Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Хасу Мегаватт” компани мэдлэг, туршлагаа Монголдоо түгээнэ



Оюутолгой төслийг түшин өндийж яваа үндэсний компаниудын нэг бол “Хасу Мегаватт” юм. Тус компани олон улсын стандартыг Монголдоо нэвтрүүлэн, дэвшилтэm технологи, ноу-хауг эзэмшин нутагшуулж байна. Эх орны аж үйлдвэрийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан, импортын өртөг үнэтэй төхөөрөмжийг орлох нарийн технологи, инженерийн шийдэлтэй тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэдэг. Мөн эрдэс баялгийн салбарын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх томоохон зорилтыг тус компани дэвшүүлжээ. “Хасу мегаватт” компанийн Ерөнхий менежер Э.Ганхөлөгтэй  үйл ажиллагаа, төслүүдийнх нь талаар MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.


“Хасу Мегаватт” компани үүсгэн байгуулагдаад 18 дахь жилдээ  ямар чиглэлүүдэд үйл ажиллагаа явуулж байна вэ?
Эрчим хүчний барилга угсралт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр анх 2000 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. ДЦС-ын засвар үйлчилгээний бригадаас бие даан компани болж байгуулагдсан түүхтэй. Эрчим хүчний чиглэлийн хувийн хэвшлийн ууган компаниудын нэг. Компани байгуулагдаад 18 жил болжээ. Анхлан ДЦС-уудын их засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлуудад механик үйлчилгээ хийж байлаа. Өнөөдөр манай компани эрчим хүч, уул уурхай, барилга угсралт, мэргэжлийн сургалт, бүх төрлийн ган төмөр хийцийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхдээ компанийн анхны ажил юунаас эхэлж байв?
Бид анх 2006 оноос эхлэн гэрээт ханган нийлүүлэгчээр Оюутолгой төсөл дээр ажилласнаар уул уурхайн салбарт компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх болсон. Оюутолгой сайтын барилгажилт ид явагдаж, төслийн барилгажилтын I үе шат хэрэгжиж байсан үе л дээ. Уурхайн ажилчид нэмэгдэж кемпийг өргөтгөх шаардлагатай болсон учир манай компани 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй анх Өмнөговьд очиж байсан юм. Инженерчлэлийг нь шийдсэн модулийн байгууламжууд үүний дотор сайтын оффис, хоолны газар, эмнэлэг, гэр кэмп, халаалтын зуух зэрэг барилгын угсралтыг гүйцэтгэсэн нь Оюутолгой төсөл дэх анхны ажил маань байлаа.  

“Хасу Мегаватт” компани Оюутолгой төсөлтэй  хамтран ажиллаад  12 жил  болжээ. Өнгөрсөн хугацаанд уг төсөлд ямар ажлуудыг хийж гүйцэтгээд байна вэ?
Гэрээт ажлаа чанартай сайн гүйцэтгэхийн зэрэгцээ Оюутолгойн нэг том  шаардлага болсон  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж осол, эндэгдэлгүй ажиллаж байна. Бид нэн тэргүүнд аюулгүй ажиллагааг тавьж ажилладаг. Барилга угсралтын ажлын хүрээнд сайтын агуулах, гал усны нөөцийн сав, насос станц, Ил уурхайн оффис, Хүнд машин механизмын засвар үйлчилгээний өргөтгөлийн байгууламжийг угсарсан байдаг. Манай компани эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн, туршлагатайн хувьд эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн барилга угсралтын ажлуудыг цогцоор нь  гүйцэтгэсэн юм. Оюутолгой сайтын ус, дулаан хангамжийн шугам, газар доорх  инженерийн шугам сүлжээ, халаалтын зуух болон дизель генераторын ашиглалт зэрэг дулаан, эрчим хүчний бүх эх үүсвэрийн ажлыг бүтээсэн. 

2012 онд Оюутолгойн төслийн 72 МВт-ын хүчин чадалтай төвлөрсөн дулааны  станцыг ашиглалтад орууллаа. Энэ нь Оюутолгой төслийн барилгажилтын II үе шатны бүтээн байгуулалтын нэг хэсэг. Оюутолгой төслийн нээлттэй тендерт шалгарч дээрх  станцын ашиглалт, сайтын талбарын нийт инженерийн шугам хоолой, хаалт, хавхлагуудын засвар үйлчилгээний ажлыг хариуцах стратегийн урт хугацааны гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу тав дахь жилдээ ажиллаж байна. Мөн Оюут II кемпийн өргөтгөлийн хүрээнд газар доорх шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.



