MMJ-10
Оюутолгой, Тавантолгой төсөл ба геополитикийн шийдэл
2018-04-04
Г.Идэрхангай
2009 он. Дэлхий дахиныг хамарсан санхүүгийн их хямрал шинэ оны босгон дээр улам ч идэвхжиж, дампуурлаа зарлаад удаагүй хөрөнгө оруулалтын аварга банкууд болох Lehman Brothers, Bears Stearn-ийн нэрс сонсогдохоо болив. Яг энэхүү түүхэн эгзэгтэй цаг мөчид Standart&Poors агентлаг Монгол улсын гадаад, дотоод валютын урт хугацааны зээлжих ВВ үнэлгээг “тогтвортой” ангиллаас “сөрөг” үнэлгээ рүү шилжүүлжээ.
Ингэснээр стратегийн ордуудаа ашиглахад хөрөнгийн гол эх үүсвэр болох гадаад орчин илт муудлаа гэсэн үг. Гэсэн хэдий ч монголчууд удтал шүүн маргалдсан Оюутолгой, Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг хямралын оргил үед ид хэлэлцэж байлаа. Оюутолгой, Тавантолгой ордууд дээр байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд үндэслэн Ашигт малтмалын тухай хуулиа өөрчлөх нь зөв үү, эсхүл хуулиа өөрчлөөд Хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулах уу гэдэг дээр Монголын тэргүүлэх эдийн засагчид, уул уурхайн мэргэжилтнүүд үзэл бодлоо уралдуулж байв.
Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Бодлогын шинжээч Н.Болор Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхийн эсрэг байгаагаа MMJ-ийн 2009 оны эхний дугаарт илэрхийлсэн бол Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Тавантолгой орд дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах улсыг сонгохдоо заавал гурав дахь хөршийн оролцоо хэрэгтэй. Гурав дахь хөрш нь дэлхийд өрсөлдөх чадвартай технологи, менежменттэй төлөөлөл байх хэрэгтэй” гэжээ.
Гэвч бүтэн 9 жилийн дараа Тавантолгой ордын хувь заяа, дүр зураг хэрхэн өөрчлөгдсөнийг эргэн харъя. Тавантолгой төслөө хөдөлгөнө гэх “Хамтарсан”, “Шийдлийн”, “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газруудын амлалтууд дор стратегийн том ордоо цогцоор нь хөдөлгөж чадалгүй өнөөг хүрэв. Долоо дахь нь болох У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн л Тавантолгойн төслийг хятадуудтай хамтарч хөдөлгөх шийдлээ боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ гэж мэдэгдсэнээс өөр тодорхой алхам одоогоор харагдахгүй байна.
П.Очирбат академич 9 жилийн дараа MMJ сэтгүүлийн 2018 оны эхний дугаарт өгсөн ярилцлагадаа “Тавантолгой ордоо бушуухан цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй” гэсэн өнөөх үгээ давтан хэлжээ. Тавантолгойн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшилд, тухайлбал “Энержи Ресурс”-д 100% үлдээсэн бол өдийд энэ ордын хувь заяа хэрүүлийн манан будан дотор биш, Ухаахудаг шиг цогцолбороор хөгжөөд, олон улсын зах зээлд гарчихсан явах байлаа” гэсэн түүний хатуухан үг олон зүйлийг бодогдуулна.
Тавантолгой орд дээр Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл ид яригдаж байх үед хөрөнгө оруулагчийг нээлттэй биш, зохих ёсны технологи, туршлага бүхий компаниудын дунд хязгаарлагдмал тендерээр явуулах хэрэгтэй гэсэн байр сууриуд хүчтэй байжээ. Төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн дэлхийн уул уурхайн хүчирхэг компаниудын талаар Монгол улсаас Австрали, АНУ, Их Британи, Умард Ирландын Вант улс, Канад улсад суугаа Элчин сайдууд өөрсдийн дуу хоолойгоо MMJ-гээр дамжуулан илэрхийлсэн байна.
Монгол улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж:
Австралийн “Рио Тинто”, “Би Эйч Пи Биллитон” нь нүүрс олборлох, борлуулах тал дээр маш туршлагатай ч дэлхийд тэргүүлэх компаниуд Тавантолгой дээр дангаараа оръё гэдэгт байр сууриа тодорхойлоогүй, бүх зүйлийг ерөнхийдөө харсан хүлээзнэсэн байдалтай байгаа. Нэг улсын гэдэг юм уу, цөөхөн сонголттой байдлаар хандаж болохгүй. Аль болох олон оролцогчтой тендер явагдах ёстой.
Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Бэхбат:
Уул уурхайн хувьд дэлхийд тэргүүний технологитой, найдвартай компаниудыг авч үзвэл АНУ тун боломжтой. АНУ-ын хөрөнгө оруулагчдыг ашигт малтмал, уул уурхайн салбар руугаа татах нь зүйтэй. Тэр нь “Пибоди Энержи” юм.
Монгол улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл:
“Рио Тинто” компаниас гадна “Арселор Миттал” компани Тавантолгой болон Төмөртэй ордуудыг хамтран ашиглах төслийг боловсруулж, Монголын Засгийн газарт танилцуулаад байна. Тавантолгойн нүүрсний болон Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглахад зөвлөх компанийн үйлчилгээ үзүүлэх боломжтой компани Лондонд олон бий. Зөвлөх үйлчилгээ аваагүйгээс Оюутолгой ордыг хамтран ашиглах гэрээний өмнөх төсөл Монголын талд ашиггүй, хөрөнгө оруулагч талын сонирхлыг хэт илүүд тавьсан байдал ажиглагдаж байгаа.
Энэ мэтчилэн Тавантолгойн орд газрын эзэмшигчийг тодруулах хоёрдугаар шалгаруулалт ойртож, сонирхогч талуудын төлөөлөл Улаанбаатар хотноо бууж мордон, төр засгийн удирдлагуудтай ээлж дараалсан уулзалтууд хийсээр байгааг MMJ дугаар бүртээ нийтэлсээр байв. Ганц тендерийн шалгаруулалт ч биш Тавантолгой орд газраас төмөр замын шугамыг аль чиглэлд татах вэ гэсэн халуун хэлэлцүүлэг УИХ дээр ид өрнөж байсан үе.
Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан-Эрээнцав-Соловьевск хүртэлх 920 км төмөр замын төсөлд оросууд оролцох сонирхлоо хүчтэй илэрхийлсэн ба Монгол улсын Засгийн газар дөрөвдүгээр сард тэдний хүсэлтийг дэмжсэн шийдвэр гаргажээ. Гэвч УИХ энэ чиглэлд байр сууриа илэрхийлсэнгүй. Оросын компаниуд эдийн засгийн хямралын давлагаанд хүндхэн цохилт авсан хэдий ч Ерөнхий сайд В.Путин тавдугаар сарын 13-нд Монгол улсад айлчлахдаа хоёр улсын төмөр замын хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан нь MMJ-ийн хуудаснаа тодхон үлджээ.
В.Путиныг Монголд ирснээс хойш хоёр долоо хоногийн дараа Зам, тээвэр, хот байгуулалтын сайд Х.Баттулга БНХАУ-д айлчилсан ба Тавантолгойгоос Нарийнсухайтаар дамжуулан Шивээхүрэн боомт хүртэл 350 км төмөр зам тавих сонирхлоо Хятадын Засгийн газар илэрхийлжээ. Энэхүү маршрут Хятадын хилийн Сэхэ боомтоор дамжин, төмөр замын үндсэн шугамтай холбогдож далайн эргийн Тянжин боомт хүрэх учиртай.
Харин Монголын тал Тавантолгойгоос Цагаансуваргын зэсийн орд газрыг дайруулан Зүүнбаян-Сайншанд хүрэх төмөр замын шинэ шугам татаж, Транс-Монголын төмөр замтай холбох эрмэлзэл дүүрэн байв. Энэ бүтээн байгуулалтад Орос, Хятадыг хамтарч оролцох саналыг Монголын Засгийн газрын зүгээс аль аль талд нь зэрэгцүүлэн тавьсан хэдий ч Тавантолгойгоос Чойр хүртэлх 185 км төмөр замын ажилд тусалж болох юм гэдгээ Оросын тал албан ёсоор илэрхийлсэн байна.
