MMJ-10
2010 он буюу өндөр өсөлтийн үеийн уул уурхай
2018-04-24
The Mongolian Mining Journal /2018.003/
Э.Оджаргал
Монголын эдийн засагт зэсийн экспорт дангаар жин дардаг үе улирч нүүрс эн тэнцэв. 2008 оноос эхтэй санхүүгийн хямралыг гэтлэхээр хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр жил хагасын дараа өндөрлөжээ. Оюутолгойн аварга төслийн араас нүүрсний үлэмж нөөцтэй Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зэхсэн Монгол улс дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан цаг. Том төслүүдийг даган төмөр зам, аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөн, уул уурхайн орлогоос хуримтлалтай болохыг зорьж, үндэсний компани дэлхийн хөрөнгийн зах зээлд анх хөл тавьсан өөдрөг үе. Дэлхийн эрдсийн зах, Монголын эдийн засагт түүхэн дээд үзүүлэлтүүд тэмдэглэгдсэн 2010 оны уул уурхайн өрнөл, хэмнэл MMJ-ийн хуудаснаа хэрхэн бичигдэв?
“Behre Dolbear” компани дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын судалгааг гаргахад Монгол улс эхний аравт багтсан байна. Улс төрийн сонгуулиудын буухиа түрдээ алсарч, түүхий эдийн ханш өсч буй энэ хэсэгхэн үед эдийн засгийн баримжаа бүхий эрүүл шийдвэрүүд мэндэлж мэдэх юм хэмээн 2010 оныг угтан MMJ бичжээ.
Өмнийн говьд өрнөсөн их бүтээн байгуулалт
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн баталснаар Монголын уул уурхайд дэлхийн энтэй төслийн бүтээн байгуулалт эхлэв. Оюутолгойн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй Монгол залуусын тоо 3000 дөхжээ. Тэрхүү үе цагт “Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Кийт Маршал “Нэг шөнийн дотор болоод өнгөрөх биш тогтвортой, урт удаан хугацаанд өгөөжөө өгөх төсөл гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Ийм өргөн цар хүрээтэй төслийн ажил нарийн хуваарийн дагуу явагддаг. Хуваарийн дагуу яваагүй хоног тутамд 1 сая ам.долларын алдагдал хүлээх тооцоо бий. Төслийн 34%-ийг эзэмшиж буй Монгол улсын Засгийн газар ч мөн хохирол амсана гэсэн үг” гэж сануулахаа мартсангүй. Тэрээр удалгүй халаагаа өгч, оронд нь Камерон Макрей томилогдсон юм.
Хэдий Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөржсөн ч Оюутолгойг тойрсон маргаантай асуудлууд үргэлжилсэн хэвээр нэгэн жил өнгөрчээ. “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Том Албаниз тэргүүтэй удирдлагууд нь Улаанбаатарт ирж, Оюутолгойн ТУЗ нэг бус удаа хуралдсанаар Монголын талын санхүүжилтийн хүүг LIBOR нэмэх 6.5% болгон бууруулах, Монголын талд мэдэгдэхгүйгээр гуравдагч этгээдэд хувьцаагаа зарахыг хориглох, өсөн нэмэгдэх роялтийн татвар тогтоох зэрэг өөрчлөлтийг Хувь нийлүүлэгчийн гэрээнд оруулах тохиролцоонд хүрчээ.
Өмнийн говьд цогцлох нүсэр бүтээн байгуулалтын талаар “Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч Кийт Маршал, дэд захирал Т.Мөнхбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарын ярилцлага, шинэ цагийн хөдөөгийн хөгжилд найдвар тавьсан нутгийн иргэдийн ахуй амьдралын талаарх сурвалжлагуудыг өнөөдөртэй харьцуулахад нэн сонирхолтой.
Оюутолгойн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан говь нутгийн онгон байгальд Монголын Засгийн газар цорын ганц удаа 2010 оны халуун зун ээлжит бусаар чуулжээ. Дэлхий нийт Монголын говь руу хараа сунгасан тэртээх өдрүүдэд цаг уурын дулааралтай тэмцэхэд үлгэрлэхийн сацуу “Хамтарсан” Засгийн газар багахан PR хийгээд амжсан нь энэ.
Өмнийн говьд дараагийн эрдэнэсийн үүцийг нээхээр Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд 2010 онд Монголын Засгийн газар ихэд шуурхайлсан юм. Тавантолгой ордыг ашиглах хувилбар гурвантаа өөрчлөгдсөний эцэст хамгийн сүүлд Цанхийн Зүүн хэсэг дээр гэрээт олборлогч ажил гүйцэтгэх бол Баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулан хувь эзэмшүүлэх зарчмаар хамтран ажиллах хувилбар дэвшүүлжээ.
2010 оны онцлох сэдвээр MMJ Тавантолгойг тодотгож. Ингэхдээ “Шалгаруулалтын наана шийдвэрлэх, бэлтгэл хангах маш олон, дэндүү том ажлууд эгнэж байгаа. Тэр дундаа, Монголын Засгийн газар транзит тээврийн нэвтрэлт гаргаж, онгойлгож авахгүй бол яг энэ асуудал Тавантолгойн ордын баялгийг үнэ цэнтэй болгох замд хамгийн том тээг болох магадлалтай” хэмээн бичжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгуулын тусгай зөвшөөрөл олголтод хориг тавьсантай зэрэгцэн УИХ-ын Хаврын чуулганаар Сү.Батболдын Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулагчдад “угтуулах нөхцөл” тавихаа мэдэгдсэн байна. Угтуулан тавих нөхцөлд Тавантолгойн нүүрсний транзит тээврийн тарифыг бууруулах, гадаад зах зээлд нэвтрүүлэх боомтуудын зөвшөөрөл авах гэсэн чухал хоёр заалт багтжээ. Тавантолгойд Монголын төр бодлогоо тодорхойлж байх завсар хилийн чанадаас зорих хөрөнгө оруулагчдын хөл хөдөлгөөн ихэд эрчимжсэн нь MMJ-ийн мэдээллүүдээс тодорхой харагдана.
Монголын нүүрс үнэд хүрэх зах зээлд хүрэх гол судас, бүх зам хамаарч буй хөршүүд маань Тавантолгойн үйл явдлын өрнөлд ихэд идэвхтэй байжээ. Тавантолгойд өрсөлдөхөө мэдэгдсэн 8 орны 11 консорциумын нэгд Оросын тал байсан бөгөөд төмөр замын шинэ шугамаа хүчтэй зүтгүүлж, үүнд улсын төсвөөсөө 1.5 ам.доллар зориулна гэж байж. Хойд хөрштэйгээ транзит тээврийн тохиролцоонд хүрэх зорилго тээсэн Ерөнхий сайд Сү.Батболдын Москвад хийсэн айлчлал ахиц авчраагүй ч Монголын их өрийг тэглэсэн түүхэн шийдвэрт хүрсэн билээ.
Стратегийн хөрөнгө оруулагчийг арванхоёрдугаар сард сонгон шалгаруулахаар хүлээгдэж байх зуур Монголын Засгийн газар төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, компанийн хувьцааны 10%-ийг иргэд, 10%-ийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд хуваарилах, 30%-ийг дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж хөрөнгө босгох үндсэн зарчмыг томьёолжээ.
