Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Эрдэнэтийн ээдрээ




The Mongolian Mining Journal /2018.003/

Г.Идэрхангай

Засгийн газар дотооддоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийг хувийн хэвшилтэйгээ булаацалдаж байх зуур “саалийн ганц үнээ”-тэй зүйрлэдэг үйлдвэр маань Лондоны Олон улсын арбитрын маргаанд ялагдаж, өр төлбөрт унаад байна. Бүтэн таван жил сунжирч, дөрвөн удаагийн шүүх хурлын гуравт нь Стандарт банк ялсан болохоор энэ удаад Монгол улс арбитрт давж заалдах боломж бараг үгүй юм.

“Дөрөв дэх удаагаа давж заалдахаар бол төлөх ёстой 51 сая ам.долларыг 14 хоногийн дотор урьдчилан байршуул” гэсэн утгатай шийдвэрийг Лондоны арбитрын шүүхээс гаргасан нь нэг талаас манай улсад давж заалдах эрх олгож буй мэт боловч нөгөө тал­даа хугацаандаа  төлж чадахгүй гэж мэдсэн юм шиг “хатуу тулгалт” гэж хэлж болно.

Лондоны арбитрын шүүх дээр монголчууд амжилт гаргах боломж байсан уу гэвэл мэдээж байсан. Ядаж л хуурамч гарын үсгээс эхлээд бусад асуудлаа дотоодын хуулийн дагуу шийдээд буруутай этгээдүүдэд хариуцлагаа хүлээлгээд явсан бол Арбитрын шүүхийн шийдвэрийн буулт арай зөөлөн байх байсан болов уу. Шаардсан төлбөрийг тэр даруйд байршуулах чадамж  манай талд байгаагүй байж болно, гэхдээ төлбөрийг барагдуулах боломжтой гэсэн  чадавхиа нотолсон санхүүгийн тайланг шаардсан хугацаанд нь явуулахад л асуудал арай өөрөөр шийдэгдэх байв.

Арбитрын шийдвэрийн дагуу санхүүгийн тайлангаа ингэж нэгтгэж явуулаагүй, дээр нь дотооддоо буруутай этгээдүүдээ илрүүлж, хариуцлага ногдуулж чадаагүй гэх мэт биднээс өөрсдөөс  шалтгаалсан олон асуудал байсан учраас Засгийн газар энэ удаад бурууд хүчгүй гэгчээр буулт хийхээс аргагүйд хүрч байна.

Гэсэн хэдий ч Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар Стандарт банктай хэлцэл хийхийг үүрэг болгосноос хойш даруй нэг сар талийн оджээ. Энэ хугацаанд уг төлбөрийг ямар үе шаттайгаар, хэрхэн төлж барагдуулах талаар Засгийн газар ч, Эрдэнэт үйлдвэр ч таг байна. “Эрдэнэт”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “удахгүй албаны ёсны нэгдсэн байр сууриа илэрхийлнэ” гэснээс өөрийг дуугарсангүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хууль эрх зүйн газар энэ асуудал дээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэх ба одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаанд “Стандарт банк”-ны зүгээс арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу хориг тавьсан, саад учруулсан явдал гараагүйг холбогдох албаны хүмүүс учирлаж байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөгийн удирдлага асуудалд тайван, хүлээцтэй хандаж байгаагаа  харуулахыг хичээж буй нь илт. “Манай үйлдвэр 40 жилийн түүхэндээ 2017 онд хамгийн сайн ашигтай ажилласан. Үйл ажиллагаа болон санхүү хэвийн явагдаж байгаа. Ирэх 15 жилийн төлөвлөлтийн баримт бичгээ батлуулчихлаа” гэх зэргээр үйлдвэрийн ирээдүйн талаар өнгөтэй, гэрэлтэй бүхнээ ам нээх болгондоо дурдаж буйгаас энэ нь анзаарагдана.

