Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Дэлхийн банк: Монголын өсөлт зөвхөн нүүрснээс хамаарахгүй

Дэлхийн банкны Монгол дахь салбар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг тайланд Монголын эдийн засгийн өсөлт энэ онд болон ирэх онуудад өнгөрсөн оныхоос илүү өндөр байна гэдгийг тодотгосон байна.

Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт олонх судалгаа шинжилгээний байгууллагуудын таамаглаж байснаас нэлээд өндөр үзүүлэлттэй гарсан. Үүнд нүүрсний экспортын өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт өссөн, бизнесийн орчин илүү таатай болсон, ОУВС-ийн хөтөлбөртэй холбоотой төсвийн байдал сайжирсан зэрэг нь нөлөөлснийг тус банк тэмдэглэлээ.

Гэхдээ Дэлхийн банк нүүрсний экспорт оны эхэн үеийн байдлаар удаашралтай байгаа ч Монгол улсын өсөлтийг өмнөх оныхоос илүү өндөр буюу энэ онд 5.3%, ирэх хоёр жилд 6%-иас давахаар тооцоолсон нь бусад судалгааны байгууллагаас зөрүүтэй нэлээд өөдрөг төсөөлөл гэж харагдаж байгаа юм.

Монгол улсын хувьд 2017 онд 5.1%-иар өссөн нь нүүрсний экспорт нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өсч, макро эдийн засаг тогтворжсонтой холбоотой. Төсвийн алдагдал 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 17%-д хүрч байсан бол 2017 онд уг үзүүлэлт бараг ес дахин буурч, 1.9%-д хүрсэн нь төсвийн нөхцөл байдал гойд дээшилснийг илтгэж байгааг тус тайланд тэмдэглэжээ.

Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан Ахлах эдийн засагч Жон Паскаль Нгану “Уул уурхайн салбарын томоохон төслүүд удаашрах, Хятадын хил дээр үүсээд буй асуудлууд үргэлжлэх, мөн мөнгө угаахтай холбоотой асуудлуудыг хугацаа алдан шийдэх зэрэг гадаад, дотоод эрсдэл учирч болзошгүйг онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн анхаарууллаа. Гэсэн ч дунд хугацаандаа уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт болон уул уурхайн салбартай хамаарал бүхий салбарууд болох худалдаа, тээвэр үйлчилгээний салбарын идэвхжил нь эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэхээр байгааг тодотголоо. Тэрбээр мөн сонгуулийн жил дөхөж буйтай холбоотойгоор улс төрийн эрсдэл үүсч болзошгүйгээс гадна Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийн хугацаа удаашрах, түүхий эдийн үнийн болзошгүй хэлбэлзэл, цаг агаарын таагүй нөхцөл байдал хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйд сөргөөр нөлөөлж болзошгүй зэрэг эрсдэл бийг сануулсан юм.  

Нүүрсний экспорт удаашрах магадлал их байгаа учир цаашид өсөлт өнгөрсөн оны дүнг давж биелнэ гэдэг нь эргэлзээтэй байж мэдэх юм гэсэн MMJ-ийн асуултад Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан Ахлах эдийн засагч Жон Паскаль Нгану болон Эдийн засагч Б.Даваадалай ийн хариуллаа. Монгол улсын эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспортын асуудал тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй нь үнэн. Ялангуяа хоёрдугаар сарын байдлаар нүүрсний экспорт нэлээд буурсан нь ажиглагдсан. Гэхдээ ашигт малтмалын түүхий эдийн үнийн өсөлт, тэр дундаа экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсөлттэй байхын сацуу ханш нь өнгөрсөн оныг бодвол илүү тогтворжсон нь өсөлтөд эерэгээр нөлөөлөхөөр байгаа ажээ. Мөн Оюутолгойн алтны гарц оны хоёрдугаар хагасаас эхлэн дээшлэх төлөвтэй байна. Гэхдээ Монголын өсөлт өнгөрсөн оныхоос илүү байх тооцоолол нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлтөд голлоно гэж тооцсон. Уул уурхай, худалдаа, тээврийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт Монголын дунд хугацааны өсөлтөд голлох нөлөөтэй байх ажээ. Энэ онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.3 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд оны эхний хоёр сарын байдлаар импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 50%-иар өссөн байгаа нь ч үүний нэг баталгаа болж буйг онцоллоо. Импортын өсөлт нь уул уурхайн төсөл хөтөлбөртэй холбоотой бүтээн байгуулалт болон барилгын салбарын өсөлттэй холбоотойгоор энэ оны эхний хоёр сарын байдлаар нэлээд өсөлттэй гараад буй юм.