2012 онд Далд уурхайн нэгдүгээр  босоо амны цамхгийн тоноглолыг хийж гүйцэтгэсэн анхны үндэсний компани юм. Хоёр жилийн өмнө байгуулсан “Хасу Мегаватт”,  Редпаф Монгол ХХК-ний хамтарсан уул уурхайн чиглэлийн “Даян Контракт майнинг” компани  одоо Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад оролцож байна.  

Оюутолгой төслөөс гадна “Хасу Мегаватт” компанийн бие даан хэрэгжүүлж байгаа ажлуудаас сонирхуулахгүй юу?
Өнөөдөр бидний хийж хэрэгжүүлж байгаа жижиг, том ажлуудын 70-80% нь Оюутолгой  төсөлтэй холбоотой. Тиймээс энэ туршлагадаа тулгуурлан шинээр сэдэж санаачлан хэрэгжүүлж байгаа ажлууд цөөнгүй. Бодит ажил хэрэг болж, цаашид улам боловсронгуй болгохоор төвлөрөн ажиллаж байгаа томоохон ажлуудаасаа дурдвал Ган хийцийн үйлдвэр, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв юм. Компани үйл ажиллагааны хүрээгээ тэлж зөвхөн эрчим хүч, барилга угсралтаар хязгаарлагдахгүй өндөр технологи бүхий ган, төмөр хийцийн бүтээгдэхүүний үйлдвэрийг байгууллаа. Уул уурхайн нарийн тооцоолол, инженерийн шийдэлтэй  ган, төмөр хийц, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлж байна. Энд гадны мэргэжилтнүүдээс суралцсан зүйл их бий.  Эдгээр үйлдвэрлэлд шаардагдах деталь хийцүүдийг бэлтгэх туслах жижиг үйлдвэрүүдийг ч байгуулж байна. 

Дэвшилтэт технологи, дэлхийн стандарт хангасан үйл ажиллагаанд бид өөрсдөө суралцахын зэрэгцээ компанид шинээр орж байгаа ажилчдаа мэргэшүүлэн бэлтгэх Мэргэжил сургалтын төвийг байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Оюутолгой төсөл дээр явагдаж байгаа өндөр эрсдэлтэй, технологийн шийдэлтэй ажлуудыг аюул осолгүй хийх аргачлалуудыг заах дадлага, сургалтын бааз юм.  Энэ төвд гагнуурчин, цахилгаанчин, токарьчин  зэрэг нарийн мэргэжлээр сургаж бэлтгэдэг. Бид зөвхөн “Хасу Мегаватт” компанийн ажилчид гэлтгүй бусад үндэсний компаниуддаа тэрхүү нарийн ур чадварыг түгээх зорилготой. Аль ч компани боловсон хүчнээ бэлтгэн мэргэшүүлэхэд нээлттэй. Өөрөөр хэлбэл дэлхийн чанар, технологид суралцаж, олж авч байгаа мэдлэг, туршлагуудаа Монголдоо түгээх зорилготой ажиллаж байна.

