Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

CAT777E автосамосвалуудыг Монголд анх удаа “Олборлолт” ХХК хүлээн авлаа



2018 онд 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ч эхний улирлын байдлаар 3 сая тонн нүүрс экспортлон томоохон амжилт үзүүлж буй “Эрдэнэс Тавантолгой”-н Цанхийн баруун уурхайд үндэсний шилдэг олборлогч компаниудын нэгдэл “Монгол уурхайчид” ажиллаж байна.  Тэдний нэг “Олборлолт” ХХК-ийн хамт олон дөрөвдүгээр сарын 25-ны балжиннямтай билэгт сайн өдөр дэлхийд алдартай Катерпиллар брэндийн  шинэ техникүүдээр хүчээ зузаатгалаа.

“Бүтээмжээр тэргүүлнэ” уриаг үргэлжид дэвшүүлэн ажилладаг, үндэсний шилдэг “Олборлолт” ХХК-ийн засвар, үйлчилгээний талбайд Монголд анх удаа орж ирж буй, 98.2 тонны даацтай CAT 777E загварын дөрвөн шинэ автосамосвалыг байрлуулсан нь содон харагдана. Морин хуур, уртын дууны эгшиглэнт аялгуугаар эхэлсэн  Түлхүүр хүлээлгэн өгөх ёслолыг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдаа ба түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр нээж үг хэлэв.

Тэрээр “Говь нутаг маань биднийг сайхнаар ивээж хүлээн авч байна. Энэ бэлгэшээлт өдөр  Катерпиллар брэндийн 2017 оны шинэ загвар CAT777E техникүүдийг Монголд хамгийн анх “Олборлолт” компанийнханд  хүлээлгэн өгч буйд баяртай байгаагаа илэрхийлье. Та бүхэн маань эдгээр техникээр илүү ихийг бүтээгээрэй” хэмээн ерөөлөө.

Түлхүүр хүлээлгэн өгөх ёслолд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Аналитик, инновацийн газрын захирал С.Цэрэнням, Худалдааны төлөөлөгч Ц.Баяраа болон “Олборлолт” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Золжаргал болон “Мера” ХХК-ийн хамт олон оролцсон юм. Ийнхүү Катерпиллар брэндийн техникүүдийг Монголын үндэсний олборлогч компанид хүлээлгэн өгөх арга хэмжээ тууз хайчлах ёслол, шинэ хөдөлгүүрийн  нүргэлэх чимээгээр  үргэлжилсэн.



“Олборлолт” ХХК-ийн хамт олноо төлөө­лөн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Зол­жаргал  тус компанийн 2018 оны техникийн парк шинэчлэлтэд Катерпилларын техникүүд томоохон дэмжлэг болж буйг Түлхүүр хүлээлгэн өгөх ёслолын үеэр тодотгож байлаа.

Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүү зэрэг томоохон салбаруудад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг  хувийн хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэх компаниудын нэг бол “Очир Ундраа” групп. Тус группын салбар компаниуд болох “Олборлолт” ХХК, уул уурхайн үйлдвэрүүдэд өрөмдлөг, тэсэлгээний ажил, үйлчилгээг олон улсын жишиг түвшинд хүргэж, тэсрэх материал үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг   МЕРА  компани нь “Хишиг Арвин Индустриал” ХХК-тай хамтран “Монгол уурхайчид” түншлэл дор нэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн уулын ажил, нүүрс ачилтын тендерт “Олборлолт” ХХК шалгарснаас хойш  тус компани техникийн бааз сууриа өргөжүүлэхэд ихээхэн анхаарч иржээ. Өөрөөр хэлбэл, уг гэрээт ажилтай холбогдуулан нүүрс ачилтын үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг ханга­сан гэдгийг холбогдох албаны  хүмүүс хэлж байсан юм.  Тиймдээ ч энэ удаагийн  техни­кийн парк шинэчлэлтийг Катерпилларын өөрөө буулгагч автосамосвалуудаар өргөтгөж бай­гаад  “Олборлолт”-ынхон сэтгэл өндөр байна.

