Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Якутад нүүрсний Баяжуулах үйлдвэр шинээр ашиглалтад орж байна

ОХУ-ын Өмнөд Якутын Нерюнгринийн бүс нутагт нүүрсний Баяжуулах хоёр ч үйлдвэр шинээр баригдаж байна. Үүний нэг Денисовскийн үйлдвэр энэ сарын 26-нд ашиглалтад орох аж. Энэ тухай төслүүдийг хэрэгжүүлж буй “Колмар” компанийн Ерөнхий захирал Сергей Цивилев мэдэгджээ.

Денисовскийн Баруун уурхайн ашиглалт, гүний уурхай болоод Баяжуулах үйлдвэр, Алс Дорнодын боомт дахь Мучке терминал зэрэг бүтээн байгуулалт багтсан төслийг 2004 онд эхлүүлсэн байдаг. Баяжуулах үйлдвэрийг Хятадын “Beijing CATIC Industry Limited” компанитай хамтран 8.5 сарын хугацаанд барьж гүйцэтгэжээ. Шинээр ашиглалтад орох гэж байгаа Денисовскийн үйлдвэр жилд 6 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай.

Денисовскийн төслийн зэрэгцээ Инаглинскийн нүүрсний орд газарт хоёр дахь Баяжуулах үйлдвэр барих төслийг “Колмар” хэрэгжүүлж байгаа юм. Уг үйлдвэр нь жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Денисовский, Инаглийнксийн төслүүд нийт 39.3 сая ам.долларын өртөгтэй.  

“Колмар” компанийн эзэмшлийн нүүрсний ордууд нийт 1 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. 2021 он гэхэд жилд 24 сая тонн нүүрс олборлох зорилттой. Одоо Денисковскийн ордын Төв хэсэгт ил уурхайн олборлолт явагдаж байгаа бөгөөд баяжуулах “Инаглинский 1” үйлдвэр жилд 1 сая тонн коксжих нүүрс боловсруулж байна.  

Өнөөгийн байдлаар “Колмар” нь коксжих болон эрчим хүчний нүүрсийг Алс Дорнодын боомтоор Хятад, Япон улс руу экспортолдог. Ванино боомтын ойролцоо орших Мучке нүүрсний терминалыг 2017 онд ашиглалтад оруулсан. “Инаглийнский 1” УБҮ-ээс жилд 240 мянган тонн коксжих нүүрс нийлүүлэхээр өнгөрсөн онд Хятадын “Baosteel Resources” компанитай урт хугацааны гэрээ байгуулсан байдаг. Мөн “Guangxi Shenglong Metallurgy” компанид 500 мянган тонн коксжих нүүрс нийлүүлэхээр гэрээ үзэглэсэн юм. Баяжуулах шинэ үйлдвэрүүдээ ашиглалтад оруулснаар нүүрсний экспортоо нэмэгдүүлж Энэтхэг, Вьетнам, Өмнөд Солонгосын зах зээлүүдэд нийлүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ 2017 онд шинээр танилцуулсан “Deni Creek” брэндийн коксжих нүүрсийг Nippon Steel, Hyundai Steel, Capital Steel болон Hebei Steel зэрэг ган үйлдвэрлэгч томоохон компаниудад нийлүүлэхээр яриа хэлэлцээр хийж байгаа аж.

Э.Од