Мэдээ мэдээлэл
Уул уурхайн салбар дахь 368 гэрээг ил тод болгоно
2018-05-17
Монгол-Украйн улсын ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй туршлага солилцох уулзалт Нээлттэй нийгэм форум дээр болов. Уулзалтад Украйн улсын ОҮИТБС-ын мэргэжилтнүүд оролцсон юм. Украйн нь 2012 онд ОҮИТБС-д нэгдсэн бөгөөд нийт 3 удаа жилийн тайлан гаргаад байна. Хоёр удаагийн нэгдсэн тайлан гаргасан туршлагаасаа улсын төсвийн орлогод бодитоор нөлөөлдөг гол компаниудын мэдээллийг тусгах нь чухал гэж үзжээ. 2017 оны 3 дахь нэгдсэн тайландаа олборлох салбарын татварын орлогын 99.5%-ийг бүрдүүлдэг 60 компанийн мэдээллийг тусгасан байна. ОҮИТБС-ын хэрэгжилтийг Украйны Эрчим хүч, нүүрсний үйлдвэрлэлийн яам хариуцдаг аж.
Уул уурхай, газрын тос, ураны салбартаа ОҮИТБС-ын олон улсын стандартыг бүрэн хангасан орноор тодорсон Монгол улсын нэгдсэн тайлангийн цахим систем болоод орон нутагт санаачилгын Дэд зөвлөл байгуулсан туршлагатай танилцах зорилгоор Украйны мэргэжилтнүүд иржээ.
Монголд олборлох салбар дахь бенефициар буюу жинхэнэ ашиг хүртэгч эздийг ил тод болгох үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа. Украйн нь бенефициар эздийн мэдээллийг ил тод болгох чиглэлээр багц хууль гаргаснаар зөвхөн олборлох салбар гэлтгүй тус улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй эзэд мэдээллээ ил тод тайлагнах үүрэг хүлээлгэжээ. Украйны мэргэжилтнүүд Бенефициар эздийн мэдээллийн төрийн нэгдсэн сан болон “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай хууль”-ийн туршлагаасаа хуваалцсан. Ирэх зургадугаар сард Украйн нь олборлогч компанийн бенефициар эздийг ил тод болгох ОҮИТБС-ын стандартын үнэлгээг хийлгэх анхны улс болох юм.
Хоёр орны ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй туршлага солилцох уулзалтын үеэр Монгол улс дахь олборлох салбарын гэрээний ил тод байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, Авлигатай тэмцэх газар, МУУҮА, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, “Хөвсгөл далайн эзэд” ТББ, “Энержи Ресурс” компани зэрэг төр, иргэний нийгэм, компанийн төлөөлөл оролцсон юм.
Монгол улсын эрдэс баялгийн салбарт 12 төрлийн гэрээ байгуулагддаг байна. 2016 оны зургаадугаар сарын 23-нд УУХҮЯ, “Нээлттэй нийгэм форум”, ОҮИТБС-ын гурван талт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэсэн. Санамж бичгийн хүрээнд Нээлттэй нийгэм форумын зүгээс олборлох салбар дахь гэрээнүүдийг ил тод болгох саналыг УУХҮЯ-д тавьжээ. Үүний дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар “Эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж буй төр захиргааны байгууллага болон АМГТГ-тай байгуулсан гэрээнүүдийг ил тод болгох үүргийг Ажлын хэсэгт өгсөн байна. Энэхүү чиг үүргээр Ажлын хэсэг нь уул уурхайн салбарт мөрдөгдөж буй 12 төрлийн 368 гэрээг олон нийтэд ил тод болгох ажлыг хэрэгжүүлсэн юм. Гэрээнүүдийг Нээлттэй нийгэм форумын forum-mn цахим санд нээлттэй байршуулахад бэлэн болсныг УУХҮЯ-ны хуулийн мэргэжилтэн мэдээлэв. Эрдэс баялгийн салбар дахь гэрээнүүдийг ил тод байлгах болон мөн нууцалсан тусгайлсан хууль эрх зүйн зохицуулалт Монгол улсад байхгүйг тэрээр энэ үеэр онцолж байлаа.