“Д.Золжаргал захирал маань өмнө нь Уул Уурхайн Үндэсний Олборлогч компанид ажиллаж байхдаа Катерпиллар брэндийн 777D загварын авто самосвалыг уул уурхайн төсөлдөө ашиглаж байсан туршлагатай” хэмээн Э.Энхдэлгэр захирал хэлээд түүнд дурсгалын зүйл гардуулсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани нь бүхий л үйл ажиллагаандаа Оюутолгойн хөдөлмөр, аюулгүй ажиллагааны стандарт, хэв журмыг нэвтрүүлж эхлээд байгаа ба энэ нь гэрээт олборлогч компаниудын хувьд ч  мөн зайлшгүй мөрдөх ёстой жишиг болж байгаа аж. Яг ийм нөхцөлд чанартай, бүтээмж сайтай, аюулгүй ажиллагааг хангах  техникүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь “Олборлолт” компанийн хувьд нэн чухал алхам болж байна.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь Монголын уул уурхайн зах зээлд CAT 777D загварын 100 гаруй техникийг  нийлүүлжээ. Харин  CAT 777E брэндийн хувьд эдгээр техникээс ялгагдах хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, энэ хоёр техникийг гаднаас нь харахад төдийлөн ялгарахгүй ч технологийн шийдлүүд, тэр дундаа машины хөдөлгүүрийн шийдлийн хувьд ихээхэн өөрчлөлт гарсныг  “Вагнер Ази” компанийнхан онцолж байв.
CAT 777E нь түлшний зарцуулалт багатай, энгийнээр хэлбэл  түлшний өгөгдлийг компьютерээр хянадаг бөгөөд түлшний зарцуулалт нь CAT 777D-гээс 5 %-иар багасчээ. Түүнчлэн, CAT 777D нь 91 тоннын даацтай бол CAT 777E нь 98.2 тоннын даацтай ба  7 тонноор илүү хөрс тээвэрлэх хүчин чадалтай.
Ийнхүү  шинэ техникүүдээ хүлээж авсан “Олборлолт” ХХК-ийн операторууд дуут дохиогоо өгөн, тэвшээ өргөж хүндэтгэл үзүүлснээр ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм.  Операторуудын хувьд өмнө нь “Багануур”, “Энержи Ресурс”-ын уурхайд олон жил ажилласан туршлагатайгаас гадна Катерпиллар брэндийн чанар чансааг сайн мэддэг, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн зүгээс зохион байгуулдаг сургалтуудад хамрагдаж ирсэн тухайгаа ярьж байлаа.    
 
Ц.Баяраа: Операторын аюулгүй байдлыг 100% хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдааны төлөөлөгч Ц.Баяраагаас CAT 777E брэндийн аюулгүй ажиллагааны системийн талаар тодрууллаа.

“Олборлолт” ХХК-д нийлүүлж байгаа Катерпилларын шинэ техникүүдийн аюулгүй ажиллагааны онцлох зүйл нь юу вэ?
CAT 777E техник нь аюулгүй ажиллагааны маш олон нэмэлт тоноглолуудтай. Онцлог зүйлүүдийг нь  дурдъя. Оператор ажилдаа гарахаас эхлээд аюулгүй  ажиллагааг нь бүрэн хангасан. Операторын кабин руу өгсөж гарах шатны нэмэлт гэрэл, шатны бариул, хамгаалалтын хашлагуудыг нэмэлтээр суурилуулж өгсөн. Операторын үзэгдэх орчин илүү сайжирсан бөгөөд стандарт толиноос гадна нэмэлтээр толинууд мөн  суурилуулсан. Түүнчлэн операторууд кабиндаа суугаад урд, хойд, баруун талаа бүрэн харах зориулалттай хяналтын өнгөт дэлгэц бүхий  камеруудтай.

Том оврын техник учраас операторууд ойр орчимд байгаа хүмүүсийг харж чадахгүй байх тохиолдол гардаг. Иймд хяналтын камераас гадна тухайн техникээс 5.8 метрийн радиус доторх зайд хөдөлгөөн мэдрэгчийг суулгаж, операторын кабин дотор дуут дохио өгдөг байдлаар тоноглох бүрэн боломжтой.

