Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Д.Сумъяабазар: Үндэсний баялгийн сангийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг  “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Үндэсний баялгийн сан”-гийн талаар товч мэдээллийг өгсөн юм. “Үндэсний баялгийн сангаар дамжуулж, нийгмийн олон салбараа дэмжиж хуримтлал бий болгодог жишиг олон улсад бий. Сингапур, Казахстан, Норвеги зэрэг оронтой баялгийн сангаараа дамжуулж, нийгмийн салбаруудаа хөгжүүлж ирээдүйд хуримтлал бий болгосон орнуудын жишээг бид нэрлэж болно.

Өнөөдөр Казахстан улс гэхэд хоёр том баялгийн сангаар дамжуулан дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргаж, худалдаж авдаг. Бид баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” хэмээн тэрээр онцоллоо. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани дээр суурилж баялгийн сан, үндэсний хуримтлалын санг бий болгохоор зорьж байгаа аж.
“Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болон ашигт малтмалын үнэ өсөлттэй байгаа таатай үеийг бид ашиглах ёстой. Ирээдүйн 10 жилд бидэнд ийм боломж олдохгүй.   Үндэсний баялгийн сангаа 2018 онд амжиж байгуулахгүй бол улс төрийн хувьд ч , эдийн засгийн хувьд ч эерэг дүр зураг харагдахгүй” гэдгийг Д.Сумъяабазар сайд мэдээлэлдээ дурьдлаа.

Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд гаднаас авах санхүүгийн тооцоо, судалгаагаа УУХҮЯ хийж байгаа аж. Хэдийгээр энэ үйлчилгээ нь үнэтэй байж болох ч ямар үнэ цэнээр ирээдүйн сангаа бий болгох вэ гэдгээ бодох цаг болсон гэдгийг тэрээр хэлж байсан.  Үндэсний баялгийн сангийн Техник, эдийн засгийн үндэслэлийг УУХҮЯ-ны мэргэжилтнүүд боловсруулж буй аж.

Түүний хэлж буйгаар, Монгол улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал үр дүнтэй болсон бөгөөд БНХАУ-ын зүгээс манай улсад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Энэ хүрээнд Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг Хятадын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой гарын үсэг зурсан юм. Гашуунсухайт боомтоор хил нэвтрэх нүүрс тээвэрлэгч машины тоо өчигдрөөс нэмэгдэж, үндсэн зургаан гарцаар нүүрс гаргаж  эхэлсэн байна. Өчигдөр гэхэд боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт болжээ.  “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрснээс  268 мянган тонн нүүрс “хулгайлагдсан” гэх асуудлыг  тодруулж судлах Ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Ажлын хэсгийн дүгнэлтийн дараа олон нийтэд дахин мэдээлэл өгөх аж. “Оюутолгойн гэрээг муу болсон гэж би хувьдаа боддоггүй. Гэрээний хэрэгжилт, далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд эрх мэдлийнхээ хүрээнд шалгаж байна. Шалгаад дүгнэлтээ олон нийтэд танилцуулах байх. Энэ гэрээг ямар нэг байдлаар гацаах, саад бэрхшээл учруулах хэрэггүй. Үүсч байгаа асуудалтай холбоотойгоор ямар нэгэн захидал, тайлбар мэдээ надад ирээгүй” гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд хэлж байсан юм.

“Бороо гоулд компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөц эцэслэн дуусаагүй ч ойролцоогоор  үлдэгдэл нөөц нь үйлдвэрлэлийн үр ашигтай байх төлөв харагдаж байна. Тус компани уурхайн хаалтын цогцолбор төлөвлөгөө боловсруулж байгаа гэсэн. Ер нь бол уурхайн хаалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр манай яам маш их анхаарч ажиллаж байна” хэмээн УУХҮЯ-ны  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б. Элбэгзаяа онцолсон.

Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор УУХҮЯ-наас Ажлын хэсэг байгуулсан юм. Уг Ажлын хэсэг нь зөвхөн орд ашиглах гэрээ байгуулах асуудлыг судлах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох мэдээллүүдийг өгөх чиглэлээр ажиллаж буй бөгөөд ордыг ашиглахтай холбоотой өмнөх хэлцлүүдийг Ажлын хэсэг судалж байгаа аж.    

Төв аймгийн Заамарын бүсэд олборлолт явуулж байгаа “Алтан Дорнод Монгол”  компанийн 15 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Эдгээр тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг сэргээх шүүхийн шийдвэр гарсан.  Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, шүүхэд давж заалдсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарахаар эргэж мэдээлэх болно” хэмээн АМГТГ-ын дарга Х.Хэрлэн ярилаа.

Уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн  татвар хураамж 2018 оны эхний улирлын байдлаар 448.2 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг ашигт малтмалын төрлөөр ангилбал алт 6.5 тэрбум, нүүрс 151.6 тэрбум, цайр 22.0 тэрбум, зэс 242.5 тэрбум, төмөр 6.1 тэрбум, жонш 3.4 тэрбум төгрөг болсон байна. Харин улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 162.6 тэрбум төгрөг буюу 1.6 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 тэрбум төгрөг буюу 0.9 дахин буурсан байна.

Хууль эрх зүйн хувьд  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны тушаалаар “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай” Ажлын хэсгийг байгуулсан билээ.

Уг Ажлын хэсгийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудын хийдэл, зөрчил, давхардлыг тогтоосон судалгааны тайланг боловсруулан УУХҮЯ-нд хүлээлгэн өгсөн юм. Дээрх судалгаанд тулгуурлан хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор уул уурхайн салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг боловсруулаад байгаа. Саяхан тус яаманд зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн үеэр ирсэн саналуудыг нэгтгэж товъёог хийж, холбогдох байгууллагуудад саналыг хүргүүлэхээр ажиллаж байгааг УУХҮЯ-ынхан онцоллоо.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.12-т заасны дагуу УУХҮЯ-ын сайдын  тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой, Нарийн сухайтын нүүрсний ордуудын  талбайн хил заагийг урьдчилсан байдлаар тогтоож Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэжээ.    

Харин олон нийтийн хэлэлцүүлэгт ороод удаж буй Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсруулах ажил явагдаж байгаа бөгөөд  төслийг сайжруулахын тулд нэлээд  ажиллах шаардлагатай байгааг Д.Сумъяабазар сайд онцолсон юм.   

Г.Идэр