Гэхдээ төмөр замын эдгээр шинэ маршрут дотроос Монголын үндэсний компани болох “Энержи Ресурс Реал” компанийн Тавантолгойн Ухаахудагийн уурхайгаас Гашуунсухайт хүртэл татах төмөр замын маршрут илүү бодитой, тооцоо судалгаатай байсан бөгөөд ХБНГУ-ын “Дойче банк” концерн уг бүтээн байгуулалтад хамтран оролцоно гэсэн нь томоохон дэмжлэг юм. Монголын үндэсний томоохон консорциумын хувьд Европын түншүүдтэй гар нийлэн эхлүүлж буй ирээдүйтэй төсөл хэмээн салбарын түвшинд өндрөөр үнэлж байсан нь MMJ-ийн хэд хэдэн дугаарт хөндөгджээ. Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт 2009 оны есдүгээр сард эхэлнэ гэдэгт холбогдох мэргэжлийн хүмүүс ч итгэлтэй байж.
Төмөр замын маршрутыг урагшаа ба зүүн тийш татах хоёр хувилбарыг тухайн үед Монголын Засгийн газар дэмжсэн ч эхний ээлжинд татах маршрутын талаар төр засгийн удирдлагууд маргалдсаар л байв. Хэдийгээр 2008 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих шийдвэрийг С.Баярын Засгийн газар гаргасан ч төмөр зам тойрсон улс төрийн талцлаа цэгцэлсний дараа Тавантолгойн ордыг ашиглах компанийг тодруулах хэлэлцээрийн үе шатыг эхлүүлэх нь зүйтэй гэдэг байр суурь дээр олон улстөрч зогсчээ.
Энэ зуур “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн Монгол оронд ойр ойрхон ирж төмөр замын шинэ маршрут байгуулах өөрийн төслөө Монголын олон нийтэд давтан танилцуулсаар байлаа. В.Якунины шууд санаачилгаар Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан хурлын сурвалжлагыг MMJ дэлгэрэнгүй нийтэлжээ. Урьдчилсан тооцоогоор 580 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай Тавантолгой-Зүүнбаян-Сайншандын төмөр замын маршрут гол шугамтайгаа холбогдож, Оросын болон Хятадын төмөр замын сүлжээгээр дамжин Европ, Дундад Ази, Зүүн хойд болон Зүүн өмнөд Ази руу, ОХУ-ын Владивосток, Находка болон Восточный боомтууд хүрэх боломжтой болно гэдгийг Оросын тал түс тас мэдэгдсэн байна.
Ийнхүү Тавантолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ төмөр замын шинэ маршрутуудтай нягт холбогдсон улстөрчдийн халуун мэтгэлцээн дунд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын “Тавантолгойн Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байгаа. Ордыг ашиглах үзэл баримтлалыг танилцуулахад бэлтгэж байна” гэсэн мэдэгдлийг MMJ 2009 оны арванхоёрдугаар сарын дугаартаа нийтэлжээ.
Тавантолгойн шалгаруулалтын эцсийн мөчид геополитикийн шийдэл хэрхэн гарах вэ, төрийн түвшиндээ энэ асуудалд монголчууд зангидсан гар мэт нэгэн цул байж чадах уу, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга байр сууриа ямар өнцгөөс илэрхийлэх вэ гэсэн түмэн асуултыг MMJ оны сүүлийн дугаартаа тавьжээ.
Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэв
Монгол улсын эдийн засагт гадаад худалдааны, төсвийн гэсэн хос алдагдал зуузай холбожээ. Төсвийн нийт алдагдал болох 400 орчим тэрбум төгрөгийг нөхөн цойлдох хэмжээний зээлийг Олон Улсын Валютын сангаас олгохтой холбогдсон байр суурь MMJ-ийн 2009 оны дугааруудад зонхилсон байна.