Ган төмөр хийцийн бүтээгдэхүүний үйлдвэр их сонирхол татаж байна л даа. Ер нь ган төмөр хийц гэхээр барилгад ашиглагдах материал гэсэн ойлголт түгээмэл байдаг. Тэгэхээр танай компани ямар бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, аль зах зээлд нийлүүлдэг юм бэ?
Төрөл бүрийн эрэг боолт, үйлдвэрийн барилгын ган хийцээс гадна ил далд уурхайн нэвтрэлтэд ашиглагддаг нарийвчилсан тооцоолол, инженерийн шийдэлтэй  тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Жишээлбэл, далд уурхайн босоо амны нэвтрэлт хийхэд шаардагддаг ажлын тавцан гэж байдаг. Олон давхар тавцангийн тусламжтайгаар  уурхайчдын баг, бригад гүнийн нэвтрэлт хийдэг. Энэ тавцанг “Редпаф Монгол” ХХК-ийн захиалгаар, Канадын мэргэжилтнүүдийн инженерийн тооцоо, шийдлээр  Оюутолгой төсөлд манай компани анх хийж угсарсан юм. Тавцан үйлдвэрлээд зогсохгүй цаашлаад уурхайн нэвтрэлтүүдэд зориулсан хөнөг/дээш доош хүн тээвэрлэдэг/ төхөөрөмжийг үйлдвэрлэж нийлүүлсэн. Оюутолгойн далд уурхайгаас гадна сайтын бусад байгууламжийн инженерчлэл, нарийн технологитой ган төмөр хийцүүд, даралтат сав, түлшний болоод усны сав зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн угсарсан. Энэ дашрамд дурдахад, “Хасу Мегаватт” компани нь мэргэшсэн өндөр зэрэглэлийн гагнуурын ажил үйлчилгээгээр  салбартаа  тэргүүлдэг.   

Том овор хэмжээтэй тоног төхөөрөмжүүдийг хэрхэн угсардаг  юм бэ?
Бид захиалгаа авч Улаанбаатарт хийцүүдээ үйлдвэрлэнэ. Үйлдвэр дээр хийцүүдийн технологийн шаардлага стандартыг шалгасны дараагаар уурхайн сайтад аваачиж угсардаг.

Үйлдвэр ямар хэмжээний хүчин чадалтай вэ? Түүхий эдийг хаанаас хангаж байна?
Үйлдвэр маань жилдээ ган, төмөр 1500 тонн хийцийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ одоогоор нийт хүчин чадлын 30-40%-ийн чадлыг л ашиглаж байна. Энэ дайтай үйлдвэрлэж байгаа нь Оюутолгой төсөлтэй холбогдож байж шүү дээ. Түүхий эдийн тухайд ихэнхдээ дотоодоосоо авч байна. Их хэмжээтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлд түүхий эдийг гаднаас авах тохиолдол бий.

Өндөр технологийн ган хийцийн үйлдвэрлэл нь Оюутолгой төсөл Монгол улсад хэрэгжсэний нэг эерэг үзүүлэлт гэж харж байна. Танай үйлдвэрийн нарийн мэргэжилтэй ажилчдаас хэд нь Монгол залуус вэ?
Нарийвчилсан тооцоолол бүхий технологитой тоног төхөөрөмжийг Оюутолгой төсөл гаднаас импортолж худалдан авдаг гэж ихэнхдээ ойлгодог. Гэтэл үндэсний компани дотооддоо үйлдвэрлэж, тэр тусмаа олон улсын стандарт, шаардлага өндөр тавигддаг компанид нийлүүлдэг гэдгийг тэр болгон мэддэггүй болов уу. Оюутолгой төсөлд хамтран ажилласнаар компани маань өсч дэвжиж, мэргэжилтнүүд ч чадавхжиж байна. Өндөр чанартай, нарийн стандарт шаардлага хангаж, төслийг үр дүнтэй, ашигтай гүйцэтгэх, нэн тэргүүнд тавигдах аюулгүй ажиллагаа, барууны компаниудтай хамтран ажиллах зэрэг олон зүйлд суралцаж байна. Оюутолгойгоос суралцсан туршлага, ажлын аргачлал, аюулгүй ажиллагаа нь манай компанийн бусад төслүүд ч богино хугацаанд, үр ашигтай хэрэгжихэд шууд нөлөөлж эерэг үр дагаврыг авчирч байгаа юм л даа. Манай компанитай адил дэвшилтэт технологид суралцан, барууны ур чадварыг эх орондоо нутагшуулан, өсч дэвжиж буй үндэсний компаниуд олон бий. Хэрэв Оюутолгой төсөл Монголд хэрэгжээгүй бол бид ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага гарахгүй байсан байх. Мэдээж, тэр бүх ноу-хау дэргэд ирж, гадны мэргэжилтнүүдтэй ойр ажиллаж байгаа учир бид бүхэн хурдан суралцаж, өөрийн чадварыг дээшлүүлж байгаа хэрэг. Манай компанийн ган төмөр хийцийн үйлдвэр нийт 60 гаруй ажилтантай бөгөөд бүгд монголчууд. Үүнээс тал хувь нь инженер, техникийн мэргэжилтнүүд байдаг. Далд уурхайн анхны ган хийцүүдийг хийж байхад бид Канадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан. Инженерчлэл, ноу-хау шингэсэн технологи,  зураг төсөл боловсруулахад одоо ч Канад, Оюутолгой төслийн инженерүүдтэй хамтардаг. Харин үйлдвэрлэлийг дан Монгол ажилчид явуулж байна.