Эрдэнэт үйлдвэр болон Сангийн яам, Засгийн газрын өгсөн үүрэг даалгаврын дагуу зээлийн төлбөрийг хэрхэн төлөх, эсхүл төлбөрийн хугацааг хойшлуулах, хүү торгуулийг хэрхэн зогсоох талаар тодорхой  саналыг яаралтай боловсруулж Засгийн газарт эхлээд танилцуулах ёстой. Нэгэнт стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газар, дээр нь төрийн өмчит компанийн хувь заяатай холбоотой маргаан учраас асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт зарим төрийн түшээд ч саналаа нэгтгэж байна.

Эрдэнэтийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалсан зээлийн төлбөрт манай улс үндсэн зээлийн 51 сая, хүү торгууль, шүүхийн зардлаа нэхэмжилсэн төлбөр 44,3 сая бөгөөд нийтдээ 95.3 сая долларыг  Стандарт банкинд төлөх шүүхийн шийдвэртэй. Хоногт 75 сая төгрөгийн хүүгийн төлбөрийн торгуультай.  Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээж авснаас хойш бүтэн гурван сар өнгөрөөд байгаа ба өдгөө хүүгийн төлбөр аль хэдийнэ 7 тэрбум төгрөгт хүрчээ.

“Эрдэнэт“ үйлдвэр арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй, хойшоо хоног алдах тусам өдөр бүр 30 мянган доллар буюу 75 сая төгрөгийн хүү нэмэгдсээр эцсийн дүндээ “Стандарт банк”-нд  Монголын 100 хувийн эзэмшилд ирээд удаагүй байгаа Эрдэнэт үйлдвэрийнхээ  51 хувийг битүүмжлүүлэх асуудал үүсэх вий.  Ийм ноцтой өрнөл дунд Эрдэнэт үйлдвэр “Стандарт банк”-ны өр төлбөрийг барагдуулах хувилбараа шуурхай боловсруулж, банктай хурдан учраа ололцох нь чухал юм.

Арбитрын шүүхийн шийдвэрийг Монголын төр биелүүлэх ёстой юу? Яг ийм асуултад хариулт нэхсэн, болж өгвөл ямар нэгэн арга замаар мултрах гарц гаргалгааг эрэлхийлсэн мэдээллүүдийг сүүлийн хэдэн өдөр хэвлэлээр байнга “бөмбөгдлөө”.

Ялангуяа Арбитрын шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс өмнө тус шийдвэрийн гол үндэслэл болоод байгаа хуурамч гарын үсэг бүрдүүлэн зээл авсан гэрээнүүдийг Монгол улсын шүүхээр хянуулах, үнэхээр  хуурамч юм бол  Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр бусад тооцох байдлаар арбитраас татгалзах боломжтой гэх хуульчдын байр сууриуд хүчтэй байна. Гэсэн хэдий ч бодит байдал дээр Арбитрын эцсийн шийдвэр гарсны дараа ийм хувилбарууд дэвшүүлж буй нь өнгөрсөн борооны араас цув нөмрөхтэй адил юм.

Арбитрын шүүхийн шийдвэрийг шууд хэрэгжүүлэхгүйгээр нөхөн төлбөрийг тодорхой хэлцлийн үүднээс шийдвэрлэж байсан хэргүүдээс хамгийн алдартай нь “Хан Ресурс” компани манай Засгийн газрыг хариуцагчаар татсан явдал.  Тухайн үед Ч.Сайханбилэгийн Засгийн газар төлбөр тооцооны асуудлыг талуудтай олон дахин нягтлан хэлэлцсэний дүнд анхны нэхэмжилсэн тоог ихээхэн бууруулан  шийдвэрлэж байлаа.

Гэхдээ хуурамч гарын үсэг зуран Орос-Монголын хамтарсан үйлдвэрийг   Стандарт банкинд барьцаалж их хэмжээний зээл аваад өр төлбөрийг барагдуулаагүй,  109 сая ам.доллар элсэнд цацсан ус шиг “эзэн холбогдогч”-гүй алга болсон гэдгээрээ  “Эрдэнэт үйлдвэр” тойрсон арбитрын маргаан “Хан Ресурс”-ын хэргээс илүү ноцтой үр дагавартай.

