Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

АМГТГ: Нүүрсний экспорт гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 8%-иар өсөв



Б.Төгсбилэгт

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр оны эхний улиралд Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ 7.9 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.62%-иар бууралттай гарлаа. Гэхдээ гуравдугаар сарын нүүрсний экспорт сарын дүнгээрээ өмнөх оны мөн үеийнхээс 7.8%-иар өссөн дүнтэй  байна.

Энэ оны хоёрдугаар сарын нүүрсний экспорттой харьцуулахад өсөлтийн хувь бүр ч илүү болох нь харагдана. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хоёрдугаар сард нүүрсний экспорт дөнгөж 1.27 сая тоннтой тэнцэж байсан нь Монголын нүүрсний экспортын хэмжээ бага байна гэсэн сөрөг төлөвийг бататгасан. Харин гуравдугаар сарын дүнгээр нүүрсний экспорт өмнөх сарынхаасаа гойд сайн буюу 170%-иар өссөн дүнтэй гарсан нь нүүрсний цаашдын төлөвийг эерүүлэх тал руу хандууллаа гэж хэлж болно.

Компаниудын хувьд нүүрсний экспортыг ахиу хийхээр төлөвлөж байгаа ч боомтын нэвтрэлт удаашралтай байгаа нь худалдааг хязгаарласан хэвээр байгаа юм. Гэхдээ өнгөрсөн гуравдугаар сарын экспорт энэ оны нүүрсний төлөвт “хонгилын үзүүрт гэрэл” гэгчийн адилаар сайн дохио боллоо.

Дөрөвдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятад улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ нүүрсний асуудлаар хэлэлцсэн нь экспортыг бууруулахгүй, тогтвортой хэмжээнд хадгалахад томоохон итгэл найдвар төрүүлээд байгаа юм.


Компаниудын экспортыг авч үзвэл хамгийн эхэнд “Эрдэнэс Тавантолгой”, залгуулаад “Монголын Алт” компани эрэмбэлэгдэж байна. Харин “Энержи Ресурс”, “Саусгоби сэндс” компани нэлээд ойролцоо хэмжээний нүүрсний экспортын биелэлттэйгээр айргийн тав дотор жагслаа. Түүний араас бидний сайн мэдэх “Тавантолгой” ХК, “Өсөх зоос”, “Цагаан өвөлжөө”, “МоЭнКо” болон бусад жижиг компаниуд бичигдлээ.



Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний экспортын дүн мэдээ нь уурхайн амнаас ачигдсан нүүрсний тоон мэдээлэл юм. Тиймээс яг хилээр гарсан тоо мэдээнээс зөрүүтэй гэж ойлгож болно.

Оны эхний улирлын байдлаар нийт экспортолсон нүүрсний 3.42 сая тонн буюу 43.2%-ийг түүхий коксжих нүүрс, 2.55 сая тонн буюу 32.2%-ийг сул коксжих нүүрс, 1 сая тонн буюу 12.75%-ийг эрчим хүч, 932.7 мянган тонн буюу 11.7%-ийг баяжуулсан коксжих нүүрс эзэллээ.




Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах