Эдийн засаг
Монголын өсөлтийн эрчим ирэх онуудад хадгалагдана
2018-05-18
Монгол улсын ДНБ-ий өсөлт өнгөрөгч 2017 онд гайхалтай гэмээр өсөлттэй байсан. Төдийлөн өндөр байгаагүй боловч хэний ч таамаглаагүй өсөлт тохиосон юм. Тодруулбал ОУВС-гийн хөтөлбөр өнгөрсөн оны тавдугаар сард хэрэгжиж эхлэх үед 2017 оны өсөлтийг -0.2%-тай буюу ялимгүй бууралттай, гэхдээ өснө гэж саналтгүй гэж таамаглаж байлаа. Гэвч оны эцэст 5.1%-иар өссөн нь ихэнх тооцоо судалгааны байгууллагуудын гайхашралыг төрүүлсэн юм. Тэдгээр байгууллагууд дор бүрнээ Монголын өсөлт өнгөрсөн онд гайхалтай сайн байлаа гэсэн агуулгыг ахин дахин хэлж байна.
Тэгвэл одоо хамгийн сонирхол татаж буй мэдээлэл нь Монголын эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийг банк санхүүгийн байгууллагууд хэрхэн төсөөлж, ямар санаа оноотой байгаа тухай. Өсөлтийн таамаг дээр харьцангуй зөрүүтэй байгаа ч Монгол нь өсөлтийн хэмжээгээ харьцангуй сайн хадгална гэсэн нэгдмэл утга санааг банк санхүүгийн байгууллагууд дэлгэв.
Дэлхийн банк Монголын өсөлт дээр нэлээд өөдрөг байгаа бол Азийн хөгжлийн банк илүү хаширлажээ. Гэхдээ эрчимтэй өсөлттэй байна гэдгийг эргэлзэлгүйгээр илтгэв.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк Монголын өсөлтийн талаар ямар байр суурь илэрхийлэв гэдэгт одоо анхаарлаа хандуулъя.
Дэлхийн банкны Монгол дахь салбар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа дөрөвдүгээр сарын 12-нд олон нийтэд танилцууллаа. Уг тайланд Монголын эдийн засгийн өсөлт 2018 онд болон ирэх онуудад өнгөрсөн жилүүдээс илүү өндөр байна гэдгийг тодотгосон байна. Яг өмнөх өдөр нь Азийн хөгжлийн банк бүс нутгийн эдийн засгийн тайлан “Азийн хөгжлийн төлөв 2018”-ийг танилцуулсны дотор Монголын эдийн засгийн өсөлт ирэх онуудад 2017 оны амжилтыг эвдэж чадахгүй ч чамгүй өсөлттэй байхыг өгүүлсэн юм.
Өнгөрсөн оны өсөлт сайн байсан нь нүүрсний экспорт нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт өссөн, бизнесийн орчин илүү таатай болсон, ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой төсвийн байдал сайжирсан зэрэг нь нөлөөлснийг Дэлхийн банк тэмдэглэлээ. Харин Азийн хөгжлийн банк өнгөрсөн оны өсөлтийн тухайд нүүрсний экспортын өсөлт болон Оюутолгойн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт голлон нөлөөлсөн гэж тайлбарласан юм.
Гэхдээ нүүрсний экспорт оны эхэн үеийн байдлаар удаашралтай байгаа ч Монгол улсын өсөлтийг Дэлхийн банк өмнөх оныхоос илүү өндөр буюу 2018 онд 5.3%, ирэх хоёр жилд 6%-иас давахаар тооцоолжээ. Энэ нь бусад судалгааны байгууллагаас зөрүүтэй, нэлээд өөдрөг төсөөлөл гэж харагдаж байгаа юм. Азийн хөгжлийн банкны тухайд өсөлтийн эрчим энэ онд болон 2019 онд үргэлжилнэ гэдгийг онцолсон авч эдийн засгийн өсөлт энэ онд 3.8% болж саарч, улмаар 2019 онд ялимгүй дээшилж 4.3%-д хүрнэ гэж тооцжээ. Учир нь энэ онд нүүрсний тээвэрлэлттэй холбоотой хүндрэл өсөлтийн эрчмийг сулруулна гэж тус банкны Ахлах эдийн засагч Деклан Магий тайлбарлалаа. Тээвэрлэлтийн хүндрэлтэй асуудал ирэх онд шийдэгдчих болов уу гэсэн таамгийг тэрээр тэмдэглэлээ. Чухамдаа энэ таамаг нь 2019 онд өсөлтийн хувь нэмэгдэх дүр зургийг тодруулж өгч байгаа ажээ. Гэхдээ энэ зуур уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт үргэлжлэн нэмэгдэхээр байгаа нь Монголын эдийн засгийн өсөлтийн баталгаа болж буйг Азийн хөгжлийн банк тодотгов.
Тэгвэл Дэлхийн банк өнгөрсөн онд хэт их доогуур таамаг дэвшүүлсэн нь алдаа байсан гэж үзсэн бололтой. Энэ удаад илүү өөдрөг байж Монголын өсөлтийг өндрөөр тогтоохоос эмээгээгүй байна. Энэхүү тайлангийн мэдээлэл гарч байх үед хоёр томоохон банкны ажилтнууд гуравдугаар сарын нүүрсний экспортын өсөлтийн мэдээллийг авч үзээгүй буюу уг мэдээлэлтэй танилцаж хараахан амжаагүй байсныг энд тэмдэглэх нь зүйтэй.
Нүүрсний экспорт удаашрах магадлал их байгаа учир цаашид өсөлт өнгөрсөн оны дүнг давж биелнэ гэдэг нь эргэлзээтэй байж мэдэх юм гэсэн MMJ-ийн асуултад Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан Ахлах эдийн засагч Жон Паскаль Нгану болон Эдийн засагч Б.Даваадалай ийн хариулсан юм. Монгол улсын эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспортын асуудал тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй нь үнэн. Ялангуяа хоёрдугаар сарын байдлаар нүүрсний экспорт нэлээд буурсан нь ажиглагдсан. Гэхдээ ашигт малтмалын түүхий эдийн үнийн өсөлт, тэр дундаа экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсөлттэй байхын сацуу ханш нь өнгөрсөн оныг бодвол илүү тогтворжсон нь өсөлтөд эерэгээр нөлөөлөхөөр байгаа ажээ. Мөн Оюутолгойн алтны гарц оны хоёрдугаар хагасаас эхлэн дээшлэх төлөвтэй байна. Гэхдээ Монголын өсөлт өнгөрсөн оныхоос илүү байх тооцоолол нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлтөд голлоно гэж тооцсон. Уул уурхай, худалдаа, тээврийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт Монголын дунд хугацааны өсөлтөд голлох нөлөөтэй байх ажээ. Энэ онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.3 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд оны эхний хоёр сарын байдлаар импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 50%-иар өссөн нь ч үүний нэг баталгаа болж буйг онцолсон юм.
Азийн хөгжлийн банкны хувьд нүүрсний өсөлтийг нэлээд харзнасан байдалтай байгаа нь гайхах зүйл биш. Учир нь өнгөрсөн оны хоёрдугаар хагаст нүүрсний экспортын эрчим оны нэгдүгээр хагастай харьцуулахад нэлээд хумигдсан. Гэсэн ч нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, нийт эдийн засгийн өсөлтийг чирч чадсан. Харин энэ онд нүүрсний татан авалтын бэрхшээл бүрэн арилах нь эргэлзээтэй байгаа нь өсөлтийн төлөвийг сааруулах томоохон шалтгаан болсон. Тус банк өөр хэд хэдэн болзошгүй эрсдэлийг мөн нэрлэсэн юм.
Сөрөг хүчин зүйлс
- Нүүрс, зэсийн үнийн болзошгүй бууралт
- Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт саатах
- Оюутолгой төслийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт тасалдах
- Банкны салбарын бүтцийн шинэчлэлийг хийх явцад санхүүгийн тогтвортой байдал алдагдаж болзошгүй
Гэхдээ эдгээр хүчин зүйлс нь зөвхөн болзошгүй эрсдэлийн тоонд орж буй болохоос биш тохиолдох магадлалтай гэсэн утга агуулаагүйг Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмен онцоллоо. Тэрбээр “2018 он болон ирэх онд Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй байх төлөвтэй байна. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Эдийн засгийн гүйцэтгэл ОУВС-гийн хөтөлбөрт төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэмтэй байна” гэж мэдэгдлээ.
2017 онд ДНБ өссөний сацуу ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн нь Монголын эдийн засгийг тэнхрэхэд төсвийн сахилга бат талаасаа нэлээд нөлөө үзүүлсэн юм. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монгол улсын төсвийн үзүүлэлт эрчимтэй сайжирч, төсвийн алдагдал 2017 онд 3.9%-тай болсныг Азийн хөгжлийн банк тэмдэглэлээ. 2016 онд төсвийн алдагдал 15.3%-тай байсан юм. Өнгөрсөн онд төсвийн алдагдал ийнхүү эрчимтэй буурахад төсвийн зарлага 5.7%-иар буурснаас гадна төсвийн орлого эсрэгээр даруй 35.4%-иар нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ. Харин төсвийн алдагдлын хэмжээ энэ онд 6.4%, ирэх онд 5.1%-д хүрнэ гэж тус банк таамаглаж байна. Үүний учир нь зарлага нэмэгдэж, татварын багц хуулийн шинэчлэлийн нөлөөгөөр богино хугацаандаа орлого буурч магадгүй гэж үзсэнийг тус банкны Эдийн засагч Л.Амар тайлбарлалаа.
Эдийн засгийн төлөвийн зарим үзүүлэлт
2017 2018 2019
ДНБ-ийн өсөлт 5.1 3.8 4.3
Инфляци 4.3 8.0 7.0
Урсгал дансны тэнцэл
(ДНБ-д эзлэх %) -10.2 -6.3 -7.0
Инфляци ойрын хоёр жилд харьцангуй өсөх дүр зурагтай байгаа нь хэрэглээний эрэлтийн өсөлт, шатахууны үнийн болзошгүй өсөлт, мөнгөний зөөлөн бодлогын үйлчлэл гол нөлөө үзүүлэхээр байна.
Монголын эдийн засгийн бас нэг сайн үзүүлэлт нь улсын өрийн хувь хэмжээ ДНБ-д эзлэх дүнгээр 99.1%-д хүрээд байгаа нь 2016 онд уг үзүүлэлт 111% байсантай харьцуулахад багагүй хэмжээгээр буурсан дүн боллоо. Энэхүү дүнг тооцохдоо Азийн хөгжлийн банк Монголбанкны гадаад өрийн хэмжээг оруулан гаргажээ.
Бүс нутгийн эдийн засгийн хувьд АНУ-ын мөнгөний бодлого, томоохон эдийн засгуудын худалдааны зөрчил нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг дурдсан байна. Мөн технологийн хөгжил дэвшилтэй уялдан үйлдвэрлэлийн орчинд гарах өөрчлөлтөд дасан зохицохын тулд өрсөлдөх чадварыг сайжруулах, боловсролын тогтолцоог шинэчлэх нь чухал байгаа тухай банкуудын тайланд өгүүлсэн байна.