Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ADB: Монголын өсөлт үргэлжилнэ, гэхдээ саарна

Азийн хөгжлийн банк (АХБ) бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын тайлан болох Азийн хөгжлийн төлөв 2018 тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Уг тайланд Монголын эдийн засгийн төлөв байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тус банкны зүгээс Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд гойд дээшилсэн. Үүнд нүүрсний экспортын өсөлт болон Оюутолгойн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт голлон нөлөөлсөн гэж тайлбарлалаа. Өсөлтийн эрчим энэ онд болон 2019 онд үргэжилнэ гэдгийг АХБ онцоллоо. Гэхдээ өсөлтийн хувь өнгөрсөн оныхоос бага байх төлөвтэй байгаа нь харагдана. Учир нь энэ онд нүүрсний тээвэрлэлттэй холбоотой хүндрэл өсөлтийн эрчмийг сулруулна гэж тус банкны Ахлах эдийн засагч Деклан Магий тайлбарлалаа. Уг асуудал ирэх онд шийдэгдчих болов уу гэсэн таамгийг тэрээр тэмдэглэлээ. Чухамдаа энэ таамаг нь 2019 онд өсөлтийн хувь нэмэгдэх дүр зургийг тодруулж өгч байгаа ажээ. Гэхдээ энэ зуур уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт үргэлжлэн өсөлттэй байхаар байгаа нь Монголын эдийн засгийн өсөлтийн баталгаа болж өгч байна.


Эх сурвалж: АХБ (*-таамаг)

Азийн хөгжлийн банкны хувьд Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх эерэг болон сөрөг хүчин зүйлсийг нэрлэлээ.

Эерэг хүчин зүйлс

Ø  Түүхий эдийн ханшийн өсөлт

Ø  Уул уурхайн салбартай холбоотой томоохон дэд бүтцийн төслийн хэрэгжилт

Сөрөг хүчин зүйлс

Ø  Нүүрс, зэсийн үнийн болзошгүй бууралт

Ø  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт саатах

Ø  Махны үнийн өсөлт

Ø  Оюутолгой төслийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт тасалдах

Ø  Банкны салбарын бүтцийн шинэчлэлийг хийх явцад санхүүгийн тогтвортой байдал алдагдаж болзошгүй

 

Гэхдээ эдгээр хүчин зүйлс нь зөвхөн болзошгүй эрсдэлийн тоонд орж буй болохоос биш тохиолдох магадлалтай гэсэн утга агуулаагүй болохыг Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмен онцоллоо. Тэрбээр “Энэ он болон ирэх онд Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй байх төлөвтэй байна. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Эдийн засгийн гүйцэтгэл ОУВС-ийн хөтөлбөрт төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэмтэй байна” гэж мэдэгдлээ.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монгол улсын төсвийн үзүүлэлт эрчимтэй сайжраад байгаа билээ. 2016 онд төсвийн алдагдал 15.3%-тай байсан бол 2017 онд 3.9%-тай болсон. Өнгөрсөн онд төсвийн алдагдал ийнхүү эрчимтэй буурахад төсвийн зарлага 5.7%-иар буурснаас гадна төсвийн орлого эсрэгээр даруй 35.4%-иар нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ. Харин төсвийн алдагдлын хэмжээ энэ онд 6.4%, ирэх онд 5.1%-д хүрнэ гэж тус банк таамаглаж байна. Учир нь зарлага нэмэгдэж, татварын багц хуулийн шинэчлэлийн нөлөөгөөр богино хугацаандаа орлого буурч магадгүй гэж үзсэнийг тус банкны Эдийн засагч Л.Амар тайлбарлалаа.

Эдийн засгийн төлөвийн зарим үзүүлэлт

 

2017

2018

2019

ДНБ-ийн өсөлт

5.1

3.8

4.3

Инфляци

4.3

8.0

7.0

Урсгал дансны тэнцэл (ДНБ-д эзлэх %)

-10.2

-6.3

-7.0

Эх сурвалж: АХБ

Инфляци ойрын хоёр жилд харьцангуй өсөх дүр зурагтай байгаа нь хэрэглээний эрэлтийн өсөлт, шатахууны үнийн болзошгүй өсөлт, мөнгөний зөөлөн бодлогын үйлчлэл гол нөлөө үзүүлэхээр байна. Монголбанк өнгөрсөн онд бодлогын хүүгээ хоёр хувиар бууруулсан бол энэ онд дахин нэг хувиар танаад байгаа билээ. 2016 онд инфляц ердөө 1.1% байсан ч 2017 онд 4.3% болж өссөн шалтгааныг тус банк төгрөгийн ханш буурсан, түүнээс улбаатай импортын барааны үнийн өсөлт, ган гачгийн улмаас хүнсний ногооны үнэ өссөн зэрэгтэй холбон тайлбарлалаа. 

Монголын эдийн засгийн бас нэг сайн үзүүлэлт нь улсын өрийн хувь хэмжээ ДНБ-д эзлэх дүнгээр 99.1%-д хүрээд байгаа нь 2016 онд уг үзүүлэлт 111% байсантай харьцуулахад багагүй хэмжээгээр буурсан дүн боллоо. Энэхүү дүнд Монголбанкны гадаад өрийн хэмжээг оруулан тооцсон байна.