Ийм төрлийн үйлдвэрлэл Монголд өөр бий юу?
Оюутолгой төслийн Далд уурхайн ган хийцийн тавцанг манай компани л үйлдвэрлэсэн. Гэхдээ ган хийцийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа ганц уурхай бол Оюутолгой л байна. Нарийвчилсан тооцоололтой хийцүүд Хятад, Канад, Австралиас ирж байгаа. Харин Монголынхоо хүрээнд одоогоор манай компани анхдагч нь юм. Бидэнтэй адил бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэр, компани хараахан байхгүй байна. Энэ үйлдвэр нь томоохон хэмжээний бааз суурь, тоног төхөөрөмж, хүн хүч шаарддаг. Мөн бүтээгдэхүүний чанар стандартыг шалгаж, инженерийн шийдлийг нь зөв таньж унших чадвартай бэлтгэгдсэн мэргэжлийн инженерүүд шаардлагатай. Энэ үйлдвэр маань ирээдүйд Монгол улсын ажил үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бид хардаг.  

Мэргэжил сургалтын төв хэзээ байгуулагд­сан бэ? Хэчнээн мэргэжилтнийг бэлтгээд байна?
Сургалтын төвийн үйл ажиллагаа нэлээд эрт эхэлсэн. Манай компанийн ган хийцийн цех гэж хуучин байсан юм. Бид шинэ үйлдвэр байгуулс­ныхаа дараа хуучин барилга байгууламжаа сэргээн засварлаж, анги танхимтай болгон тохижуулан дадлага сургалтын бааз болгосон.

Мэргэжил сургалтын төв маань анх 2012 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл 1200 боловсон хүчнийг мэргэшүүлэн бэлтгээд байна. Уурхайн үйл ажиллагааны улирал, их дээд сургуулиудын амралттай уялдуулан сургалтаа улирлын чанартай явуулдаг. Мөн ажилчдын тоо, мэргэшүүлэх чиглэлийн дагуу тодорхой захиалгын үндсэн дээр сургалт хийгддэг. Герман-Монголын хамтарсан Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв гэдгээр нь мэддэг болов уу.  Герман улсын гагнуурын сургагч багш, мэргэжилтнүүд ажилладаг. Төгсөгчдийг манай компани ажлын байраар хангана. Суралцагсдыг төгсөхөд нь ур чадварын зэрэглэл тогтоож, зэрэглэлээс хамаарч “Хасу Мегаватт” болоод группын харьяа компаниудад ажлын байраар хангадаг юм. Группын харьяа компаниудын төлөөлөл сургалтын ур чадварын зэрэглэл тогтоох шалгалтад хүрч ирээд ажилчдаа сонгодог. Дөнгөж их, дээд сургуулиа төгссөн оюутнуудаас гадна мэргэжлийн зэргээ ахиулах, мэргэжил эзэмшихээр суралцагсдад нээлттэй.

Нийгмийн хариуцлагын чиглэлд “Хасу Мегаватт” компани хэрхэн анхаарч ажилладаг вэ?
Манай компани орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн иргэдийг ажлын байраар ханган, Мэргэжил сургалтын төвөөрөө дамжуулан мэргэшүүлж үндсэн ажилтнаа болгон авч байна. Мөн орон нутгийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин компанийнхаа нийт ажилчдын ажлын хувцсыг худалдан авч хамтран ажилладаг.


Сэтгэгдэл (1)

  • Уранчимэг (202.126.90.150)
    Ажлийн амжилт хүсэн ерөөе
    2022 оны 05 сарын 12 | Хариулах
  • Man (103.57.94.140)
    Good luck
    2018 оны 05 сарын 30 | Хариулах