224 сая ам.долларын хөтөлбөрийн зээлийг манай улсад олгохоор шийдсэн нь дэлхий дахиныг хамарсан хямралын давлагааны эсрэг эрсдэлтэй улс орнуудыг хамгаалах Валютын сангийн бодлогын нэг хэсэг юм. 2009 онд Монгол улс хямралд хамгийн ихээр өртөж болзошгүй 20 орны тоонд багтсан ба ОУВС зээлдээ 18 сарын хугацаа зааж, үр дүнг сар тутам тооцох хатуу графикаа танилцуулжээ. Өөрөөр хэлбэл, хямралтай тэмцэх Засгийн газрын төлөвлөгөө ийнхүү олон улсын байгууллагын хяналт дор тэдний санал болгосон аргачлалаар хэрэгжиж эхэлсэн юм.
Өдгөө энэ түүх давтагдаж, Монгол улс эдийн засгийн хямралаа гэтлэн давахын тулд ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.
MMJ сэтгүүлийн дугаар бүхэнд дурдагдсан, санхүүжилтийн асуудал тойрсон халуун хэлэлцүүлэг яриа, шинээчдийн нийтлэл дунд алдарт 68%-ийн татварыг бүрмөсөн авч хаях хэрэгтэй гэсэн хатуухан байр сууриуд тод мөрөө үлдээсэн байна. Учир нь, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон асуудалд 68%-ийн татвар багагүй тээг болж байсан ба “Айвенхоу майнз”-ын зүгээс уг татварыг тэглэх хүсэлтээ тавьж байсан үе. Хэдийгээр 2009 онд уг татварыг цуцлах нь зүйтэй гэсэн хүчтэй байр суурь зонхилж байсан ч Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2011 оны нэгдүгээр сараас 68%-ийн татварыг цуцлах шийдвэрийг УИХ гаргасан билээ.
Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ хүндхэн нөхцөлд хоёр сар орчим үргэлжилсний эцэст Засгийн газар тохиролцсон ерөнхий зарчмын дагуу Монголын тал ногдол ашиг, татвар хураамж хэлбэрээр төслөөс 76%-ийн өгөөж хүртэх, хөрөнгө оруулагчид үлдэх 24% ногдохоор болов. Уг зарчмыг бодож гаргасан үндсэн томьёо нь Монголын талын төрийн эзэмшлийн хувьцаа 34%, хувьцааны үлдэх хэсгийг хөрөнгө оруулагч эзэмших суурь харьцаанд тулгуурлажээ.
Хөрөнгө оруулалтын гэрээг сунгасны дараа буюу 31 дэх жилээс Монголын тал ногдох хувьцаагаа нэмэгдүүлээд явах, бүр 50%-д хүргэх боломжтой гэсэн заалт гэрээнд туссан нь олон нийтийн сэтгэл зүйд зориулагдсан заалт хэмээн MMJ бичиж байлаа. Үүнээс яг нэг жилийн өмнө буюу 2008 оны гуравдугаар сард Оюутолгойн орд ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хувилбарыг Монголын нийгэм ид хэлэлцэж байх үед төслийн үр өгөөжийг 83:17 гэсэн харьцаагаар томьёолж байсан бол төсөл бэлэн болж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх мөчид гэрээнд тусгасан олон заалт ихээхэн өөрчлөгдсөнийг MMJ цуврал нийтлэлүүддээ дурджээ.
Өмнөх гэрээний төслөөс ялгагдах нэг асуудал нь Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа байв. 2008 оны нэгдүгээр сард УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн онцлон ажилласан үндсэн 7-8 өөрчлөлтийн амин сүнс нь гэрээний хугацаа байсан ба Ашигт малтмалын тухай хуульд тусгасан 30 жилийн хугацааг 15 жил болгоно гэсэн зарчмын өөрчлөлт байв. Гэсэн хэдий ч гэрээний хугацааг талууд 30 жил байхаар тохиролцсон бөгөөд зэсийн үнэ унаж, Засаг мөнгөний эрэлд мордсон эмзэгхэн цаг үед Талууд гэрээний шинэ хувилбарыг баталжээ.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцүүлэг нийгмийн анхаарлын төвд илүүтэй орж ирсэн 2009 онд УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Р.Гончигдорж, Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарын байр суурь, жинтэй ярилцлагууд MMJ-днийтлэгджээ.