Хэвлэлийн мэдээллүүдэд дурдсанаар бол зээлийн баталгаа гаргагчийн хувьд Арбитрын шүүх “Жаст” группын Ш.Батхүүгээс биш, “Эрдэнэт үйлдвэр”-ээс мөнгө нэхэмжилсэн, тиймээс “Эрдэнэт үйлдвэр” төлж барагдуулах учиртай гэсэн “мессеж”-ийг УИХ-ын нөлөө бүхий гишүүд олон нийтэд өгч байгаа.  Хэдийгээр хуурамч гарын үсэг үйлдэж, Эрдэнэтийн нэрийг барьж зээл авсан гэдгээр Ш.Батхүү хоригдож байгаа ч үйл явцын дунд тэрээр ганцаар эл хэргийг үүрч, бусад буруутай этгээдүүд завшиж хоцрох вий гэсэн олон нийтийн болгоомжлол байна.

Түүний гаргаж өгсөн  баталгааны бичигт тухайн үеийн ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, өдгөө Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, Монгол-Оросын хамтарсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Т.Очирхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан гэгдэж байгаа ч  бүгд үгүйсгэж байгаа. Тэр бүү хэл Ч.Ганзориг нь “Эрдэнэт үйлдвэр” Стандарт банкинд өр төлөх шаардлагагүй гэж өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн. Түүгээр ч барахгүй Эрдэнэтийг өрөнд унагаахын тулд зориудаар Арбитрт ялагдсан жинхэнэ буруутныг илчлэхгүй байх ашиг сонирхол Монголын улстөрчдөд байгаа гэсэн ноцтой мэдэгдлийг Ч.Ганзориг өгч эхлэв. Эндээс харахад “арбитрт албаар ялагдахад нөлөөлсөн этгээдүүд” гэх буруутнуудыг тодруулах ажил бас нэмэгдэж байна.

Зээлийн батлан даалтын 40 дүгээр хуудсан дээр Ч.Ганзоригийн гарын үсэг байгааг хуулийн байгууллагынхан нотолсон ч зээлийн батлан даалтын гэрээ биш, өөр гэрээнд гарын үсэг зуруулаад үүнийгээ зориулалт бусаар ашигласан гэх мэдээллийг  өмгөөлөгч нь өгсөн. Харин  ч батлан даалт гэрээ хийхийг түдгэлзүүлсэн бичгийг Ч.Ганзориг үйлдсэн боловч үүнийг нь  Арбитрын шүүх хуралд манай талаас нотлох баримт болгож дэлгээгүй нь “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр өр төлбөрт унах шалтгаан болсон гэх тайлбарыг өгч  байгаа.

Энэ бүхнээс харахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавьсан хэргийн буруутныг олох нь тийм хялбар, хурдан хугацаанд шийдэгдчих асуудал биш бололтой.
Ийнхүү Арбитрын маргаанд ороогдоод байгаа Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг тойрсон дуулиан дунд тус  үйлдвэрийн 49 хувийн  асуудал бүдгэрч дарагдаад байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлж буйгаар, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авсан УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр Цэцээс гарсан. Өөрөөр хэлбэл, 49 хувийг авахдаа “Монголын зэс” ХХК хууль тогтоомж зөрчсөн байна гэх шийдвэрийг танилцуулчихлаа. Тиймээс Засгийн газрын Ажлын хэсэг одоогоор 49 хувийг төрд буцааж авах, төлбөрийг харилцан суутгах Засгийн газрын тогтоолыг боловсруулж, батлуулснаас өөр тодорхой мэдээлэл өгөхгүй байна.

Юутай ч одоогоор Арбитрын шийдвэрийг биелүүлж, “саалийн ганц үнээ”-гээ Стандарт банкны барьцаанаас бүрэн суллах, хоёрт 51 хувийг барьцаалсан эздэд хариуцлага тооцож, хэнд очсон нь тодорхойгүй зээлийг илрүүлж, хариуцлага  тооцох, 49 хувийн асуудлаа нэг мөр цэгцлэх гээд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрдэнэтийг тойрсон олон ээдрээтэй асуудал тулгарч байна.