Монгол улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр “Бид дотроо маргахаас илүүтэй хилээс гадагш тэлэх бизнесийнхээ боломжийг өргөн өнцгөөр харах хэрэгтэй”, “Нээлттэй нийгэм форум”-ын менежер, судлаач Н. Дорждарь “Эдийн засгийн бүтцээ харахад төр заавал оролцох шаардлагагүй юманд хутгалдаж байна. Нүүрс ухахыг төр хийгээд хэрэггүй шүү дээ. Түүнийг хувийн сектор хийж чадна”, Эдийн засагч Д.Жаргалсайхан “Тавантолгой дахь хөрөнгө оруулалтын гэрээний эдийн засгийн агуулга нь тодорхой бус байна”. УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу “Тавантолгой, төмөр зам, цахилгаан станцыг асуудлыг салгаж болохгүй”, “Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Кийт Маршал “Тавантолгойн хувьд ачаа тээврийн хамгийн оновчтой шийдэл нь төмөр зам” гэсэн байр сууриудаа илэрхийлсэн нь MMJ-ийн хуудсанд үлджээ.
Засгийн газар Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар шуурхайлахын зэрэгцээ ордын нөөцийг олон улсын стандарт нийцүүлэн тогтоох, төрийн мэдлийн компанийг эмхлэн байгуулж, иргэн бүрт хувьцаа хуваарилах, олон улсын бирж дээр гаргах, хөрш орнуудтай транзит тээврийн хэлэлцээр хийх, нүүрсний төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, төслийг хөдөлгөх хөрөнгө санхүүжилт эрэлхийлэх гээд Монголын талын бэлтгэл ажлууд өрнүүн, тэр бүгдэд таньж мэдэх, суралцах шинэ ойлголтууд ч олон байжээ. Шийдэл эрэлхийлсэн маргаан мэтгэлцээн дунд стратегийн орд, төмөр зам, хөрөнгийн зах зэрэг тодорхой сэдвүүдээр дагнасан MMJ-ийн тусгай дугаарууд мэндэлсэн байна.
Монголчууд мөнгө босгохоор мордлоо
“Манай улсын нэн сонирхолтой үе эхэлж байна. Байгалийн баялаг маань санхүүгийн эргэлтэд орох өдрүүд ойрхон ирэв. Засгийн газар төдийгүй үндэсний компаниуд дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавих эрмэлзэл тээж явна. Эх нутгийн баялаг юугаа үнэ цэнд хүргэх том тоглоомд ухаан сорих цаг иржээ. Ухарч шантрах биш, харин ч цаг алдалгүй орох ёстой сэдэв өнөөдөр чухамдаа хөрөнгийн зах зээл болоод байна” хэмээн MMJ хөгжлийн айсуй хандлагыг онцолжээ. Монголд ашигт малтмалын орд эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалттай 20 гаруй компани олон улсын бирж дээр хувьцаагаа арилжаалж байсан үе юм. Хамтарсан Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, дэлхийн түвшинд хүргэхээр чиг зорилтоо тодорхойлж байлаа. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” Австрали, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржүүдийг онилон судалгаа явуулж байх зуур “Энержи Ресурс” компани буюу MMC дэлхийн хөрөнгийн зах дээр хөл тавьж, арилжааны хонхыг цохьсон түүхт үйл явдал 2010 онд тохиосон юм. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд том алхам болсон тэмдэглэлт үйл явдлыг уншигчдадаа “халуунаар” нь хүргэхээр MMJ-ийн сэтгүүлчид шуурхай сурвалжлага, нийтлэлүүдээ арлын Хонконгоос илгээж байлаа.
Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Дэлхийн дэвжээн дээр өөрийгөө харуулах өргөн хүрээтэй боллоо”, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Гадаадын хөрөнгийн урсгалыг Монгол руу татаж байж Монголд шинэ ажлын байр, шинэ бизнес бий болно”, Mongolian Mining Corporation-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал ”Мөнгө босгоно гэдэг маш том хариуцлага”, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Монголын залуучууд ихийг бүтээж чадна гэдгээ харууллаа”, нийтлэлч Б.Баабар ”Олон улсад нэр хүндтэй бирж дээр гарна гэдэг маш том үнэлгээ авах шалтгаан” гэсэн ишлэлүүд Хонконгоос бичсэн MMJ-ийн сэтгүүлчдийн сурвалжлагад түүх болон үлджээ.
Монголын үндэсний компани үнэт цаасны ертөнцөд цахиур хагалан мэндэлсэн тэр өдрийг уншигч танаа эргүүлэн сануулах “975” нийтлэлийг MMJ-ийн архиваас толилуулж байна. Найман жилд туулсан зам дардан байгаагүй ч MMC өнөөдөр Монголоо төлөөлөн дэлхийн хөрөнгийн зах зээл дээр байр сууриа хадгалсаар явна. Араас нь шил даран олон улсын бирж дээр гарах үндэсний компани хараахан төрөөгүй ч тэр цаг тийм ч холгүй гэж найдна. Тэртээх 8 жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани үнэт цаасаа гадаадын бирж дээр арилжаална хэмээн зоримог зарлаж байсан бөгөөд монголчууд бид ч найдан хүлээсээр найман жилийг ардаа орхижээ.
Тавантолгой дэлхийн хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох талаар яригдаж эхэлсэн 2010 онд шинжээч, мэргэжилтнүүд MMJ-д юу ярьж байсныг хамтдаа сонирхъё.
MICC буюу Монголын Олон Улсын хөрөнгө оруулалтын Корпорацийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ:
Тавантолгойн хувьд дэд бүтэц, олборлох туршлагатай мэргэжилтнүүд, хөрөнгөө яаж босгох вэ гэсэн гурван асуудлыг шийдчих юм бол таван тэрбум нүүрсийг 100 жил зөөгөөд ч барахгүй тийм их баялаг. Засгийн газар нийт ард түмнээ хувь нийлүүлэгч болгочихоод, үлдсэн хувьцааны зарим хувийг нь худалдаж ч юмуу, гэрээгээр уурхай ажиллуулдаг гадны компанийг оруулж болно шүү дээ. Олборлож эхэлснээсээ хойш тодорхой хугацааны дараа магадгүй хоёроос таван жилийн дараа компаниа бирж дээр гаргавал хувьцаа нь хамгийн их үнэд хүрч Монгол улсын иргэдэд ашигтай байх болно.
УИХ-ын гишүүн О.Чулуунбат:
Тавантолгой төслийг зээлээр эхлүүлээд, дараа нь хувьцаа гаргавал үнэд хүрнэ.
“Ньюком” группын Гүйцэтгэх захирал Б.Болд:
Монгол улс юуны түрүүнд Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэх сувагтай болох хэрэгтэй. Нүүрсээ худалдаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх учиртай. Тавантолгой дээр юу ч хийгдээгүй бол бирж дээр хувьцаа үнэд хүрч чадахгүй.
Төмөр зам ба Сайншандын Аж үйлдвэрийн парк
Далайд гарцгүй Монгол улс хоёр хөрш орныхоо төмөр замын сүлжээнд албан ёсоор холбогдож чадаагүй цагт уул уурхайн бүтээгдэхүүн, Тавантолгойн нүүрс үнэ цэнтэй байж чадахгүй. Тиймээс нүүрсний дэд бүтэц буюу төмөр замын асуудал MMJ-ийн байнга хөнддөг гол сэдвийн нэг юм. Төрөөс төмөр замын талаарх баримтлах бодлогын баримт бичгийг батлахаар Төрийн ордонд хэлэлцэж байх өдрүүдэд MMJ уншигчдынхаа дунд төмөр замын маршрутын талаар санал асуулга явуулжээ. 2009 оны хагасаас эхлэн бүтэн жил үргэлжилсэн “Монголын өмнөд бүсийн ашигт малтмалын томоохон орд газруудыг дайрсан төмөр замын шугамыг ямар чиглэлд тавих нь оновчтой вэ?” асуулгын дүнгээр “Тавантолгой-Оюутолгой-Гашуунсухайт-Бугат-Хунхуа боомт” чиглэл хамгийн олон буюу 33%-ийн санал авчээ.
“Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Замын-Үүд-Жинин”, “Тавантолгой-Нарийнсухайт-Сэхэ-Бугат”, “Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Чойбалсан-Соловьевск” чиглэлүүд асуулгад багтсан байна. Эдгээр 4 маршрут дээр УИХ-ын Судалгааны албанаас ч мөн анализ хийжээ. Судалгаагаар “Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлд төмөр зам тавих шаардлагагүй, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийг Оюутолгойгоор дайруулах нь стратегийн чухал ач холбогдолтой, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлд өргөн царигийн төмөр зам шинээр тавьж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг Тавантолгой, Оюутолгойн түүхий эдээр ханган, улмаар Оросын далайн боомтуудад хүргэх нь эдийн засгийн үр ашигтай гэсэн дүгнэлт гарчээ.
2010 оны дундуур УИХ-аас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлах үеэс “Шинэ төмөр зам” төслийн маршрутттай монголчууд анх танилцаж, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх, сайдын зөвлөх Ч.Ганбат нарын эрхмүүдийг дээрх төсөлтэй холбогдуулан эчнээ сайн таних болсон билээ. Монгол улсын зам тээврийн хөгжлийн бодлогыг тодорхойлж асан эрх мэдэлтнүүд шинээр эхлүүлж буй төмөр замын бүтээн байгуулалт 2.5 жил, цаад тал нь 4 жилээс хэтрэхгүй хэрэгжинэ гэж амлаж байв. Харин өнгөрсөн найман жилийн хугацаанд төмөр зам дээр хэрүүлээс өөр бодит ажил хийгдсэнгүй.
Тухайн үеийн ЗТБХБ-ын сайдын баг “Шинэ төмөр зам” төсөлтэй хоршуулан Сайншандын Аж үйлдвэрийн парк байгуулах ажилд ханцуй шамлан орж байлаа.
Он дуусахаас урьтаж “Сайншанд” төслийн техникийн болоод хуулийн зөвлөх компанийг сонгох хоёр ч тендер зарлажээ. Шалгаруулалтад “Hogan Lovells”, “Bechtel”, “Flour INC”, “Worley Parsons”, “Hatch” компаниудын дунд “Liberty Partners” ч өрсөлджээ. Сайдын зөвлөх Ч.Ганбатын үүсгэн байгуулсан “Liberty Partners” компани “Сайншанд”-аас гадна Монголд нүүрс шингэрүүлэх CTL технологийн гурван том төслийн нэгийг хэрэгжүүлэхээр MMJ-д ярилцлага өгч байлаа.
Харамсалтай нь Сайншандын Аж үйлдвэрийн парк байгуулагдсанаар Оюутолгой, Тавантолгой болоод бусад ордуудаас түүхий эдээр хангагдах кокс, төмөрлөг, зэс хайлуулах, газрын тос боловсруулах 4-5 үйлдвэрийг хувийн хэвшлийнхэн цогцлоох нүсэр том бүтээн байгуулалтын хувьд монголчууд “цаасан макет”-тай л хоцорсон юм.
Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газраас зарласан 120 гаруй шинэ төслөөс эхний ээлжинд 26 төслийг хэрэгжүүлнэ гэсэн бөгөөд үүнд Оюутолгой, Тавантолгой, “Шинэ төмөр зам”, Сайншандын Аж үйлдвэрийн парк багтаж байсан юм.
Үлэмж дүнтэй эдгээр төслийг санхүүжүүлэхийн тулд Хөгжлийн банк байгуулахаар бэлтгэж байх тэр үед Монголын томоохон банкируудын нэг О.Чулуунбат “Ерөөсөө Засгийн газрын банк л байгуулагдана гэж хэлж болох байх. Засгийн газар, төрийн өндөр албан тушаалтнуудын үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд нь зээл аваад эргүүлж төлөхгүй, ингэснээр нэг их удахгүй дампуурах тийм л ирээдүй Хөгжлийн банкийг хүлээж байнаа” гэсэн нь өнөөдрийн сануулга болон MMJ-ийн хуудаснаа тэмдэглэгджээ.