Тус техник  нь уурхайд 24 цаг тасралтгүй ажиллах ёстой учраас шөнийн цагт тоос шороотой, байгалийн хүнд нөхцөлд үзэгдэх орчинг сайн харагдуулахад зориулагдсан HID нэмэлт гэрэлтүүлгүүдийг суурилуулж өгсөн. CAT 777D нь гурван цэгийн хамгаалалтын бүстэй байдаг бол CAT 777E нь  4 цэгийн хамгаалалтын бүстэй болсноор ослын тохиолдол гарахад жолоочийн амь нас бүрэн  хамгаалагдах юм.

Мөн техникийн  мото цагийн үйлчилгээний мөчлөгийг 500 мото цаг тутамд хийгдэж байхаар сайжруулсанаараа давуу талтай. Энэ дашрамд,  худалдааны болон засвар үйлчилгээний таатай нөхцөлийг 2017 оноос хэрэгжүүлж буй CAT360 Advantage Gold хөтөлбөртэй уялдуулан харилцагчдадаа санал болгосон гэдгийг хэлье.

Э.Энхболд: Тавантолгой  ордын тендерт дахин оролцож, үндэсний олборлогч компаниудтайгаа хамтарч ажиллана

Үндэсний хөрөнгө оруулалттай “Олборлолт” ХХК нь  стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн уулын ажил, нүүрс ачилтын үйлчилгээг үзүүлэх тендерm шалгаран  “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай амжилттай  хамтран ажиллаж байгаа билээ. Шинэхэн  техникүүдээ хүлээн авсан тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Энхболдтой ярилцлаа.  

“Олборлолт” компани байгуулагдаад 5 дахь жил, үндсэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд дөрвөн төсөл дээр ажиллаж байгаа.  Ерөнхийдөө богино хугацаанд амжилт гаргасан компаниудын нэг. Танай компанийн үйл ажиллагааны гол онцлог юу вэ?
Манай компанийн гол онцлог гэвэл  уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг цогцоор явуулдаг. Үүний хүрээнд өрөмдлөг тэсэлгээг МЕРА, кэмпийн үйлчилгээг “Эколожикал Текноложи”,  ачаа тээврийг “Огоот” зэрэг компаниуд  гүйцэтгэж байна. Бид ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхдээ туслан гүйцэтгэгчийг хайж олоод,  хооронд нь өрсөлдүүлэх биш, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаад үйлчилгээгээ түргэн шуурхай эхлүүлдэг.  Монголын коксжих нүүрсний хамгийн том  орд Тавантолгойн Баруун Цанхийн уурхайд  хөрс хуулалт, ачилтын үйл ажиллагаа явуулаад жил гаруй болж байна. Цаашдаа бид Тавантолгойн тендерт үргэлжлүүлэн оролцох, дотоодын оператор компаниудтайгаа хамтран ажиллаж “Монголчууд чадна” гэдгээ дахин харуулахыг хүсч байна.

Таныг 2003 оноос хойш Катерпилларын техникүүдтэй уурхайнуудад ажиллаж байсан гэж сонссон юм байна. Энэ утгаараа дэлхийд алдартай брэндийн үйлчилгээ, чанар,  стандартын  талаар хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг байх?
Монголын эрс тэс уур амьсгалтай  нөхцөлд Катерпиллар  брэндийн техникүүд маш сайн зохицож ажилладаг. Үүнийгээ  дагаад тус компанийн үйлчилгээ ч сайн. Монголд CAT-ийг мэдэхгүй механик бараг байхгүй биз. Ялангуяа 55 тонны даацтай  CAT 773E манай зах зээл дээр өргөнөөр ашиглагддаг. Мөн үүнтэй хоршиж ажилладаг 5.4 шоо метр  багтаамж бүхий шанагатай CAT 390D загварын экскаваторууд ч олон бий.

Катерпилларын шинэ тоног төхөөрөмжүүдэд суурилагдаад, ашиглалтын оновчтой хувилбар руу орж байгаа нь хэрэглэгчид бидэнд олзуурхууштай. Сүүлийн үеийн технологийн шийдэлтэй CAT777E загварыг анх удаа “Олборлолт” ХХК үйл ажиллагаандаа нэвтрүүлж буйгаараа бахархаж байна.

