Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Уул уурхай, эдийн засгийн сэтгүүлчдийг чадавхижуулах Менторшип хөтөлбөр эхэллээ



The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагаас “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ” төслийг Германы GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаатайгаар амжилттай хэрэгжүүлэхдээ 2015-2017 онд цуврал 8 сургалтыг зохион байгуулсан билээ.

GIZ-ийн ЭТИС хөтөлбөр нь “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ” төсөлд хамтран ажиллахын зэрэгцээ 2016-2017 онд эдийн засаг, бизнесийн чиглэлээр мэргэшиж буй төвийн сэтгүүлчдэд зориулан онол, дадлагын сургалтын төслийг Австралийн Квийнсландын их сургуультай хамтран хэрэгжүүлсэн юм. Энэхүү 2 түвшинд явагдсан төслийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулан өргөжүүлж, 2018 онд Менторшип хөтөлбөрийг GIZ-ийн ЭТИС хөтөлбөр, Хөгжлийн төлөө сэтгүүл зүй ТББ хамтран хэрэгжүүлж байна. Менторшип хөтөлбөрийн эхний сургалт дөрөвдүгээр сарын 23-24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрийг албан ёсоор нээж GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн Захирал Штефан Ханселманн хэлсэн үгэндээ “Германы GIZ-ийн ЭТИС хөтөлбөр Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймагт үйл ажиллагаа явуулаад 4-5 жил болж байна. үйл ажиллагаа явуулж байхад орон нутагт чанартай гэж хэлж болохоор мэдээ, мэдээлэл учир дутагдалтай байгааг олж харсан. Өнөөдөр даяарчлал, мэдээллийн эрин зуунд сэтгүүлч Та бүхэн мэдээллийг хаанаас ч, ямар ч байдлаар авах боломжтой болсон. Гэсэн хэдий ч тэрхүү мэдээлэл, мэдлэгийг боловсруулах нь тулгамдаж буй чухал асуудал юм. Энэ асуудалд анхаарч, тэр дундаа орон нутгийн сэтгүүлчдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх, бодит туршлагуудыг харуулах зорилгоор “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж эхэлсэн. Сэтгүүлчдийг чадавхжуулахад чиглэсэн манай хоёр байгууллагын тус тусдаа хэрэгжүүлсэн төслүүдийг хооронд уялдуулах боломж гарч ирсэн нь Менторшип хөтөлбөр юм. Менторшип хөтөлбөр нь илүү хувь сэтгүүлч рүү анхаарсан ажил байх болно. Хувь хүний харилцаа тал дээр илүү бодитой мэдлэг, чадавхийг өгөх болов уу гэж бидний зүгээс үзэж байгаа” гэдгийг онцолж байлаа.  

Менторшип хөтөлбөр буюу төвийн сэтгүүлчид орон нутгийн сэтгүүлчдэд туршлага, ур чадвараа эзэмшүүлэх хөтөлбөр юм. Орон нутгийн, туршлага багатай залуу сэтгүүлчдэд ажлын бодит туршлага өгч, халамжлан сургах байдлаар дэлхийн медиа салбарын орчин цагийн чиг хандлагатай нийцэн ажиллахыг практикаар заах зорилготой.

Менторшип хөтөлбөрт дээрх хоёр төсөлд хамрагдсан сэтгүүлчдээс сонгон оролцуулж байгаа бөгөөд төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын редакциас 8 сэтгүүлч ментороор, дагалдан суралцах ментий буюу 8 сэтгүүлчийг “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөлд хамрагдсан GIZ-ийн ЭТИС хөтөлбөр хэрэгжүүлэгч Баянхонгор, Сэлэнгэ, Увс болон Өмнөговь аймгаас тус бүр 2 (сонин, сайтын 1, телевизийн 1), нийт 8 сэтгүүлч оролцож байна.  Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 9 сарын хугацаанд суралцах, туршлага солилцох 3 удаагийн арга хэмжээ зохион явагдана.

Ментор сэтгүүлч болон ментий сэтгүүлч нь төслийн хүрээнд аймгуудын Орон нутгийн цогц хөгжил түншлэл төслийн зөвлөлд олон нийттэй харилцах төлөвлөгөө боловсруулахад нь туслах юм.