарт, хөтөлбөр бий ч үүнийг хэрэгжүүлэх ухамсар, хандлагыг өөртөө төлөвшүүлээгүй ажилтан, албан хаагч эрсдэл гаргадаг учир “Та өөрөө өөртөө эзэн” гэсэн зарчмыг баримтлах нэн хэрэгтэйг сануулж байлаа.
“Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо 2018” форумын эхний өдрийн үдээс өмнөх хуралдаан нь ХАБЭА-н бодлого, түүний хэрэгжилт сэдвээр өрнөлөө. Уг хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, МАОЭНХ-ийн Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар ХАБЭА-н талаар тулгамдаж буй асуудал, Орхон аймгийн Засаг даргын орлогч, ХАБЭА-н Зөвлөлийн дарга А.Түвшинжаргал Орхон аймгийн ХАБЭА-н үйл ажиллагаа , МҮЭХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар тус тус илтгэлээ.
Харин эхний өдрийн хоёр дахь хэсэгт MOSHPA-ийн Гадаад хамтын ажиллагааны зөвлөх Ц.Оргил, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ, “Оюутолгой” ХХК-ийн авъяас, ур чадвар хөгжүүлэлтийн хэлтсийн Ерөнхий зөвлөх Ц.Бүжин, тус компанийн Баяжуулах үйлдвэрийн Техник үйлчилгээний хэлтсийн менежер М.Ганболд нар тус тус илтгэж, төлөөлөгчдийн асуултад хариулсан юм.
Монгол улсад 2016, 2017 онд тус бүр 332 удаа үйлдвэрийн осол, хурц хордлогын тохиолдол бүртгэгдсэнээс 18-55% нь уул уурхайн салбарт гарчээ. Үүний 288 буюу 86.7% нь үйлдвэрийн осол, 44 буюу 13.3% нь хурц хордлогоос үүдэлтэй аж. Ийм эрсдэл гарч буйн шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт мөрддөггүй, байгууллагын дотоод хяналт хангалтгүй, ХАБ нь бүтэц, орон тоогүй, эрсдлийн үнэлгээ хийдэггүй, үзлэгийг мөрдөж ажилладаггүйтэй холбоотой байдаг байна.
Чуулганы төгсгөлд Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах OHSAS:18001:2012 стандартаас OHSAS:45001 гэсэн стандарт руу шилжих зорилт тавьж байгааг мэдээлсэн юм. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Орхон аймгийн орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аялалаар үргэлжилсэн юм.
Г.Идэр