Уурхайнууд нэг брэндийн техникүүдээр дагнах гэхээсээ илүүтэй өөр өөр  техникүүдийг ашиглах явдал цөөнгүй. Танай компанийн хувьд техникийн парк шинэчлэлтийн стратеги юу вэ?
Мэдээж брэнд болгон өөрийн онцлогтой. Гэхдээ бүс нутгийн болон тухайн  уурхайн онцлогтой нийцэж ажиллах нь чухал. Бидний хувьд дэлхийн шилдэгт тооцогдох техникүүдийг ашиглаж байна. Катерпилларын хувьд  бусдаасаа арай илүү. Бидний хувьд хамгийн түрүүнд энэ брэндийг сонгодог  гэж хэлж болно.  Манай компани тоног төхөөрөмж ашиглалтын тухайд холимог байдлаар явах нь зүйтэй гэж үздэг. Операторуудын ур чадвар ч үүнийгээ дагаад нэмэгдэж байдаг юм. Нөгөөтэйгүүр,  тэдгээр  брэндийг дагаад олон ханган нийлүүлэгчидтай хамтарч ажиллах боломжтой.    

Д.Золжаргал: Катерпилларын техникүүд олборлолтын хүчин чадлыг 20-30 %-иар нэмэгдүүлнэ


“Олборлолт” ХХК-ийн  Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Золжаргалын сэтгэгдлийг сонирхлоо.

“Бүтээмжээр тэргүүлнэ” уриа­­тай танай компани  Эрдэ­нэс Тавантолгойн уур­хайд ол­­бор­­лолт  явуулдаг “Мон­гол уурхайчид” нэгдэлд  орс­ноос багагүй амжилттай ажил­­­лаж буйг  техник, тоног тө­хөөрөмжүүдийн хүчин чад­лаас тань харж болохоор байна?
“Олборлолт” ХХК нь олбор­лолт явуулдаг  бусад компанитай харьцуулбал залуу компани. 2015 оноос хойш  Өмнөговь аймгийн Гурвантэсийн нэг уурхай, Эрдэнэс Тавантолгойн Цанхийн баруун уурхайд буюу үндсэндээ хоёр томоохон төсөл дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цанхийн баруун уурхайн хувьд  өнгөрсөн оны гуравдугаар сард  хөрс хуулалт, экспортын нүүрс ачилтын үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарснаас өнөөг хүртэл амжилттай ажиллаж байна. 

Дэлхийд тэргүүлэх Катерпиллар, Терекс болон Хитачи брэндийн уулын ажлын техник, тоног төхөөрөмжүүдийг бид үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэ удаад CAT777 E загварын 100 тоннын дөрвөн автосамосвалуудаар парк шинэчлэлтээ өргөжүүлж байгаадаа баяртай байна.

Парк шинэчлэлт өргөжсөнөөр ажлын үзүүлэл­түүд мэдээж нэмэгдэнэ. Энэ тал дээр таны бодлыг сонирхоё?        
Мэдээж хэрэг, Катерпилларын техникүүдийг худалдан авснаар  компанийн олборлолт, уулын ажлын хүчин чадал хоног, сар, жилээр нэмэгдэж, бүтээмж  өснө. Шинэ техникүүд олборлолтын хүчин чадлыг 20-30%-иар нэмэгдүүлэх болов уу. Манай операторууд ур чадвар сайтай. Хүчтэй, бүтээмжтэй, том оврын техникүүд  жолоодож сурсан, туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь бидний давуу тал.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж”  компанитай техник худалдан авалтаас гадна операторуудыг сургаж дадлагажуулах тал дээр маш нягт хамтарч ажилладаг нь  “Олборлолт” ХХК-ийн бүтээмжийг байнга нэмэгдүүлдэг. Катерпилларын техникүүд нь  удаан хугацааны бэлэн байдал, бат бөх чанартай, яс сайтай гэдэгтэй олон хүн санал нийлнэ.

Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн дараах засвар үйлчилгээний талаар Та юу хэлэх вэ?
“Олборлолт” ХХК-ийн хувьд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээгээ орчин үеийн шаардлага, стандартын дагуу хийж байна. Энэ тал дээр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК манай компанид байнга тусламж дэмжлэг үзүүлдэг.
                      

  • 1 (202.131.236.250)
    ***** пиздаанууд шүү
    2018 оны 05 сарын 10 | Хариулах