Зүүн Ази, Номхон далайн бүс: ДНБ-ийн өсөлтийн төсөөлөл

 

Төсөөлөл



 

2016

2017

2018

2019

2020


Хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс

6.3

6.6

6.3

6.1

6.0


Хятад

6.7

6.9

6.5

6.3

6.2


Индонез

5.0

5.1

5.3

5.3

5.4


Малайз

4.2

5.9

5.4

5.1

4.8


Филиппин

6.9

6.7

6.7

6.7

6.6


Тайланд

3.2

3.9

4.1

3.8

3.8


Вьетнам

6.2

6.8

6.5

6.5

6.5


Камбож

7.0

6.8

6.9

6.7

6.6


Лаос

7.0

6.7

6.6

6.9

6.9


Мьянмар

5.9

6.4

6.7

6.9

7.1


Монгол

1.5

5.1

5.3

6.4

6.5


Фижи

0.4

3.8

3.5

3.4

3.3


Папуа Шинэ Гвиней

2.4

2.1

2.5

2.7

2.9


Соломоны арлууд

3.5

3.2

3.0

2.9

2.8


Зүүн Тимор

5.3

-1.8

2.2

4.2

4.0


 Эх сурвалж: Дэлхийн банкны дата болон ажилтнуудын тооцоолол

Харин бүсийн тухайд авч үзвэл Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засаг өнгөрсөн онд 6.6%-иар өссөн бол энэ онд 6.3%-иар өсөхөөр байна. Энэ дундаа хамгийн гол байр суурь эзэлж буй Хятад улсын хувьд энэ онд 6.5%, ирэх онуудад 6.2-6.3%-иар эдийн засаг нь өсөх дүр зураг гарчээ. Хятад улсын хувьд дотоодын эрэлтийг бодлогоор дэмжиж, зээлийн нийлүүлэлтийг хумиж, чанартай өсөлт бүрдүүлэх бодлого барьж ажиллаж буйг Дэлхийн банкны тайланд дурджээ.

Бүс нутгийн эдийн засгийн хувьд АНУ-ын мөнгөний бодлого, томоохон эдийн засгуудын худалдааны зөрчил нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг дурдсан байна. Дэлхийн худалдааны тогтолцоонд аюул учирсан хэвээр байгаа тул хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүсийн улс орнууд бүс нутгийн худалдааг нэгтгэх, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг гүнзгийрүүлэх нь зүйтэй. Үүнийг АСЕАН-ы Эдийн засгийн бүлгэм, Номхон далайн улс орнуудын түншлэлийн цогц, прогрессив гэрээ, Бүс ба Зам санаачилга гэх мэт арга механизмаар дамжуулан хийх боломжтойг тэмдэглэжээ. Хүний хөдөлмөрийг хялбарчлах технологи, автоматжуулалтын сорилтыг даган улс орнууд өдгөө аж үйлдвэрт түшиглэсэн хөгжлийн стратегиудаа өөрчилж, аж үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын хоорондын ялгаа багасч байгаа энэ үед худалдааг нэгтгэх, хөнгөвчлөх нь улам холбогдолтой болно.

Технологийн хөгжил дэвшилтэй уялдан үйлдвэрлэлийн орчинд гарах өөрчлөлтөд дасан зохицохын тулд өрсөлдөх чадварыг сайжруулах нь бүс нутгийн улс орнуудын хувьд чухал хэвээр байна. Үйлдвэрлэлээс олох баялгийн хэмжээг тодорхойлоход улс орны бизнесийн орчин хөдөлмөрийн өртөг зардлаас илүү чухал нөлөө үзүүлэхээр байна. Техник технологи хувьсан өөрчлөгдөхийн хэрээр дижитал тоон технологийн талаарх мэдлэг, дижитал технологитой ажиллах чадвартай байх нь чухал юм.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ерөнхий эдийн засагч Судхир Шетти АНУ-Хятадын худалдааны зөрчлийн тухайд байр сууриа энэ үеэр илэрхийллээ. Хятадын тухайд АНУ-ын импортод ногдуулах тарифын үйлчлэл үнэхээр хэрэгжих үү гэдгийг харзнасан байдалтай байгаа. Хэрэв үнэхээр хэрэгжүүлэх тохиолдолд Хятад улс хариу арга хэмжээгээ эрчимжүүлнэ. Хоёр улсын хоорондын худалдаанд тариф бодитоор үйлчилбэл энэ нь гагцхүү дээрх хоёр улсын төдийгүй бүс нутаг, дэлхийн эдийн засаг, худалдаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүйг тэрбээр санууллаа. Монгол улсын хувьд эрх баригчид энэ асуудалтай холбоотой анхаарал хандуулах шаардлагатай нь зайлшгүй гэж тэрбээр мэдэгдсэн юм.

Б.Төгсбилэгт