Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Chaarat Gold: Кумтор ордыг 800 сая ам.доллараар худалдаж авахад бэлэн

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Их Британийн “Chaarat Gold” компани нь алтны Кумтор ордыг 800 сая ам.доллараар /1.025 тэрбум канад доллар/ худалдан авахад бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Энэхүү саналаар “Chaarat Gold” нь Кумтор ордыг ашиглах эрхийг Канадын “Centerra gold” компаниас худалдан авах юм. Тодруулбал, Их Британийн компани ордыг цаашид ашиглах энгийн хувьцааг “Centerra Gold”-аас худалдан авахаар төлөвлөжээ. 

Зургийн эх сурвалж: https://ru.sputnik.kg

“Chaarat Gold” компани Кумтор ордыг худалдан авах 800 сая ам.долларын 400 саяыг бэлнээр төлөх аж. Уг санхүүжилтийг компанийн хөрөнгө болоод олон улсын санхүүгийн томоохон 2 байгууллагаас зээл авах хэлбэрээр бүрдүүлэхээр тооцжээ. Санхүүгийн хоёр байгууллагыг “Centerra Gold” компанид танилцуулсан бөгөөд одоогоор нэрийг нь нууцалж байна.  Үлдсэн 400 сая ам.долларын тухайд “Centerra Gold” компанид эзэмшиж буй  “Кыргызалтын”-ын 26.28%-ийг Канадын компанид эргүүлэн өгөх замаар зохицуулах юм. Хариуд нь “Кыргызалтын” компанид давуу эрхийн хувьцаа болоод ордын эдийн засгийн үр ашгийн 50%-ийг авах эрхийг санал болгох аж. 

Хэрэв уг наймааг Киргизийн Засгийн газраас зөвшөөрөхөд хүрвэл, “Chaarat Gold” компани ирэх 5-7 жилийн хугацаанд тус улсын уул уурхайн салбарт 600 сая ам.долларын хөрөнгө оруулах зорилготой.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Centerra Gold” нь хөрөнгө оруулагчдад тавьсан илтгэлдээ компанийн нийт хөрөнгийн үнэ цэнийн 33%-ийг Кумтор орд бүрдүүлж буйг мэдээлсэн байна. Өнөөгийн байдлаар тус компанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.2 тэрбум канад доллар бөгөөд Кумтор нь ойролцоогоор 740 сая канад доллартай тэнцэж байгаа юм. Тэгэхээр “Chaarat Gold” нь зах зээлийн үнээс 30% илүү үнийг Кумтор ордод санал болгосон гэсэн үг.

“Chaarat Gold” компанийн саналын талаар “Centerra Gold” болон Киргизийн Засгийн газар байр сууриа илэрхийлээгүй байна. Албан бус мэдээллээр, Канадын компани, Киргизийн төр саналыг хүлээн аваагүй гэх. Кумтор орд нь “Centerra Gold” компанийн хамгийн том төсөл бол Киргиз улсын төсвийг бүрдүүлж буй гол төсөл юм. Тиймээс зах зээлийн 123 сая ам.долларын үнэлгээтэй “Chaarat Gold” компанийн саналыг хүлээн авах нь эргэлзээтэй гэж шинжээчид үзэх аж.   
 
2017 оны арванхоёрдугаар сард “Centerra Gold” компанийн Гүйцэтгэх захирал Скот Перри Киргизийн Ерөнхий сайд Сапар Исковтой уулзах үеэрээ Кумтор ордын бүх хувиа тус улсын Засгийн газарт эзэмшүүлэх санал тавьсан байдаг.

Батлагдсан 700 тонн алтны нөөцтэй Кумтор орд 100% “Centerra Gold” компанийн мэдэлд байгаа бөгөөд тус компанийн 26.28%-ийг Киргизийн төрийн өмчит “Кыргызалтын” эзэмшдэг.   

Э.Од 

  • Зочин (27.123.212.136)
    Монголыг гэж бодоод айсан чинь ашгуй гадных юм бна
    2018 оны 05 сарын 03 | Хариулах