ММJ ба Mining Journal Awards
Эх орныхоо хөгжлийн тулах голч цэгийг эрэлхийлэн мэтгэлцэж байх үе цагт нийгмийн хүлээлт, асуулт болгонд нээлттэй хариулт, санал бодлууд үнэ цэнтэй байлаа. Хөгжлийн зөв гарцын тухай хамгийн ихээр маргаж буй өдрүүдэд ямар эрхмүүдийн байр суурь хүчтэй байсныг эргэн сануулъя. “Эдийн засгийн сэдэвтэй сэтгүүл зүйн бүтээлд нэр нь хамгийн олон удаа дурдагдсан байр суурийг нь ишилсэн эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтнийг тодруулах” судалгааг 2010 оны эхний хагаст өдөр тутмын голлох сонинуудыг хамруулан MMJ захиалж хийлгэсэн юм. Эдийн засгийн сэдвээр хамгийн олон удаа байр сууриа илэрхийлж, бодлогод нөлөөлж чадсан, олон нийт үгийг нь сонсохыг хүссэн 8 эрхмийг тэрхүү судалгаагаар шалгаруулсан ба эдгээрт Ерөнхий сайд Сү.Батболд, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн О.Чулуунбат эдийн засагч Н.Дашзэвэг, Б.Баттөмөр, Д.Жаргалсайхан, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар нарын эрхмүүд багтжээ.
Уул уурхайн салбар хөгжлийн тулгуур болж буй энэ үед салбарыг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, энэ салбарт хүчээ сорьж, эрсдэлийг үүрч яваа компаниудыг хөхиүлэн дэмжих үүднээс Mongolian Mining Journal сэтгүүлээс Mining Journal Awards шагнал гардуулах ёслолын ажиллагааг анх удаа зохион байгуулсан юм.
Ингэхдээ салбартаа нэр хүндтэй, хараат бус, мэргэжлийн өндөр босготой шалгаруулалт бий болгохыг зорьсон билээ. Mining Journal Awards-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнд анхлан УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, АМГТГ-ын Уул уурхай судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн, ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвтогтох, Маркшейдерийн холбооны тэргүүн, ШУТИС-ийн зөвлөх, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор Д.Дондов, БОЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, МХЕГ-ын Байгаль орчин, Аялал жуулчлал, Геологи, Уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, Компанийн засаглалын хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат зэрэг эрхмүүд багтаж байлаа.
“Шилдэг үйл ажиллагаа”, “Шилдэг олборлогч”, “Шилдэг эко уурхай” “Шилдэг дэвшилтэт технологи”, “Уул уурхайг дэмжигч хувь хүн, байгууллага” гэсэн 5 номинациар Mining Journal Awards-2010-ын эзэд тодорсон. “Шилдэг олборлогч” номинацийн эзнээр “МАК”, “Шилдэг дэвшилтэт технологи” номинацийн ялагчаар “Эрдэнэт” УБҮ, “Шилдэг Эко уурхай” номинацийн эзнээр “Багануур” ХК, “Шилдэг үйл ажиллагаа” номинацийн ялагчаар “Энержи Ресурс” компани шалгарч байв.
Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага, хувь хүнийг шүүгчдийн бүрэлдэхүүн биш мэргэжлийн байгууллагууд болон олон нийтийн санал асуулгын дүнгээр тодруулахад “Уул уурхайг Дэмжигч байгууллага”-аар Уул уурхайн үндэсний ассоциаци, “Дэмжигч хувь хүн”- Сангийн сайд С.Баярцогт хамгийн олон саналаар тэргүүлж байжээ.
Дэлхийн түвшний уул уурхайн шилдэг үйл ажиллагаа Монгол эх оронд маань төлөвшөөсэй, үндэсний тогтвортой хөгжлийн гарааг тавиасай, түүнд бидний санал санаачилга цучил нэмээсэй гэсэн тэмүүллээс Mining Journal Awards бий болсныг эргэн тэмдэглэхэд таатай байна.