УИХ-ын гишүүн Х.Наранхүү:
Засгийн газар Оюутолгойн ордын хувьцааны 34-өөс доошгүй хувийг эзэмшинэ гээд зүтгэчихсэн. Тэр байтугай зарим нь 50%-ийг нь заавал авъя гээд байдаг. Тэгсэн мөртлөө тэр эзэмших хувьдаа тэнцэх мөнгөө оруулж чадахгүй байна.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат:
Оюутолгой орд газар ямар ч нөхцөлд 100% Монголын төрийн өмч. Хоёрдугаарт, Оюутолгойн орд газар 100% Монголын эзэмшилд байна. Ашиглах эрхээ Монгол улс, Монголын төр аж ахуйн нэгжид шилжүүлж байгаа юм.
Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал:
Бид ХОГ-г аль болох хуульдаа нийцүүлэн бэлтгэж орж ирсэн. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагч тал их хэмжээний буулт хийх боломжгүй байдалтай байгаа. Ажлын хэсгийн хувьд хөрөнгө оруулагчдыг байж болох хэмжээнд нь маш сайн шахсан.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун:
2004-2006 оны хооронд хийгдэж байсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь тухайн үеийн нөхцөл байдалдаа тохирсон байсан. Харин 2006 оноос хойш хууль өөрчлөгдсөн учраас дахиад шинээр гэрээ хийх байдалд орсон. 2009 оны хувьд гурав дахь шатны гэрээ хийгдэж байна.
Ийнхүү шийдэл хүлээсэн зуны халуун өдрүүд ард хоцорч, Тавантолгой ордын эзэмшигчийг тодруулах хоёрдугаар хэлэлцүүлэг хүндхэн нөхцөл дунд байхад Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээг талууд амжилттай дуусгажээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тэргүүтэй Ажлын хэсэг амжилттай ажилласныг MMJ тэмдэглэн үлдээсэн юм. Ажлын хэсгийн ард шинжээчдийн хүчирхэг баг байгаагүй ч Монголын талын саналуудыг ”ханасан” хувилбараар хөрөнгө оруулагчдад танилцуулах үүрэг түүнд ногдсон юм хэмээн бичжээ.
Хоёр УИХ, гурван ч Засгийн газар дамжин бүтэн зургаан жил улстөржсөн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд батлагдсан юм. MMJ дараа дараагийн дугаарууддаа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон нийгмийн мэтгэлцээн, бүтээн байгуулалтын явц бүрийг бичиж тэмдэглэсээр иржээ.
Монголын төр тухайн үедээ стратегийн орд газрынхаа эзэн байхын тулд Оюутолгойн 34%-ийн хувьцаагаа асар өндөр хүүтэй зээлээр худалдаж авсан ба эдүгээ 34%-иа бушуухан зарж өр төлбөрөөсөө салах хэрэгтэй. Оюутолгойгоос роялти буюу нөөц ашигласны төлбөрөө ахиухан, цаана нь байгаа арван хэдэн янзын төлбөрөө авбал Монголын тал 53%-ийн ашигтай сууж байна хэмээн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд эдүгээ ч зөвлөсөөр...
MMJ сэтгүүлийн 2009 оны томоохон сэдвийн нэг нь уран байсан ба салбарын мэргэжилтнүүдийн олон талт байр сууриуд нийтлэгджээ. Олон сар хэлэлцсэн Цөмийн энергийн тухай хууль, алдарт Урт нэртэй хууль долдугаар сард батлагдаж, наймдугаар сард нь Засгийн газраас Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулах шийдвэр гаргажээ. Монгол улсын Засгийн газар хөгжлийн 26 томоохон төслөө боловсруулжээ. Гэтэл өнөөдөр монголчууд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ч үгүй, 2021 онд баригдах учиртай Атомын цахилгаан станцын сураг алдран, Урт нэртэй хуулийн алдаагаа засах гээд ес дэх жилдээ нухан сууж байна.