Азийн хөгжлийн банкны тайлангийн танилцуулгын үеэр хөндөгдсөн бас нэгэн чухал сэдэв бол Монголын агаарын бохирдлын асуудал байсан юм. Тус банк агаарын бохирдлын асуудал нь ядуу айл өрхүүд болон хүүхэд, нялхаст маш их зардал өндөртэй тусч байгааг онцолсон юм. Агаарын бохирдлын нийт зардал нь эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ болон хувь хүний ажлын бүтээмж, амьдралын чанарын бууралт зэргээр тооцож үзэхэд нийтдээ ДНБ-ий 8-13%-тай тэнцэж буйг тайлбарлалаа. Азийн хөгжлийн банк саяхан нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт зориулж, 130 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор батлаад билээ. Манай Засгийн газрын хувьд цаашид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олгогдох санхүүжилтээс багагүй хэсгийг утааны эсрэг хөтөлбөрт санхүүжүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.

Уг алхам нь эдийн засгийн агуулгаараа хэр зөв зүйтэй эсэх тухай MMJ-ийн асуултад тус банкны Ахлах эдийн засагч Деклан Магий “Агаарын бохирдлын хувьд иргэдэд, ялангуяа ядуу айл өрх, нялхас, хөгшдөд хавьгүй өртөгтэй тусч байна. Хэрэв агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт санхүүжилтийг зөв зарцуулж чадвал энэ нь оновчтой байх боломжтой. Гэхдээ үүнд хоёр зүйлийг тодотгох хэрэгтэй. Нэгд аливаа төсвийн зарлагын санхүүжилтийн үр өгөөж нь эдийн засагт тухайн асуудлын учруулж буй хор уршиг, өртгөөс давсан байх ёстой. Хоёр дахь зүйл гэвэл энэ төрлийн хөтөлбөрийг дан ганц төсвөөс гадна хувийн сангууд, хандивлагч байгууллагуудтай хамтраад санхүүжилт босгох хэрэгтэй. Үүний тулд бодлогоо маш сайн тодорхойлсон байх шаардлагатай” гэж тайлбарлалаа. Тэрээр мөн нэмж “Одоогийн байдлаар Монгол улсад энэ чиглэлээр санхүүжилт татахаар хувийн хэвшлийнхэн болон төрийн зүгээс аль хэдийнэ эрчимтэй ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй. Үүний нэг жишээ нь Ногоон зээлийн сан байгуулъя гээд банкны холбооныхон төрийнхөнтэй хамтраад ярилцаж байна. Ногоон санхүүжилтийг гадаад эх үүсвэрээс татахаар Засгийн газар эрчимтэй ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны тухайд энэ онд шинэ төсөл эхлүүлэн, тодруулбал Уур амьсгалын ногоон сантай хамтран Монголд санхүүжилт гаргахаар ажиллаж байна” гэдгийг тодруулж хэллээ.   

Азийн хөгжлийн төлөв 2018 тайланд дурдсанаар Ази-Номхон далайн бүсийн өсөлт өнгөрсөн онд 6.1% байсан бөгөөд энд онд 6.0%, ирэх онд 5.9% болж буурах төлөвтэй байгаа ажээ. Хятадын үйлчилгээний салбар 2017 онд 8%-иар өссөн нь эдийн засгийн өсөлт үргэлжлэхэд нөлөөлж, 2017 онд 6.9%-тай байсан өсөлт энэ онд 6.6%, ирэх онд 6.4% болох төлөв гарлаа. Дотоод, гадаад эрэлт өндөр байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийг хангагч гол хөдөлгүүр болж байна.

Гэхдээ худалдааны хурцадмал байдал газар авах вий гэсэн айдас голлосноор бүс нутгийн эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлүүд давамгайлж байгааг тайланд дурджээ. Мөн АНУ-ын зээлийн хүүгийн өсөлт нь бүсийн эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлж магадгүйг онцолсон байна.

Азийн хөгжлийн банкны шинээр гаргасан тус тайланд технологийн салбарын хөгжлийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөллийг тусгасан нь нэлээд онцлог сэдэв болсныг суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен онцоллоо. Тус банк технологийн салбарын хөгжил нь шинэ салбарт ажлын байр бий болгох эерэг нөлөөлөлтэй байх болов уу гэсэн таамгийг дэвшүүлжээ. Энэтхэг, Малайз, Филиппин зэрэг томоохон эдийн засгуудад сүүлийн үед гарсан шинэ ажлын байрны дийлэнх нь мэдээллийн технологийн салбарт бий болсныг тэрээр тайлбарлалаа. Технологийн хөгжил нь нийгмийн хамгааллыг илүү сайн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх сайн талтай байх ажээ. Гэхдээ улс орнууд шинэ нөхцөл байдалд тохируулж, боловсролын тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай байгааг тэрбээр санууллаа.

 

Б.Төгс